Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00025

 

,,,,,-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00883 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ....-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:,,,,,- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 141 дугаар шийдвэрээр Монголын уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 1 жил 5 сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тушаалаар ажилд томилсон байх бөгөөд уг тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт ....-гийн аав ХХХ-д гардуулсан болно. ....- нь уг тушаалтай танилцан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн захирал ХХХХ-т "2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр амаржсан тул 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгох тухай" өргөдөл гаргасан боловч уг өргөдлийг шийдвэрлэлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. 2046 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ....-г ажилд томилох тушаал гаргаснаас хойш ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад ....-г ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Мөн ажил олгогчийн зүгээс тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрэзг цуцлах үндэслэл болсон хуулийн заалтаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхдөө хуулийг буруу хэрэглэж байгаагийн илрэл юм. Иймд ....-г Монголын уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, жирэмсэний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны буюу 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ-г Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 141 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажилд томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа 8 хоног ирээгүй тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Монголын Уран зургийн галерейн дотоод журмын 11.1.4 дахь заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ....-г Монголын Уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч ....-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХХХ-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар.зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн 1 дэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: ХХХХ-г Монгол улсын дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 01-р сарын 05-ны өдрийн 141 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 05-р сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажилд томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа 8 хоног ирээгүй тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт, Монголын Уран зургийн галерейн дотоод журмын 11.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 05-р сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн ....-г Монголын Уран Зургийн Галерейн нягтлан бодогчоор ажилд эгүүлэн томилсугай гэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ....- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Монголын уран зургийн галерей нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 141 дүгээр шийдвэрийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн, ажилд томилох тушаал гарсанаас хойш ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна, түүнчлэн энэ хугацаанд амаржсан бөгөөд хүүхдээ харж байсан гэж, хариуцагч Монголын уран зургийн галарей нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Б/14 тоот тушаалаар ажилд томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа 8 хоног ирээгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот ....-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаа нэхэмжлэгч ....-д хүргүүлэхээр мөн оны 05 дугаар сарын 23-ны өдөр Монгол шуудан ХК-д, улмаар Монгол шуудан ХК нь 05 дугаар сарын 24-ний өдөр н.Эрдэнэсанжаа гэх хүнд хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монголын уран зургийн галарейд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан /хх-15/, уг захирамжийг шүүх гардуулж өгөөгүй, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захирамжийг гардан аваад дахин нэхэмжлэл гаргасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулж тайлбарласан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч ....- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ....- нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин ХХХ-ийг төрүүлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй байхад хариуцагч байгууллага түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхаас гадна түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Монголын Уран зургийн галарей нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаал гаргаж ....-г нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнчлэн уг тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан байх тул ....-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа 8 хоног ирээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ