Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга                 хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Н.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, сүлжих машины оператор мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, 2 эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 5 дугаар гудамжны 68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:УИ94122433/, Шарнууд овогт Найдансүрэнгийн Мэргэнд холбогдох  эрүүгийн 1805038530813 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Мэргэн 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” караокены үүдэнд хохирогч Д.Бямба-Очирын гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мэргэн шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн миний мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 2.500.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Бямба-Очир мөрдөн байцаалтанд: Би Мэргэнтэй маргалдаагүй тамхи татаад зогсож байхад л миний хөл рүү хутгаар зүссэн байсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг хутгаар зүүн гуяны ташаанд зүссэн өөр цохиж зодсон зүйл байхгүй. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн Эмчилгээний зардал 2500.000 төгрөг нэхэмжилж байгаагаа зардлаа гаргуулан авсан. Одоо ямар нэгэн эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл мөнгө байхгүй. Гомдол саналгүй. /хх-ийн 30-32/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.Төгөлдөрбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 14-ний 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маск караоке пабад Д.Бямба-Очир бид хоёр нэг, нэг шил пиво уугаад байж байсан. Тэгээд гадаа тамхи татах гээд гарахад би найз Баагийтай  тааралдаж хамт тамхи татаад зогсож байхад Д.Бямба-Очир гараад ирсэн. Тэгээд Бямбаа замын эсрэг тал руу тамхинд явчихаад ирэхээр нь би найздаа тамхи өгөөч гэсэн чинь үл таних залуу Бямбаа руу чи яагаад томроод байна гэхэд Бямбаа зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд тэр залуу Бямбаагийн зүүн гуя руу цохих шиг болсон хутгалсан байсан. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8761 дугаартай: Д.Бямба-Очирын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Н.Мэргэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр найз Тогтохбилэг над руу залгаад чи манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт 18 цагийн үед  очсон. Тэгээд бид 2 хоол хийж идээд байж байтал Тогтохбилэг 0,75-тай Соёрхол нэртэй 2 шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн хорооллын эцсийн нэг караокед  Сэнгүр пиво уугаад дуулаад сууж байсан тэгээд караокеноос гараад ирэхэд манай найз Тогтохбилэг одоо найз нь харилаа гэж хэлээд явсан тэгээд нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд 9 цагийн үед сэрсэн. Эрүүлжүүлэх байрны цагдаагаас чи Бямба-Очирын гуянд нь хутгалсан  мэдсэн үү гэж асуухад нь би мэдээгүй гэж хэлэхэд худлаа яриад бай чи Бямба-Очирын гуянд нь хутгалсан байна гэж хэлсэн.  Тэгээд хутгалсанаа мэдсэн тухайн үед би гэрээсээ гарахдаа хутга авч гарсан тэр хутга миний өмсөж явсан шортны халаасанд байсан эрүүлжүүлэхэд хоноод өглөө эд зүйлээ хүлээж авахад миний хутга байхгүй байсан. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Мэргэний хувийн байдалтай холбоотойгоор: түүний жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 37/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 38/, ял шалгах хуудас /хх-ийн 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Мэргэн 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” караокены үүдэнд хохирогч Д.Бямба-Очирын зүүн гуянд хутгалж шарх бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Д.Бямба-Очирын”...намайг хутгаар зүүн гуяны ташаанд зүссэн...” /хх-ийн 30-32/, гэрчээр Б.Төгөлдөрбаярын”...тэр залуу Бямбаагийн зүүн гуя руу цохих шиг болсон хутгалсан байсан...” /хх-ийн 8/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8761 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Н.Мэргэн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...чи Бямба-Очирын гуянд нь хутгалсан байна гэж хэлсэн  тэгээд хутгалсанаа мэдсэн тухайн үед би гэрээсээ гарахдаа хутга авч гарсан тэр хутга миний өмсөж явсан шортны халаасанд байсан эрүүлжүүлэхэд хоноод өглөө эд зүйлээ хүлээж авахад миний хутга байхгүй байсан” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Мэргэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Мэргэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Мэргэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохиролын төлбөрт 2500.000 төгрөг авсан, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  торгох саналыг Н.Мэргэнд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.