Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 760

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандангийн автобусны буудал орчим иргэн А.Эг жирэмсэн гэдгийг мэдсээр байж үснээс нь зулгааж, нүүр цээж хэсэг рүү гараараа цохиж биед нь зулбахыг завдалт, дух, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхэд хандаж нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм буруутай үйлдлийг зөвшөөрч гэмшиж байгаа. Би тухайн үед хохирогчийг том гэдэстэй байхыг нь хараад жирэмсэн гэж мэдсэн юм. Хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Эгийн мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчим би нөхөр  Галбадрахын хамт нөхрийн эзэмшлийн 60-67 дугаартай серийг нь санахгүй байна машинтайгаа Гандангийн буудал орчим найзыгаа хүлээгээд зогсож байсан чинь хөгшин, залуу хоёр согтуу эрэгтэй хүн ирээд жолоочийн жижиг цонхыг тогшсон. Тухайн үед би жолоо барьж явсан. Харин нөхөр Галбадрах арын суудал дээр сууж байсан учир нь урд хүүхэдтэй хүн суулгах гээд хүлээж байсан. Би цонхоо буулгасан чинь таксинд явах уу гэж асуухаар нь  би явахгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр согтуу цааш явах гэж байсан чинь нөхөр Галбадрах машиныхаа хойд талын цонхыг буулгаад ийм машин таксинд явахыг харсан уу гэсэн чинь Ууганбаяр юун сүртэй пизда вэ гэж хэлснээс болон хэрүүл болсон бөгөөд Галбадрах машинаас буугаад нөгөө хоёртой зууралдсан тэгтэл Ууганбаярын эхнэр бололтой хүүхэн салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Бие биенийгээ цохих шиг болсон. Би машинаасаа буугаад нөгөө эмэгтэй Ууганбаярыг салгаад машин руугаа суулгах гэсэн чинь Галбадрах руу ална гэж заналхийлээд дайраад байсан би болиоч гэж хэлснээс болон Ууганбаярын эхнэр Ариунчимэг гэх эмэгтэйтэй маргалдсан чинь Ууганбаяр намайг гичий, янхан гэх мэтээр доромжилсон. Галбадрах миний эхнэрийг доромжилдог хэн бэ гэж хэлэн Ууганбаярыг заамдаж аван замын хашлага руу нуруугаар нь арагш дарсан чинь Галбадрахыг салгах нэрийн доор Ариунчимэг нь үсдээд байхаар нь би Ариунчимэгийн хойноос татсан чинь гэнэт миний үснээс хүн зулгаагаад дээш гэдийлгэж байгаад нүүрэн тус газар руу нь 1-2 удаа цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Би маш чанга ёоёо гэж хашгирсан чинь Галбадрах гүйн ирээд салгасан. Э  намайг үсдэж нүүр хэсэг рүү 1-2 удаа цээж хэсэг рүү 1 удаа цохисон. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Ууганбаярын мөрдөн байцаалтанд:  Э машины урд талын цонхыг тогшсон чинь эмэгтэй хүн цонхоо буулган явахгүй гэж хэлсэн. Би Эыг хөтлөн цааш явах гэсэн чинь тухайн машины арын цонх нээгдэн нэг эрэгтэй хүн та нар ийм машин таксинд явахыг харсан уу гэж хэлснээс болон хэрүүл маргаан гарсан. Үүний улмаас би салаавчаа нөгөө залуугын урдаас гарган цааш явсан чинь нөгөө залуу машинаас бууж ирээд араас татан Эыг цохьчихоод намайг цохихоор нь би өөдөөс нь заамдан авч нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Энэ үед манай эхнэр бид хоёрын дундуур орж салгаад зогсож байсан чинь жирэмсэн эмэгтэй машинаас гарч ирээд манай эхнэр Ариунчимэгийг хэл амаар доромжлоод байхаар  нь би эхнэрээ өмөөрөн яагаад манай эхнэрийг доромжлоод байгаа ал бэ гэж хэлсэн чинь нөгөө залуу дахин намайг заамдан авч миний нүүрэн тус газар цохихоор нь би эргүүлэн заамдан авч цохих гэсэн чинь чадаагүй замын төмөр хашлага дээр хагас хойш гэдийсэн. Тэгтэл Галбадрах дахин миний нүүрэн тус газар цохиод байхаар нь би эсэргүүцэл үзүүлэн нүүрэн тус газар нь цохьсон. Тэгтэл эхнэр Ариунчимэг намайг салгаад машиндаа суулгасан. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Ариунчимэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 22-23 цагийн орчим намайг гэртээ байж байтал манай нөхөр над руу утсаар яриад Гандангийн буудал дээр согтуу байна ирээд аваадхаач гэхээр нь би машинаа бариад яваад очтол манай нөхөр дарга Эын хамт согтуу байж байсан...би машин дотроо цонхоо нээсэн байдалтай сууж байсан тэгтэл Ууганбаяр Эыг такси бишээ гээд татсан чинь Э тухайн машины арын цонхон дээр нь гуйваад яваад ирсэн. Хажууд нь Эыг татаад түшсэн байдалтай явж байсан. Гэнэт манай нөхөр Ууганбаярын дуу нь чангараад чи ямар аймаар том юм бэ Харейр машин унахаараа том болчихсон  юм гэж хэлснээ машины арын цонх руу Ууганбаяр салавчаа гаргаад байсан. Би сандраад машинаасаа буун гүйж очоод нөхөр Ууганбаярыг араас нь татаад машиныхаа хажууд авчран зогсоогоод буцаж Эыг нь авчрахаар машин дээр нь очсон. Тэгтэл Харейр машины арын суудлаас 30-35 орчим насны залуу бууж ирэн Ууганбаяртай заамдалцан авч бие биенийхээ нүүрэн тус газар руу цохилцохоор нь би гүйж очин дундуур нь орж салгасан. Энэ үед тухайн машиныг жолоодон явж байсан эмэгтэй машинаас буун ирээд над руу чи нөхрийгөө аваад зайл тэнэг хүүхэн минь гээд хашгираад байсан. Жирэмсэн хүүхэн над руу пизда гичий гээд дайраад байсан чинь Ууганбаяр  чи яасан хаашаа ал бэ гээд хэлчихсэн чинь нөгөө залуу чи манай эхнэрийг ал гэдэг хэн бэ гээд Ууганбаярын нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохьсон чинь эргүүлэн Ууганбаяр заамдан авч харилцан бие биенийхээ нүүрэн тус газар руу цохиод байсан. Нөгөө залуу Ууганбаярыг замын хашлага дээр гэдийлгэсэн байдалтай арагш хагас хэвтүүлчихээд цохиод байхаар нь би нөгөө залуу буюу Галбадрахын гэдэс хэсгээр нь хойш татсан боловч дийлэхгүй болохоор нь толгойтой үснээс нь зулгаах гэсэн чинь ямар нэгэн үс баригдаагүй. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7497 дугаартай дүгнэлтэд: А.Эгийн биед жирэмслэлт III-III 35-36 долоо хоногтой жирэмсэн, зулбахыг завдалт, дух, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн  нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 38/

 

Сэжигтнээр Г.Эын мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 11-ний оройн 18-19 цагийн орчим би ажлаасаа  тараад гадаад яваад ирсэн байсан учир хамт ажилладаг Л.Сүхбаатар, Д.Батболд, О.Ууганбаяр нарт 1 шил 0,75 литрийн нэрийг мэдэхгүй архийг авчирч  өгөөд ажлын гадаа уусан...Ууганбаяр бид хоёр явган хүний зам дагаад машин барихаар алхаж байтал нэг машин зогсож байхаар нь би энэ машин явах болов уу асууя гэж хэлсэн чинь Ууганбаяр наад машин чинь  таксинд  явахгүй байхаа гэж хэлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор юмыг яаж мэдэх вэ асуугаад үзье гэж хэлэн машины урд талын цонхыг тогшсон чинь машины цонхыг нэг эмэгтэй буулгаад явахгүй гэж хэлсэн. Би цааш эргэн явах гэтэл ар талын цонх  нээгдсэнээ нэг эрэгтэй хүн ийм машин таксинд явахыг хаанаас харсан гарууд вэ гэж хэлэхээр нь би дуугараагүй. Тэгтэл Ууганбаяр мөнгөөрөө гайхуулсан амьтан бэ гэж хэлсэн. Тэгтэл миний араас нэг хүн татах шиг болохор нь эргээд харсан чинь миний  нүүрэн тус газар руу цохьсон. ...би Ууганбаярын эхнэрийг үсдээд байхаар нь салгах санаатай араас нь татсан. Тухайн үед  Энхтуяа нь үсээ задгай тавьсан байсан учраас миний гарт баригдсан би жирэмсэн гэдгийг нь анзаараагүй 2 удаа цохьсондоо маш их гэмшиж байна. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би огт жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. /хх-ийн 57/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Э “хохирлын 1,5 сая төгрөг хүлээн авч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 83/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 61/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/, дипломын хуулбар /хх-ийн 68/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Э 2018 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандангийн автобусны буудал орчим иргэн А.Эг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Эгийн”...Э  намайг үсдэж нүүр хэсэг рүү 1-2 удаа цээж хэсэг рүү 1 удаа цохисон...”/хх-ийн 29/, гэрч О.Ууганбаярын”...жирэмсэн эмэгтэй машинаас гарч ирээд манай эхнэр Ариунчимэгийг хэл амаар доромжлоод байсан...”/хх-ийн 31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7497 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, хохирогч А.Э “хохирлын 1,5 сая төгрөг хүлээн авч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 83/  зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Эыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Эыг “А.Эг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч А.Эгаас гаргасан хүсэлтэд “Б.Эаас 1,500.000 төгрөг хохиролдоо авсан тул гомдол саналгүй, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэжээ. Иймд шүүгдэгч Б.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Эыг хохирогчийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.