Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00037

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00037

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/06274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч....-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 116 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.    

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн....- нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлүүлсэн мөнгийг зээлдэгч....-гийн 5374351560 тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн ч зээлдэгч нь үүргээ бүрэн биелүүлсэнгүй. Зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 4-т заасны дагуу Иргэний хуулийн 232.6-д заасныг үндэслэл болгож, зээлийн үндсэн төлбөр болон түүний хүүгийн төлөгдөөгүй төлбөрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч нь 2016.5.9-ний өдөр 750 000, 2016.06.10-ны өдөр 450 000, 2016.06.13-ны өдөр 400 000, 2016.06.15-ны өдөр 400 000, 2016.06.15-ны өдөр 650 000, 2016.06.19-ний өдөр 999 999, 2016.06.20-ны өдөр 400 000, 2016.08.12-ны өдөр 500 000 төгрөг нийт 4 549 999 төгрөгийг 2016.05.09-2016.08.12-ны өдрийн хугацаанд төлсөн байна. Дээрх төлсөн төлбөр нь зээлийн гэрээний хүү, алдангид тооцогдсон. Зээлийн гэрээний дагуу зээл авсан өдрөөс хойшхи үндсэн төлбөрт тооцогдсон хүү нь нэг сарын 1 000 000, гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тооцогдсон хүү 2016.04.23-наас 2016.09.11-ний өдөр хүртлэх нийт 140 хоногийн 4 666 666 болсон байна. Нийт 5 666 666 төгрөгийн хүү төлөх байснаас 4 549 999 төгрөгийн хүү төлж, 1 116 667 төгрөгийн хүү төлөөгүй. 2016.04.23-ны өдрөөс 2016.09.11-ний өдөр хүртэлх 140 хоногийн хугацаанд үндсэн төлбөрөөс алданги тооцоход нийт 7 000 000 төгрөг болсон.

Зээлдэгч....- зээлийн төлбөрийн барьцаанд зээлийн гэрээгээр 000591179, 000591180, 000591182 тоот газрыг барьцаанд тавьсан боловч барьцааны зүйлийн нэрийг нь шилжүүлээгүй. Мөн зээлийн барьцаанд автомашин тавьж нэр шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлсэн баримт бичгүүдийг авчирч өгсөнгүй. Иймд зээлдэгч....-гээс үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, түүний хүү 1 116 667, алданги 5 000 000 төгрөг, нийт 16 116 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Гансүрэн нь нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг зээлж авсанаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Хүү, алданги тогтоосон нэхэмжлэлийн дүн нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Нямбаяр нь хариуцагчийн түүнд шилжүүлсэн мөнгөний дүнг дутуу бичсэн. Өөрөөр хэлбэл 500 000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэнийг орхигдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн дүн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээнд зааснаар 1 сарын хүү тооцох ёстой байтал илүү тооцсон. Алданги тооцох ёстой гэдэгт маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч....-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 116 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 533.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч зээлийн гэрээг байгуулж, зээлийн олгосон талаар маргахгүй гэж тайлбарласан боловч энэ нь зээлийг дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч олгосон гэдгийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтын дагуу зээлдүүлэгч ....- нь зээлдэгч....-д 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч....- нь түүнийг хүлээн авсан болох нь түүний дансны хуулгаар нотлогддог. Мөн энэ хэрэгт өгсөн хариу тайлбартаа....- зээлдүүлэгч ....-аас 10 сая төгрөг зээлсэнийг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм байхад шаардах эрхийн үндэслэл болсон 281 дүгээр зүйлийг баримтлалгүйгээр 282.4 дэх заалтыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ....- нь хариуцагч....-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16 116 667 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсэг 10 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр ....- нь....-д 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх,....- нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан нэг сарын хугацаанд буцаан төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар тооцохоор тус тус тохиролцсон ба зээлийн гэрээний зүйл 10 сая төгрөгийг Эхлэл Финанс ХХК-ийн 5009793797 тоот данснаас хариуцагч....-гийн 5374351560 тоот дансанд шилжүүлснээр мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ болон анзын гэрээ бичгээр хийгдсэн, талууд 10 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаангүй байна. Гэтэл шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаангүй асуудлаар дүгнэж, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны зүйлээ талууд өөрсдөө тодорхойлох диспозитив зарчимд нийцэхгүй болно.

Эхлэл Финанс ХХК-ийн данснаас зээлийн 10 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хариуцагч нь Эхлэл Финанс ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж маргаагүй, тэдгээрийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, компанийн мөнгөн хөрөнгийг зөвшөөрөлгүй бусдад зээлдүүлсэн гэж өөр этгээд маргаагүй, нэхэмжлэгч нь уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаараагүй нь буруу байна.

 

Түүнчлэн хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Эхлэл Финанс ХХК-ийн дансанд төлж байсан явдал нь үүнийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд үүргийг гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой болохоос гэрээ байгуулагдсан эсэхэд хамааралгүй юм.

 

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба уг үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу алданги тооцоход хоногт 55 000 төгрөгийн алданги нь 142 хоногт 7 810 000 төгрөг болж байх ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4т зааснаар хязгаарлавал 5 500 000 төгрөгийн алданги хариуцагч төлөх үүрэгтэй. Хариуцагч үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, 5 500 000 төгрөгийн алданги, нийт 16 500 000 төлөхөөс зээлийн гэрээний хугацаа хэтрүүлснээс хойш 4 549 999 төгрөг төлснийг хасч тооцвол хариуцагч....-гээс 11 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/06274 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч....-гээс 11 950 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 4 166 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, үлдээж гэсний дараа хариуцагч....-гээс 206 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 239 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ