Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 605

 


 

 

 

 

 

                                

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Булганчимэг,

иргэдийн төлөөлөгч Б.Нэргүй,

хохирогч З.Э, О.Б,

шүүгдэгч Т.Ү, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Ү нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Чт өөрийгөө махны ченж, мах авах гэсэн мөнгө  дутчихлаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бэлнээр 380.000 төгрөг, 112.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-3 загварын гар утсыг залилан авсан,

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байрны гадаа иргэн З.Эт махны ченж мах авах гэсэн мөнгө дутчихлаа гэж хэлээд хуурч 550.000 төгрөг залилан авч З.Эт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороолол орчимд Ч.Бын 69-64 ОРХ улсын дугаартай автомашинаар хүргүүлэхдээ мах авах гэсэн мөнгө дутлаа гээд бэлэн 500.000 төгрөг утсаар яриад өгье гэж хэлээд хуурч Самсунг нөт-4 маркийн гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч 815.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байрны гадаа О.Б, С.Г нарт өөрийгөө махны ченж мах авах гэсэн мөнгө дутчихлаа гэж хэлээд хуурч бэлнээр 50.000 төгрөг, Оппо маркийн гар утсыг залилан авч О.Бд 318.000 төгрөгийн, С.Гид 50.000 төгрөгийн хохирол  учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны төвийн үүдэнд гар утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд хуурч хохирогч П.Мын Самсунг галакси Жи-1 загварын гар утсыг залилан авч 150.000 төгрөгий хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит Шонхор худалдааны төвд хохирогч И.Сийг такси үйлчилгээнд явж байхад нь гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд хуурч 30.000 төгрөг, Айфоне 5-эс загварын гар утсыг залилан авч 258.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчим хохирогч Ц.Нгийн Тоёота Спасио маркийн 74-42 УБЦ улсын дугаартай авто машинаар такси үйлчилгээ авахдаа хороололоос мах авах гэсэн юм та түр мөнгө өгөөч, гар утсаа өгөөч ээж рүү ярих гэсэн юм гэж хэлээд хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон Самсунг галакси жи-7 загварын гар утас 60.000 төгрөгийг залилан авсан буюу бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Ү шүүхийн хэлэлцүүлэгт: Би Баянгол дүүрэгт болсон хэргийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Үүний баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хохирогч нар худал мэдүүлж байна. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч намайг дарамталж мэдүүлэг авсан. Би хохирогч Содгэрэлээс авсан гар утсыг нь буцааж өгсөн.  Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би Үд 550.000 төгрөг бэлнээр өгч залилуулсан.  Тухайн үед Ү надад таксины үйлчилгээний хөлсөнд  50.000 төгрөг өгөхөөр тохирсон байсан.  50.000 төгрөгийн баримт байхгүй. Одоо нийт 600.000 төгрөгийг Үгоос нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Үгоос гар утасны  370.000 төгрөг болон таксины хөлс 30.000 төгрөг нийт 400.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.М мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр өөрийн эзэмшлийн 49-29 УБМ улсын дугаартай автомашинтайгаа Саппоро орчимд явж байхад миний дугаар руу гаднаас залгаж машинаа зарах гэж байгаа юмуу зарын дагуу ярьж байна гээд ярихаар нь би тухайн үед тиймээ зарах гэж байгаа гэхдээ үзүүлэх боломжгүй байна гээд утсаа таслаад хэсэг явж байгаад ...тэр хүний дугаар руу залгаж үзэж сонирхож болно...гээд түүнтэй уулзахаар болж 10 дугаар хороолол орчимд явж байна гэхээр нь би түүнтэй уулзахаар болж 10 дугаар хороололын буудал дээрээс түүнийг аваад...түүнтэй ярилцахад тэр залуу машин сайн мэддэг манай ах байгаа тэр хүнд очиж үзүүлье гээд...Сансарын тунелийн зүүн  талд байрнуудын гадаа буугаад нэг орц руу ороод удалгүй гарч ирж манай ах согтуу байна гээд би өөрөө үзье гэснээ миний машины копудыг сөхөж моторын дуу сонсож үзээд авахаар болоод надад мөнгө бэлэн байгаа дэнжийн мянгад байх гэрээсээ аваад өгье тэгээд машиныхаа нэр усыг шилжүүлье гээд тэндээсээ шууд дэнжийн мянга явсан. Тэгээд Хүчит шонхор захын урдуур зүүн эргээд явж байтал намайг энд зогсчих гээд зам дээр зогсоож ээжээсээ гэрийнхээ түлхүүрийг аваад ирье гээд буусан буухдаа миний гар утсаар ярьсаар буухад нь би гар утсаа авъя үлдээгээд яв гэхэд зүгээрээ би удахгүй гээд цаашаа гүйгээд яваад өгсөн.

...Самсунг Галакси жи-1 гэсэн нэртэй шаргал өнгийн гар утас байсан. Би утсаа 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. /1хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Т.Ү мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 06-ны өдөр би Саппорогийн буудлын орчимд автобусанд суугаад явж байхад цонхоор харахад загвар нь тодорхойгүй цагаан өнгийн улсын дугаарыг нь хараагүй тээврийн хэрэгслийн арын шилэн дээр зарна гэсэн бичигтэй дугаар байхаар нь уг дугаар руу залгаад зарах гэж байгаа машин хэд гэж байгаа юм бэ гэж асуухад зарна гэж хэлээд уг машины жолоочтой 10 дугаар хорооллын автобусны буудлын орчимд уулзаад машиныг нь үзээд явж байгаад 25 дугаар эмийн сангаас эхнэр хүүхдээ аваад хадмынхаа гэрт нь хүүхдийг нь хүргэж өгөөд цаашаа явж байгаад эхнэрийг нь ажлынх нь гадаа буулгаад бид хоёр хоёулаа үлдээд машиныг нь үзээд явж байгаад Сансарт машиныг чинь хүнд үзүүлье гэж хэлээд дагуулж яваад Сансарт нэг байрны гадаа очоод нэг орц руу ороод жоохон байж байгаад эргэж гараад хүн байхгүй байна, дэнжийн мянга орж ээжээс түлхүүр аваад эргээд ирье гэж хэлээд дагуулаад дэнжийн 1000 худалдааны төвийн гадна талд хаалганых нь хажууд очоод уг машины эзнээс нь тухайн үед жолоочийн барьж байсан гар утсыг нь хүн рүү яриадхая гэж хэлээд аваад гар утсаар нь ярьж байгаа юм шиг болоод машинаас нь буугаад худалдааны төв рүү ороод нөгөө талынх нь хаалгаар гараад автобусанд суугаад Тэди худалдааны төв ороод гадаа зогсдог хүнд 80,000 төгрөгөөр зарж борлуулаад Толгойтод очоод айлд даалуу тоглоод уг мөнгийг нь үрж дуусгасан. /1хх-ийн 44/  гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30/

Хохирогч И.С мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр таксинд явж байхад Нарантуул олон улсын худалдааны төвийн арын замаас нэг залуу гар өргөөд машинд суусан. Тэгээд тэр залуу эхлээд Хүчитшонхор зах ороод мах аваад буцаад ирнэ гэсэн. Тэгээд явж байхад  гэнэт утсаа мартчихсан байна гээд эргээд явъя гэсэн. Тэгэхээр нь би миний утсаар ярьчих гээд утсаа өгсөн. Тэгсэн чинь тэр залуу миний утсаар залгаж байгаа юм шиг худлаа ярьсан байсан...тэгээд замдаа эгчтэйгээ худлаа утсаар яриад байсан. Тэгээд тэр залуу надад хандаад манай эгчийн хүүхдийн багш нь яаралтай мөнгө авчир гээд байна. Та надад түр 30.000 төгрөг өгчих би очооод өгье гэж хэлээд надаас мөнгө авсан. Тэгээд тэр сургууль руу орсон. Удалгүй гарч ирээд надад хандан та дэлгүүр ороод скоч аваад ирээч дүүгийн багш нь скоч аваад ир гэсэн гээд байсан...тэгээд гарч ирээд Хүчит шонхор явсан. Тэнд очоод хүнээс мах авна гэж хэлээд миний машины арын сандлыг буулгаад бэлдээд байсан. Тэгээд хүчитшонхор дотор орчихоод хайрцаг аваад ирье гээд тэр залуу алга болсон.  /хх-ийн 122/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Т.Ү мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр явж байгаад хойд хаалга дээрээс эмэгтэй жолоочтой таксинд суугаад Дэнжийн мянгаас мах аваад эргээд зах дээр ирнэ гэж хэлж суугаад Дэнжийн мянга дээр ирээд дотогшоо ороод эргэж гарч ирээд түлхүүр байхгүй байна Эмээлт ороод түлхүүр аваад эргээд энд ирээд мах аваад зах оръё гэж хэлээд Эмээлт ороод эргээд 21 дүгээр сургууль дээр ирээд хүүхэд аваадахъя гэж хэлээд буугаад зугатах гэсэн боловч зугатааж чадахгүй болохоор нь эргээд суугаад Дэнжийн 1000 худалдааны төв ороод уг таксины ард талд нь цаас дэвсэж байгаад жолоочийн хамтаар буугаад мах ачна гээд павилоны хажууд очоод гар утсаа өгч бай гээд хүн рүү яриадахъя гэж хэлээд авч зугатаагаад нөгөө талынх нь хаалгаар гараад автобусанд суугаад Тэди худалдааны төв дээр очиж гадаа зогсдог хүнд хэдэн төгрөгөөр зарсанг санахгүй байна тэгээд мөнгөөр нь хувцас авч өмсөөд тэгээд дуусгасан. /хх-ийн 131/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 128/

 

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 9 дүгээр сарын 22-нд ажилтай явж байхад өглөө 12 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хурд хорооллын орчим өөрийн 69-64 ОРХ улсын дугаартай Приус-11 маркийн машинтай явж байхад үл таних залуу гар өргөн сууж нисэх явж мах авах гэсэн юм гэж хэлэн нисэх рүү явсан. Тухайн залуу нь замдаа явж байхдаа өөрийгөө Автобус-1 ХХК-д ажилдаг манай ээж махны ченж хийдэг юм ээждээ туслаж явна гэж хэлсэн. Тэгээд замдаа утсаар ярьж байгаад мах авах мөнгө дутчихлаа гээд надаас таван зуун мянган төгрөг байна уу гэж асуухаар нь надад дансанд мөнгө байгаа гээд хаан банк руу орж өөрийнхөө данснаас бэлнээр 500.000  төгрөг авч өгсөн. Тэгээд цаашаа нисэхийн байр руу очсон чинь энэ байрнаас мах авна гээд Буянт-Ухаа нэг хорооллын сүүлээсээ 2 дахь байранд очсон гэтэл нөгөө залуу утсаа өгч байгаач нэг яръя гэж хэлж аваад зугатаасан. /1хх-ийн 180/гэх мэдүүлэг,

 

Т.Ү мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд байсныг санахгүй байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын ар талын зам дээрээс залилан хийх зорилготой таксинд гар өргөн зогсож байхад улсын дугаар марк нь мэдэхгүй байна цагаан өнгийн суудлын автомашин ирж зогссон юмаа. Тэгээд би уг жолоочид нисэх явж мах ачих гэсэн юм явах уу гэтэл уг жолооч надад 25000 төгрөгөөр яваад өгье гэж хэлээд хамт нисэх рүү эргэдэг гэрлэн дохиогоор эргээд явж байгаад автобусны хойд талаар байрнууд руу орсон туслах замаар эргэн 5 давхар саарал орон сууцны гадаа очиж зогссон. Тэгээд би жолоочид хүлээж бай гэж хэлээд уг байрны нэг орц руу орон 15 орчим минут болж байгаад гарч ирэн мах авах гэсэн мөнгө дутчихлаа таньд түр зээлчих мөнгө байна уу гэхэд хэдэн төгрөг хэрэгтэй гэж асуухаар нь 500000 төгрөг дутчихлаа гэж хэлээд уг жолоочоос бэлэн 500000 төгрөг авсан. Тэгээд буцаж анх орсон орц руу ороод өгсөн мөнгийг халаасандаа хийж нуугаад гарч ирэн жолоочид би урд талын гражнаас хулдаас аваад ирье түр хүлээж бай гэж хэлээд уг байрыг тойроод цааш яван зам дээрээс такси барин шууд Төв аймгийн төв рүү очиж найз Болдоотой уулзаад түүнийг даган явж танихгүй айлд очин 3 хоног даалуу тоглоод залилж авсан бүх мөнгөө алдсан. /1хх-ийн 183/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 185-186/

Зарлагын мэдүүлэг /2хх-ийн 93/,

 

Хохирогч С.Г мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 97-27 ТӨВ улсын дугаартай Портер маркийн машинаар хувиараа хөлсөөр ачаа ачих гээд Хангай зах дээр зогсож байтал үл таних 30 орчим насны цэнхэр куртик, хар өмд, хууз сахалтай, жижиг биетэй нэг эрэгтэй хүн ирээд ачаа ачих уу, би нисэх орж юм ачаад Орбитын цэргийн анги орно гэж хэлэхээр нь би 35000 төгрөгөөр явна  гээд тэр залуугийн сууж явсан Тоёота Приус 20 маркийн машиныг дагаад явсан. Тэгээд нисэхэд 63 дугаар байрны гадаа ирснээ тэр залуу надаас танд мөнгө байна уу, мах авах гэсэн чинь мөнгө  дутчихлаа түр 50000 төгрөг өгөөч гэхээр нь би түүнд 50000 төгрөг өгсөн ба тэр залуу надаас мөнгө аваад тэр байрны 1-р орц ороод удалгүй гарч ирээд, байрны булан эргэж байх шиг байсан ба тэгээд тэр залуу алга болсон. Тэгээд би тэр байрны гадаа зогсож байтал нөгөө залуугийн сууж явсан Тоёота Приус 20 маркийн машины жолооч хүрч ирээд нөгөө залуу хаачсан бэ миний утсыг аваад явчихлаа гэж хэлсэн ба тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ танай дүү гэж надад өөрийгөө танилцуулсан ш дээ гэж хэлсэн чинь тэр эмэгтэй би таксины жолооч байна бас миний утсыг авчихсан ш  дээ гэж хэлсэн. /1хх-ийн 225/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Бмөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би гэрээсээ гараад өөрийн 64-05 УБЧ улсын  дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинаар хувиараа таксинд явах гээд модны 2-ын голын замаар яваад баруун тийш Од кино театр руу эргэтэл зам дагуу 30 орчим насны сааралдуу ажлын даавуун өмдтэй, бордуу өнгийн ноосон цамцтай, хууз сахалтай, бор царайтай эрэгтэй хүн гар өргөж суугаад төмөр зам орно гэсэн. Тэгээд би төмөр зам руу Варете төвийн хажуу  талын нэг орон сууцны гадаа хүргэж өгөхөд тэр залуу надаар 10000 төгрөг задлуулаад би ээждээ сүүний мөнгө өгчихөөд гараад ирье та байж бай гээд нэг орц руу орсноо удалгүй гараад ирсэн. Тэгээд буцаж сууснаа надад та нисэх ороод өгөөч, би махны ченж байгаа юм гэж хэлэхээр нь би 15000 төгрөгөөр явна гэж хэлээд явсан.  Тэгээд Хангай зах орж Портер машин авъя гээд Хангай зах руу  явсан тэгээд Хангай зах дээр очоод нэг Портер машин хөлслөөд Портер машинаа араасаа дагуулаад Нисэхийн 63 дугаар байрны гадаа ирсэн. Тэгээд тэр залуу 63 дугаар байрны 1 дүгээр орц орсноо удалгүй эргээд гараад ирсэн. Тэгснээ мөнгө дутаад байна хоёулаа манай гэр рүү буцаад явчихаад ирье гээд буцаад явсан ба Яармагийн гүүрэн дээр ирж байтал тэр залуу миний утсаар ярьж байснаа за эгч одоо буцъя аа би эгчээсээ мөнгө авахаар болчлоо гээд буцаад 63 дугаар байрны гадаа ирсэн ба тэр байрны гадаа ирснээ Портерын жолоочоос ах 50000 төгрөг дутаад байна. Та түр өгөөч гээд авсан ба тэгээд тэр орц руу орсноо удалгүй гарч ирээд та хоёр наанаа зогсож бай, гаражнаас мах ачна шүү би банкнаас мөнгө аваад ирье гээд гүйгээд явсан ба эргэж ирээгүй алга болсон. Тэр залуу явахдаа миний утсаар ярьж байсан тэгээд тэр чигээрээ гар утсыг минь аваад явчихсан. /1хх-ийн 229/ гэх мэдүүлэг,

Т.Ү мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын яг хэдэнд байсныг санахгүй байна, Од кино театрын харалдаа төв зам дагуу залилан хийх зорилгоор гар өргөн Тоёота Приус 20 маркийн машиныг зогсоосон ба уг машиныг 40 орчим насны эмэгтэй хүн жолоодож байсан. Би уг таксинд суугаад төмөр замын Варетье төвийн хажууд байх 5 давхар орон сууцны гадаа ирээд жолооч эмэгтэйгээр 10.000 төгрөг ээждээ сүүний мөнгө үлдээх гэсэн юм гэж худлаа хэлэн задлуулаад уг байрны ...орцонд ороод 10 орчим минут сууж байгаад гарч ирсэн. Тэгээд жолооч эмэгтэйд та намайг нисэх хүргээд өгчих би махны ченж байгаа юм мах авах гэж байгаа гэж хэлтэл 15000 төгрөгөөр яваад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд Хангай зах орж портер хөлсөлж авъя гэж хэлээд хамт Хангай зах яван портер машин түрээслээд тэндээсээ Нисэх рүү явсан тэгээд нисэхийн 63 дугаар байрны гадаа ирээд жолоочид хүлээж бай гэж хэлээд уг байрны нэг орц руу орон 15 орчим минут болоод гарч ирсэн. Тэгээд гарч ирээд мах авах гэсэн мөнгө дутчихлаа хоёулаа манай гэрт очоод мөнгө аваад ирье гэж хэлэн буцаж төв замаар явж байгаад Яармагийн гүүрний ойролцоо ирээд би үүнээс утсыг нь гуйж аваад эгчтэйгээ ярьж байгаа юм шиг дүр эсгэн худлаа яриад жолоочид мөнгө бүтчихлээ буцъя гэж хэлсэн. Тэгээд буцаж нисэхийн 63 дугаар байрны гадаа ирсэн ба би портерийн жолоочид мах авах гэсэн мөнгө дутчихлаа 50000 төгрөг өгчих гэж хэлээд авсан ба ойролцоо байх чингэлэгээс махаа ачна би түлхүүрийг нь аваад ирье гэж хэлээд тэр чигтээ зугатаасан ба зугтаах үедээ таксины жолооч эмэгтэйгийн маркийг нь мэдэхгүй гар утсыг нь аваад явсан. Тэгээд маргааш өдөр нь уг утсыг Хархорин захын гадаа зогсож байдаг утасны ченжид 80.000 төгрөгөөр зарсан. /1хх-ийн 231/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 234/

 

Хохирогч З.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудал дээр намайг машинтайгаа явж байхад нэг эрэгтэй хүн замын хажууд гар өргөөд зогсож байсан би тэр хүнийг суулгаад хаачих талаар асуухад Өргөө кино театрын ар талаас мах авна гээд явж байхад гар утас нь дуугараад хүнтэй яриад Нисэхээс мах авахаар болчихлоо гээд Нисэхиин эцэст ирээд 5 давхар саарал байрны 2 дугаар орцон дээр ирээд тэр залуу ороод мах аваад гараад ирнэ гэж хэлээд орчихоод эргэж гарч ирээд мах авах гэсэн мөнгө дутаад байна буцаад 7 буудал яваад мөнгө аваад ирнэ гэж хэлэхээр нь би дахин дахин явж зардал болж байхаар миний картанд мөнгө байгаа чи түр зээлчих гэж хэлэхэд тэгье гэж хэлээд бид хоёр Голомт банкны АТМ орж мөнгө аваад би тэр залууд 550 000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу мах тавихдаа машин дотор цаас дэвсэх хэрэгтэй гээд дэлгүүр ороод би бие засах гээд нэг дэлгүүрт орж бие засаад эргээд гараад ирэхэд нөгөө залуу явсан байсан учраас би тэр залуугийн өгсөн 80240094 гэсэн дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэр хавиар тэр залууг хайсан боловч байхгүй байсан учраас цагдаад хандсан юм. /2хх-ийн 4/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Т.Ү мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх 7 буудлын орчмоос улсын дугаарыг нь мэдэхгүй байна суудлын жижиг машинд суугаад Өргөө кинотеатр орж мах авна гэж хэлээд явсан ба замдаа хүнтэй утсаар ярьж байгаа дүр үзүүлэн шууд цаашаа нисэх явахаар болсон. Тэгээд нисэхийн эцэс рүү төв замаар эргээд байран дундуур ороод 5 давхар байрны гадаа ирээд уг байрны орц руу орж 10 минут сууж байгаад буцаж гарч ирэн мах авах гэсэн мөнгө дутаад байна түр буцаад 7 буудал явъя гэж хэлэхэд жолооч эмэгтэй надаас түр зээлчих гэж хэлээд би түүнээс 550.000 төгрөг хуурч аван орц руу орж байгаа дүр үзүүлэн цааш зугатаасан.  /2хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

Дансны хуулга /2хх-ийн 9/,

Хохирогчоор Б.Ч мөрдөн байцаалтанд: Би өөрийн 48-57 УНС улсын дугаартай бага оврын грейс микро автобусаар ханын матералаас наран туул худалдааны төв хүртэл шугаманд явдаг өнөөдөр өглөө 07 цаг 40 минутын орчим хар хорин захын урд талын автобусны буудал дээрээс нарантуул зах руу хүн ачаад зогсож байсан тухайн үед миний микронд 4-5 хүн суусан байсан тэр дунд 30 орчим насны 165 см орчим өндөр туранхай шөвгөр бор царайтай үүдэн шүдгүй нэг залуу суусан байсан би хүнээ ачаад хүмүүсээ нарантуул зах дээр буулгасан тухайн үед 2 хүн үлдээд батоник орсон тэр дунд нөгөө шөвгөр залуу үлдсэн байсан тэгээд замдаа явж байтал тэр туранхай бор царайтай залуу та нисэхээс мах ачаад нарантуул зах оръё би урд 03-39 гэсэн ногоон өнгийн истанагаар 2-3 удаа хүргүүлж байсан манай ах нарантуулын баялаг ундраа захын хойно махны лангуутай юм тийшээ мах хүргэж өгөх гэсэн юм гэхээр нь би 60000 төгрөгөөр явахаар тохирсон тэгээд тэр залуу ботаникаас амгалан өртөөний баруун үзүүрт байдаг буудлаас түлхүүр авна гэж хэлээд орсон тийшээ ороод 3-4 минут болсон гарч ирээд шууд нисэх явсан тэр залуу замдаа би эхнэргүй хүүхэдгүй манай 2 хөгшин надаас хүүхэд нэхээд байдаг гэж ярьж байсан тэгж ярьж явж байгаад нисэхийн Буянт-Ухаа нэг хороолол 704 дүгээр байрны гадаа намайг зогсоогоод эндээс мах авна та энд байж бай гээд орсон. Удалгүй гарч ирээд та утсаа өгч байгаач би а хруу ярья гээд утас аваад хойд зааланд суугаад ахаа мах авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байна та энэ хүнээс үхрийн махыг нь авна гэж ярьсан юмуу миний мөнгө хүрэхгүй байна гэсэн тэгээд надаас 380.000 төгрөг байвал өгөөч ах дээр очоод өгье тэгэхээр нь би миний мөнгө картанд байгаа бэлэн мөнгө байхгүй гэхэд картнаасаа аваад өгчих гэхээр нь нисэхийн хаан банкны бэлэн мөнгөний машинаас 310.000 төгрөг авсан надаа бэлэн 70000 төгрөг байсан ингээд 380.000 болгоод өгсөн тэгээд буцаад нөгөө байр руу нь явж байтал зам дээр машин эвдрээд зогссон гэтэл тэр залуу та утсаа өгч байгаач гээд машинаас буусан...гэтэл тэр залуу алга болчихсон. /2хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Т.Ү мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 дугаар сарын сүүлээр би Саппорогийн автобусны буудал дээр зогсож байтал улсын дугаарыг нь мэдэхгүй байна саарал өнгийн микро автобус ирсэн ба жолооч нь 50 орчим насны эмэгтэй хүн байсан. Уг микро автобус нь кондуктаргүй байсан ба би жолооч эгчтэй ярилцаж тохироод кондуктар хийхээр болсон. Тэгээд зах явах хүмүүс суухгүй байсан тул бид хоёр үйлдвэр комбинат хүртэл хүн суулгаад тэндээсээ зах явах хүмүүсийг суулгаад зах орсон ба цааш Ботаникийн эцэс хүртэл явсан. Тэр үед хүмүүс суухгүй байсан тул би жолооч эмэгтэйг мөнгөтэй байж магадгүй гэж бодоод залилах зорилгоор нисэх очиж мах ачих уу гэж асуусан тэгсэн нөгөө жолооч эгч хэдийг өгөх юм бэ гэсэн би 50000 төгрөг өгье би Нарантуул зах дээр өөрийгөө мах зардаг гэж худлаа хэлсэн юмаа. Тэгээд бид 2 нисэх орсон тэгээд бид 2 ХУД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-1 хороолол дээр ирээд эгчийг уг хорооллын байрны гадна хүлээж бай гэж хэлэн зогсоогоод өөрөө уг байрны орцны 2 давхарт сууж байгаад 10-15 минут орчим болоод гараад микроны жолооч эгчид мах авах гэсэн чинь миний мөнгө дутчихлаа хоёулаа очоод Нарантуул захаас 380.000 авчихаад ирье гэсэн тэгсэн жолооч эгч надаас аваад өгчих гэсэн тэгээд бид хоёр нисэхийн эцсийн АТМ орсон ба би машин дотор нь үлдээд жолооч эгч бууж яваад удалгүй буцан ирж надад бэлнээр 350.000 төгрөг өгсөн дараа нь өөрт байсан 30000 төгрөгөө нэмж өгсөн тэгээд бид хоёр доошоо уруудаад төв замаар явж байтал машин нь араандаа орохоо болиод зогссон гэтэл жолооч эгч нэг хүн рүү залгаад машин эвдэрчихлээ гэж хэлсэн гэтэл тэр надтай тэр хүнээ яриулсан гэтэл нөгөө ярьсан эрэгтэй хүн нь данхраадаар кропыг нь доороос нь өргөчих гэж хэлэхээр нь утсаар нь ярьж байгаад машины багааж үзтэл данхараад байхгүй байсан тэгэхээр нь би данхраад олоод ирье гээд утсыг нь аваад шууд яваад өгсөн тэгээд нисэхийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад комбинатад очсон тэндээсээ Хархорин зах ороод өөртөө хувцас худалдаж аваад хувийн шүдний эмнэлэгт очоод өөртөө хиймэл шүд захиалсан тэгээд харьсан. /2хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг, 

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 36/

 

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15 цагийн үед вокзалаас Нарантуул зах руу 4 хүн суулгаад  явж байхад уг  залуу “та эргээд таксинд явах уу би мах зардаг юм аа хороолол яваад мах аваад ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хэдээр явах юм бэ гэж асуусан чинь 30000 төгрөгөөр явья”  гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Нарантуул захаас гарч явж байгаад таны машинд багтахгүй юм байна 30 ширхэг хонины мах ачна гэж хэлэн Баян хошууны жанцангийн уулзвар хүртэл миний машинаар яваад тус уулзвар дээр очоод нэг жижиг портер машинтай харилцан тохиролцоод  хонины махаа Өргөө кинотаетрын арын байрнаас ачна гэж хэлэн тохиролцон Өргөө кино театрын арын 14 дүгээр байрны гадаа машины  гражны хажууд зогссон. Одоо хүн гараад ирнэ гэнээ хоёулаа түлхүүр аваад ирье гэж хэлэн надтай хамт 14 дүгээр байрны гадаа очсоноо мах авах мөнгө хүрэхгүй байна та нэг 60.000 төгрөг байвал өгөөч гэж хэлсэн би өгсөн. Та утсаа өгч байгаач би ээжтэйгээ яриадхъя махны мөнгө бэлд гэж хэлье гэж хэлэн машинаас буугаад шууд зугатаасан.  Би гар утсаа 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...тус залууд бэлэн 60.000 төгрөг өгсөн ажлын хөлс 30.000 төгрөг авах ёстой. /2хх-ийн 152/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 153/

 

Иргэний нэхэмжлэгч М.Ганчимэг мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 11 дүгээр сард өөрийн хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг лангуун дээрээ ажил хөдөлмөрөө эрхлээд байж байхад Ү гэх залуу өөр нэг хүний хамтаар ирээд би машин мөргөчихлөө надад мөнгөний хэрэг гараад байна гээд Самсунг Жи-7 загварын гар утас гаргаж ирээд энийг авах уу гэж асуусан. Тэгээд би гар утсыг хараад үзэж байгаад манай нөхөр урд нь яг ийм төрлийн гар утсаа гээгдүүлсэн болохоор гайгүй үнэтэй бол авъя гэж бодоод хэд гэж байгаа юм бэ гэхэд 200.000 төгрөг гэж хэлсэн тэгээд гар утсыг нь аваад ашиглаж байгаад хэд хоногийн дараа цагдаагаас дуудаад уг гар утсыг надад зарсан хүнд жинхэнэ эзэн нь  залилуулсан  гэж хэлээд хурааж авсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 164/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Т.Ү мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Нарантуул зах орчихоод вокзалын автобусны буудал дээр ирээд байж байтал цэнхэр өнгийн жижиг тэрэг нэг хүнийг 1000 төгрөгөөр авч явж байхаар нь тэр машинд суутал жолооч нь махлаг биетэй эгч байсан юм. Тэгээд хүн дүүрээд тавуулаа яваад байж зах дээр очоод нөгөө таксины эгчийг та  намайг хүлээж бай би эндээс буцаад мах ачаад хүрээд ирье гээд нөгөө эгчийг дагуулж яваад хороолол руу явуулсан. Тэгээд би хорооллын хойшоо аркны орчимд очоод нөгөө эгчийн гар утсаар чинь яриад өгчихье гээд гар утсыг нь аваад мөн мах авах гэсэн чинь мөнгө нь дутаад болдоггүй ээ та надад байгаа мөнгөө өгчих гээд тэр эгчээс 60.000 төгрөг аваад тэндээ хаяад яваад өгсөн юм...би Самсунг Галакси Жи-7 маркийн алтлаг шар өнгийн гар утас залилан авсан. Тэр утсаа 80000-100000 төгрөгийн хооронд худалдан зарсан. /2хх-ийн 167/ гэх мэдүүлэг,

 

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-12, 118, 2хх-ийн 39, 41/

Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 42/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Т.Үгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 210/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 143, 2хх-ийн 47, 186/, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэлийн хуулбар /1хх-ийн 150/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 60/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 61/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 65/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 65-71/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 72-77/,  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  74 дугаартай шүүгчийн захирамж, Засрал хүмүүжлийн тодорхойлолт /1хх-ийн 77/ болон

гэрчээр Ж.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд: Миний хүү Ү нь 1986 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. Бага насандаа хөгшин бид хоёрын гар дээр өсөж хүмүүжээд, мал малладаг байж байгаад 1998 онд манайх гэдэг айл Улаанбаатар хотод орж ирээд амьдрах болсон юм. Тэгээд Улаанбаатар хотод орж би гутлын үйлдвэр болох Тэмүүжин ХХК-д оёдолчин хийдэг байсан. Энэ хооронд Т.Үд ажил хөдөлмөр олдохгүй учир өөрийн аавтайгаа цуг Улаан Чулуутын хогийн цэг дээр хэсэг хог түүж амьдарлаа авч явдаг байсан юм. Тэгээд 2007 онд Т.Үг хугацаат цэргийн албанд явуулах гэж үзээд зарлан дуудах хуудас аваад явуулах гэсэн чинь урд өдөр нь хогийн цэг дээр явж байгаад хүнд зодуулаад нүднийхээ дээд талд зүсүүлсэн юм тэгээд цэрэгт явж чадаагүй юм. Тэгээд удалгүй байж байтал хулгайн хэрэгт холбогдоод ял шийтгэгдээд дараа нь 2014, 2016 онуудад залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан тухайн үедээ хохирол мөнгийг нь төлж чадаагүй хорих ял шийтгүүлж байсан юм Т.Ү нь зан байдлын хувьд түргэн ууртай боловч уур нь хурдан гардаг, хүнд муу санадаггүй, цайлган, хүнд тусархаг эвлэгхэн ааштай хүн байсан юм. Тэгээд анх хэрэгт холбогдоод ял шийтгэгдэж хорих ангид орсноос хойш ааш зан эвдэрсэн юм. /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Үг Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамааруулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

“Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох” эрх зүйн ойлголт нь 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийн үйл ажиллагааны тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийн нийлбэрийн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгч Т.Ү залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Харин  шүүгдэгч Т.Үгийн холбогдсон 7 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иймд Прокуророос  Т.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар:

шүүгдэгч Т.Ү 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Чт өөрийгөө “махны ченж, мах авах гэсэн мөнгө дутчихлаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бэлнээр 380.000 төгрөг, 112.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-3 загварын гар утсыг залилан авсан,

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байрны гадаа иргэн З.Эт ”махны ченж мах авах гэсэн мөнгө дутчихлаа” гэж хэлээд хуурч 550.000 төгрөг залилан авч З.Эт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороолол орчимд Ч.Бын 69-64 ОРХ улсын дугаартай автомашинаар хүргүүлэхдээ “мах авах гэсэн мөнгө дутлаа гээд бэлэн 500.000 төгрөг утсаар яриад өгье” гэж хэлээд хуурч Самсунг нөт-4 маркийн гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч 815.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байрны гадаа О.Б, С.Г нарт өөрийгөө “махны ченж мах авах гэсэн мөнгө дутчихлаа” гэж хэлээд хуурч бэлнээр 50.000 төгрөг, Оппо маркийн гар утсыг залилан авч О.Бд 318.000 төгрөгийн, С.Гид 50.000 төгрөгийн хохирол  учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны төвийн үүдэнд “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд хуурч хохирогч П.Мын Самсунг галакси Жи-1 загварын гар утсыг залилан авч 150.000 төгрөгий хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит Шонхор худалдааны төвд хохирогч И.Сийг такси үйлчилгээнд явж байхад нь “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд хуурч 30.000 төгрөг, Айфоне 5-эс загварын гар утсыг залилан авч 258.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчим хохирогч Ц.Нгийн Тоёота Спасио маркийн 74-42 УБЦ улсын дугаартай авто машинаар такси үйлчилгээ авахдаа хороололоос “мах авах гэсэн юм та түр мөнгө өгөөч, гар утсаа өгөөч ээж рүү ярих гэсэн юм” гэж хэлээд хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон Самсунг галакси жи-7 загварын гар утас 60.000 төгрөгийг залилан авч бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь :

хохирогч П.Мын”...миний гар утсаар ярьсаар буухад нь би гар утсаа авъя үлдээгээд яв гэхэд зүгээрээ би удахгүй гээд цаашаа гүйгээд яваад өгсөн...” /1хх-ийн 15/, хохирогч И.Сийн”...та надад түр 30.000 төгрөг өгчих би очоод өгье гэж хэлээд надаас мөнгө авсан...Тэгээд Хүчит шонхор дотор орчихоод хайрцаг аваад ирье гээд тэр залуу алга болсон...”/1хх-ийн 122/, хохирогч Ч.Бын”... Хаан банк руу орж өөрийнхөө данснаас бэлнээр 500.000  төгрөг авч өгсөн...гэтэл нөгөө залуу утсаа өгч байгаач нэг яръя гэж хэлж аваад зугатаасан...” /1хх-ийн 180/, хохирогч С.Гийн“...мөнгө  дутчихлаа түр 50000 төгрөг өгөөч гэхээр нь би түүнд 50000 төгрөг өгсөн ба тэр залуу надаас мөнгө аваад тэр байрны 1-р орц ороод удалгүй гарч ирээд, байрны булан эргэж байх шиг байсан ба тэгээд тэр залуу алга болсон...”/1хх-ийн 225/, хохирогч О.Б”...тэр залуу миний утсаар ярьж байснаа...портерын жолоочоос ах 50000 төгрөг дутаад байна. Та түр өгөөч гээд авсан ба тэгээд тэр орц руу орсноо удалгүй гарч ирээд та хоёр наанаа зогсож бай, гаражнаас мах ачна шүү би банкнаас мөнгө аваад ирье гээд гүйгээд явсан ба эргэж ирээгүй алга болсон. Тэр залуу явахдаа миний утсаар ярьж байсан тэгээд тэр чигээрээ гар утсыг минь аваад явчихсан...” /1хх-ийн 229/, хохирогч З.Эийн”... Голомт банкны АТМ орж мөнгө аваад би тэр залууд 550 000 төгрөг өгсөн...би бие засах гээд нэг дэлгүүрт орж бие засаад эргээд гараад ирэхэд нөгөө залуу явсан байсан...тэр хавиар тэр залууг хайсан боловч байхгүй байсан учраас цагдаад хандсан...”/2хх-ийн 4/, хохирогч Б.Чийн”...надаас 380.000 төгрөг байвал өгөөч ах дээр очоод өгье тэгэхээр нь би...310.000 төгрөг авсан надад бэлэн 70000 төгрөг байсан ингээд 380.000 болгоод өгсөн буцаад нөгөө байр руу нь явж байтал зам дээр машин эвдрээд зогссон гэтэл тэр залуу та утсаа өгч байгаач гээд машинаас буусан...гэтэл тэр залуу алга болчихсон...”/2хх-ийн 26/, хохирогч Ц.Нгийн”... мах авах мөнгө хүрэхгүй байна та 60.000 төгрөг байвал өгөөч гэж хэлсэн би өгсөн. Та утсаа өгч байгаач би ээжтэйгээ яриадхая махны мөнгө бэлд гэж хэлье гэж хэлэн машинаас буугаад шууд зугатаасан...”/2хх-ийн 152/, иргэний нэхэмжлэгч М.Ганчимэгийн”...200.000 төгрөг гэж хэлсэн тэгээд гар утсыг нь аваад ашиглаж байгаад хэд хоногийн дараа цагдаагаас дуудаад уг гар утсыг надад зарсан хүнд жинхэнэ эзэн нь залилуулсан  гэж хэлээд хурааж авсан...” /2хх-ийн 164/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлгүүд болон дансны хуулга /2хх-ийн 9/,  зарлагын мэдүүлэг /2хх-ийн 93/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 30, 128, 185-186, 234, 2хх-ийн 36, 2хх-ийн 153/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-12, 118, 2хх-ийн 39, 41/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 42/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын явцад Т.Үгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Үг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Т.Үгийн залилах гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролын талаар  улсын яллагчийн яллах дүгнэлтэнд хавсаргагдсан хохиролын тооцоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан байцаалт өгсөн нэр бүхий хохирогч нарын мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээний тайлантай тохирч байна.

 

Т.Ү хохирогч нарт нийт 3.043.000 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс хохирогч Ц.Нд 410.000 төгрөгийн төлөх төлбөртэйгөөс түүний 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас буцаан олгогдсон байгааг хасаж тооцов. 

 

Шүүгдэгч Т.Үгоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 2.693.000 төгрөг гаргуулж хохирогч  Б.Чт  492.000 төгрөг, З.Эт 550.000  төгрөг, Ч.Бад 815.000 төгрөг,  О.Бд  318.000 төгрөг, С.Гид 50000 төгрөг, П.Мт 150.000 төгрөг, И.Сд 258.000 төгрөг, Ц.Нд 60000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч З.Э, О.Бнар шүүгдэгч Т.Үгоос “таксины үйлчилгээнд явсан зардлаа нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлж байх боловч энэхүү нэхэмжлэлтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Т.Үгоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт  иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Ганчимэг мөрдөн байцаалтанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Үг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар өмгөөлөгч А.Энхбуйраас “шүүхээс Т.Үд ял оногдуулахдаа хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Т.Ү гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлнө гэж мэдүүлж байгаа боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон удаа дараа шүүхээр ял шийтгүүлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “...хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.  Их Монгол овогт Түмэнбаярын Үг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Шүүгдэгч Т.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.  Т.Үд оногдуулсан 3  жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Үгийн цагдан хоригдсон 197 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.  Т.Үгоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 2.693.000 төгрөг гаргуулж хохирогч  Б.Чт  492.000 төгрөг, З.Эт 550.000  төгрөг, Ч.Бад 815.000 төгрөг,  О.Бд  318.000 төгрөг, С.Гид 50000 төгрөг, П.Мт 150.000 төгрөг, И.Сд 258.000 төгрөг, Ц.Нд 60000 төгрөг тус тус олгосугай.

 

7.  Хохирогч З.Эг, О.Бнар бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

9.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

10.            Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Үд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ

 

                     ШҮҮГЧИД                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                            Л.ОЮУН