Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Оюунжаргал ,

           Шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Т.Эад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803005360302 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Э, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07 цаг 15 минутын орчим Д.Бгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхболдын замд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 15 минутын үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.99 хувийн согтолттой үедээ Бичил глобус групп ХХК-ний /Д.Бгийн/ эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х, Х.А нарыг мөргөж, Т.Хын эрүүл мэндэд хөнгөн, Х.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны орой Д.Б ах яриад нэг шил архи аваад өг гэхээр нь би гэрт хүрч ирээд ав гэж хэлсэн. Тэгээд манай гэрийг олохгүй, урд талын гудамжинд байна гэхээр нь би нэг шил архи аваад очсон. Тухайн үед Д.Б ах хоёр найзтайгаа байж байсан. Нэг шил архи уусны дараа Д.Б ах машин бариад явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байна, цагдаа таарвал яах юм бэ гэж хэлэхэд 1 сая төгрөг ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь машиныг нь бариад нэг найзыг нь гэрт нь хүргэж өгсөн. Нөгөө найз нь машины урд талын суудал дээр суусан, машинд шээсэн чинь Д.Б ах уурлаад машинаасаа хөөж буулгасан. Тэгээд би гэрийнхээ гадаа очоод машиных нь түлхүүрийг нь өгөөд гэртээ орсон. Өглөө 06 цаг өнгөрч байхад нохой хуцаад байсан. Ээж яагаад нохой хуцаад байгаа юм бэ гэхээр нь манай ажлын ах машиндаа гадаа байгаа гэж хэлэхэд гарч учрыг нь ол гэхээр нь гарсан. Гараад очиход Д.Б ах ажил руугаа явъя гэж хэлсэн. Тэгээд гарч явж байгаад машинд шахуулаад хоёр хүн мөргөсөн” гэв.

Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт Хгийн гэрээс эхнэр Т.Хын хамтаар гараад 4 дүгээр цахилгаан станц орох гээд 07 цаг 15 минутын орчим Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замын баруун талаар шороон хэсгээр эхнэрийнхээ баруун талд харин манай эхнэр Т.Х миний зүүн талд алхаад явж байтал араас машины чимээ гарахаар нь би эргээд хартал 2 цагаан машин зэрэгцэж орж ирээд шороон дээгүүр орж ирсэн машин нь эхнэр бид хоёрыг шууд мөргөсөн. Тэр үед би эхнэр Т.Хыг баруун тийш нь татаж урдуураа оруулах үед л тас гээд явчихсан. Би машинд мөргүүлээд газарт унаад харахад манай эхнэр Т.Х машины урд хэсэгт унасан, харин би уг мөргүүлсэн машины ар талд даваад унасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд эмнэлгийн машинд явж байсан. Би энэ ослоос болж ГССҮТ-д 14 хоног хэвтээд гарсан. Намайг мөргөсөн машины жолооч нилээн согтуу байсан. Эхнэр бид хоёрыг мөргөсөн машин цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин байсан. Гомдолтой байна. Би том машин барьж амьдралаа залгуулдаг хүн байгаа юм. Одоо амьдрал зогсоод байна, нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /xx-30-31/,

Иргэний нэхэмжлэгч Т.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 6 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт хадам аав Хгийн гэрээс гараад 4 дүгээр цахилгаан станц орох гээд гарсан юм. Тэгээд төв зам руу орж машин барих гээд 07 цаг 15 минутын орчим Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замын баруун талд алхаад явж байтал араас тас гээд л явчихсан. Нэг ухаан ороход ГССҮТ-д очсон байсан. Яагаад осол болсныг сайн санахгүй байна. Дараа нь сонсоход автомашин барьж явсан согтуу залуу нөхөр бид хоёрын араас мөргөсөн байсан. Мөн машинд машиных нь эзэн гэх залуу хамт согтуу явсан гэсэн. Энэ ослоос болж толгойдоо гэмтэл авч Мөнгөнгүүр эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Энэ зардлыг мөргөсөн жолооч гаргасан, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим хамт ажиллаж байсан Т.Э, Т нартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Өргөөгийн арын гэр хороолол дунд миний эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай Приус маркийн автомашинд 2 шил 0,75 грамм Чингис гэх архи уугаад шөнө дунд болсон. Тэр үед Т согтуу машин барьж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэгээд машинд Т.Э бид 2 үлдээд хэсэг унтсан юм. Тухайн үед би арын суудал дээр харин Т.Э урд суудал дээр унтсан. Тэгээд л тас гээд явчихаар нь сэртэл осол болсон.  Би босоод хартал Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам дээр явж байгаад зам дээр явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөргөсөн байсан. Тухайн үед би тасраад л машины хойд талын суудал дээр унтсан юм” гэсэн мэдүүлэг /xx-33/,

Шинжээчийн 7763 тоот дүгнэлтэд: “...Т.Хын биед тархи доргилт, дагзны хуйхны шарх, цус хуралт, зүүн шагай, нурууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /xx- 44/,

Шинжээчийн 7761 тоот дүгнэлтэд: “...Х.Аын биед хүзүүний 6-р нугалмын их биеийн далд хугарал, хүзүүний хагалгааны дараах байдал, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ” гэсэн дүгнэлт /xx- 47/,

Техникийн шинжээчийн 129 дугаартай дүгнэлтэд: “...Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. ...Уг зам тээврийн осол өглөө 07 цаг 15 минутын орчимд гэгээтэй замд болсон гэх тул гэрэлтүүлэх хэрэгслийн чийдэн асахгүй гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Тоёота маркийн Приус-20 загварын автомашин шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тонол төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS  бүхий тоормосны системтэй ба тормос гишгэхэд тоормосны тасалдсан мөр зам үүснэ” гэсэн дүгнэлт /xx- 76-77/,

Мөрдөгчийн 122 тоот магадлагаа: “...Тоёота приус маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Т.Э нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Т.Х, Х.А нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж , замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа /хх-н 84/,

Яллагдагчаар Т.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны шөнө гэртээ байж байтал Д.Б ах залгасан. Манайд ирэхээр болсон ч олохгүй байна гэж ярьсан. Би гэрээсээ гарч дэлгүүрээс 1 шил 0,75 граммын хар Чингис архи, ундаа  авчихаад залгатал манай гэрийн урд талын 2 дахь гудамжинд өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн автомашинтай дотроо хоёр зорчигчтой автомашинаа Д.Б ах согтуу жолоодон ирсэн байсан. Бид нар авсан архиа хувааж уусан. Тэр үед Д.Б ах чи автомашиныг унаад яваадах гэж хэлсэн. Би түүнд замд цагдаа таарвал гай болно гэж хэлсэн. Тэгтэл ганц сая төгрөгийг би төлөх чадвар байгаа гээд намайг унаад яв гэж хэлсэн. Тэгээд би автомашиныг жолоодон бичилд байдаг Хаан банкны АТМ-аас мөнгө авсан. Мөнгөө авчихаад архи зарна гэсэн газраа ирж 1 шил 0,75 граммын хар Чингис архи авсан. Шоорттой нүцгэн ах гэртээ харихаар бууж, таягтай ах бид гурав архиа хувааж уусан. Д.Б ах таягтай ахтай маргалдаад машинаас чирч буулгасан. Тэгээд би автомашиныг жолоодон Д.Б ах хойд суудалд сууж манай гэр лүү явсан. Манай гэрийн гадаа 6 цагийн үед ирсэн. Тэр үед Д.Б ах автомашин дотроо хойд суудал дээрээ суугаад сэрүүн үлдсэн. Гэртээ ороод эргэж гарахад Д.Б ах хоёулаа ажил руугаа явъя гэж хэлсэн тул гэрлүүгээ орж утасны цэнэглэгч, хантаазаа аваад Д.Б ахын машиныг би жолоодон Д.Б ах хойд суудал дээрээ сууж зүйрмэглэсэн байсан. Би гэрээсээ хөдлөөд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний замгүй, замын зорчих хэсэг дээр сугадаад явж байсан эхнэр, нөхөр хоёрыг автомашиныхаа урд талаар шууд мөргөсөн. Тэр үед эхнэр нь автомашины урд шил мөргөж, нөхөр нь зам дээр эргэлдээд хоёулаа зам дээр унасан. Би цааш яваад зогссон. Хохирогч эмэгтэй дээр очих үед ухаангүй толгойноос нь маш их цус гарч байсан. Би Д.Б ахыг хурдан түргэн дууд гэж хэлээд түргэн дуудуулсан. Удалгүй цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламж ирж хохирогч нарыг үзээд ГССҮТ- рүү авч явсан. Д.Б ах тухайн үед миний автомашиныг унаад яв гэж хэлээд түлхүүрээ надад өгсөн. Би автомашиныг жолоодон явах үедээ осол гаргасан. Хохирогч нарын эмнэлэгт хэвтэж байх үеийн хохирлыг төлсөн. Бусад хохирлыг төлөөгүй байна. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулснаа ойлгож байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-н 94-95/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 11-16/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-н 19/ хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 25-27/, хохирлын баримтууд /хх-н 42, 45, 111-113, 115-116, 124-142/, өвчний түүх /хх-н 50-73/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт /xx-74-81/, шүүгдэгчийн хувийн байдалтай баримтууд /хх-н 96-103/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол...” гэж заажээ.

Осол болох үед тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн уг тээврийн хэрэгсэлд хамт явж байсан. Хэдийгээр Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байсан гэх боловч түүний дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн “Д.Б ах ажил руугаа явъя гэж хэлээд би машиныг нь жолоодоод явж байсан” гэсэн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.  

Мөн Д.Б нь шүүгдэгч Т.Эаар урд шөнө нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг жолоодуулан хамт явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа нь түүнийг автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр авч явах санаа зорилгогүй байсан болохыг нотолсон гэж үзлээ.   

Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн шинж нь тухайн тээврийн хэрэгсэлийг авч явахдаа өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр авч явсан байх ойлголт бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлийг эзэмшигчтэй нь цуг авч явсан нь тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. 

Иймд шүүгдэгч Т.Эыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгч Т.Э нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхболдын замд 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 15 минутын үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.99 хувийн согтолттой үедээ Бичил глобус групп ХХК-ний /Д.Бгийн/ эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х, Х.А нарыг мөргөж, Т.Хын эрүүл мэндэд хөнгөн, Х.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Аын: “...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Хгийн гэрээс эхнэр Т.Хын хамтаар гараад 4 дүгээр цахилгаан станц орох гээд 07 цаг 15 минутын орчим Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замын баруун талаар шороон хэсгээр эхнэрийнхээ баруун талд харин манай эхнэр Т.Х миний зүүн талд алхаад явж байтал араас машины чимээ гарахаар нь би эргээд хартал 2 цагаан машин зэрэгцэж орж ирээд шороон дээгүүр орж ирсэн машин нь эхнэр бид хоёрыг шууд мөргөсөн, тэр үед би эхнэр Т.Хыг баруун тийш нь татаж урдуураа оруулах үед л тас гээд явчихсан би машинд мөргүүлээд газарт унаад харахад манай эхнэр Т.Х машины урд хэсэгт унасан харин би уг мөргүүлсэн машины ар талд даваад унасан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /xx-30-31/, иргэний нэхэмжлэгч Т.Хын: “...4 дүгээр цахилгаан станц орох гээд гарсан юм. Тэгээд төв зам руу орж машин барих гээд 07 цаг 15 минутын орчим Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замын баруун талд алхаад явж байтал араас тас гээд л явчихсан нэг ухаан ороход ГССҮТ-д очсон байсан. Яагаад осол болсныг сайн санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-23-24/, гэрчээр Д.Бгийн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим хамт ажиллаж байсан Т.Э, Т нартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо Өргөөгийн арын гэр хороолол дунд миний эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай Приус маркийн автомашинд 2 шил 0,75 грамм Чингис гэх архи уугаад шөнө дунд болсон. Тэр үед Т согтуу машин барьж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэгээд машинд Т.Э бид 2 үлдээд хэсэг унтсан юм. Тухайн үед би арын суудал дээр харин Т.Э урд суудал дээр унтсан, тэгээд л тас гээд явчихаар нь сэртэл осол болсон байсан. Тэгээд би босоод хартал Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхболдын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам дээр явж байгаад зам дээр явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөргөсөн байсан. Тухайн үед би тасраад л машины хойд талын суудал дээр унтсан юм” гэсэн мэдүүлэг /xx-33/, шинжээчийн 7763, 7761 тоот, техникийн шинжээчийн 129 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Эын хохирогч Х.Аыг мөргөж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Аын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Т.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг хэрэгт шийдвэрлэх иргэний нэхэмжлэл үгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Эыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн, өндөр настай ээжийгээ асардаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Эын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Т.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал өндөр настай эхээ асардаг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Т.Эад ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Эын 922819 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Т.Эыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Эын жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Т.Эын 922819 дугаартай В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР