Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2019/00030

 

Д.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******д

          холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2018/00718 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******гийн *******д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч *******гийн ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 26 настай, хань Э.Бадамсүрэнтэй 2013 оноос гэр бүлийн харилцаатай хамт амьдарч 2016 оны 8 дугаар сард охинтой болсон. 2017 оны 1 дүгээр сараас өөрийн худалдан авсан хашаа байшинд эхнэр охины хамт амьдарч эхэлсэн. Гэр бүлийн баталгаагүй ч охин маань миний нэрээр овоглодог. 2018 оны 11 дүгээр сард авто ослын улмаас миний хань Э.Бадамсүрэн нас барсан. Талийгаачаас хойш охинтойгоо хамт амьдарч байгаад 2019 оны 2 дугаар сарын 12-нд өвөө, эмээд нь золгуулаад 2 хоногийн дараа буцна гэхэд охиныг маань өгч явуулахгүй гээд хадам эх тэврээд өгөхгүй байсан. Хэсэг хугацаанд маргалдсаны эцэст хадам аав ослын тухай шүүх хурлаар хүүхдийг чинь аваад очъё гэсэн тул охиноо үлдээж ирсэн. Гэтэл шүүх хурлаар авчраагүй охиныхоо тухай асуутал чамд өгөхгүй бид нар өсгөнө гээд хэрүүл маргаан хийж байна. Золгуулахаар авч очсон миний сайн санасан сэтгэлийг буруугаар ашиглан охиныг минь өгөхгүй байна. Би төрсөн охин Б.Дөлгөөнийгөө маш их санаж хэцүү байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан миний охин Б.Дөлгөөнийг төрсөн эцэг Д.Бабаатар миний асрамжинд үлдээж, эцэг байх эрх үүргээ биелүүлэх бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь албан ёсоор хүүхдийнхээ эхтэй хурим хийгээгүй байсан ч хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Харамсалтайгаар эхнэр, нөхөр 2 уулаа авто осолд орж эхнэр нь бурхан болсон байгаа. Д.******* нь хүүхэдтэйгээ хоёулаа үлдсэн. Хүүхдээ асрах, тэтгэх гол үүргээ ухамсарлаж, хүүхдээ өөрөө асрах хүсэлтэй байгаа. Гэтэл хүүхдийн өвөө, эмээ 2 нь өөрсдөө асарна, хүүхдээ өгөх боломжгүй байдаг. Д.******* нь үлдсэн 1 охиноо өгөх хэцүү байгааг нь ойлгож байна. Гэхдээ би настай хүмүүст хүүхдээ даатгаад хүүхдийн хувь заяаг орхих боломжгүй. Тийм учраас хүүхдийн эрх ашгийг хамгаална. Гэр бүлийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Хүүхдээ өөрийн асрамжид авснаар өвөө, эмээ, хамаатан садантай нь уулзуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хүүхдээ өвөө, эмээ нартай нь байнга уулзуулна гэдэг. Өөрөөр хэлбэл эцгийн үүргээ биелүүлэх саналтай байна. Хүүхдээ өсгөх чадвартай байна. Нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******* нь Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие эхнэр О.Оюунцэцэг, хүү охин болон зээ охины хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багт оршин суудаг. Миний том охин Э.Бадамсүрэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр автомашины ослоор нас барсан. Миний охин Э.Бадамсүрэн 2016 онд Д.*******тай үерхэж байгаад 2016 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт охин Б.Дөлгөөнийг төрүүлсэн. Ингээд хүүхдээ төрүүлсэн боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, гуйж аваагүй, миний зээ охин Б.Дөлгөөн бид нарын гар дээр төрж, эмээ, өвөөгийн хамт амьдарч байсан учраас бид хайртай байдаг юм аа.

Миний охиныг нас барахаас өмнө хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод Д.*******ын ар гэртэй хамт амьдарч суралцаж байсан боловч анхаарал халамж муу хүүхдийг сайн харж хандахгүй байсан учраас миний талийгаач охин 2018 оны 10 дугаар сарын эхээр охиноо бидэнд авч ирж өгөөд ер нь та нарт байж байсан дээр юм шиг байна гэж хэлээд үлдээгээд өөрөө ажил хийхээр явсан. Төрөөд нэг жилийн чөлөө авсан байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сард сургуульдаа эргэн орох байсан тул тэр болтлоо ажил хийе гэж ярьж байсан юм. Охиноо нас барахад зээ охиноо Улаанбаатар хот руу авч очсон боловч Д.******* үлдээгээд яваач, ядаж 21 хонуулаад аваач гэж гуйхаар нь үлдээсэн боловч 2019 оны 2 дугаар сард нилээн маргаж байж авсан. Бид зээ охиноо аавтай нь хүссэн үедээ уулзуулж ирж, очиж байг гэж хэлдэг. Д.******* нь залуу хүн учраас өөр эхнэр авах нь орчлонгийн жам хойно бид аавыг нь охинтойгоо хэзээ ч хамаагүй уулзаж бай гэж хэлдэг. Охин хүүхэд эмээ, өвөөтэйгөө байж байвал ядаж анхны дадал амьдралын ухааныг зааж өгөхөд илүү байна байх. Миний охин 2 ой 7 сартай дэндүү балчир байгаа аав нь ажил төрөл хийгээд харах хүн байхгүй болох байх гэж бодож байгаа учраас охиныг бүрмөсөн эцгийнх нь асрамжид өгөх бодолгүй байна. Эхнэр бид хоёр тайван газар ажиллаж амьдардаг, гэртээ охиноо хараад байх, цэцэрлэг сургуульд зөөгөөд байх боломжтой учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунцэцэг анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Бид нарын хувьд эхнээсээ аавтай нь уулзаж, наана, цаана байлгах саналтай байсан боловч Д.******* нь нэг талдаа байлгана нааш, цаашаа байсан хүүхэд аль ч үгүй болчихдог гэсэн байр суурьтай байсан учраас бид нар өөрсдөө хүүхдээ асарч хамгаалж байгаа. Гэхдээ аавтай нь уулзуулахгүй гэсэн зүйл байхгүй. Д.******* нь улирлын чанартай ажилтай, гэртээ байнга байдаггүй. Тийм болохоор хүүхэд нь бас л хоёрдогч этгээдээр үлдэнэ. Д.******* нь 2 ах, ээжтэйгээ 4 үүлээ амьдардаг. Тийм учраас бид нар Д.*******т хүүхдээ итгэж, найдаад өгч чадахгүй байна. Ээж нь 70 настай. Д.******* нь залуу хүн учраас цаашдаа хүнтэй сууна. Тэр үед эхнэрээ гэх үү, хүүхдээ гэх үү асуудал үүснэ. Тийм учраас хүүхдийнхээ ирээдүйг бодоод өөрсдөө асарч хамгаалж байя. Ямар ч байсан мэдээ ороод, биеэ даах чадвартай болохоор нь өөрөө хаана амьдрахаа сонгох байхаа. Д.******* нь хүүхдээ маш их санаж байна гэж тайлбар дээрээ бичсэн боловч 4 сараас хойш утсаар яриагүй, хүүхдийнхээ төрсөн өдрөөр мэнд хүргэж яриад мэнд хүргэж болно доо. Ядаж төрсөн өдрийг нь мэддэг болмоор юм. Д.*******т хүүхдээ өгч чадахгүй. Энэ хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна. Эмээ, өвөө дээрээ дассан, дүүдээ маш их хайртай. Миний бурхан болсон хүүхдээс дахиж хүүхэд гарахгүй, үхсэнээс үлдсэн хүүхэд юмдаа гэж бодоод сэтгэлээ зовоогоод явж байна. Д.******* дахин өөр хүнтэй суувал хүүхэдтэй болно шүү дээ гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 33.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Дөлгөөнийг эцэг Д.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1-т тус тус зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдвөл хариуцагч нь нэхэмжлэгчийн эцэг байх эрхийг хязгаарлуулах, эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1-т тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 476.700 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Охин Б.Дөлгөөний хувьд төрөх цагаас эхлэн өөрийн өвөө Ц.*******, эмээ О.Оюунцэцэг нарын асрамжид өсч бойжиж ирсэн. Б.Дөлгөөний ээж Э.Бадамсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард авто ослын улмаас нас барахад ч тэрээр эмээ, өвөөтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд эмээ, өвөөдөө ээнэгшин дассан байдаг. Харин нэхэмжлэгч Д.*******ын хувьд Улаанбаатар хотод ээж, 2 ахын хамт амьдардаг, хүүхдээ төрсөн цагаас нь болон эх Э.Бадамсүрэн насан барсан үеэс нь эргэж тойролгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Ар гэрийн хувьд ч ганц бие, 2 эрэгтэй хүнтэй хамт амьдруулах нь хэцүү гэж миний үйлчлүүлэгчийн хувьд айдас хүйдэстэй байдаг гэдгээ илэрхийлдэг болно.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь ээлжийн ажилтай, ажилдаа гарсан үедээ сараар ч ажилдаа ээлж сунган ажилладгаас хүүхэддээ байнгын анхаарал халамж тавих, түүнийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, хоол хүнсээр хангах, сурч боловсрох эрхийг хангахад хангалттай хугацааг зарцуулах, биелүүлэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдал болон бага насны хүүхдийн ээнэгшил, дассан орчин зэргийг харгалзан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, охин Б.Дөлгөөнийг Ц.*******ы асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч Ц.*******д холбогдуулан төрсөн охин Б.Дөлгөөнийг өөрийн асрамжиндаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ

Хэргийн үйл баримтаас үзвэл талийгаач Э.Бадамсүрэн, нэхэмжлэгч Д.******* нар нь хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Дөлгөөнийг төрүүлж, түүнийг эцэг Д.*******аар овоглон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөний бүртгэлд бүртгүүлж 6404000052 тоот төрсөний бүртгэлийн гэрчилгээ авсан, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Охин Б.Дөлгөөний төрүүлсэн эх Э.Бадамсүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан талаар нас барсны гэрчилгээ хэрэгт авагдаагүй ч зохигч талуудын тайлбараар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй охин Б.Дөлгөөний асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус зааснаар хүүхэд эцэгтэйгээ хамт амьдрах, анхаарал  халамжинд нь байх, эцэг нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэйг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрх ашиг сонирхолыг хамгаална” гэж заасны дагуу охин Б.Дөлгөөнийг эцэг Д.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар эцэг байх эрхээ хасуулаагүйгээс бусад тохиолдолд эцэг нь хүүхдийнхээ өмнө эрх эдэлж, үүрэг хүлээх давуу эрхтэй байхаар хуульчлагдсан байна.

Энэ талаар хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд хамгаалах, түүний өмнө хуулиар үүрэг хүлээсэн этгээд нь хүүхдийн эцэг байх, харин Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан үндэслэлээр асран хамгаалагч тогтоох зохицуулалтыг хууль тогтоогч хуульчилсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, тайлбарласан  байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч талын хүсэлтээр охин Б.Дөлгөөнийг хэний асрамжид байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Хүүхэд эрүүл өсөн бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийлэлээс ангид байх эрхтэй гэсэн заалтыг аав Д.******* нь хангаж, хүүхдээ эерэг аргаар сурган хүмүүжүүлэх арга барилыг илүү эзэмшсэн нь 2-3 төрлийн тестийн оношлогоогоор тогтоогдсон байна” гэх дүгнэлт гарсан нь эцэг Д.*******ыг охин Б.Дөлгөөний өмнө эрх эдэлж, үүрэг хүлээх боломжтой болохыг харуулсан байна.

Иймд “...Б.Дөлгөөн нь эмээ өвөөтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд эмээ өвөөдөө ээнэгшин дассан, Д.******* нь ээлжийн ажилтай, ажилдаа гарсан үедээ сараар ч ажилдаа ээлж сунган ажилладгаас хүүхэддээ байнгын анхаарал халамж тавих, түүнийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, хоол хүнсээр хангах, сурч боловсрох эрхийг хангахад хангалттай хугацааг зарцуулах, биелүүлэх боломжгүй нөхцөл байдал болон бага насны хүүхдийн ээнэгшил, дассан орчин зэргийг харгалзан охин Б.Дөлгөөнийг өвөг эцэг Ц.*******ы асрамжид үлдэхийг хүссэн...” агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар

    зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2018/00718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ   Б.БОЛОР-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

М.МӨНХДАВАА