Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Батгэрэл,

           Шүүгдэгч: Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805008130885 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б,  урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүрхрээ нэртэй пабад иргэн А.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 10 цаг өнгөрч байхад “Хүрхрээ” пабад найзуудын хамт орсон. Пабад ороход хохирогч А.Ч ганцаараа сууж байгаад дараа нь найзууд нь ирсэн. Бид нар хүн, хүний нэг пиво, дундаа нэг шил архи авч тооцоо хийгээд, хариулт 2.500 төгрөгийг текнээс авах байсан. Тэгээд бид нар авсан архи, пивоо ууж дуусаад гарахдаа 2.500 төгрөгөө авъя гэтэл А.Ч 2.5000 төгрөг төлж чадахгүй бол яах гэж архи уудаг юм гээд маргаан эхлүүлсэн. Тэгэхээр нь би хэн, хэн нь согтуу байна гэтэл А.Ч шууд барьж авахаар нь би түүнийг түлхэн ширээнд суулгасан. Гэтэл А.Ч дахин босч ирээд намайг барьж авахаар нь би нэг удаа цохиход А.Ч намайг нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд пабаас гартал А.Ч араас гарч ирээд бид хоёр дахин барьцалдаж аван харилцан зодолдож байхад манай найзууд салгасан” гэв.

          Хохирогч А.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой найз М, МӨ, П нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Хүрхрээ” нэртэй пабад суугаад 1 хүний 4-5 шил пиво уугаад сууж байсан ба хажуугийн ширээн дээр сууж байсан 4-5 залуу гарахдаа тооцоо хийж байгаад мөнгөө дутуу өгчихөөд хэрүүл хийх гээд байхаар нь би хажуунаас нь та нар наад тооцоогоо өгөөч 1.500 төгрөг байна шүү дээ гэхэд шар царайтай залуу нь ирээд миний нүүр рүү 1 удаа цохьсон. ...Намайг манай найз нар нөгөө залууг мөн найзууд нь салгасан. Тэгээд гараад явахаар нь би араас нь гүйж гараад надтай маргалдсан залууг цохиж авсан ба бид дахин зодолдсон. Надтай маргалдсан залуутай зодолдсоноо бол би мэдэж байна. Бааранд бол тухайн залуугийн найз нар нь зодоонд оролцоогүй. Гадаа газар унасан хойно тал талаас зодсон байх л гэж бодож хэлсэн. Тэрнээс биш яг тэр тэр нь миний тэнд цохиж зодсон гэж хэлж мэдэхгүй. Би бас согтолттой байсан учраас сайн мэдэхгүй байгаа. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12, 61/,

          Шинжээчийн 1656 тоот дүгнэлтэд: “...А.Чийн биед дух, баруун доод зовхи, хамар, зүүн хөмсөгний зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

          Яллагдагч, сэжигтнээр Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...тооцоо хийх гээд 2.500 төгрөг хасаад хэдийг билээ гээд зөөгчөөс асуухад хохирогч А.Ч хажуугаас 2.500 төгрөгийн тооцоо хийж чадахгүй бол яах гэж архи уудаг юм гэж хэрүүл хийж, хэл амаар доромжлоод ширээний дэргэдүүр өнгөрч байхад намайг бариад авахаар нь түлхтэл сандал дээрээ суусан. Дахин босч ирээд намайг барьж аваад өшиглөхөөр нь би 1 удаа нүүр рүү нь цохьсон. Энэ үед найзууд ирж салгасан ба ширээ рүү уначихаад дахин босч ирээд дайраад байсан. Тэдний найзууд болон манай найзууд биднийг салгасан. Гараад явж байтал дахин араас гарч ирээд надтай барьцалдаж аваад миний шанаа руу цохьсон. Би 1 удаа цохьсон, газар унаад ноцолдож байхад найзууд ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 74/,

          Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Хохирлын баримтууд /хх-н 46-51/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86-88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүрхрээ нэртэй пабад иргэн А.Чтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Чийн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой найз М, МӨ, П нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Хүрхрээ” нэртэй пабад суугаад 1 хүний 4-5 шил пиво уугаад сууж байсан ба хажуугийн ширээн дээр сууж байсан 4-5 залуу гарахдаа тооцоо хийж байгаад мөнгөө дутуу өгчихөөд хэрүүл хийх гээд байхаар нь би хажуунаас нь та нар наад тооцоогоо өгөөч 1.500 төгрөг байна шүү дээ гэхэд шар царайтай залуу нь ирээд намайг шууд нүүр рүү 1 удаа цохьсон. ...Тэгээд гараад явахаар нь би араас нь гүйж гараад надтай маргалдсан залууг цохиж авсан ба бид дахин зодолдсон. Надтай маргалдсан залуутай зодолдсоноо бол би мэдэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 12, 61/, шинжээчийн 1656 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ хохирогч А.Чтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 53/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР