Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар Харах 221/МА2018/0560

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0560

Улаанбаатар хот

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Г нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Б-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын “2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий иргэн Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах гомдолдоо: “...тухайн үед миний мэргэжлийн ажлын орон тоо сургуульд байгаагүй, мөн сургуулийн өмнөх боловсролоор мэргэшсэн багшлах боловсон хүчин хөдөө сумдын хэмжээгээр дутмаг тул сумын цэцэрлэгүүдэд боловсон хүчний дутагдлаас шалтгаалан цэцэрлэгт багш дутагдсан үед хүүхдийг сурган хүмүүжүүлэх болон сэтгэл судлал заалгасан 10-н жилийн сургуулийн багш нарыг ажиллуулж болно гэж зөвшөөрөөд ажиллуулдаг байсан үе юм. 2013 онд Нөмрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн орон тооны сонгон шалгаруулалтын зар гарсан талаар нутгийн хүмүүсээс мэдээлэл авч Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, шалгалтын комиссод материалаа бүрдүүлэн явуулсан боловч тодорхой хугацааны дараа Сургуулийн Өмнөх Боловсролоор мэргэшээгүй тул бүртгэх боломжгүйг мэдэгдсэн Мэдэгдэх хуудас ирсэн. Ингээд тухайн жил энэ орон тоон дээр сонгон шалгаруулалтад орох хүн байхгүй байсан тул хуучин эрхлэгч нь ажилласан. Энэ үед би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуульд сурч байсан.

2014 оны 6 дугаар сард дахин тус сумын цэцэрлэгийн эрхлэгч тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан ажлын байрны сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан зарын дагуу материалаа бүрдүүлж явуулсан бөгөөд тухайн үеийн сонгон шалгаруулалтын комисс миний материалыг хүлээн авч намайг шалгалтад оруулсан. Тухайн үед сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Д.С манай сумын Цэцэрлэгийн багш Д.От рүү утсаар чи олон жил ажилласан байж ирж шалгалт өгөөч гэхэд, Д.О би хотод явж байна. Би яаж өгөх вэ гэж байна гээд Д.С багш яриад байсныг би сонсоод зогсож байсан. Би 2 жил зарласан цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтын зарын дагуу шалгалтад орж тэнцсэн. Энэ 2 жилийн хугацаанд Нөмрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр надтай өрсөлдөх, шалгалтад орох хүн ирээгүй, байгаагүй.

Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 3-нд Завхан аймгийн засаг даргын Б/317 тоот захирамжаар Нөмрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан.

Ажиллаж байх хугацаанд ажлын байрандаа болон орон нутгийн, үндэсний бүхий л сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдан байнга мэргэжил боловсролоо дээшлүүлэн туршлагажин 4 жил ажиллаж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 “төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах” гэсэн төрийн албан хаагчийн баталгаа 2016 оноос эхлэн алдагдаж улс төрийн албан тушаалтны дарамт шахалтын дор ажиллаж эхэлсэн.

Тус сумын засаг дарга Н.Т нь сумын даргаар сонгогдсон цагаасаа ажлын байрны дарамт үзүүлж байгууллагын хамт олныг талцуулан хуваахын зэрэгцээ өөрийн хүсэлтээр ажлаа өг гэсэн шаардлагыг удаа дараа надад тавьж шаардаж байсан.

Түүгээр ч үл барам өрөөндөө дуудан оруулж гар барих, үнсэх зэрэг үйлдлийг хийж дуудсан газарт дуудсан цагт хурдан ирдэг байх шаардлага тавьдаг. Дарваганаад байлгүй аятайхан байгаарай ингэж байж уйлдаг шүү чи гэж дарамталдаг байсан. Дарваганасан юм, дарваганаад байгаарай гэсэн ёс зүйгүй үгээр байнга хэлдэг, танайхан, ах дүү чинь сонгуулиар нэг хүнээс бусад нь их дарваганасан гэж загнадаг.

Санхүүгийн үзлэг шалгалт тусгайлан хийлгэдэг. Байгууллагад тавигдсан акт төлбөрийг эзэн холбогдогч тодорхой байхад зөвхөн надтай хамаатай болгохоор хүсэлт гаргадаг цагдаа шүүхэд өгч чирэгдэл төвөг учруулдаг.

Мөн сумын засаг дараг Н.Т нь миний цалин хөлсийг өгөхгүй саатуулан хойшлуулж өгч болохгүй шүү гэж төрийн сангийн ажилтан, сумын санхүүгийн албаны дарга, нягтлан нарт үүрэг даалгавар өгч шинэ цагаан сараар цалингүй байлгаж хөгшин эцгийг минь хүртэл уйлуулж байсан.

Бусадтай нийлж бүлэглэн дарамталдаг, багш Д.О чи гаднаас орж ирж ажилласан, би олон жил энд ажилласан, би эрхлэгч хийх ёстой. Д.Т дарга 2012 онд намайг зүгээр ажлаа хийж байхад ажлаас халж н.О эрхлэгч болгосон тул одоо надад буцааж авч өгнө гэсэн, энэ миний ажил, дарга ч намайг буцааж тавьж өгнө гэсэн гэж ичих гутах зүйлгүйгээр өрөөнд орж ирж хэрүүл хийдгийг хамт олон мэднэ.

Мөн багш Д.О нь миний эсрэг хамт олныг уриалан заримыг нь айлган хүчээр гарын үсэг зуруулж засаг дарга Н.Т өгсөн тухай багш ажилчид ярьж байсан. Д.О-ийн нөхөр Л.Б нь утсаар дарамтлахын зэрэгцээ удаа дараа хэл амаар доромжлон албан өрөөнд орж ирж дарамталсан тул холбогдох газарт хандаж арга хэмжээ авагдаж байсан. Багш Д.О нь хүүхдийн эрх зөрчдөг, бага насны хүүхэд зоддог, аав ээждээ хов дамжуулбал цагдаа авч явна шүү гэж айлгадаг тухай, мөн хүүхэд цэцэрлэгтээ явах сонирхолгүй багшаасаа айгаад байна гэсэн гомдол ирдэг тул гаргасан зөрчлийн дагуу сахилгын арга хэмжээ авч байсан.

Мөн намайг ажилд томилогдохоос өмнө 2014 оны 1 дүгээр сараас хагас жил буюу 6 сар хүртэлх хугацаанд багш Д.О нь даасан бүлгийн хүүхдийн тоог засах, /31 хүүхдийг илтээр 41 болгосон гэх мэт/, журналын доор цаас нэмж нааж хийсвэрээр нэмж бүртгэдэг байсан зөрчил илэрсэн. /ирцийн бүртгэлийн хуулбар хуудас/ Эцэг эхийн гомдлын мөрөөр бүлгийн камер шалгахад багшийн ёс зүй харьцааны зөрчил, бүлэг танхим, хүүхдийн эрүүл ахуйд харш үйлдлүүд илэрсэн. Гэвч засаг дарга Н.Т нь байгууллагын дотоод ажилд хэтэрхий оролцож сахилга хариуцлага алдаж байгаа ажилчдад арга хэмжээ авах гэхээр чамтай өөртэй чинь тооцоо хийнэ шүү гэдэг байсан.

Хүний орчлонгийн жам ёсны өвчин зовлон, өнчрөл хагацал учирсан үед ч сэтгэл зүйн дарамт үзүүлж уйлуулж байсныг сумын сургуулийн захирал, эмнэлгийн дарга, соёлын төвийн эрхлэгч нар хараад, сонсоод сууж байсан удаа бий.

Ажил үүргийн чиглэлийн дагуух намайг харьяалсан удирдлагуудад намын үүргийг байнга өгч төрийн албан хаагч миний бие төрийн ажлыг ажлын байрандаа ч тайван гүйцэтгэх боломжгүй болж сургалт семинартаа ч тайван сууж суралцах аргагүйд хүрч байсан. Тухайлбал. Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Г сургалт болон ажлаар аймаг орох үед өрөөндөө дуудан чи ажлаа өгчхөөч, багшаа хийчих, чи мундаг боловсролтой юм байна лээ, танай сум хэл ам ихтэй юм. Бодож хоноод маргааш эргэж уулзаж байж яваарай. Тэгэхээрээ томилолтоо таглуулаарай гээд албан томилолт дээр гарын үсгээ зурж өгөөгүй тохиолдол бий. Би чамд юм хэлсэн шүү дээ. Чи яагаад таг болсон юм Үүний чинь дараа, дараагийн асуудал шийдэгдэнэ шүү мэдэж байгаа биз....гэж дарга С.Г харьцдаг байсан.

Ийнхүү Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Г нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг ханган ажиллах үүргээ умартан улс төрийн албан хаагчийн хүсэлт, ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн зарим холбогдох заалтыг зөрчин аймгийн засаг дарга болон холбогдох хэлтэс, газруудад албан хүсэлт гаргаж материал хүргүүлэн төрийн албан хаагчийг хохироон ажлаас халуулах үйл ажиллагаанд оролцоод байгаа нь шударга бус байна, ёс зүйгүй байна хэмээн үзэж байна.

Боловсрол Соёл Урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.С /утсаар/ Бадамгараваа ямар ядаргаатай юм. Наад нэг ажлаа өгчихөөч. Би чих амар ажлаа хиймээр байна шүү гэх мэт олон талын шахалт үзүүлдэг. Боловсон хүчин дутмаг тул улсаас зохих хууль журманд нийцүүлэн хөрвөх сургалтаар Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж дутагдалтай боловсон хүчнийг бэлтгэж байхад Боловсрол соёл, урлагын газрын, Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Д.С нь хөрвөх сургалтаар мэргэжил эзэмшсэн багш нарыг илт гадуурхдаг. Миний амьдрал, ажлын туршлагаас харахад хөрвөх сургалтаар суралцсан багш нар харин ч олон талын мэдлэг, туршлагатай, ачаалал даах чадвартай, багаар ажиллах чадвар илүү нь ажиглагддаг. Энэ гадуурхлын талаар гомдолтой явдаг залуу багш 1 биш байгаа.

Ийнхүү өөрийгөө хөгжүүлээд, дахин дахин сураад, мэргэжил боловсролоо дээшлүүлээд байгаа намайг ингэж тал талаас нь дарамтад оруулж ажлыг нь авчхаад шалгалтад орж хүнтэй оюун ухаанаараа өрсөлдөхөөс айж нуугддаг, аль болох хялбар аргаар дарга болохыг санаархаж байгаа хүнийг дэмжицгээж байгаа нь үнэхээр эмзэглүүштэй.

Би өрх толгойлсон эмэгтэй, мөн цалингийн зээлтэй, сар бүр төлөлт хийдэг, одоо хүртэл төлж дуусаагүй байгаа, миний эрх зөрчигдөхийн зэрэгцээ 90 хүрч байгаа төрсөн эцгийн минь үр хүүхдээрээ асруулах, харуулах, сонгох, сонгогдох эрхээр нь 2 хүүхдийн маань ээжээрээ тэжээлгэх эрх давхар давхар зөрчигдөн төр, нийгэмд эмзэг бүлгийн өрх нэгээр нэмэгдэж байна.

2018 оны хавар том охин маань 12-р ангиа амжилттай төгсөж МУИС-д элсэн орсон боловч харж хандах эхийг нь цалингийн зээлтэй дээр нь ажилгүй болгож гэр бүлийг маань мөнгө санхүүгийн хямралд оруулсан нь хүүхдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлж байна.

Ийнхүү Нөмрөг сумын засаг дарга Н.Т, Завхан аймгийн Засаг дарга Д.Б нар нь нэг хүнд тусгайлан эрх олгож хийдэг ажилтай, авдаг цалинтай байсаар байтал миний ажлыг хүч хавсран хууль бусаар авч багш Д.О хавсран хийлгүүлж давхар цалин өгч, намайг гэр бүлээ тэжээх боломжгүй болгож хохиролд оруулж байгаа нь Монгол хүний ёс жудаггүй, хэт илэрхий дарамталсан үйл ажиллагаа болох нь хэн бүхний нүдэнд илт байгаа.

Мөн намайг ажлаас халсан 2018 оны 4 сарын 23-наас хойш хугацаанд сумын засаг дарга Н.Т, эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэгч багш Д.О нар Нөмрөг сумын хүүхдийн цэцэрлэгийг өөрийн үндсэн байрнаас нь нүүлгэн шилжүүлж сумын сургуулийн дотуур байрны зориулалттай байранд оруулж дараах зөрчлийг үүсгэж байна.

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд байгууллагад өр үүсгэх, байгууллагын хэмнэгдсэн зардлыг зориулалтын бусаар зарцуулах, байгууллагын ажилчдын хөдөлмөрийн хуваарийг алдагдуулж ажлын бус цагаар, амралтын цагаар, илүү цагаар цалин хөлсгүй ажиллуулах, багш ажилчдаас хандив мөнгө нэхэх, хүүхэд, багш ажилчдын сурах, хөгжих орчин бүрдээгүй, интернет, сүлжээгүй орчинд мэдээлэл авах, хөгжих эрх нь зөрчигдөх, зориулалтын бус мөн хүүхэд суралцах, хөгжих зай талбай хязгаарлагдмал орчинд оруулснаар бага насны хүүхдийн толгой дээр халуун цай асгаж бага насны хүүхэд түлэгдэн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол Нөмрөг сумын хүүхдийн цэцэрлэгт энэ оны 9 дүгээр сард гарчихсан байгаа. Цэцэрлэгийн өмнө нь байсан байр, өрөөнүүдийг хувь хүн, аж ахуйн нэгжид түрээслэн өгөх эрхийг сумын засаг дарга гартаа авсан тухай нутгийн хүмүүс ярьж байгаа.

Тэдний намчирхсан үзэл бодолд нийцээгүй, өөрсдийнх нь хүссэнээр байгаагүйн төлөө бүхэл бүтэн нэг өрх айл болон 4 ам бүлийг ингэж хохироож байгаа явдалд үнэхээр гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай актыг илт хууль бус болохыг тооцуулах, урд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай... гэжээ.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасныг баримтлан гэсэн мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэсэн заалт, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэж тус тус заасан нь харин ч Л.Б-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэгч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн “Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт “...Л.Б-ыг урд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай гэж бичсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлд дурдсан “...Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2014 оны 52 дугаартай тогтоол гаргасан ба энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай захирамжийн үндэслэл болгож илт хууль бус захирамж гаргасан талаар...” шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б-аас Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль бус захиргааны акт хүчингүй болгох тухай” Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Б-ыг тус аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон мөн аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/317 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон байна.

Хариуцагчаас захирамж гаргах болсон үндэслэлээ “Л.Б нь ажлын байранд тавигдсан мэргэжлийн хувьд сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй, хууль бусаар бүртгүүлж, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон” хэмээн тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлаар буюу “...Л.Б нь Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын ажлын байранд тавигдсан мэргэжил, мэргэшил-сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй 2013 онд сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасагдаж байсан, 2014 онд уг албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй байсан боловч сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаж байсан тул болох байх гэж бодоод Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас суралцаж байгаа гэсэн тодорхойлолт авч сонгон шалгаруулалтын комисст өгсөн...” гэсэн тайлбарыг үндэслэн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтад нийцсэн байна гэж дүгнэсэн буруу байна.

 Нэхэмжлэгч Л.Б-ын хувьд Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхдээ 1992 онд “бага ангийн багш” 10342 дугаар диплом, 2001 онд Багшийн Их сургууль төгссөн “Комьпьютер-Ангил хэл” Д200101689 дугаар бакалаврын дипломтой байсан байх бөгөөд Багшийн Их сургуульд сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр суралцаж байгаа талаарх тодорхойлолт гаргаж өгсөн, тухайн үед бүртгэлийн комисс энэ байдлыг мэдэж байснаас гадна тухайн албан тушаалд Л.Б-аас өөр хүн байхгүй байсан зэргээс түүнийг бүртгэснээр шалгалтад тэнцэж, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх тухай” 52 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Б-ыг тэнцсэнийг баталж нөөцөд бүртгэсэн, улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/317 дугаар захирамжаар Л.Б-ыг Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон байна.

Л.Б нь уг албан тушаалд томилогдсоны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” бакалаврын диплом авсан байх мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллах эрх”, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан батламж зэрэг мэргэжил, мэргэшлийн чиглэлээр холбогдох мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай холбогдуулан дүгнэхэд нэхэмжлэгч Л.Б нь тухайн үед зарлагдсан сонгон шалгаруулалтын комисст баримт бичгээ өгч бүртгүүлэхдээ сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн дипломгүй талаар мэдэгдэж байсан, энэ талаар маргаагүй, бүртгэлийн комисс холбогдох баримт болон тухайн чиглэлээр суралцаж байгаа талаарх тодорхойлолтын дагуу нэхэмжлэгчийг бүртгэсэн, улмаар шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн тул түүнийг Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсныг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хуульд заасан дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байсны хувьд түүнийг ажлаас чөлөөлөх, халах шийдвэрийг зөвхөн холбогдох хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд гаргах бөгөөд энэхүү маргааны тухайд хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь түүнийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад маргаж буй захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн илт хууль бус захиргааны актад хамаарч байх тул Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, энэ талаарх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Л.Б-ыг Завхан аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ