| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2406 01231 0689 |
| Дугаар | 2026/ДШМ/589 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/589
М.М, М.С, Б.Х
нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Чингүүн,
Өсвөр насны шүүгдэгч М.С-рын өмгөөлөгч А.Золжаргал,
Өсвөр насны шүүгдэгч М.М-ий өмгөөлөгч А.Энхбаатар,
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгч М.С-рын өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М-, М.С-р, Б.Х- нарт холбогдох 2406 01231 0689 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
З- овогт Б-гийн Х-, 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 20 хоногтой байсан/, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Б- Олон Улсын сургуулийн Б- ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, эгч дүү нарын хамт .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УБ-/.
Х овогт М-гийн С-р, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай /гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 6 сар 4 хоногтой байсан/, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, М- коллежид суралцдаг, ам бүл 3, аав, ээжийн хамт .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ-/.
Х- овогт М-ын М-, 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай /гэмт хэрэг үйлдэх 16 нас 01 сар 13 хоногтой/ байсан, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын М- дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, эгч дүү нарын хамт .......тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ-/.
Шүүгдэгч Б.Х- нь М.С-р, М.М- нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ зуун хотхоны гараашинд байсан хохирогч З.Т-ийн эзэмшлийн Талариа Стинг ЭмИкс 3 загварын цахилгаан унадаг дугуйны хянах самбар, урд, хойд их гэрэл, шаврын хаалт, тоормосны аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.С-р, М.М-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х- овогт М-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Шүүгдэгч З- овогт Б-гийн Х-, өсвөр насны шүүгдэгч Холбоо овогт М-гийн С-р нарыг “Гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нарт хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч М.С-р, М.М-, шүүгдэгч Б.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч М.С-р түүний хууль ёсны төлөөлөгч Г.Нарангэрэл, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “... Юуны өмнө шүүгдэгч М.С-р нь гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа ухамсарлаж, үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид гэм буруугийн асуудлаар маргаагүй болно. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн нас, хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хохирол хор уршгийн талаар харгалзан үзээгүй гэж үзэж байна. Тухайлбал, М.С-р нь: насанд хүрээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй хамтран оролцсон, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн хэрэгт нийт хохирлын хэмжээг 1,220,000 төгрөгөөр тогтоогдсон боловч шүүгдэгч М.С-рын хувьд өөртөө авч ашигласан эд зүйл нь дугуйн урд гэрэл, тоормосны бариул зэрэг болох нь тогтоогдсон ба дээрх эд зүйлсийн үнэлгээ нь “Дамно” хөрөнгө үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 250,000 орчим төгрөгөөр тогтоогдсон болох нь хавтаст хэргийн 43-44 дүгээр талд тусгагдсан байна. Иймд шүүгдэгчийн бодит үйлдэл, өөрт нь хамаарах эд хөрөнгийн хэмжээ нь нийт хохирлын дүнтэй харьцуулахад үлэмж бага байгаа нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байсан гэж үзэж байна.
Түүнчлэн хууль тогтоомж, Монгол улсын болон нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцын түвшинд насанд хүрээгүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдний дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчим баримталдаг.
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хүүхдийн эрхийн конвенцод хүүхдийн нэр төр, эрхийг хамгаалах, нийгэмд дахин нэгтгэх, хүмүүжүүлэх арга хэмжээг түлхүү хэрэглэх, хорих арга хэмжээг хамгийн сүүлийн арга хэлбэрээр хэрэглэхийг заасан байдаг.
Мөн НҮБ-ын 1985 оны 11-р сарын 29-нд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 40/33 дугаар тогтоолоор батлагдсан “Насанд хүрээгүйчүүдийн шүүхийн ажиллагааны стандарт доод дүрэм" буюу Бээжингийн дүрэмд насанд хүрээгүй этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь хүмүүжлийн шинжтэй, аль болох хөнгөн байх ёстойг тодорхойлсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч уг ял нь эрх зүйн хувьд хорих ялын хэрэгжилтийг хойшлуулсан хэлбэр бөгөөд тэнсэх хугацаанд үүрэг зөрчсөн тохиолдолд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр солигдох боломжтой байна.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд ийм төрлийн ял нь хорих ялын шинжийг хадгалсан хэвээр байгаа бөгөөд хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод илүү нийцнэ гэж үзэж байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолын М.С-рт оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэсгийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Прокурор Ц.Чингүүн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийн агуулга нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Хэрэгт холбогдсон 3 шүүгдэгчийн дотроос М.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэсэгт прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй болно.
Эсэргүүцэл үндсэндээ хоёр агуулгатай. Нэгдүгээрт, шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэг болон “Тогтоох нь” хэсгийн агуулга хоорондоо зөрүүтэй бичигдсэн гэж үзэж байна. Тухайлбал, шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд М.М-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Мөн гэм буруугийн дүгнэлтийн “2” гэж дугаарласан хэсэгт ч М.М-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа, нөгөө талаар М.С-р, Б.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай талаар дүгнэхдээ “М.М-тэй бүлэглэн үйлдсэн” гэх байдлаар хэргийн хэрэгсэхгүй болгосон этгээдийг хамтатган дурдсан нь агуулгын хувьд харилцан зөрүүтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзсэн атлаа, нөгөө талаар бусад шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлтэд хамтран оролцсон мэтээр тусгасан нь шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт хийсэн дүгнэлт “Тогтоох нь” хэсэгтэй нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэх үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг заавал тодорхой тусгах шаардлагатай гэж хуульчилсан байдаг. Гэтэл 2026/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Б.Х- болон өсвөр насны шүүгдэгч М.С-р нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой дурдаагүй, зөвхөн “хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэх байдлаар ерөнхийлөн тусгаж, гэм буруутайд тооцсон байна.
Иймд дээрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна.Тиймээс шийтгэх тогтоолын дээр дурдсан хэсгүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид тэнсэж, хөнгөрүүлсэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь үгүйсгэж, зөвшөөрөхгүй байгаа агуулга байхгүй гэдгийг тодотгож хэлье.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болон тэнсэх ял хоёрын эрх зүйн үр дагавар, ялгамжтай байдлыг харьцуулан үзэхэд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч Б.Х-ын эрх зүйн байдлын хувьд илүү дээрдэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ байр сууриа үйлчлүүлэгчтэйгээ нэгтгэсэн. Иймд эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Шүүгдэгч Б.Х-ын хувийн байдлын тухайд, хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар хуудсанд суурь боловсролын гэрчилгээ, 162-172 дугаар хуудсанд суралцагчийн хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтууд бий. Эдгээр баримтаас үзэхэд тэрээр 1-12 дугаар анги хүртэлх хугацаанд бүх хичээлдээ тогтмол “А” үнэлгээтэй суралцсан байна. Мөн IELTS болон SAT шалгалтуудад өндөр амжилт үзүүлж, шалгалтуудаа 100 хувийн гүйцэтгэлтэй өгсөн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 дугаар ангийн сурагч байсан бөгөөд одоо 20 настай. Шүүгдэгч Б.Х- нь англи, герман, солонгос хэлний мэдлэгтэй болохыг сурч байсан сургууль нь тодорхойлсон. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Америкийн Нэгдсэн Улс, Польш Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулиудаас 100 хувийн тэтгэлэг авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас суралцах боломжоо ашиглаж чадаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 20 хоногтой байсан.
Мөн Б.Х-ын хувийн байдал, нийгмийн оролцоог авч үзвэл, хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд нийт 42 цагийн сургалт зохион байгуулж, англи хэлний сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдэд 56 цагийн сайн дурын сургалт орсон байдаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр англи хэлний сургалт явуулдаг байсан зэрэг нь түүний нийгмийн оролцоо өндөр, идэвхтэй хүүхэд байсныг харуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний сэтгэцийн онцлогт тохирсон, нийгэмд эзлэх байр сууриа олоход нь туслах, боловсрол эзэмшихэд чиглэсэн байх зорилгыг баримтлахаар хуульчилсан байдаг. Иймд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэнсэж, харгалзах хугацааг багасган, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.
Нөгөө талаас, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд бодитойгоор нөлөөлөх боломжтой. Төрийн захиргааны байгууллага болон боловсролын байгууллагын оролцоотойгоор сургалт, зөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийг зөв төлөвшүүлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь цаашид нийгэмд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад эерэг нөлөө үзүүлнэ” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М-ий өмгөөлөгч А.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай эсэргүүцэл болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах санал, тайлбар байхгүй. Шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх байх гэсэн байр суурьтай байна.
Миний үйлчлүүлэгч М.М-ий тухайд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлал, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2045 дугаар шийтгэх тогтоолоор М.М-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, М.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрүүд гэж үзэж байна.
Иймд үйлчлүүлэгч М.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.С-рын өмгөөлөгч А.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Нэмэлтээр тайлбарлахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж хуульчилсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ял, 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээг тус тус зохицуулсан бөгөөд үүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай болон хөрөнгө, орлого хураах зэрэг албадлагын арга хэмжээнүүд хамаардаг.
Миний үйлчлүүлэгч болох өсвөр насны шүүгдэгч М.С-р нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 6 сартай байсан. Түүнтэй уулзаж ярилцахад тухайн үед өөрийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг бүрэн ухамсарлаж ойлгоогүй байсан нь харагддаг. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал өсвөр насны шүүгдэгч М.С-рын хувьд тогтоогдоогүй. Харин өмгөөлөгч А.Энхтүвшиний давж заалдах гомдолд дурдсанчлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульд зохицуулсан байдаг.
Иймд дээрх зохицуулалтыг хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч М.С-рт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Одоогийн байдлаар тэрээр 17 нас 9 сартай, насанд хүрээгүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Чингүүн давж заалдах гомдлуудтай холбоотой гаргасан дүгнэлтдээ: “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь өөрөө хорих ялын хэрэгжилтийг хойшлуулсан хэлбэр бөгөөд зөрчсөн тохиолдолд хорих ялыг биечлэн эдлэхээр байна гэсэн агуулгыг гомдолдоо дурдсан. Өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөн байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлах нь үндэслэлтэй эсэх, мөн хуулийн 8.7, 8.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байсан эсэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь, 8 дугаар бүлэг нь өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах тусгайлсан зохицуулалт. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ерөнхий зохицуулалт. Өсвөр насны шүүгдэгчид аль алийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хүмүүжлийн чанартай албадлагын хэмжээ авах зохицуулалт нь заавал хэрэглэх заалт биш буюу үүрэг хүлээлгэсэн заалт биш. Хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.Х- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Одоо 20 настай. М.С-рын хувьд 15 настай байсан. 17 нас 9 сартай. 2026 оны 8 сард 18 нас хүрнэ. Аль аль нь ял оногдуулахаар заалт биш, аль аль нь ял оногдуулахгүй. Аль аль нь тэнсэж байгаа хэлбэр мөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сараас 5 жил хүртэл тэнсэх хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар буюу хамгийн доод хэмжээгээр тэнсэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүнлэгийн чанартай албадлагын хэмжээ авах нь 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар албадлагын хэмжээ авах зохицуулалт байгаа. Хамгийн доод байдлаар шийдвэрлэхэд л 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын хэмжээ авах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд дээрдэхгүй гэж үзэж байна. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон гэр бүл, хүүхэд залуучуудын газар гэсэн 2 байгууллагын хяналтад арга хэмжээ авагддаг. Тэнсэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад явагдана. Гомдолд дурдагдсан хорих ялын хэрэгжилтийг хойшлуулж байгаа хэлбэр гэсэн агуулгатай гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулах шийтгэх тогтоолыг хойшлуулах заалт тусдаа байгаа тул гомдолд дурдагдсан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хуулийн 8.7 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэх боломжтой ч гэсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын нас, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд 6.7 дугаар зүйл үндэслэлтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Х-, М.М-, М.С-р нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х-ттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Х- М.С-ртай нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ зуун хотхоны гараашинд байсан хохирогч З.Т-ийн эзэмшлийн Талариа Стинг ЭмИкс 3 загварын цахилгаан унадаг дугуйны хянах самбар, урд, хойд их гэрэл, шаврын хаалт, тоормосны аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Т-ийн өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 19-ны өглөө 10 цагийн үед Суроноо харахад бүрэн бүтэн байсан, орой 22:30 цагийн үед ирээд машинаа байрлуулахдаа Суроноо анзаараагүй. Гэтэл өнөөдөр өглөө 07:20 цагийн үед гарч ирээд машиндаа сууж байхдаа харсан чинь суран маань утас нь унжчихсан байхаар нь ойртоод харахад урд, хойд тоормосны аппарат, бариулын баздаг удирдлага, хянах самбар, урд их гэрэл, хойд тоормосны гэрэл, хойд дугуйны шаврын хаалт гэх мэт зүйлс одоо анзаарч байгаагаар алга болсон байна. ... тухайн хүүхдүүд 1-2 хоногийн дараа над руу залгаж хулгайлсан цахилгаан дугуйны эд ангиудаа өгье гэж холбогдсон. Тэгэхэд нь би цагдаагийн байгууллагын ажилтнаар дамжуулан надад өг гэж хэлсэн. Яг өөрийнх нь эд ангиуд байсан, жишээлбэл хулгайлсан эд зүйлсээ буцаан өгсөн. Харин шингэн тоормосны гуурсан хоолойг тасалсан байсан, тэрийг сольж өгөхөөр тохиролцсон. Тухайн хүүхдүүд тайлж авахдаа 2 ширхэг тоормосны шаланк тасалсан байсан. Тэрний мөнгө болох 200,000 гаран төгрөгийг авч би өөрөө бүх юмаа буцаан угсарсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. О- мөрдөгч бүх хүмүүсийг дуудаж тухайн 3 хүүхэд авсан эд зүйлсээ торонд хийн надад өгсөн. Би өөрийнхөө алдагдсан эд зүйлсийн мөнгө болох 200,000 төгрөгийг авсан. Өөр илүү дутуу мөнгө аваагүй. Хохирлоо барагдуулбал надад гомдол санал байхгүй...” гэх /1 хх 10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Т-ийн өгсөн: “ ...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сараас эхэлж Шинэ зуун хотхоны харуулаар ажиллаж байна. Манайх 3-н ээлжтэй. Би Өчигдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд 15 цагийн үед 24а байрны доод зогсоолын хаалга жаахан онгойчихсон байхад 2ш цахилгаан дугуйтай 2 эрэгтэй хүүхэд граж руу орохоор нь яах гэж байгаа юм гэхэд дугуйгаа янзлаадахъя гэсэн. Удахгүй юм байгаа биз дээ гэхэд удахгүй ээ гэсэн. Үүнээс хойш 16 цагийн үед дахин нэг цахилгаан дугуйтай эрэгтэй хүүхэд граж руу орох гэхэд нь яах гэж байгаа юм гэхэд найз дээрээ очоодохъё гэсэн. Би байраа тойрчхоод үүдний хаалга янзлаад 21 цагт дуусахад нөгөө 3-н хүүхэд 3-уулаа гражид мотоциклыг янзалж байгаа бололтой байгаад байсан. нэг цагаан пүүзтэй хүүхэд нь энэ байранд амьдардаг гарж орж юм хийж болдоггүй юм уу гээд уурлаад байсан. тэгээд 21 цаг өнгөрөөд дахин харахад тэр хүүхдүүд гараад явчихсан байсан. тэр хүүхдүүд гражийн зүүн хойд талын нэг оршин суугч миний цахилгаан дугуйг тоночихсон байна, камер шүүе гэж орж ирсэн...” гэх /1 хх 24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Т-ийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024 оны 2 дугаар 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Т- тоот гэртээ байж байхад манай аав О-, ээж М- нартай хамт манай орцны ах орж ирээд гар утсан дээр 2 хүүхэд үзүүлээд энэ хоёрыг таних уу гэж асуухаар нь танина гэж хэлэхэд. Тэр ах баярлалаа гээд гээд яваад өгсөн. 20 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Х- над руу дүүгээ явуулаад ууттай юм өгөөд, юу юм гэж асуухад нөгөө Суроны эд анги байгаа юм Цагдаагаар явахаас нь өмнө эзэнд нь өгчихмөөр байна гэж хэлээд. Би тэр хохирогч гэх ахад хэлсэн юм. Тэгсэн тэр ах надад миний олоод өгчихвөл цагдаа дуудах өгөхгүй гэж надад халсан байсан юм. 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр С- надад бас эд ангиуд өгөөд бас хохирогчид нь өгчих гэж хэлсэн. Тэгээд цуглуулаад өгөх гээд цагдаа дээр ирчихсэн байж байна...” гэх /1 хх 33/ гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Шинэ зуун хотхоны 24а байрны гараашинд байсан цахилгаан дугуйны тоноглол хулгайлагдсан байна.” гэх тэмдэглэл /1 хх 2-3/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-7/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн "... тус цахилгаан дугуй нь хар өнгөтэй дунд хэсгээрээ О гэх тэмдэгтэй, шар судалтай байх бөгөөд тоормосны хянах самбар, урд их гэрэл, хойд тоормосны гэрэл, хойд дугуйны шаврын хаалт, бариулын баздаг удирдлага, урд талын тоормосны аппарат зэрэг эд зүйлс нь байхгүй байдалтай мөн тухайн тоормосны хэсгийн цахилгаан утаснуудыг тасалсан байдалтай, тоос шороонд дарагдсан байсныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /1 хх 11-14/,
Iphone х маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-20/,
“Дамно" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №БЗД2-24-482 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 62-63/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 181-182/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Харин эдгээр баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.М- нь дээр хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Х-, М.С-р нартай бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч, М.С-р, Б.Х- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч М.С-рын өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань нараас “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг ,
Прокурор “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт нь тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн тогтоох хэсгийн хоёр дахь заалтад шүүгдэгч нарыг “... гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэм буруутай тооцож шийдвэрлэсэн, ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тусгаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий эсэргүүцэл тус тус гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн найм дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг заасан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Х- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сартай байсан, шийтгэх тогтоол гарах үед 19 настай, одоо ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, шүүгдэгч М.С-р нь гэмт хэрэг гарах үед 15 нас 6 сартай байсан одоо 16 настай, Барилга техникийн коллежид суралцдаг болох нь тэдний хувийн байдалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ бага байгаа, мөн тэдний Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.
Мөн шүүхээс шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг давхар баримталсан нь буруу байна. Түүний үйлдлийн хувьд гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлах шаардлагагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байгаа талаар дүгнэхдээ М.М-ийг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж бичсэн, мөн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо хуулийн зүйл, заалт бичээгүй талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй тул дээрх алдааг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээж авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж,
2 дахь заалтад “... Шүүгдэгч З- овогт Б-гийн Х-, өсвөр насны шүүгдэгч Х- овогт М-гийн С-р нарыг “Гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай” гэснийг “... Шүүгдэгч З- овогт Б-гийн Х-, өсвөр насны шүүгдэгч Х овогт М-гийн С-р нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нарт хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3, 5 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай...” гэж,
5 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, шүүгдэгч Б.Х- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, Б.Х- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-р, Б.Х- нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцэл болон өсвөр насны шүүгдэгч М.С-рын өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань нараас гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээж авсан болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР