| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2021/03327/И |
| Дугаар | 210/МА2022/00601 |
| Огноо | 2022-04-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2022/00601
Л.Д ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00169 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Д ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ТББ-д холбогдох, 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчингүйд тооцож, 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс өмнө байсан тус холбооны гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: М ТББ нь 2010 оны 06 сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагдаж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай, улсын бүртгэлд бүртгүүлсэн удирдах зөвлөлийн 6 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу дүрмийг бид анх байгуулагдсан цагаасаа эхлэн зохих байгууллагад бүртгүүлж, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2010 он болон 2014 онд холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар өөрчилж баталсан. Тус дүрмийн 1.8-д аймаг орон нутгийн салбар хороо, аймаг дүүргийн биеийн тамир, спортын хороо, спорт клубүүд нь тус хорооны гишүүн байна гэж заасан. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Л.Д нь удирдах зөвлөлийн гишүүн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
2014 оны 10 сарын 03-ны өдрийн дүрмийн дагуу бид дөрвөн жилд нэг удаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, уг хуралд оролцсон гишүүдийн 3/2 хувийн саналаар дүрмийг шинэчлэн баталж байхаар тогтоосон.
Бид 2018 оны 10 сарын 26-ны өдөр М ТББ-ын бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгуулж, дүрмийн дагуу гишүүдийн харьяалалд багтдаг 147 гишүүнээс 102 буюу 67 хувь нь ирсэн. Бүх гишүүдийн хурлаар бид дүрэмд өөрчлөлт оруулах талаар санал гаргах, түүнийг баталгаажуулах, холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг олонхийн саналаар сонгох дарааллын дагуу явагдах байсан. Гэсэн хэдий ч хурал эхэлж дүрмийг шинэчлэн хэлэлцэж баталгаажуулахгүйгээр удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Удирдах зөвлөлийн гишүүдэд нийт 27 хүн нэр дэвшсэнээс 102 хүн санал өгч Д.Х 30 санал, Р.Х 40 санал, С.Б 28 санал тус тус авсан. Дээрх нэр дэвшигчдийн хэн аль нь дийлэнх олонхийн санал аваагүй байхад хамгийн их санал авсан учир өөрийгөө ерөнхийлөгч болох нь зүйтэй гэж үзэж Р.Х ерөнхийлөгчийн тамга, тэмдгийг авч улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Мөн М ТББ-ын дүрмийн 2.2.1.а хэсэгт ээлжит бус бүх гишүүдийн хурлыг таслах эрхтэй гишүүдийн 51-ээс дээш нь хуралдуулах шаардлагатай гэж үзэн гарын үсгээ зурж М ТББ-ын удирдлагад хандсан бол өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуралдуулна... гэж заасан байдаг. Үүний дагуу гишүүд бид хурлыг хуралдуулах хүсэлтийг гаргасан ч холбооны удирдлага хүлээн авч шийдвэрлээгүй, өнөөдрийг хүртэл тус сонгуулийг хүчин төгөлдөр гэж тооцож дахин сонгууль явуулахаас татгалзсаар ирсэн.
Иймд 2018 оны 11 сарын 10-ны өдрийн ээлжит их хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус холбооны 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит хурал дүрэмд заасны дагуу хуулийн хүрээнд явагдсан. 2014-2018 он хүртэлх М ТББ-ын удирдлага гишүүнчлэлийн бүртгэл буюу нэг ч холбогдох салбар байгуулаагүй. Цанын спорт сонирхогчдын тоог тодорхойлоогүй. 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг нэхэмжлэгч Л.Д болон гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Э.О нар зохион байгуулж явуулсан. 2010 оны болон 2014 оны дүрэм хэрэгт авагдсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хууль бус дүрэм юм. Ийм учраас Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн хурлаа явуулья гэсэн санал гарахад хурлыг удирдаж байсан н.Р дарга хүлээн авсан. Ингээд бүх гишүүдээс 52 гишүүн нь Төрийн бус байгууллагын дүрмээр явуулья гэж, 40 гишүүн нь дүрмээрээ явуулъя гэж санал өгсөн. Олонхийн саналаар Төрийн бус байгууллагын тухай хуулийн хурлаа явуулсан. 2014 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй атлаа өнөөдөр хурал хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Тухайн үед хүмүүсээр гарын үсэг зуруулж, санал гаргасан гэх боловч намайг хүртэл цагаан цаасан дээр гарын үсэг зур гэж хэлэхэд нь би зураагүй. Мөн гадаад улсад байгаа хүний гарын үсэг хүртэл зурагдсан байсан. Тухайн бичгийг албан ёсных биш гэж үзээд М ТББ-ын удирдлагууд 30 хоногийн дотор хурал хуралдуулах саналыг хүлээн аваагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, М ТББ-ын 2018 оны дүрмийн 2.1.6-д зааснаар М ТББ-д холбогдох 2018 оны 11 сарын 10-ны өдрийн М ТББ-ын ээлжит их хурлыг хүчин төгөлдөр бус /хүчингүй/-д тооцуулж, тус холбооны 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-ын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай Л.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
а. Улсын бүртгэлийн лавлагаагаар үүсгэн байгуулагч гишүүд гэх мэдээлэлд нэхэмжлэгч бүртгэлтэй байх тул албан ёсоор баталгаажсан гишүүн мөн. Нэхэмжлэгч Л.Д нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдоно.
б. Ээлжит их хурлын шийдвэр, тогтоолын үндэслэл, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2014 оны дүрмийг үндэслэж шийдвэр тогтоол гаргаж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь харагдана. Уг үйл баримтыг мөн шүүхээс тогтоосон байдаг. Гэтэл 2014 оны дүрэм нь улсын бүртгэлийн газраар баталгаажаагүй байна. Гэтэл баталгаажаагүй дүрэмд үндэслэж шийдвэр гаргасан. Энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм.
в. Хурлын гар бичмэл тэмдэглэл, үзлэг хийсэн хурлын бичлэг, хариуцагчийн тайлбар зэргээс уг хурал нь дэгийн дагуу явагдаагүй, эмх замбараагүй явагдсан болох нь харагдана.
г. Хуралд оролцсон гишүүд гэх 67 хувь нь ээлжит бус хурлыг дахин хуралдуулахыг М ТББ-ын удирдлагуудад өгсөн. Гэтэл үүнтэй холбоотой хариуг одоо хүртэл аваагүй байна. Хуралд оролцсон гишүүдийг бүртгэлтэй гишүүд мөн гэж хүлээн зөвшөөрвөл нийт гишүүдийн 67 хувийн саналыг мөн харгалзан үзэж хурлыг дахин хуралдуулах үүрэг хүлээсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч М ТББ-д холбогдуулан 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчингүйд тооцож, 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс өмнө байсан тус холбооны гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
3. Хэргийн 110 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар нэхэмжлэгч Л.Д нь тус холбооны үүсгэн байгуулагч, гишүүн болох нь тогтоогдож байх тул ...Л.Д уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
4. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ хэмээн заажээ.
Үүний дагуу М ТББ нь 2010 оны 05 сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан М дүрэм-ийг 2010 оны 06 сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж /хх 129-132/, мөн өдөр 000011744 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх 44/
Харин хэргийн 8-11 дүгээр талд авагдсан 2014 оны 10 сарын 03-ны өдөр батлагдсан гэх М дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул уг дүрэмд заасан дэгийн дагуу бүх гишүүдийн хурлыг явуулаагүйг буруутгахгүй, 2014 оны дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн 3/2 хувийн саналаар дүрмийг шинэчлэн батлах ёстой байсан гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
5. Иймд М ТББ-ын бүх гишүүдийн ээлжит хурлыг 2010 оны дүрэмд зааснаар явуулах нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцэх бөгөөд уг дүрмийн 2.2.1-ийн с.-д Бүх гишүүдийн хурал нь таслах эрхтэй гишүүдийн 51 хувиас дээш нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж, 2.2.1-ийн d.-д Бүх гишүүдийн хурал нь өөрөө дэгээ тогтооно гэж тус тус заасны дагуу явагдсан 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Бүх гишүүдийн хурал дэгийн дагуу явагдаагүй, эмх замбараагүй явагдсан гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Хэдийгээр тус холбооны 2010 оны дүрмийн 2.2.1-ийн а.-д Ээлжит бус бүх гишүүдийн хурал нь таслах эрхтэй гишүүдийн 51 хувиас дээш нь хуралдуулах шаардлагатай гэж үзэн гарын үсгээ зурж албан ёсоор М ТББ-ын удирдлагад хандсан бол өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуралдуулна гэж, 2.2.1-ийн d.-д Бүх гишүүдийн хурлын хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар М ТББ-ын дүрмийг баталж, өөрчлөлт оруулна гэж тус тус заасан байх боловч зохигчдын хэн аль нь гишүүнчлэлийн бүртгэлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу М ТББ нь хэдэн гишүүнчлэлтэй болох нь тодорхойгүй байгаа нөхцөлд саналын хувь хэмжээ хүрээгүй гэх үндэслэлээр 2018 оны 11 сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчингүйд тооцох шаардлагыг, мөн санал гаргасан боловч хүлээн аваагүй гэх үндэслэлээр ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах шаардлагыг тус тус хангах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, тус холбооны 2010 оны дүрэмд Аймаг, орон нутгийн салбар холбоо, аймаг дүүргийн биеийн тамир, спортын хороо, спорт клубүүд нь тус холбооны гишүүн байна. Цанын спортын зүтгэлтнүүд, багш, дасгалжуулагчид, тамирчид, хувь хүмүүс нь харьяаллын дагуу дээрх байгууллагуудыг төлөөлөн тус холбооны гишүүн байна гэж заасан боловч М ТББ нь хэдэн салбар холбоотой, хэдэн гишүүнчлэлтэй, хэн хэн гишүүн болох нь баримтаар тогтоогдоогүй тул шүүхээс М ТББ-ын 2010 оны дүрмийн 2.2.1-ийн а. болон d.-д заасан үндэслэлийг эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, улмаар нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4... гэж хуульд байхгүй заалтыг, мөн М ТББ-ын дүрмийн заалтыг тус тус баримталж шийдвэрлэсэн нь буруу. Түүнчлэн шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаатай болжээ. Эдгээртэй холбоотойгоор хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, М ТББ-ын 2018 оны дүрмийн 2.1.6-д зааснаар... гэснийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1... гэснийг ...7 дугаар зүйлийн 7.1.2... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР