Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Марал,

           Шүүгдэгч Д.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805027880779 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 46 дугаар байрны 5 дугаар орцны хажууд хохирогч М.Ныг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун шанаа, баруун чихний дээд гадаргуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр архи ууж хүнтэй маргалдаж болчимгүй асуудал гаргасандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв

Хохирогч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн үед У, Г, Уын дүү Б бид нар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Алейнкатай байрны  5 дугаар орц 00 тоотод Уын гэрт архи дарс хэрэглээгүй, эрүүл хонох гээд байж байхад гаднаас Д.Б согтуу орж ирсэн. Бид нар юм яриад сууж байхад Д.Б миний цээж рүү гар утас шидсэн. Тэгээд би чи яаж байгаа юм гэхэд Д.Б яасан юм үзэх үү гээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд байж байгаад Д.Б дахиад миний шанаа руу цохьсон. У, Г хоёр түрүүлээд байрны орцоор гарсан. Би араас нь гарч ирэхэд Д.Б, Г хоёр орцны үүдэнд зогсож байсан. Д.Б чулуу барьчихсан намайг цохих гэхэд Г боль гээд салгахад Г руу Д.Б чулуу бариад дайрсан. Тэр үед Г Д.Быг тавихад Д.Б над руу ирээд миний толгой руу цохиод би газар сөхөрч унахад араас миний завж руу Д.Б гараа хийгээд татсан. Тэр үед би Д.Бын баруун гарын дунд хурууг хазаад тавиулсан. Би босоод гүйхэд Д.Б араас хөөгөөд зодох гээд дайрсан. Д.Б намайг нийтдээ шанаа руу 1 удаа гараараа цохьсон, толгой руу 3-4 удаа чулуугаар цохьсон, гадаа машинд суугаад зугтах гэж байхдаа над руу 2 удаа чулуу шидсэн, миний цээж рүү оносон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед би хамаатны У ахынд ирсэн. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Алейнкатай байрны 5 дугаар орц, 3 давхарт ах Уын гэр байдаг. Би ахынд ирэхэд ахын 2 найз байсан. Орой ахындаа унтаад өглөө 06 цагийн үед ах хүмүүсийг гэрээсээ хөөгөөд би сэрсэн. Би хичээлдээ явах хувцсаа өмсөөд байрнаас гарч ирэхэд М.Н, Д.Б гээд хоёр ах хоорондоо маргаад байж байсан. Г ах хажууд нь очоод одоо боль гэхэд М.Н ах Д.Б ахыг түлхсэн байх тэгтэл Д.Б ах чулуу аваад М.Н ахын толгой руу цохьсон. Тэр хоёрыг Г ах бид хоёр салгаад авч явах гэхэд М.Н ахын толгойноос цус гараад миний хувцас руу цус хүрчихсэн. Тэгэхээр нь за за насанд хүрсэн хүмүүс учраа олох биз гээд М.Н ахыг боль гэж байснаа тавьчихсан. М.Н ах цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар У гэх найзындаа байж байхад гаднаас Д.Б ах согтуу орж ирээд М.Н руу гар утсаа шидээд маргалдсан. Д.Б ах М.Ныг эхлээд цохьсон. Тэгэхээр нь би Д.Б ахыг аваад гарсан. Гадаа байхад Д.Б ах М.Н хоёр барьцалдаж аваад зодолдсон. Д.Б ах чулуу аваад М.Ныг цохьсон. М.Н бас чулуу аваад дайрсан, би чулууг нь тавиулсан. Д.Б ах эхлээд шууд М.Н руу гар утсаа шидээд тэр хоёр маргалдсан. М.Нын толгой руу чулуугаар цохьсон. Тухайн үед жоохон цус гарсан. ...Тэр хоёр бол харилцан зодолдсон би салгасан. Д.Б ах М.Н руу дайрч, М.Н хойш ухрахдаа газар унасан. Д.Б араас нь очиход тэр үед гарыг нь хазаж тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Шинжээчийн 6236 тоот дүгнэлтэд: “...М.Нын биед зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун шанаа, баруун чихний дээд гадаргуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Яллагдагчаар Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Уын гэрт орсон. Гэрт нь Г, М.Н нар байсан. Уын гэрт байхад би М.Нтой маргалдсан. М.Н руу гар утас шидсэн. У бид нарыг гарцгаа гэхээр нь Г намайг аваад гараад явсан. М.Н миний араас гарч ирээд миний араас чулуу аваад толгой руу цохьсон. Миний толгой хагарсан. М.Нтой би маргаад бид хоёр зодолдох үед Г, Одмөнх хоёр бид хоёрыг салгасан. М.Н намайг ч зодсон, би ч М.Ныг зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан. Тухайн үед эрүүгийн хэрэг үүснэ гэж бодоогүй, шинжээч томилсон тогтоолоо би хайгаад олоогүй. Одоо миний хуруу эдгэрсэн, сорви нь байгаа. М.Ныг хүмүүсээс сонсоход хүнд зодуулаад мөнгө нэхээд сурчихсан залуу гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 46 дугаар байрны 5 дугаар орцны хажууд хохирогч М.Нтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун шанаа, баруун чихний дээд гадаргуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Нын: “...Бид нар юм яриад сууж байхад Д.Б миний цээж рүү гар утас шидсэн. Тэгээд би “чи яаж байгаа юм” гэхэд Д.Б “яасан юм үзэх үү” гээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд байж байгаад Д.Б дахиад миний шанаа руу цохьсон. У, Г хоёр түрүүлээд байрны орцоор гарсан. Би араас нь гарч ирэхэд Д.Б, Г хоёр орцны үүдэнд зогсож байсан. Д.Б чулуу барьчихсан намайг цохих гэхэд Г боль гээд салгахад Г руу Д.Б чулуу бариад дайрсан. Тэр үед Г Д.Быг тавихад Д.Б над руу ирээд миний толгой руу цохиод би газар сөхөрч унахад араас миний завж руу Д.Б гараа хийгээд татсан. Тэр үед би Д.Бын баруун гарын дунд хурууг хазаад тавиулсан. Би босоод гүйхэд Д.Б араас хөөгөөд зодох гээд дайрсан. Д.Б намайг нийтдээ шанаа руу 1 удаа гараараа цохьсон, толгой руу 3-4 удаа чулуугаар цохьсон, гадаа машинд суугаад зугтах гэж байхдаа над руу 2 удаа чулуу шидсэн, миний цээж рүү оносон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, гэрч Э.Оийн: “...Би хичээлдээ явах хувцсаа өмсөөд байрнаас гарч ирэхэд М.Н, Д.Б гээд хоёр ах хоорондоо маргаад байж байсан. Г ах хажууд нь очоод одоо боль гэхэд М.Н ах Д.Б ахыг түлхсэн байх тэгтэл Д.Б ах чулуу аваад М.Н ахын толгой руу цохьсон. Тэр хоёрыг Г ах бид хоёр салгаад авч явах гэхэд М.Н ахын толгойноос цус гараад миний хувцас руу цус хүрчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Э.Гийн: “...Бид нар У гэх найзындаа байж байхад гаднаас Д.Б ах согтуу орж ирээд М.Н руу гар утсаа шидээд маргалдсан. Д.Б ах М.Ныг эхлээд цохьсон. Тэгэхээр нь би Д.Б ахыг аваад гарсан. Гадаа байхад Д.Б ах М.Н хоёр барьцалдаж аваад зодолдсон. Д.Б ах чулуу аваад М.Ныг цохьсон. М.Нын толгой руу чулуугаар цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/, шинжээчийн 6236 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ хохирогч М.Нтой маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч М.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Быг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР