Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 183/2021/02187/И |
Дугаар | 210/МА2022/00735 |
Огноо | 2022-04-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2022/00735
2022 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2022/00735 |
О.Ё гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ё гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц д холбогдох, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ё , түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагч Г.Ц , түүний өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: О.Ё миний бие 000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Одоо манай байранд амьдарч байгаа Г.Ц ыг танидаггүй бөгөөд харин түүний нөхөр Ж.А тай ажил хэргийн танилын харилцаатай хамт ажилладаг байсан. 2012 оноос Ж.А нь манай орон сууцанд түр хугацаагаар гэр бүлийн хамт амьдарч байсан. Гэтэл Г.Ц ын нөхөр нас барсан ба байр чөлөөлж өгөх талаар ярихад зовлон тоочсоор байдаг юм. Сүүлийн үед байраа чөлөөлүүлж авах талаар удаа дараа уулзаж хэлэхэд өөр нүүх газар байхгүй тул чөлөөлөх боломжгүй талаар хэлэх болсон тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэгдсэн 57.87 м.кв талбайтай 000 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Г.Ц ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Г.Ц миний амьдарч байгаа 000 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгч О.Ё болж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 10 сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж авсан болохыг түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авахдаа мэдлээ. Нэхэмжлэгч О.Ё нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа талаар ярьж тохиролцоод 2012 оны 03 сарын 16-ны өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн манай нөхөрт албан ёсоор хүлээлгэн өгч, нөхөр минь орон байрны асуудал шийдэгдлээ энэ компанидаа сайн ажиллана гээд баяр хөөр болж байрандаа орж өнөөдөр хүртэл хүү бид хоёр амьдарч байна. Миний нөхөр Ж.А нь нэхэмжлэгч О.Ё гийн өөрийнх нь Х ХХК-д 2007 оны 06 сарын 04-ний өдрийн 0/00 тушаалаар харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 сарын 19-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа бусдад зодуулж нас барсан ба нөхрийн минь компанийн захирал намайг танихгүй гэж шүүхэд худал мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд хэрэг гарсан болон хэргийг цагдаа, шүүхээр шийдвэрлэх үед О.Ё захирал манайд ирж бидэнтэй уулзаж байсан. Манай нөхөр Х ХХК-д харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар ажиллаж байхдаа 2011 онд ажил мэргэжлээрээ шалгарч компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон өдөр буюу 12 сарын 20-ны өдөр Тэргүүний ажилтан болж, цол тэмдэг, энэхүү орон сууцаар шагнагдсаныг О.Ё захирал өөрөө гардуулж өгсөн. Нөхөр минь 2013 оны 11 сарын 22-ны өдөр нас барсан өдрөөс хойш өнөөдөр хүртэл О.Ё гэдэг хүнийг би хараагүй, огт уулзаагүй. Байр чөлөөлж өгөх талаар хэзээ, хаана ярьсан, би өөдөөс нь зовлон тооцдог байсан талаар огт үндэслэлгүй худал мэдүүлсэн байна. 2012 оны 03 сарын 16-ны өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн шагнасан байрыг манай нөхөрт өөрөө албан ёсоор хүлээлгэн өгч бид тухайн үед байранд амьдарснаас хойш өнөөдөр хүртэл байраа чөлөөлүүлж авах талаар уулзаагүй, хэлж яриагүй атлаа ...өөр нүүх газар байхгүй тул чөлөөлөх боломжгүй талаар хэлэх болсон... гэж гүтгэлгийн шинжтэй худал мэдүүлж байгааг шүүх анхаарна уу. Иймд О.Ё гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: О.Ё нь Х ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2012 оны 03 сарын 16-ны өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгснөөр000 тоот 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус хамгаалалтын ээлжийн ахлах Ж.А ын эхнэр хүүгийн хамт эзэмших болж, тэр цагаас өнөөдрийг хүртэл хүүгийнхээ хамт амьдарч байна. О.Ё нь 2013 оны 11 сарын 19-ний өдөр нөхөр минь нас барж уй гашуудалтай байх үед уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээ гараагүй байгаа, гарахаар нь чиний нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө гэж ярьсан. Энэ тухай асуудал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр яригдаж улмаар 432 тоот шийтгэх тогтоолын 2-р талд ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц бидний амьдарч байгаа байрыг талийгаачид шагналаар өгсөн байр... гэх мэдүүлэг авагдсан байдаг. Мөн хамт ажиллаж байсан Б.Г , Б.Э нар гэрчилдэг ба 2012 оноос хойш 9 жил тус байрны ашиглалтын зардал, төлбөр тооцоо хийж амьдарч байсан нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлдээ намайг хууль бусаар уг байранд амьдарч байгаа талаар илтэд худал гүтгэсэн байна. Иймд 000 тоот 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг О.Ё д даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.000 тоот 2 өрөө орон сууц нь миний хууль ёсны өмч юм. Анх О.Ё нь 2011 оны 10 сарын 07-ны өдөр уг орон сууцыг 81,018,000 төгрөгөөр Х ХХК-аар захиалан бариулахаар тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Ийнхүү төлбөрийн асуудлаа дуусгаад 2012 оны 10 сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байдаг. Тухайн үед буюу 2013 онд манай Х ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан хариуцагчийн нөхөр талийгаач Ж.А ыг эхнэрээсээ салсан гээд ажлын байранд хонож буй нөхцөл байдлыг ойлгож, өөрийн өмчлөлийн орон сууцанд түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн болно. Миний хувьд Ж.А нас барсан учир түүний ар гэрт нь хүнд байгаа байх гэж бодон Г.Ц аас байр чөлөөлж өгөх талаар идэвхтэй хөөцөлдөж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөх талаар ярьж байгаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц ыг 000 тоот хаягт байршилтай 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, хариуцагч Г.Ц ын нэхэмжлэгч О.Ё д холбогдуулан гаргасан 000 тоот хаягт байршилтай 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,950 төгрөгийн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, улсын төсвөөс нэхэмжлэгчийн илүү төлсөн 657,750 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.Ё д буцаан олгосон.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
а. Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2009 оны 17 дугаар тогтоолын 3.1-д Энэ зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно гэж тайлбарласан. Иймээс нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшилд байгаа гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өмчлөгчийн өмчлөх эрх ямар байдлаар хэзээ хэрхэн зөрчигдсөн, өмчлөгч эзэмших эрхээ алдсан байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
б. Хэрэгт авагдсан ашиглалтын зардал, төлбөр тооцоо хийж байсан баримтууд нь нэхэмжлэгчийг 10-аад жил ямар нэгэн байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй асуудал болон Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасан шаардах эрхэд хамаарах асуудалд шүүх үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүх дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй.
в. Хэрэгт авагдсан 2012 оны 03 сарын 16-ны өдрийн Байр хүлээлцэх акт-ыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт бөгөөд актад хүлээн авсан нь талийгаач Ж.А ын гарын үсэг зурагдсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн билээ. Гэтэл шүүх хэрэгт авагдсан талуудын шүүхэд ирүүлсэн 2012 оны 03 сарын 16-ны өдрийн Байр хүлээлцэх акт-д хүлээн авсан хүний талаар тодорхойлоогүй, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай талаас нь дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Х ХХК-аас өөрт нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа бол яагаад өнөөдөр хүртэл тухайн актыг хариуцагчаас нэхэж авахгүй олон жил болсон талаарх үйл баримтаа нотлоогүй нь хариуцагчийн нөхөр талийгаач Ж.А д орон сууцыг шилжүүлсэн болохыг нотолж байна.
г. Шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримт болох 2012 оны 03 сарын 16-ны өдрийн Байр хүлээлцэх акт-ыг зөв үнэлж чадаагүй, хуулийн дагуу хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
д. Шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2009 оны 17 дугаар тогтоолын 3.2-т Мөн зүйлийн 90.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийн хугацааг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан тусгай хугацаа гэж ойлгох ба энэ хугацааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагад мөн адил хамаарна гэжээ. Нэхэмжлэгч О.Ё нь 2012 оны 03 сарын 16-ны өдөр маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн нөхөр Ж.А д хүлээлгэн өгч өнөөдөр хүртэл 10 жил түүний гэр бүлийн эзэмшилд байгаа нь хэрэгт авагдсан ашиглалтын зардал, холбогдох төлбөр тооцооны баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийг нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацаа гэж үзнэ.
е. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2012 оны 03 сарын 16-ны өдөр Х ХХК-ийн 000 тоотыг иргэн О.Ё хүлээлгэн өгөх Байр хүлээлцэх акт үйлдэгдэлж, тухайн орон сууцыг хүлээн авсан хариуцагчийн нөхөр Ж.А, хүлээлгэн өгсөн М.Энхбат нар гарын үсэг зурж байрыг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч уг байрыг Ж.А д хүлээлгэж өгснөөс хойш 7 сар 1 хоногийн дараа буюу 2012 оны 10 сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгүүлж, тухайн өдрөө 000000000 тоот гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Хариуцагчийн нөхөр Ж.А нь 2013 оны 11 сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа бусдын гарт амь насаа алдах үед ажлын газрынх нь дарга О.Ё эрүүгийн хэргээ шийдүүлэхэд анхаараад, байрны ордер бичиг баримт гараагүй байна, чиний нэр дээр гаргуулж өгнө хүлээж бай гэж хариуцагчид хэлсэн тул орон байрны асуудал шийдэж өгч байхад ганц хүүхдийн тэтгэмж, тусламжийн асуудлаар компанийг татах асуудлыг эрүүгийн хэрэгт хамтруулан шийдвэрлүүлээгүй орхигдуулсан байдаг. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа атлаа гүтгэсэн тайлбар гаргасан, байрыг шилжүүлэх үедээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан тухайгаа огт хэлж мэдэгдээгүй, энэ баримтыг шүүхэд хариуцагчаар татагдах үед олж мэдсэн. Шүүхэд үнэн зөв мэдүүлэхгүй байхад шүүх зөвхөн түүний тайлбар, 000000000 тоот гэрчилгээг үндэслэн ганц бие эмэгтэйг хүүгийнх нь хамт орон байргүй болгосон шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтуудыг үнэн зөв үнэлж дүгнэн шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хэн болох нь тодорхой байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийг нөхрийг нь шагнаж орон сууц өгсөн гэх агуулгаар тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл, бодит байдалд хариуцагчийн нөхөрт энэ хөрөнгийг бэлэглэсэн, шагнасан, шилжүүлж өгөөгүй. Хэрэгт авагдсан акт нь тухайн хөрөнгийг бэлэглэсэн, шилжүүлсэн баримт биш юм. Хэрэв хариуцагчийн нөхөрт нэхэмжлэгч орон сууц өгсөн юм бол хүлээлгэж өгсөн этгээд нь О.Ё байх ёстой. Нэхэмжлэгч нь тухайн үед ажилтныхаа хүүхдийг бага настай учраас өөрийн орон сууцанд амьдруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нь бүртгүүлснээр үүсдэг бөгөөд маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч сайхан сэтгэл гаргаснаар хөрөнгөө алдах байдалд хүрч болохгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 9 жил өөрийн орон сууцанд амьдруулсан боловч өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч О.Ё нь хариуцагч Г.Ц т холбогдуулан 000 тоот 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /1хх 1, 15-16, 114, 2хх 26/
3. Хэрэгт авагдсан 2011 оны 10 сарын 07-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ /1хх 49-50/, Х ХХК-ийн 2012 оны 05 сарын 14-ний өдрийн 0000/00 тоот Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газар-т хаягласан албан бичиг /1хх 52/, 2012 оны 10 сарын 17-ны өдрийн 000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 4/ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч О.Ё нь маргаан бүхий орон сууцыг Х ХХК-аас 81,018,000 төгрөгөөр худалдан авч, түүний үнэ болох 81,018,000 төгрөгийг төлж, улмаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ё нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг олж авсан байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ...хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгчийн буюу өмчлөгчийн шаардах эрхийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Хариуцагч Г.Ц нь ...Х ХХК-ийн захирал О.Ё нь байгууллагын 2011 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр түүний нөхөр болох харуул хамгаалалтын албаны ахлах Ж.А ыг 2 өрөө байраар шагнасан. Уг нөхцөл байдал нь 2012 оны 03 сарын 16-ны өдрийн Байр хүлээлцэх акт, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар талд түүний өгсөн мэдүүлэг, хариуцагч нь тус орон сууцанд 9 жил гаруй хугацаанд амьдарч, ашиглалтын зардлыг төлж байсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдоно. Энэ талаар түүний нөхөртэй хамт ажилладаг байсан Б.Г , Б.Э нар гэрчилнэ... гэсэн үндэслэл заан өөрийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.
5. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. Үүнд:
5.а. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч О.Ё нь хариуцагч Г.Ц болон түүний нөхөр Ж.А д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, шилжүүлэхээр амласан гэх үйл баримт нотлогдохгүй байна.
5.б. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заажээ.
Хэргийн 22 дугаар талд авагдсан 2012 оны 03 сарын 16-ны өдрийн Байр хүлээлцэх акт гэсэн баримтад ...Х ХХК-ийн 000 тоотыг иргэн О.Ё хүлээлгэн өглөө... гэж дурдсаныг хуулийн дээрх зохицуулалтын дагуу тайлбарлавал маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг О.Ё гаас Ж.А д шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.
5.в. Хэргийн 23-25 дугаар талд авагдсан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 432 дугаар шийтгэл тогтоолын 2 дугаар талд ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач ажил үүргийн шаардлага тавьж байхад түүнийг нь Гомбосүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс энэ асуудал үүссэн. Ар гэрийн маань амьдрал маш хэцүү байгаа. Тийм байхад нэг ч удаа ар гэрээс нь эргэж ирээгүй. Бидний амьдарч байгаа байр талийгаачид шагналаар өгсөн байр байсан... гэж дурдсан нь орон сууцыг өмчлөх эрх үүсгэхгүй.
Учир нь дээрх тайлбар нь нэхэмжлэгч буюу өмчлөгч О.Ё гийн тайлбар бус харин хариуцагч Г.Ц ын өөрийнх нь тайлбар байна.
5.г. Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Б.Э нь ...Тэр талаар нарийн мэдэхгүй байна. 1,000,000 төгрөгөөр шагнагдсан. Ажлаас гарахдаа байраа өгөөд гарсан асуудал байгаа. Би өөрөө 2018 онд ажлаас гарахдаа байраа өгсөн. Миний хувьд байр засварт өгсөн байсан болохоор компаниас өгсөн түр байранд 3 жил амьдарсан. 2018 онд ажлаас гарахдаа буцааж өгөөд гарсан... гэсэн мэдүүлгийг, гэрч Б.Г нь ...Байр өгсөн гээд байгаа шинэ жилийн үеэр би байгаагүй. Манайхаас 4-5 залуу албан тушаалын байранд амьдарч байсан. Би нарны хороололд ажиллаж байх хугацаандаа тэндээ байранд амьдарч байсан. Ажлаас гарахдаа байраа хүлээлгэж өгөөд гарсан... гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд /2хх 38, 38-арын нүүр/ тэмдэглэгджээ.
Гэрч нарын мэдүүлгээр шинэ жилийн арга хэмжээний үеэр Ж.А ыг байраар шагнасан гэх хариуцагч талын тайлбар нотлогдоогүйгээс гадна ажиллагсад Х ХХК-д ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байранд амьдарч, ажлаас гарахдаа тухайн байрыг хүлээлгэн өгдөг байсан үйл баримт тогтоогдож байна.
5.д. Хариуцагч Г.Ц нь маргаан бүхий орон сууцанд 2012 оноос хойш амьдарч, үүнтэй холбоотой ашиглалтын зардлыг төлж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон боловч энэхүү үйл баримт нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг түүнд олгохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
6. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх арван жилийн ерөнхий хугацаа үйлчилнэ. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алины хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
7. Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.НЯМБАЗАР