Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 795

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд тус баарны хамгаалагч ажилтай иргэн Ц.Гын тавьсан шаардлагыг үл биелүүлэн маргалдаж улмаар Ц.Гын хацрыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 1.350.000 төгрөг төлж хохиролыг барагдуулсан. Хохирогчтойгоо сайн дураараа эвлэрсэн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой ажил дээрээ такс дээр үүрэг гүйцэтгэж байх үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн орж ирээд эмэгтэйчүүд такстай эрэгтэйчүүд такстай мөнгөө төлөөд ав гэхэд над руу салаавч гаргаад би таксгүй ордог араас орж ирээд таксаа ав гэсэн. Би тэгээд таныг оруулах боломжгүй байна гэхэд би заавал орно чамайг ална, буудна, хутгална гээд байсан. Тэгээд манай хамгаалагч бид нар үүд рүү гаргасан чинь тэр залуу цүнхнээсээ хутга гаргаж ирээд санаатайгаар миний зүүн хацар зүссэн...уг залуу намайг ална гээд над руу хутга барьж дайрсан. /хх-ийн 5/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Ш.Хаш-Отгонтөгс мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр Баянгол дүүргийн Стелла бааранд Э, би Номин-эрдэнэ нарын хамт 22 цаг өнгөрч байхад орсон. Баар руу ороход үүдэнд нь такс нэхсэн бид нар бэлэн мөнгө байхгүй ороод тооцоон дээрээ нэмж  таксны мөнгө өгнө гэхэд хамгаалагч нь маргалдаад хэл амаар доромжлоод заавал бэлэн мөнгө авна гэхэд нь  маргалдсан. Э тэр хамгаалагчтай маргалдсан. Би хамгаалагчийг боль бид нар мөнгөө өгнө шүү дээ гэж хэлсэн...Э хамгаалагчтай маргалдаад зодож цохисныг би  хараагүй, цаана нь баарны такс тасалдаг эмэгтэй хүн яриад зогсож байсан. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 сарын 15-ны орой 18 цагийн үед Э, Хаш-Отгонтөгс, Амараа ах гурав манай гэрийн гадаа ирсэн. Бид Алтай хотхоны паабад бид дөрөв хоол идэж 2 шил архи авсан. Тухайн өдөр би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Алтай хотхоноос 22 цагийн үед гараад Стелла баар руу орох гээд явсан. Бааранд Э, Хаш-Отгонтөгс бид гурав орсон. Бид гуравыг бааранд орох гэхэд такс нэхээд бид гуравт бэлэн мөнгө байхгүй байсан болохоор картаар тооцоо хийхээр нэмж өгнө гээд удаа дараа гуйж хэлсэн. Таксны мөнгө хурааж байсан хамгаалагчид эхлээд ёс зүйтэй харьцаж хэлсэн чинь уурлаж энэ яасан олон юм ярьдаг хүн бэ гаргаад хаячихъя гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би хамгаалагчдад хандаад чи эрүүл байгаа хүн энэ хүмүүс согтуу байгаа чи учир зүйгээ олчих гээд гуйсан чинь тэр хамгаалагч харьцаа муутай доромжлоод байсан. Тэгээд Энх-Эрдэнийг шууд татаад хаалгаар чирэх шахуу гаргасан тэгээд Э уурласан. Тэгээд Э эргэж хараад гэнэт юм болоод юу болчихвоо гээд би гайхсан. Тэгтэл хамгаалагчийн хацар нь жижиг зүсэгдсэн байсан. Тухайн асуудал хамгаалагчийн буруу байсан хүнтэй зөв харьцаагүй, би эрүүл байсан болохоор бүгдийг мэдэж байна. Согтуу хүн уурлах байтугай эрүүл хүн уурлахаар тийм муухай харьцаатай хамгаалагч байсан. Э баар руу ороод хамгаалагч руу уурлаад араас нь хөөсөн. Тэр үед цохиж зодсон зүйл болоогүй. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар А.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би 2 найзын хамт жоохон ууж байгаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд орсон. Надаас таксны мөнгө  авна гэхээр нь би  тооцоон дээр нэмээд хамт хийгээд гарч байсан юм. Ах нь өмнө нь тэгж тооцоо хийж байсан гэхэд хамгаалагч нь над руу томроод тийм юм байхгүй гэхээр нь би ах нь картаа уншуулна тооцоон дээрээ л төлчихнө гэхэд тийм юм байхгүй гээд тэгээд би уурлаад бид хоёр хэрэлдээд намайг баарнаас гаргах гэхэд нь би хутганы арын хэсгээр хамгаалагч залуугийн хацрыг зүссэн байсан. /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10071 дугаартай дүгнэлтэд: Ц.Гын биед зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 24/ гэжээ.

 

Шүүгдэгч А.Энх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 48/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31/, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 529 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 40/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд тус баарны хамгаалагч ажилтай иргэн Ц.Гын тавьсан шаардлагыг үл биелүүлэн маргалдаж улмаар Ц.Гын хацрыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Гын”...тэр залуу цүнхнээсээ хутга гаргаж ирээд санаатайгаар миний зүүн хацар зүссэн...” /хх-ийн 5/, гэрч Ш.Хаш-Отгонтөгсийн “...хамгаалагч нь маргалдаад хэл амаар доромжлоод заавал бэлэн мөнгө авна гэхэд маргалдсан. Э тэр хамгаалагчтай маргалдсан...”/хх-ийн 20/,

гэрч Г.Номин-Эрдэнийн”...Э эргэж хараад гэнэт юм болоод юу болчихвоо гээд би гайхсан. Тэгтэл хамгаалагчийн хацар нь жижиг зүсэгдсэн байсан...” /хх-ийн 21/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10071 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр А.Энх-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би уурлаад бид хоёр хэрэлдээд намайг баарнаас гаргах гэхэд нь би хутганы арын хэсгээр хамгаалагч залуугийн хацрыг зүссэн байсан. /хх-ийн 51/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч А.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хохиролын төлбөрт 1.350.000 төгрөг авсан, иймд хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр  торгох саналыг А.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга, 1 ширхэг СД хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.