| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2018/01139/И |
| Дугаар | 210/МА2022/01085 |
| Огноо | 2022-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/01085
Г.Н ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б д холбогдох, 000 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 000 м.кв газрыг Г.Н ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэх шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н , түүний өмгөөлөгч Э.А, гуравдагч этгээд Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Г.Н миний бие 2013 оны 08 сард Д.Б тай танилцан түүний хэлснээр000 тоот хаягт байрлах 436 м.кв түүний өмчлөлийн газраас 120 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Д.Б нь уг газраа банкны барьцаанд байгаа 2016 оны 02 сард барьцаанаас гарна, барьцаанаас гарахаар нэрийг нь шилжүүлж өгнө гэсэн. 2015 оны 07 сарын 27-ны өдөр тохиролцол гэсэн бичиг хийж хоёр тал гарын үсэг зурсан. Би настай хүн болохоор итгээд л хүлээгээд байсан. Одоо болохоор би мэдэхгүй, охин Б.Б мэднэ гээд газрыг нэр дээр шилжүүлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд 000 тоот хаягт байршилтай 106 м.кв газрыг Г.Н миний өмч болохыг тогтоож өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Г.Н нь манай хашааны урд талын хэсэгт байсан 4х6 м.кв харьцаатай буюу 24 м.кв амбаарын орчмын 40 м.кв газрыг худалдаж авахаар амаар тохиролцож амбаарыг буулгуулж уг газар нүүж ирж буусан. Гэтэл одоо 120 м.кв газрыг авна гэж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Бид ийм хэмжээний газар худалдана гэж хэзээ ч тохиролцоогүй. Үүний дээр Г.Н нь 2 удаа газрыг ихэсгэж бичсэн Тохиролцоо гэсэн бичгийг өөрөө төлөвлөн бичиж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайлбал 2015 оны 05 сарын 27-ны өдөр 120 м.кв гэж бичиж ирснийг би зөвшөөрөхгүй, анх 40 м.кв газар өгнө гэж тохиролцсон учраас энэ хэмжээг л зөвшөөрнө гэж цэнхэр балаар засч бичиж гарын үсэг зурснаа санаж байна. Ер нь Г.Н намайг архи уудгийг далимдуулж согтуурсан байх болон миний хүүхдүүдийг эзгүй байх үед бүх яриа тохиролцоог хийж гарын үсэг зуруулж байсан нь үнэн билээ. Би уг газрыг Г.Н д шилжүүлж өгөхдөө газрын хамтран өмчлөгч охин Б.Б , Б.Т нарт хэлээгүй. Сүүлд тэд нар мэдээд уг газрыг худалдахыг зөвшөөрөхгүй, наймаагаа буцаа гэж надаас байнга шаардаж байгаа болно. Би өөрийн хүүхдүүдийн хамтран өмчилж байгаа газрыг тэдний зөвшөөрлийг авалгүй бусдад худалдах хууль бус хэлцэл хийж байсан гэм буруугаа хүүхдүүдийнхээ өмнө хүлээж байна. Г.Н нь анхны тохиролцсон газрын хэмжээнээс илүү газрыг авахаар нэхэмжлэл гаргасан, дур мэдэн илүү хэмжээ бүхий кадастрын зураглал хийлгэж, нэхэмжлэлийнхээ нотлох баримт болгож хууль бус баримтыг шүүхэд өгсөн байх тул хууль бус хэлцэл хийсэн болохыг тогтоож, Г.Н ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хэлцлийг хууль бус болохыг тооцохтой холбогдуулан Г.Н ээс хүлээж авсан 5,000,000 төгрөгийг буцаан төлөхөд бэлэн.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Манай гэр бүлийнхэн одоогийн амьдарч байгаа хашааны 436,11 кв газартаа 2000 оноос хойш амьдарч байгаа бөгөөд зохих хууль журмын дагуу гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ авч, уг гэрчилгээнд өөрийн төрсөн хүүхдүүд болон Б.Т, Б.Б нарын хамт хамтран эзэмшигчид болохыг баталгаажуулсан тул энэ газар гэр бүлийнхний дундын өмчийн газар юм. Хүү Б.Түмэнбаяр, охин Б.Б нар хэдийгээр нас биед хүрч, гэр бүлтэй болж, өрх тусгаарласан боловч, гэр бүлийн газрын хамтын өмчлөгч хэвээрээ байгаа. Охин Б.Б нь одоо ч энэ газартаа барьсан амины байшиндаа амьдарч байгаа. Нэхэмжлэгч Г.Н , Д.Б нар тохиролцол" гэх бичиг хийсэн байна. Б.Т болон Б.Б нар ааваасаа тусдаа амьдардаг болсноос хойш Г.Н нь Д.Б ын ганцаараа амьдардаг, архи уудаг байдлыг далимдуулж, анх 2013 онд худалдаж авахаар тохиролцсон ба уг тохиролцсон газрынхаа хэмжээг дахин нэмж бичсэн бичгүүдийг өөрөө үйлдэж, ааваар гарын үсэг зуруулсан, эсхүл согтуу байх үед ааваар бичүүлж авах, өөрөө дураараа кадастрын зураг хийлгэх, зориудаар архи уулгаж элдэв заль мэх хэрэглэж хүүхдүүд бидэнд мэдэгдэлгүйгээр баримт бүдүүлсэн байна. Сүүлийн үед аавын бие архи даахаа больж эмчлүүлэхээс аргагүй болсон тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж эмчлүүлсэн. Уг эмнэлэгт аавыг "архины архаг донтолт" гэсэн оношоор эмчилсэн. 2016 оны 11 сарын 29-ний өдөр архины гүн хордолгонд орж 10 гаруй хоног гэртээ хэвтэж эмчлүүлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл архи уугаагүй 1 жил гаран болж байгаа. Б.Т , Б.Б бид хамтран өмчилж байгаа газраас худалдах талаар Г.Н тэй уулзаж хэлэлцэж байгаагүй, амаар болон бичгээр ямар нэгэн, зөвшөөрөл, гэрээ бичиг огт хийгээгүй. Харин бид аавыг түүнд газар зарсныг мэдсэнээс хойш уг наймаагаа буцаахыг байнга шаардаж ирсэн. Бид "газар чөлөөлж, хашаанаас нүү гэж шаардахад Г.Н ийн зүгээс аавтай чинь тохиролцсон, аавтай чинь харьцана та нарт хамаагүй, би мөнгөө төлсөн болохоор одоо энэ миний газар , нүүхгүй гэж бөөн хэрүүл маргаан болдог. 2014 оны 01 сарын 02-ны өдөр "Барга-Уул" ХХК-аар кадастрын зураг хийлгэж, эргэлтийн цэгийг тогтоолгохдоо аав Д.Б болон хамтран өмчлөгч бидний хэнийг ч байлцуулаагүй.
Б.Б нь 2012 оны 06 сарын 27-ны өдөр Хаан банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч, Д.Б нь уг зээлийн хамтран зээлдэгчээр оролцсон. Үүнээс хойш хэд хэдэн зээл авахад Д.Б нь зөвхөн барьцаалагч хэлбэрээр оролцож ирсэн. Бид газраа Г.Н д худалдахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тохиролцох гэх бичиг болон кадастрын зураг зэрэг нь хүчин төгөлдөр бус баримтууд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Г.Н нь Д.Б надтай 2013 онд хийсэн хэлцлийг үндэслэн манай хашаанд нүүж ирснээсээ хойш газрын хэмжээг удаа дараа ихэсгэн тэлж, манай өмчлөлийн газартай давхцуулан хашаа барьсан. Г.Н ийг анх манай хашаанд бууснаас хойш манай хүүхдүүд уг газрыг худалдахыг зөвшөөрөхгүй байсан учраас Г.Н ийг хашаанаас нүүж газар чөлөөлж өгөх шаардлага тавьсан. Г.Н нь миний охин Б.Б , хүү Б.Т нарын газар өмчлөх эрхийг зөрчиж, дураар аашлан уг газрыг хууль бусаар эзэмшин сууж байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2 гудамжны 85а тоотод байгаа 106 м.кв талбайтай газраас албадан чөлөөлж өгнө үү. Газрыг буцаан өгвөл Г.Н ийн өгсөн 5,000,000 төгрөгийг буцаан өгнө.
5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Миний бие хэлцэл хийсэн газраа ч бүрэн аваагүй бөгөөд тус газар иргэн Д.Б , Б.Б нарын өмчлөлийн газартай давхцаагүй, тэдний газраас сунгаж аваагүй болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт хэрэгт байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б д холбогдох иргэний хэрэгт Г.Н ийг 000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 436.11 м.кв газрын 40 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс 66 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б ын нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлээс 000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 436.11 м.кв газрын 66 м.кв газраас нэхэмжлэгч Г.Н ийг албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлээс 40 м.кв газраас Г.Н ийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б аас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д, нэхэмжлэгч Г.Н ээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б д тус тус олгосон.
7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
7.а. Хариуцагч Д.Б нь 5,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин тохиролцол гэх шүүхэд хүргүүлсэн баримтад 120 м.кв талбайг 40 м.кв болгож өөрчилсөн хэмжээгээр маргадаг. Анхан шатны шүүх маргааны гол нотлох баримт болох дээрх нотлох баримтын 120 м.кв талбайг 40 м.кв болгож засварласан хэсэгт ач холбогдол өгөөгүй бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдийн амаар гаргасан тайлбар мэдүүлэгт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
7.б. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Б нь тухайн үед хамтран өмчлөгч байсан Б.Б , Б.Т нарт мэдэгдэх үүрэгтэй болохоос нэхэмжлэгч Г.Н нь мэдэгдэх үүрэггүй юм. Гэсэн хэдий ч Г.Н нь Б.Б д анх утсаар холбогдож мэдэгдэж байсан гэдгийг хэргийн оролцогчид үгүйсгэдэггүй.
7.в. 2013, 2015, 2016 онуудад хийсэн тохиролцол гэх хэлцэл нь газар худалдах, худалдан авах гэрээ биш бөгөөд энэ нь газрын гэрчилгээ банкны барьцаанаас суллагдмагц хуулийн дагуу газар худалдах, худалдан авах гэрээг байгуулах урьдчилсан нөхцөлийг харилцан тохиролцсон хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, зохигчдын дээрх хэлцлүүдэд хуулийн дагуу газар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахад шаардагдах зохих этгээдүүдийн зөвшөөрлийг бичгээр авах шаардлага байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх хэлцлүүдийг газар худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
7.г. Нэхэмжпэгч нь 2013 онд газрын төлбөрөө хариуцагчид төлснөөр маргаж буй газар дээр хашаа хатгаж өнөөдрийг хүртэл амьдрахад хариуцагч, гуравдагч этгээдүүд нь хуулийн дагуу шаардлага гаргаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд үйлдлээрээ дээрх хэлцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдохоор байхад гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж 40 м.кв талбайг дараа нь хүлээн зөвшөөрсөн буюу Иргэний хуулийн 50 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд бичсэн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгийн заалт нь маргааны зүйл болох өмчлөлийн газрыг худалдах хэлцэл, гэрээнд хамаарахгүй заалт юм. Харин газар нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө бөгөөд түүнийг худалдах, худалдан авах гэрээнд хамтран өмчлөгчдийн бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг заавал авсан нөхцөлд гэрээг хүчин төгөлдөрт тооцох онцлог зохицуулалттай. Энэ нөхцөлд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь заалтуудыг мөрдөх зохицуулалттай. Иймд шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн гэж бичсэн гомдол үндэслэлгүй болно. Түүнчлэн, Д.Б ын өмчлөлийн газраас Г.Н 106 м.кв хашаалан амьдарч байгааг тогтоосон шүүхийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Д.Б д үүнээс илүү хэмжээтэй сул газар байхгүй болохыг нотолж байгаа учраас Г. Нарангэрэл 120, 135, 200 м.кв газар худалдаж авсан гэж маргаж, түүнийгээ үндэслэн нотлох баримт болгож шүүхэд гаргаж өгсөн тохиролцол гэх нэртэй бичгүүд бодит байдалтай нийцэхгүй баримтууд болохыг нотолж байна. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардан авах эрхтэй. Г.Н бусдын өмчлөлийн газрын хэмжээг анх тохиролцсноос удаа дараа ихэсгэсэн баримтуудыг бүрдүүлж, дур мэдэн хашаалж, дураараа аашилж Д.Б , Б.Б нарын өмчлөлийн зүйлээ чөлөөтэй ашиглах эрхийг зөрчсөөр ирсэнд гомдолтой байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан болно.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г.Н нь000 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б эс зөвшөөрч,000 м.кв газрыг Г.Н ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Нэхэмжлэгч нь анх 120 м.кв газар-тай холбоотой шаардлага гаргасан боловч шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шүүх хуралдааны явцад 106 м.кв газар-ын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн болно.
Гуравдагч этгээд Б.Б нь хариуцагч Д.Б ын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар 000 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 436.11 м.кв газрын өмчлөгчөөр Д.Б , Б.Т , Б.Т нар анх бүртгэгдэж /1хх 92/, 2012 оны 06 сарын 26-ны өдөр Б.Т хасагдаж, Б.Б хамтран өмчлөгчөөр нэмэгдэж /1хх 98, 101/, улмаар 2017 оны 08 сарын 01-ний өдөр Б.Т хасагдсан үйл баримт тус тус тогтоогдсон. /1хх 145, 147/
000 тоотын хаягжилт 2017 оны 08 сард өөрчлөгдөж 85а тоот болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. 1-р хавтаст хэргийн 5-р талд Д.Б , Г.Н нарын 2015 оны 07 сарын 27-ны өдөр үйлдэж, гарын үсэг зурсан Тохиролцол гэх баримт авагдсан. Уг баримтад ...Д ийн Б миний бие 2013 оны 08 сард Г ын Н д өөрийн мэдлийн ... 120 м/кв газрыг хүүхэд Б болон Т нартай ярилцан 5,000,000 төгрөгөөр ... худалдсан нь үнэн... гэж дурдсаныг Иргэний хуулийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал, талууд 2013 оны 08 сард 120 м.кв талбай бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, газар өмчлөгч Д.Б нь хамтран өмчлөгч Б.Б , Б.Т нартай ярилцаж, зөвшөөрөл авсан болох нь тогтоогдож байна.
Дээрх баримтыг Д.Б нь согтуу үедээ үйлдсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.
Хариуцагч талаас Д.Б , Г.Н нарын 2015 оны 07 сарын 27-ны өдөр үйлдсэн Тохиролцол гэх баримттай адил агуулга бүхий бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба уг баримтад 120 м/кв гэснийг хар өнгийн балаар 40 м/кв гэж зассаныг талуудын тохиролцоо гэж үзэх боломжгүй. Учир нь уг баримт нь 1-р хавтаст хэргийн 5-р талд авагдсан баримтаар няцаагдаж байна. /1хх 23, 5/
5. Д.Б , Г.Н нар 120 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар 2013 оны 08 сард амаар, 2015 оны 07 сард бичгээр тохиролцох үед газрын хамтран өмчлөгчөөр Б.Т , Б.Б нар бүртэлтэй байсан боловч ...хамтран өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:
5.а. 2015 оны 07 сарын 27-ны өдөр үйлдсэн Тохиролцол гэх баримтад ...Б болон Т нартай ярилцан 5,000,000 төгрөгөөр ... худалдсан нь үнэн... гэж бичигдсэн;
5.б. Нэхэмжлэгч Г.Бурмаа нь Д.Б тай байгуулсан хэлцлийн дагуу 2013 онд маргаан бүхий газар ирж бууж, амьдарсан, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг хүлээн авсан;
5.в. Хэлцлээр тохиролцсон газрыг хашаалж байхад нь хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс таслан зогсоогоогүй үйл баримт тус тус тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар ...гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж..., 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ...хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж... хийсэн буюу бодит үйлдлээр хийгдсэн хэлцэлд хамаарч байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа хариуцагч, гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн газар дээр бууж, хашаа барихыг нь зөвшөөрсөн байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар хийсэнд тооцох үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч Г.Н нь маргаан бүхий газрыг Д.Б тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.
7. Шүүхээс шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 0/000 тоот Шинжээчийн дүгнэлт-ээр Г.Н ийн хашаалсан газар нь 156 м.кв, үүнээс 106 м.кв нь Д.Б , Б.Б нарын өмчлөлийн газартай давхцаж байгаа болох нь тогтоогдсон. /2хх 34-40/
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Н ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Б ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г.Н ийн нэхэмжлэлтэй, Д.Б д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Н ийг 000 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосугай гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н д холбогдох,000 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай, Д.Б ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.НЯМБАЗАР