Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2026/00301

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2026/00301

Архангай аймаг

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймаг, Э сум, 2 дугаар багт оршин суух Ц.Б-гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: С.Д-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Б,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь С.Д-тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Ц.Б миний бие нь С.Д-тай 2015 онд танилцаж, улмаар дотноссон. Бидний дундаас 2021 оны 06 сарын 04-ний өдөр хүү Б овогтой Б төрсөн. Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй. Бид хүүг төрөхөөс өмнө А аймгийн Э сумын 2 дугаар баг, Абайнга хамтран амьдарч байсан бөгөөд нөхөр С.Д нь 2025 оны  05 сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Одоо би өөрийн хүүгийн хамт амьдарч байгаа бөгөөд нөхрийг нас барахаас өмнө биднийг хамтын амьдралтай байсныг миний нөхрийн ах дүү хамаатан садан бүгд мэднэ. Одоо миний бие 2021 оны 06 сарын 04-ний өдөр төрсөн 4 настай хүү Б.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй, хүү минь эх надаар овоглодог учраас шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох боломжгүй гэсэн учраас шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох шаардлага үүсээд байна. Иймд Х  овогт Ц-ийн Б намайг Д овогт С-ийн Д-тай 2019 оны 08 сараас 2025 оны 05 сарын 15-ны өдрийн хүртэл А аймгийн Э сумын 00 дугаар багт хамтын амьдралтай байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бид 2019 онд танилцсан, 2019 онд хүүхэдтэй болсон. Хүүхдээ өөрөөрөө овоглохгүй гээд би өөрөөрөө овоглож байсан. намайг төрөх гээд 2021 онд эмнэлэгт байхад бүх зүйлийг авч өгч байсан, Сэлэнгэ рүү ажлаар явж би төрөөд хүүтэй болсон талаар хэлж байсан, эргэж ирээд хүүтэй боллоо гээд баярлаж байсан. 2022 онд Цагдаагийн газрын тэнд байр баригдахад хамтдаа захиалга өгье гэж байхад жаахан дургүй байсан юм шиг байгаа, хамт амьдарч байхдаа надад гар хүрч хүчирхийлэл үйлддэг байсан, удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан, баримт гарч ирээгүйг гайхаж байна” гэв.

 

3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хүсэлт гаргагч хүсэлтээ тодорхойлохдоо 2015 онд танилцаж, 2019 онд дотносож, хамт амьдарсан гэж тодорхойлдог. С.Д-тай хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байна. Ц.Б хүүхэддээ тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох шаардлага үүсч, хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон. Хуульд заасны дагуу хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэрч Н.Цэдэндоржийн мэдүүлэг хамт амьдарч байсныг шууд нотлох баримт биш, няцаасан баримт биш гэж үзэж байна. иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Ар-Мөнгөн чагнуур ӨЭМТөвийн 2025 оны 09 сарын 15-ны өдрийн “А аймгийн Э сумын 2 дугаар багийн иргэн Б овогтой Б нь хүү, 2021 оны 06 сарын 04-нд 4000 кг жинтэй төрсөн ба одоо эрүүл өсөн бойжиж, дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

- А аймгийн Э сумын Хүүхдийн 00 дүгээр цэцэрлэгийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Б овогтой Б нь тус цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

- Дэлгэрэх овогтой Сумьяагийн Даваадагвын нас барсны гэрчилгээний хуулбар,

-Ц-ийн Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Х овогт Б-гийн Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Х овогт Ц-ийн Б-гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- 2023 оны 06 сарын 01-нд гэх тайлбар бүхий гэрэл зураг 1 ширхэг,

- 2024 оны 5 сар гэж бичсэн тайлбар бүхий гэрэл зураг 1 ширхэг,

 - 2024 оны 7 сар гэж бичсэн тайлбар бүхий гэрэл зураг 2 ширхэг,

- 2 ширхэг гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

                 4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

                 - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 сарын 16-ны өдрийн ЕГ0326/530 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн С.Д, Ц.Б, Б.Б нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. С.Д нь Б.Б-ийн биологийн эцэг байх боломжгүй, биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 00.00% байна.” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийн №ЕГ0326/530-ын зурган үзүүлэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн сорилын дүн,

                 - Гэрч Д.Д-ийн шүүхэд өгсөн “Б нь манай гэр бүлийн хүнтэй найз, бид багаасаа найзалж байгаа юм.  2015 оноос хойш 2025 он хүртэл Д, Б нар нь хамт амьдарсан. Бид нар өөр өөрсдийн гэр орноороо орж гардаг, дотно байдаг. Д, Б  нар нь хамт А аймгийн Э сумын 2 дугаар баг, А гэрт амьдарч байсан, хашааны тоотыг сайн санахгүй мэдэхгүй байна. Тухайн үед Б нь өөрийн нэг хүү, Д, Д, Б нараас гарсан нэг хүүгийн хамт дөрвүүлээ амьдарч байсан. Б Д-тай нийлэхээс өмнө аав, ахтайгаа хамт амьдарч байсан. Б нь аавын хамт амьдарч байхдаа Д-тай үерхэж байгаа гээд яриад байдаг байсан, дараа нь аавыгаа өнгөрсний дараа ах нь тусдаа гарч Б нь Д-тай хамт амьдрах болсон. Д Б нараас нэг хүүхэд гарсан, тэр хүүхэд нь цэцэрлэгт явдаг, Б нь А аймгийн Э сумын 3 дугаар арван жилийн сургуульд үйлчлэгч хийдэг, олон жил тус ажлыг хийж байгаа. Д нь говьд ажилладаг гээд 14 хоног ажилдаа явсан гээд амраад ирлээ гээд 14 хоноод эргээд ажилдаа явдаг байсан. Ажлаасаа буугаад ирэх болгондоо Б, Д нар нь хамт манай гэрээр орж гардаг байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.О  шүүхэд өгсөн “....Би 3 дугаар сургуулийн тогоочоор ажиллаж байхдаа Б-тай танилцаж байсан. Б нь намайг ажилд ороход 3 сургуульд үйлчлэгч хийж байсан. Би 2014 онд Б-тай танилцаж байсан. Б нь А аймгийн Э сумын 2 дугаар баг А хашааных нь тоотыг сайн санахгүй байна, байшинд өвөө, ах нарын хамт амьдардаг байсан. Тэр үедээ Б нь Д-тай орж гараад яваад байдаг байсан. Б-гийн гэр манай гэр хоёр ойрхон зайтай буюу манайх А аймгийн Э сумын 2 дугаар баг, Арслан цохионы 11-20 тоотод байсан тэднийх хөндлөн гудамжинд байдаг байсан. Өвөө нь 2019 онд нас барсан санагдаж байна, өвөөгөө нас барсны дараа ч Б нь Д-тай хамт амьдардаг байсан. Д, Б бид нар хамт хоолонд ордог, би тэдний гэрээр орж гардаг, оройтвол гэртээ хүргүүлдэг тийм л дотно байсан учир тэдний хамтын амьдралтай байсныг мэднэ. Б нь 2021 онд хүү Бийг төрүүлсэн, яг хэдэн сард төрснийг нь бол санахгүй байна, ямар ч байсан төрөх гээд эмнэлэгт байхад нь хүртэл эргэж тойрч, яг л нэг гэрийн хүмүүс шиг байдаг байсан. Д нь уурхайд 14 хоног ажлаар яваад 14 хоног амарч ирдэг байсан, яг аль аймаг руу явдаг байсныг нь мэдэхгүй байна, ажилдаа явсан, ажлаасаа ирсэн л гэдэг байсан. Даваадагвыг нас барах хүртэл Б, Б нар хамт амьдарч байсныг би мэднэ...” гэх мэдүүлэг

- Гэрч Ц.Наранхүүгийн шүүхэд өгсөн “...Миний охин Б нь 2008 онд Батхүү гэх хүүг төрүүлж, би Батхүүг өөрийн нэр дээр авч, өсгөсөн. Батхүү нь одоо 18 настай бөгөөд 2018 он хүртэл надтай хамт амьдарч байгаад 2019 оноос хойш ээж Б-тайгаа хамт амьдарч байгаа юм. Б нь бага байхын өвөөтэйгөө хамт амьдардаг байсан бөгөөд 2019 оноос өмнө хүү Батхүү, өвөө Цэрэндорж, миний төрсөн дүү болох Булгантөр нарын хамт А аймгийн Цэцэрлэг сумын төвд амьдарч байсан. 2019 оноос хойш А аймагт шилжиж ирээд 3 дугаар сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа Д-тай танилцаад А аймгийн Э сумын 2 дугаар баг, Арслан цохионы 16-14 тоотод эрэн очин хамт амьдарч байсан.  Д нь тухайн үед 14 хоног ажлаар яваад 14 хоног амарсан гээд яриад явж байдаг байсан. Би У  хотод амьдардаг учир А аймгийн төвд охин дээрээ болон аав дээрээ ирдэг байсан. Аав маань 2021 онд нас барсан, аавыг нас барснаас хойш Б нь тусдаа гэр бариад Д-тай хамт амьдарсан. Б-гийн хүү Б нь 2021 онд төрсөн, одоо 4 настай, ээж ахын хамт А аймгийн Э сумын 2 дугаар баг,  Арслан цохионы 14-12 тоотод амьдардаг. Б нь Даваадагвын хүү бөгөөд тус хаягтаа аав Д, ээж Б нартай хамт Даваадагвыг нас барах хүртэл нэг дороо амьдарсан.  Намайг Улаанбаатар хотоос А аймгийн төвд ирэх тоолонд л Д нь байсан ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Цэдэндоржийн шүүхэд өгсөн: Би А аймгийн Э сумын 2 дугаар баг, Арслан цохионы 15-01 тоотод охиныхоо хүүхдийн хамт амьдардаг. Д нь миний 3 дахь хүү байгаа юм. Д нь нас барах хүртлээ надтай хамт амьдарч байсан. Д нь 2019 онд Сэлэнгэ аймгийн уугуул нэг хүүхэнтэй танилцаж, дотносож байгаа гээд манай гэрээр орж гардаг байсан. Тухайн хүүхнийг нэрийг нь би одоо сайн санахгүй байна. Би 2021 оноос хойш Б гэх хүнийг таних болсон бөгөөд Д-тай ойр  дотно болж байгаа гээд манай гэрээр ганц хоёр удаа орж гарч байсан. Б, Д нар нь хамтран амьдарч байгаагүй.  Д нь надтай үргэлж хамт байсан, ажилдаа явахдаа гэрээсээ явж, ажлаасаа тараад гэртээ ирээд гэртээ буюу манайд байдаг байсан. Хувцас хунар бүх зүйл нь гэртээ байсан. Б гэх хүнтэй хамтран амьдарч байгаагүй. Б-гийн төрүүлсэн гэх хүүхэд нь манай хүүхдийн хүү биш, Б нь өөрийн төрүүлсэн хүүхдээ Д-д чиний хүүхэд биш гэж хэлж байсан” гэсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - А аймгийн Э сумын 2 дугаар багийн Засаг даргаас Ц.Б, С.Д нартай холбогдох 2019-2025 оны хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд уг бүртгэлд

            2022-2025 оны бүртгэл гэх баримтанд А аймгийн Э сумын 2-р баг, Арсланцохионы 000 Б  Н-ын Ц , Д  С-Д гэсэн,

            А аймгийн Э сумын 00-р баг, А 00,  А-н Ц, Б, Х Б Б гэсэн бүртгэлүүд авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Ц.Б-гийн С.Д-тай хамтын амьдралтай байсан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Ц.Б-гийн С.Д-тай хамтын амьдралтай байсан байдал дараах баримтуудаар няцаагдаж, тэдний хамт амьдарч байсан байдал тогтоогдохгүй байна.

          Хүсэлт гаргагч Ц.Б С.Д-тай 2015 онд танилцаж, улмаар бидний дундаас 2021 оны 06 сарын 04-ний өдөр хүү Б.Б төрсөн, бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй, бид хүүг төрөхөөс өмнө болон дараа нь А аймгийн Э сумын 2 дугаар баг, Арсланцохионд хамт амьдарч байсан гэж тайлбарладаг боловч шүүхээс өрхийн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулахад уг өрхийн бүртгэлд Ц.Б хүү Б.Б-ийн хамт амьдардаг талаар бүртгэл авагдсан.  

           Мөн хүсэлт гаргагч бидний дундаас хүү Б.Б төрсөн тул ДНХ шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжилгээ хийлгэсэн боловч С.Д нь Б.Б-ийн биологийн эцэг байх боломжгүй, биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 00.00% байна” гэсэн дүгнэлт гарсан.  

          Мөн хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Ц-оос гэрчийн мэдүүлэг авахад гэрч Н.Ц  “Б, Д нар нь хамтран амьдарч байгаагүй.  Д нь надтай үргэлж хамт байсан, ажилдаа явахдаа гэрээсээ явж, ажлаасаа тараад гэртээ ирээд гэртээ буюу манайд байдаг байсан. Хувцас хунар бүх зүйл нь гэртээ байсан” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн.

 

          Дээрх баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлт няцаагдаж байна гэж үзсэн тул хүсэлт гаргагчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн гэрэл зургууд, түүний хүсэлтээр мэдүүлэг өгсөн Д.О , Ц.Н , Д.Д  нарын мэдүүлэг дээрх байдлыг хангалттай нотолж чадахгүй буюу бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж, үнэлээгүй болно.

 

Иймд хүсэлт гаргагч Х овогт Ц-ийн Б-гийн Д  овогт С-гийн Д-тай 2019 оны 08 сарас 2025 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл А аймгийн Э сумын 00 дугаар багт хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            3. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                  

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Х овогт Ц-ийн Б-гийн Д  овогт С-ийн Д-тай 2019 оны 08 сараас 2025 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл А аймгийн Э сумын 00 дугаар багт хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР