Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Хохирогч: А.Ө,

           Шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805039850823 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо, гаалийн ачиж буулгах цэгийн хашаанд  А.Өтай маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Эын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болсон өдөр Л.Э гэдэг залуу миний эгчийг хэл амаар доромжилсон. Намайг “чөрчийсөн муу бацаан минь, юу вэ” гэж хэлсэн. Эхэн үедээ маргалдаад өнгөрсөн. Дараа нь гаалийн хашааны тэнд үгийн зөрөөгүй шууд намайг цохьсон. Сүүлд нөгөө найз нь над руу дайрсан. Л.Э найзтайгаа нийлж цохисон уу, ганцаараа цохисон уу гэдгийг мэдэхгүй байна. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хохирогч А.Өын  мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачиж буулгах цэг дээр контейнероос өөрийн эгч Анхцэцэгтэй хамт машин буулгаж байсан. Тэгсэн манай контейнерыг буулгадаг хүмүүс нь түрүүлээд буулгасан чинь тэнд байсан хоёр залуу хэл ам хийгээд яасан таньдаг болохоороо түрүүлээд буулгаж байгаа юм уу гэх мэтээр ярьж байгаад манай эгч Анхцэцэгийг хэл амаар балай гичий минь гэх мэтээр хэлсэн. Тэрнээс хойш 20 орчим минутын дараа гаалийн талбай руу орж явахад миний хажууд машинтайгаа нөгөө хоёр залуу ирж зогсоод бууж ирээд намайг үзэх үү гэж хэлээд үгийн зөрөөгүй өндөр махлагдуу залуу нь түрүүлээд намайг зүүн талын нүд хэсэгт цохьсон. Дараа нь миний эрүү рүү цохихоор нь миний ухаан балартаад доошоо суусан. Тэр үед толгой дээрээс хэд хэд цохьсон, хэн нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд шууд машиндаа суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 4/,

Шинжээчийн 9226 тоот дүгнэлтэд: “...А.Өын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар Л.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гаалийн ачаа буулгах хашаанд контейнер ирээд машинууд буулгасан. Маргаан үүсгэсэн залуу манай контейнерт байсан юм. Нэг контейнерт 5 машин ирээд 5 хүн авдаг хүн бүр машинаа авахдаа нэг нэгэндээ туслаад машины дугуй холбодог юм. Тэгээд би хажуу контейнерын хүнийг хамт хийлцээд хурдан дуусгах уу гэхэд нэг эгч над руу  чамд хамаагүй бид өөрсдөө мэдэж байна гээд тэр эгчийн дүү нь над руу дайраад салаавч гаргасан. Бид нар хэрэлдээд машинаа буулгаад эргээд уулзахаар болоод тухайн үед зодоон хийгээгүй салсан. Тэгээд сүүлд машины гаалийн бичиг бүрдүүлээд гарч явахад салаавч гаргасан залуу надтай таарсан. Би тэгэхээр чи уулзана гээд  байсан уу гээд машинаасаа буугаад тэр залуу руу очсон. Тэр залуу намайг цохих шиг болохоор нь би зөрүүлээд нэг цохьсон өөр зүйл болоогүй.Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-н 24/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/ Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо, гаалийн ачиж буулгах цэгийн хашаанд  А.Өтай маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Өын: “...гаалийн талбай руу орж явахад миний хажууд машинтайгаа нөгөө хоёр залуу ирж зогсоод бууж ирээд намайг үзэх үү гэж хэлээд үгийн зөрөөгүй өндөр махлагдуу залуу нь түрүүлээд зүүн талын нүд хэсэгт цохьсон. Дараа нь эрүү рүү цохихоор нь миний ухаан балартаад доошоо суусан. Тэр үед толгой дээрээс хэд хэд цохьсон, хэн нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд шууд машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 4/, шинжээчийн 9226 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э хохирогч А.Өтай маргалдан салж явсаны дараа түүнтэй дахин тааралдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Өын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирол болох 300.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч А.Ө нь тухайн гэмт хэргийн улмаас хагалгаа хийлгэх шаардлагатай зардал 2.290.000 төгрөг, 14 хоногийн ажлын хөлс 450.000 төгрөг, нийт 2.740.000 төгрөг нэхэмжилж байна.

Хохирогч нь хагалгаанд ороход 2.290.000 болох талаарх эмнэлгийн байгууллагын нэхэмжлэхийг гаргаж өгсөн байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй, уг хагалгааны мөнгийг төлсөн талаарх баримт авагдаагүй. Мөн уг хагалгааг хийсний дараа дээрх хэмжээний хохирол, хор уршиг учирах эсэх нь тодорхой бус байх тул дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тул жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж тодорхойлолт гэх баримт гаргаж өгсөн ба уг баримт нь ямар байгууллагад, ямар ажил хийдэг, цалин хөлс нь хэд болох талаар нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул мөн уг хор уршигийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Л.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Л.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 300.000 төгрөг төлсөн болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч А.Ө нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эод хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР