| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00063/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Т.Т
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х, түүний өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Д.Д,
Гэрч Ж.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох эрүүгийн 1822000460044 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ...................................... оршин суух, “Цагдаагийн алдар” тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй гэх, ................... регистрийн дугаартай Халх овогт Н.С.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.С 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугхаар баг Чингийн 3 дугаар гудамжны 2 тоотод байх Л.Жийн дөрвөн ханатай монгол гэрт иргэн Ж.Сийг бүсээр хоолойг нь боож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 1 цаг 25 минутын орчимд Ж.С согтуугаар хамар, амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Бид нар унтаж байсан. Орж ирэхэд нь эгч Ж.С нь наадах чинь хутгатай байна гэхлээр нь би босоод хутгыг нь булааж авах гэсэн. Тухайн үед Ж.С “Гурвансайхан сумын хулгайч нар намайг алах юм гэнэ. Би түрүүлээд нугасанд нь хутга зооно” гэж агсараад газар хутга шаасан. Тэгээд баруун тохойгоороо буюу хутгатай гараараа төрсөн аавынхаа толгой дээр тохойлдож суучихаад “Та нар намайг ядуу гуйлгачин хүнтэй суусан, тэрнээсээ болж ядуу амьдарч байна” гэж хэлдэг гэсэн гээд аавдаа агсам тавьж эхэлсэн. Хадам аав Л.Ж нь “Мөрийг нь мулт цохиод хутгыг нь булаагаад ав” гэж хэлж байсан. Би ноцолдож байгаад гарыг нь ард нь өчөөд хутгыг нь булааж аваад байж байхад хадам аав “Хүлээд хаячих” гэж хэлсэн. Тухайн үед дээлнийх нь бүс нь алдуурсан байсан. Алдуурсан бүсээр нь мөрнийх нь доогуур нэг ороогоод хоёрдохоо ороох гэтэл дээшээ гар нь савчиж ирээд бүсийг нь чангалах хооронд мөрнөөс нь мултраад хоолойд нь татагдсан. Хүзүүнээс нь бүсийг нь мултаж аваад гарыг нь ард нь зөрүүлээд хүлсэн. Нөгөө үзүүрээр нь шилбэний доохнуур хүлээд бөөлжсөндөө хахчих байх гэж бодоод доош нь харуулж хүлсэн. Тэгээд гэрлээ унтраагаад бүгдээрээ унтсан. Өглөө босоод аав наадах чинь үхчихсэн юм уу гэхлээр нь би судсыг нь барьж үзээд зүрхийг нь чагнаж үзсэн. Цохилохгүй болохоор нь “Би хүн алаад шоронд орох ажил хийчих шиг боллоо ” гээд хувцсаа өмсөөд гарч гүйгээд эмнэлэг дуудсан. Манай сумын цагдаа эмнэлгийн урд байдаг болохоор эмнэлгээс шууд гараад цагдаа дээр очиж хэлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ХЗ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр талийгаач 17 цагт орж ирээд ус авч өгөөд 18 цаг өнгөрөөд гэрээсээ гарч явсан. Тэгээд эргэж ирээгүй. Нийт 5823500 төгрөгийг нэхэмжилж байна. 1-9 насны 3 хүүхэдтэй. Нөхөр амьдралаа авч явдаг байсан. Гомдолтой байна гэв.
Гэрч Ж.Цийн “...2018 оны 2 дугаар сарын 5-наас 6-ны өдрийг шилжих шөнө 1 цагийн үед манай дүү Ж.С гаднаас манай аавын гэрт ганцаараа согтуу орж ирсэн. Ж.С гэрийн зүүн талд байх аавын орны хөл дээр очоод аав Л.Жэд агсам тавьсан. Ж.С гаднаас орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирсэн. Манай нөхөр Ж.Сийн гарыг нь ар талд нь өчиж байгаад хутгыг нь авсан. Тэгээд Ж.Сийн хоёр гарыг нь ар талд нь гаргаж байгаад өөрийнх нь дээлний бүсээр хүлсэн. Би Ж.Сийн гарыг хүлэхэд нэг гарнаас нь барьж өгчихөөд буцаад орруугаа явсан. Манай нөхөр л ганцаараа хүлээд байсан. Ж.С ойролцоогоор 10-20 минут орчим хүлээтэй байж байгаад дуу гарахгүй чимээгүй болчихсон, нөхөр бид хоёр ч амарсан. Өглөө манай нөхөр гал түлэх гээд босоод хартал Ж.С нас барчихсан болохоор нь намайг дуудсан. Тэгээд Ж.С нас барчихсан байна гэж хэлээд Н.С хоёр гарны хүлээсийг нь тайлсан. Тэгээд өөрөө явж түргэн дуудаж, дараа нь цагдаад өөрөө очиж дуудлага өгсөн гэсэн. Манай талийгаач дүү Ж.С аавын жижиг дөрвөн ханатай гэрийн зүүн урд талд байх гал тогооны шкафны хажууд, зуухны зүүн талд газар дээшээ харсан байдалтай хувцастайгаа нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч Л.Жийн “...2018 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад 01 цагийн үед манай отгон хүү Ж.С гаднаас ганцаараа согтуу орж ирээд надад агсам тавиад эхэлсэн... Манай гэрт охин Ж.С, хүргэн Н.С, мөн охин Ж.Ц, түүний нэг настай хүүхэд, талийгаач хүү Ж.С нар байсан. Ж.С миний орны хөл дээр ирээд “хүн хутгална, хоосон хүүхэнтэй суусан” гэж яриад агсараад байхаар нь би Н.Ст “гарыг нь хүлчих” гэж хэлсэн. Манай хүү Ж.С гаднаас орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд хутгалчих гээд байхаар нь Н.С газар хэвтэж байгаад босоод Ж.Сийн гарт байсан хутгыг авахаар гарыг нь ард нь өчиж байгаад хутгыг гараас нь булааж авсан. Тэгээд Ж.Сийн хоёр гарыг ард талд нь гаргаж байгаад дээлний бүсээр хүлэх гээд Н.С ганцаараа ноцолдоод хүлээд байсан... Өглөө намайг сэртэл Ж.С миний орны доод талд зуухны хажууд газар дээшээ харсан байдалтай царай нь хачин болчихсон хэвтэж байхаар нь би “наадах чинь үхсэн юм уу, яасан юм” гэж хэлтэл Н.С босож үзээд “нас барчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Н.С түргэн тусламж болон цагдаа дуудсан байх...Н.С, Ж.С нар хоорондоо зодолдож, цохилцсон зүйл байхгүй...Н.С гартаа шар өнгийн бүс барьчихсан байсан, хаанаас бүс авсныг хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41/
Гэрч О.Аы “...2018 оны 2 дугаар сарын 6-ны шөнө 5 цагийн үед Эрүүл мэндийн төвд “Чингийн 3 дугаар гудамжны 2 тоотод ухаангүй хүн байна, тэр хүний хамраас нь цус гарсан байна” гэсэн дуудлагыг Н.С гэх хүн өөрийн биеэр ирж манай сувилагчид өгсөн байсан... Намайг гэрт ороход гэрийн зүүн талд газар нэг эрэгтэй дээшээ харсан байдалтай хувцастайгаа хэвтэж байсан. Би тэр хүнийг үзэхэд зүрх нь зогссон, ухаангүй, судасны лугшилт байхгүй, нүүр уруул нь хөхөрсөн, бие нь хөрсөн, нас барсан байсан болохоор нь утсаар их эмч Н.Аг дуудсан. Н.А эмч ирж тэр хүнийг үзээд “нас барсан” байна гээд бид 2 эмнэлэгрүүгээ явсан. Н.С гэх хүн Ж.Сийг шөнө согтуу ирээд хутга бариад агсам тавиад авирлаж байгаад унтсан гэж хэлсэн... Тэр айлд Л.Ж, Н.С, Ж.С, Ж.Ц мөн хүүхэд нь байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49/
Гэрч Н.Агийн “... 2018 оны 2 дугаар сарын 6-ны шөнө 5 цаг 20 минутын орчим бага эмч О.А “Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 3 дугаар гудамжны 2 тоотод хүн нас барсан дуудлага ирсэн байна, хүрээд ирээч” гэж дуудсан... Очиход Ж.С гэх 30 орчим настай эрэгтэй хүн нас барсан, гэрийн зүүн урд 2 гар нь биеэн доороо хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би тэр хүнийг үзэхэд гүрээний судас ажиглагдахгүй, чагнуураар зүрхийг чагнахад цохилт сонсогдохгүй, уруул бие нь хөхөрсөн байсан. Гэрт байсан Н.С гэх хүн “Ж.Сийг шөнө согтуу ирээд агсам тавьж байгаад унтсан” гэж ярьж байсан... Би эмчилгээ хийгээгүй. Нас бараад 2-3 цаг гаруй болсон байсан. Тэр айлд Л.Ж гуай, түүний 2 охин, хүргэн, 2 орчим настай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51/
-Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 180100010 дугаартай дүгнэлтэд
“1. Ж.Сийн цогцост духанд цус хурсан, хацарт зулгарсан, гарын хуруунуудын толь хэсэгт цус хурсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд амьд байхад үүссэн шинэ гэмтэл болно. Тухайн гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй.
3. Талийгаач нь хүзүү гаднаас уяа даавуугаар дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.
4. Ж.С нь 2018.02.06-ны 01-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна.
5. Цус хурсан зулгарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
6. Дээрх гэмтлүүд нь хүний гараас үүсэх боломжтой.
7. Талийгаач В /III/ бүлгийн цустай байна.
8. Талийгаачийн цусанд 4.2 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно. Уусан архины хэмжээг тогтоох боломжгүй.
9. Талийгаач 2 гарын хуруунуудын хумсны толь хэсэгт цус хурсан байна гэжээ. /хх-ийн 68-70/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2520 дугаартай дүгнэлтэд
“Шинжилгээнд ирүүлсэн “Н.С эр 34 нас” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэжээ. /хх-ийн 74/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2521 дугаартай дүгнэлтэд
“1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Сын гэх цус нь АВО системээр А /П/ бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /хх-ийн 75/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1574 дугаартай дүгнэлтэд
“Шинжилгээнд ирүүлсэн Монгол дээлний баруун ханцуйн зах ирмэгт 70x50 мм хэмжээтэй талбайд дулааны 2 удаагийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт, захны доторлогоонд 450x40 мм /хуучин/, хормойн зах ирмэг хэсэгт байх 85x85 мм хэмжээтэй даавуун нөхөөст 85x25 мм /шинэ/, 85x60 мм /хуучин/ хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Зүүн хажуу залгаас оёдлын орчимд 10x5 мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна... ” гэжээ. /хх-ийн 84 дүгээр хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1575 дугаартай дүгнэлтэд
“Шинжилгээнд шар өнгийн бүс ямар нэгэн гэмтэлгүй” гэжээ. /хх-ийн 88/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2504, 2505 дугаартай дүгнэлтэд
“Шинжилгээнд ирүүлсэн дээлийн улбар шар өнгийн бүс, нил ягаан өнгийн хөвөнтэй дээл, юүдэнтэй хар хөх өнгийн зузаан цамц, хар хөх өнгийн зузаан өмд, улаан өнгийн футболкан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэжээ. /хх-ийн 90/
-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг сэтгэц судлалын шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтэд
“1.Н.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн өвчингүй байсан.
2. Н.С нь одоогоор сэтгэцийн өвчний шинж тэмдэг байхгүй байна.
3.Н.С нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. Н.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-ийн 93-95/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-14 дүгээр хуудас/
-Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-258 дугаар хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/
-Ж.Сийн нас барсны гэрчилгээ /хх-ийн 113/
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 116-117, 122-130, 132, 180-231/ -аар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Н.С нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Сыг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг Чингийн 3 дугаар гудамжны 2 тоотод байх иргэн Л.Жийн гэрт Ж.Сийг бүсээр хоолойг нь боосон болгоомжгүй үйлдлийн улмаас түүний амь насыг нь хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ХЗ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5823500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж нотлох баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү хохирлыг нөхөн төлөхөө шүүгдэгч Н.С илэрхийлсэн тул шүүгдэгчээс 5823500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг Чингийн 3 дугаар гудамжны 2 тоотод байх төрсөн эцэг Л.Жийн гэрт амь хохирогч Ж.С согтуурсан үедээ гартаа хутга барин зохисгүй авирлаж, төрсөн эцэгтээ хандаж агсам тавьсан байх бөгөөд гэр бүлийн харилцаан дахь ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, хүндлэлийг илтэд огоорсон хохирогчийн энэ үйлдлийг зогсоох гэсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирогч, хүнд хор уршиг учирсан байна.
Энэ хор уршиг учрахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь гэрч Л.Жийн “…манай отгон хүү Ж.С гаднаас ганцаараа согтуу орж ирээд надад агсам тавиад эхэлсэн... агсараад байхаар нь би Н.Ст гарыг нь хүлчих гэж хэлсэн…” гэх мэдүүлэг, “талийгаачийн цусанд 4.2 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно” гэх Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Цын “…аавын орны хөл дээр очоод аав Л.Жэд агсам тавьж эхэлсэн, Н.С аавыг өмөөрөөд Ж.Сийг хутгатай байхаар нь хутгыг нь булааж аваад хоёр гарыг нь ард нь хүлсэн…” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч анх гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон үйл хэргийн талаар мэдүүлж, хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байжээ. /хх-ийн 52-54, 98-101 /
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хэд хэдэн үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бүс нэг ширхэгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Н.Сыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Н.Саас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5823500 /таван сая найман зуун хорин гурван мянга таван зуун/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн нөхөн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.С тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н.Саас 5823500 /таван сая найман зуун хорин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ХЗд олгосугай.
6. Шүүгдэгч Н.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бүс нэг ширхэгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О