Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00263

 

М.Цэрэнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч М.Цэрэнбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Цэрэнлхамд холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 31 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түрээслэгч Ч.Цэрэнлхам нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр надтай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТӨЧ 67 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 144 м.кв талбайгаас 124 м.кв талбайг, 1 м.вк-ыг нь 18 000 төгрөгөөр тооцож сар бүр 2 232 000 төгрөг төлөхөөр 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар түрээсэлж үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан юм. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-нд бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр гэрээнд заасан. Гэтэл түрээслэгч Ч.Цэрэнлхам нь 2013 оны 08 дугаар сарын 15-нд хийсэн гэрээний дагуу 2013 онд төлөгдөх түрээсийн төлбөрийг 2014 онд дамжуулж цувуулаад өгч дуусгасан. 2014 оны түрээсийн төлбөрт 5 сар хүртэл нийт 2 060 500 төгрөг төлсөн ба үлдэгдэл 466 000 төгрөг, 2014 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй, төлнө гэж явсаар он дуусгасан бөгөөд 2014 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 090 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон юм. Ч.Цэрэнлхам нь миний байранд “Галбиржуулан тураах төв"-ийн үйл ажиллагаа явуулсан атлаа түрээсийн төлбөрөө төлөхгүй 2015 оны 2 сар хүрсэн бөгөөд аргагүй нөхцөлд түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгч тэрээр 5-н сар хүртэл ажиллаад байранд суурилуулсан тоног төхөөрөмжөө аваагүй орхиод явсан, өнөөдрийг хүртэл аваагүй байгаа болно. Би байраа чөлөөлж авсан.

Ч.Цэрэнлхамаас 2014 оны түрээсийн төлбөрт 16 536 000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрт 4 464 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 3.5-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 10 000 000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд нийт 31 020 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Цэрэнлхам шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын эхээр М.Цэрэнбатын охин болох Ц.Буянзаяа ирж уулзан “...аав маань надад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол ЭТӨЧ, 67 дугаар байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг бэлэглэсэн, чи нэг сарын 1 800 000 төгрөгөөр түрээслэхгүй юм уу...” гэж хэлсний дагуу өөр зүйл хийх гэж байснаа болиод байрыг нь түрээслэхээр болж уг байранд өөрийн хөрөнгөөр нийт 25 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Ингээд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ хийх болоход тухайн түрээсийн байр аав болох М.Цэрэнбатынх нь өмч болж арга буюу М.Цэрэнбаттай нь гэрээ хийж нэг сарын 2 230 000 төгрөгөөр уг байрыг 5 жилийн хугацаатай түрээслэсэн. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө охин Ц.Буянзаяад нь аавийнх нь өмч гэдгийг мэдээгүй байхдаа түрээсийн урьдчилгаа 5 400 000 төгрөг өгсөн. Ц.Буянзаяа нь надтай найз учраас “...аавд битгий хэл би нөхөөд өгнө...” гэж гуйсных нь дагуу хэлэхгүй явсаар арга буюу мэдэгдэж өгсөн мөнгөө суутгуулж байсан. Миний бие 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр яаралтай хагалгаанд орж дутуу төрсөн. Миний бие эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүй болсон тул найз Ц.Буянзаяад ажиллуулах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд “...би түлхүүрийг нь авчихъя...” гэж хэлэн манай нөхрөөс түлхүүрийг авч хүлээн авсан. Миний бие цаашид ажиллах боломжгүй юм чинь дотор тохижилтыг бүгдийг нь ав гэж хэлэн хүлээлгэн өгсөн. Миний бие харвалтын улмаас хүнтэй уулзах боломжгүй болсон байсан. Надаас хүлээн авсныхаа дараа уг салоныг ажиллуулж, мөн бусдад түрээсэлж, Ц.Буянзаяа дотор нь амьдарч байсан. Миний бие түлхүүр хүлээлгэн өгснөөс хойш уг байранд үйл ажиллагаа явуулаагүй. 25 000 000 төгрөгийн тохижилтоо хүртэл найз юм чинь аваад яах вэ гээд уг түрээсийн байранд нь үлдээсэн. Энэ хугацаанд М.Цэрэнбат нь нэг ч удаа надаас түрээсийн төлбөр нэхэж огт ярьж байгаагүй. Бид ч дахин хоорондоо холбогдоогүй. Гэрээ байгуулах үеийн гэрийн хаяг, утасны дугаар одоог хүртэл хэвээрээ байгаа. Гэтэл 2 жилийн дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ 2 жилийн хугацаанд бусдад түрээслэн өөрсдөө амьдарч байсан учраас миний бие гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Хэрэв түрээсийн гэрээ цуцлагдаагүй гэж байсан бол тухай бүр түрээсээ нэхэн ярих байсан. Уг байрыг хүлээлгэн өгснөөс хойш харвалт өгч бусдын асрамжинд байнга байх болсон. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэрэнлхамаас 16 224 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэнбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 796 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлал нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, бусдыг үндэслэлгүй хөрөнгөжихөд хүргэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжпэгч М.Цэрэнбат хариуцагч Ч.Цэрэнлхам нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын ЭТӨЧ 67 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ бүхий 124 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар өөрийн хөрөнгөөр тоноглон, тохижуулж, түрээсээр ашиглахаар гэрээг 2013 оны 8 дугаар сараас байгуулан үйл ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Цэрэнлхам 2013-2014 оны төлбөрт түрээслэгчид 10 560 000 төгрөг төлсөн ба 2014 оны 6 дугаар сараас төрөхийн хүндрэл, нялх хүүхэдтэйгээс шалтгаалан цаашид түрээсийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д зааснаар түрээслүүлэгчийн охин Ц.Буянзаяа, н.Номин нар солигдон ажилласан, түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8. 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг хожим мэдсэн ба түрээслэгч М.Цэрэнбат түрээслэгч солигдсон болон Ч.Цэрэнлхамыг ажиллаагүй, түрээсийн төлбөр төлөөгүй, охин Ц.Буянзаяа, н.Номин нарыг солигдон ажилласан, үйлчилгээний байранд тэднийг байрлан амьдарч, өөр зориулалтаар түрээслэж байсныг тухайн үед мэдэж байсан хирнээ Ч.Цэрэнлхамтай байгуулсан түрээсийн гэрээний хугацааг дуусаагүйг ашиглан үндэслэлгүй нэхэмжлэл гарган шүүх хуулийг буруу хэрэглэн түрээслэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд хүргэсэн шийдвэр гаргалаа. Хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөнийг бид хожим нь мэдсэн боловч ажиллаж, орлого олсон үеийн түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлсөн. Ажиллаагүй үеийн буюу үлдэх хугацааны төлбөрийг Ц.Буянзаяа, н.Номин нар Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д зааснаар хариуцан төлсөн болон орсон орлогоо авсныг түрээслэгч мэдэж байсан тул хохирол учирсан гэвэл тэрээр тэднээс нэхэмжлэн авах нь хууль болон шударга ёсонд нийцэх билээ. Иймд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны хуралдаанаас хүсэхэд М.Цэрэнбат, Ч.Цэрэнлхам нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл ба Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д зааснаар гэрээний нэг тал болох Ч.Цэрэнлхам мөн хуулийн 324.1-д заасан түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг тогтоон, шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн түүнээс гаргуулахаар шийдвэрлээд байгаа 14 224 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч М.Цэрэнбат хариуцагч Ч.Цэрэнлхамаас түрээсийн төлбөр 21 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 31 020 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.  Нэхэмжлэлийн үнийн дүн 31 020 000 төгрөг бус 31 000 000 төгрөг  байна. Тэрээр 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож, хариуцагч түрээсийн зүйлийг 2015 оны 03 дугаар сар хүртэл ашигласан гэж үзсэн байна.

Түрээслэгч буюу хариуцагч Ч.Цэрэнлхам нь гэрээ байгуулснаар түрээсийн зүйлийг хүлээн авч, эзэмшиж ашигласан үйл баримтад маргаагүй, харин үйлчилгээний зориулалттай байрыг 2014 оны 05 дугаар сар хүртэл ашигласан, байрны түлхүүрийг нэхэмжлэгчийн охин Ц.Буянзаяад өгсөн, түрээсийн байрыг Ц.Буянзаяа ажиллуулж байсан,  эрүүл мэндийн байдлаас болж үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гэж маргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр түрээсийн зүйл болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 67 дугаар байрны 2 тоот 144 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгч нь М.Цэрэнбат байна. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд 1 м.кв талбайг 18 000 төгрөгөөр буюу сарын 2 232 000 төгрөгийн түрээсийн төлбөр гэж тохирсноос үзэхэд түрээслүүлсэн талбайн хэмжээ 124 м.кв гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.  Үйлчилгээний зориулалтай байрыг бүхэлд нь  эсвэл байрны тодорхой хэсгийг түрээслүүлсэн эсэхийг тодруулснаар гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх байжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаас үзэхэд түрээсийн зүйлийг ашигласан хугацаа, байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын маргааны зүйл болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Д.Цэен-Ойдов, Ц.Буянзаяа, Ц.Нурмаа, Б.Баярмаа, н.Номин нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг  шүүх хангаж шийдвэрлэсэн боловч н.Номинг гэрчээр оролцуулаагүй, Б.Баярмааг гэрчээр асуулгах хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзсан, бусад гэрчүүдийг шүүх асуужээ.

Зохигчдын тайлбараас үзвэл н.Номин нь хариуцагч Ч.Цэрэнлхамын ажилтнаар ажиллаж байсан, хариуцагчийн тайлбарласнаар 2014 оны 05 дугаар сараас хойш Ц.Буянзаяа н.Номинг ажиллуулсан гэвэл зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон эсэхийг тогтооход н.Номингийн мэдүүлэг ач холбогдолтой байхаар байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх  гэрч асуулгах хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч  нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн  байна.    

Түүнчлэн хариуцагч түрээсийн байранд тохижилт хийсэн бол энэ талаар өөрөө нотлох үүрэгтэй болно.

Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 240 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА