Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1069

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 11, “Улаанбаатар хотын банк” ХХК,  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3, Засгийн газрын 4 дүгээр байр, Санхүүгийн зохицуулах хороо, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнайгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №000035847 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Т.Цэрэнминжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрболд, Л.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улаанбаатар хотын банк нь “Монре даатгал” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №15/010/15 дугаартай “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан. Уг гэрээний дагуу Улаанбаатар хотын банк нь “Монре даатгал” ХХК-иас бэлдэж өгсөн даатгалын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авч байсан. 

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх үйл ажиллагааг даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэж шийтгэвэр оногдуулсан нь Улаанбаатар хотын банкны эрх ашгийг зөрчиж байна. 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д “даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг” гэж зааснаас үзэхэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа нь эрх бүхий этгээд даатгагч болон даатгуулагч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ. Харин дээрх Гэрээгээр банк болон даатгуулагч нарын хоорондох харилцааг зохицуулаагүй бөгөөд даатгуулагчаас банканд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагааг явуулах бүрэн эрхийг олгоогүй. Мөн банканд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, түүний ашиг сонирхлыг хамгаалах үүрэг гэрээгээр олгогдоогүй болно.

Дээрх Гэрээ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан “Даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан бөгөөд даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, гэрээнд заасны дагуу даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний дагуу Улаанбаатар хотын банк нь “Монре даатгал” ХХК-иас бэлдэж өгсөн даатгалын бүтээгдэхүүний бэлэн  танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан бөгөөд банканд даатгалын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг төвлөрүүлээгүй. Банк нь даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор банкны харилцагчийг даатгагчтай холбож өгөх, даатгагч даатгуулагч нарыг хооронд нь зуучлах үүргийг Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээгээр тохиролцоогүй.

Улаанбаатар хотын банкны зүгээс дээрх шийтгэврийг хууль бус гэж үзэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан бөгөөд  Санхүүгийн зохицуулах хорооны улсын ахлах байцаагчийн 2016 оны 07-р сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул бид шүүхэд гомдол гаргаж байна.

“Монре даатгал” ХХК-тай байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-гээр Улаанбаатар хотын банк нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг явуулаагүй байхад дээрх үйл ажиллагааг даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа гэж үзэн шийтгэвэр ногдуулсан нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Иймд Улаанбаатар хотын банканд ногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнайгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №000035847 дугаартай шийтгэврийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д ”даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийг гэж заасан.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор зохицуулсан байдаг бөгөөд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн “Монре даатгал” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгуулж холбогдох даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад танилцуулж, борлуулж буй үйлдэл нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан “даатгагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс” авсан үйл ажиллагаа байх бөгөөд хуульд заасан журмаар энэхүү үйл ажиллагааг зөвхөн Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай.

“Монре даатгал” ХХК нь даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ /2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээг сунгасан/ байгуулж, тус банкаар “Эд хөрөнгийн даатгал”, “Зээлдэгчийн эрсдэлийн даатгал” гэсэн бүтээгдэхүүнийг зуучлуулан борлуулж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны. 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 58,3743799.77 төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, зуучлалын хөлсөнд 8,713,110.31 төгрөг шилжүүлснийг Хорооны Хяналт шалгалтын газраас зайны хяналтын шалгалтаар илрүүлж, тус гэрээг цуцлахыг сануулж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тус арга хэмжээний дагуу “Монре даатгал” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан гэрээг даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүртэл хугацаанд түр цуцалж, даатгалын бүтээгдэхүүнээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулахгүй болсныг эргэж мэдэгдсэн болно.

Мөн үүнтэй холбоотойгоор даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Монре даатгал” ХХК-тай дээрх гэрээг байгуулан Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул Хорооны улсын байцаагч 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000035847 дугаар бүхий захиргааны шийтгэл ногдуулсан байдаг.

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийг гэж зааснаас үзэхэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа нь эрх бүхий этгээд даатгагч болон даатгуулагч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ. Харин дээрх гэрээгээр банк болон даатгуулагч нарьн хоорондох харилцааг зохицуулаагүй бөгөөд даатгуулагчаас банканд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг олгоогүй. Мөн банканд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, түүний ашиг сонирхлыг хамгаалах үүрэг гэрээгээр олгогдоогүй болно” гэсний тухайд.

... “Улаанбаатар хотын банк” ХХК болон “Монре даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-т Энэхүү гэрээгээр банк нь Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчид түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг танилцуулж, Даатгагчтай холбож өгөх, даатгалын хураамжийг Даатгагчийн дансанд шилжүүлэн, төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. 2.1.1-д Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг Даатгуулагчид тайлбарлан, танилцуулж, Даатгагчтай холбож өгөх гэж тус тус зааснаас үзэхэд банк болон даатгуулагч нарын хоорондох харилцааг зохицуулсан бөгөөд даатгуулагчаас банканд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагаа явуулах, мөн банканд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх зэрэг эрх үүрэгтэйгээр “Улаанбаатар хотын банк” ХХК нь “Монре даатгал” ХХК-тай даатгагчийн зуучлалын гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдож байна.

... Нэхэмжлэлд дурдсан ‘‘Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан Даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан бөгөөд Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, гэрээнд заасны дагуу даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний дагуу Улаанбаатар хотын банк ‘‘Монре даатгал” ХХК-иас бэлдэж өгсөн даатгалын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан бөгөөд банканд даатгалын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг төвлөрүүлээгүй. Банк нь даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор банкны харилцагчийг даатгагчтай холбож өгөх, даатгагч даатгуулагч нарыг хооронд нь зуучлах үүргийг Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээгээр тохиролцоогүй” гэсний тухайд... 

... Тус гэрээний 1.6.8-д “Даатгалын хураамж гэж" даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 2.2.4-т Даатгалын хураамжийг даатгалын гэрээнд Даатгуулагч гарын үсэг зурсан даруй хүлээн авч Даатгагчийн Улаанбаатар хотын банк дахь 26004)73095 тоот дансанд тухай бүрт нь шилжүүлэх. 2.2.9-т Банк нь сар бүрийн 10-ны өдрийн дотор өмнөх сард Даатгалын бүтээгдэхүүн гэрээ. хураамжийн орлого, баталгаат гэрээний тооцооны тайланг Даатгагчаас хүлээн авч, хянан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан Даатгагчид хүргүүлнэ, мөн 2.1.1-д Даатгагчаас олгосон бурэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг Даатгуулагчид тайлбарлан танилцуулж, даатгагчтай холбож өгөх гэж тус тус тохиролцсоноос үзэхэд дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2050 тоот албан бичгээр Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлснийг тус Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж, шаардлагатай нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг мэдэгдэн, хянаж үзсэний үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 263 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон болно.

Үүнээс үзэхэд “Улаанбаатар хотын банк“ ХХК нь дээрх даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Монре даатгал” ХХК-тай гэрээ байгуулан ажилласнаа хүлээн зөвшөөрч буй үйлдэл гэж үзэхээр байна. 

Иймд дээрх үндэслэлүүд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

“Улаанбаатар хотын банк” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнайгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000035847 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Улаанбаатар хотын банк нь “Монре даатгал” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №15/010/15 дугаартай “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” байгуулсны дагуу бэлдэж өгсөн даатгалын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авч байсан. ...дээрх үйл ажиллагааг даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэж шийтгэвэр оногдуулсан нь манай эрх ашгийг зөрчиж байна...”, хариуцагчаас “...“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн “Монре даатгал” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгуулж холбогдох даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад танилцуулж, борлуулж буй үйлдэл нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан даатгагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс авсан үйл ажиллагаа байх бөгөөд хуульд заасан журмаар энэхүү үйл ажиллагааг зөвхөн Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай...” гэж тайлбарлан маргаж байна.

“Улаанбаатар хотын банк” ХХК нь “Монре даатгал” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 13, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд 15/010/15 дугаар бүхий “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна. 

Уг гэрээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК нь Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчтай холбож өгөх зорилгоор даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулах, зөвлөгөө өгөх, үнэн зөв мэдээллээр хангах, санал болгох, даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээсэн ба дээрх хамтын ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний брошур, танилцуулга, ажиллагсдад зориулсан гарын авлага зэргийг шаардан авах эрхийг эдлэхээр зохицуулсан байна.

Мөн гэрээнд “Монре даатгал” ХХК нь банкны борлуулсан даатгалын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг харилцах дансандаа хүлээн авах, энэ орлогын 15 хувийг Улаанбаатар хотын банкны холбогдох дансанд сар бүр шилжүүлэх, даатгал зуучлах үйл ажиллагаатай холбоотой гарсан холбогдох зардлуудыг өөрөө хариуцах, банкийг даатгалын нөхцөл, эрсдэл, нөхөн төлбөр олгох нөхцөл, даатгалын гэрээ байгуулах нөхцөл заавар зэргийг агуулсан гарын авлага, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах зэрэг үүргийг хүлээжээ. 

Энэхүү гэрээнд тусгагдсан ерөнхий нөхцөлүүд нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийн эрх үүргийг тодорхойлсонтой тохирч байгаа ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчин даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр “Монре даатгал” ХХК-тай дээрх гэрээг байгуулан ажилласан нөхцөл байдлууд үүссэн байна. 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь Даатгалын төлөөлөгчийн, Даатгалын зуучлагчийн, Даатгалын хохирол үнэлэгчийн гэсэн 3 төрөлтэй байхаар заасан бөгөөд үүний дотор “даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг ойлгохоор томьёолсон байна. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг тодорхойлж өгсөн ба энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан этгээдэд арга хэмжээ авах зэрэг эрхтэйгээс гадна 7 дугаар зүйлд Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргахаар заажээ. 

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталсан ба уг журмын 2.1.1-д “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа гэж даатгалын эрсдэлийн талаар зөвлөгөө өгөх, даатгалын болон давхар даатгалын гэрээ байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, даатгалын гэрээг зуучлан борлуулах үйл ажиллагааг ойлгоно”, 2015 оны 407 дугаар тогтоолоор “Даатгалын болон мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журам”, 2015 оны 154 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 12.6.2-д “байцаагч нь шийтгэвэр ногдуулахдаа зөрчил үүссэн шалтгаан, шинж байдал, агуулга, хэлбэр, хохирлын хэмжээ, сөрөг нөлөөлөл, зөрчил арилсан эсэх зэрэг хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан холбогдох хууль, тогтоомжийн дагуу бие даан шийдвэрлэх эрхтэй”, 2013 оны 198 дугаар тогтоолоор “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ын 6.1-д “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтэд хорооны Даатгалын газраас байнгын хяналт тавьж ажиллана” гэж тус тус заажээ. 

Ийнхүү хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хууль, журамд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнай нь Даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох “Монре даатгал” ХХК-ийн санхүүгийн тайланд хяналт шалгалт хийхэд даатгалын бүтээгдэхүүн борлуулсан үйл ажиллагааны тайлан маягтаар 2014-2015 оны хооронд даатгал зуучлагчийн хөлсөнд 8,713,110.31 төгрөгийг “Улаанбаатар хотын банк” ХХК-руу шилжүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Даатгагч нь даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдэд аливаа төлбөр хураамж төлөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь шалгалтаар илэрсэн учир тус гэрээг цуцлахыг сануулж, холбогдох арга хэмжээ авсан.

Мөн даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн “Улаанбаатар хотын банк” ХХК-ийг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад ... даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан болон холбогдох дүрэм, журмын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000035847 дугаар шийтгэврийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Түүнчлэн тус хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 9/4858 дугаар албан бичгээр “Монре даатгал” ХХК-ийг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг анхааруулснаар зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-г 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөл авах хүртэл тодорхойгүй хугацаагаар цуцалж, даатгалын бүтээгдэхүүн борлуулахгүй байхыг анхааруулж, “Монре даатгал” ХХК энэ талаар эргэн Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Банк нь Монгол банкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаануудын төрлийг заасан ба үүний дотор даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахаар зохицуулсан нь энэ үйлдлийг банкны үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд хориглосон, хэрхэн тусгай зөвшөөрөл авахыг зохицуулсан байхад “Улаанбаатар хотын банк” ХХК нь бидний байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан, гэрээгээр даалгаснаар даатгалын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний үндсэн зорилго, заалтуудад дурдагдсан ерөнхий нөхцөлүүд, даатгалын зуучлагчийн хөлсийг хүлээн авсан зэрэг нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлээгүй гэснийг үгүйсгэж байна.

Нөгөөтэйгүүр “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” шийдвэр гарч, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2050 тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт, Монгол банкны 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А-1/603 тоот зөвшөөрөл зэргийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 263 дугаар тогтоолоор тус банканд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнайгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000035847 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Даатгалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Баярмагнайгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000035847 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА