Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0186/З |
Дугаар | 221/МА2018/0559 |
Огноо | 2018-10-25 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0559
2018 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2018/0559 | Улаанбаатар хот |
|
|
|
“О” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, гуравдагч этгээд Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0517 дугаар шийдвэртэй, “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “О” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0517 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.3, 142 дугаар зүйлийн 142.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан “О” СӨХ-ноос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Б.Б үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00****** дугаартай Y-******* дүгээрт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч “О” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заасны дагуу сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагхуу хөтлөх, гэх зарчимд бүрэн нийцсэн эрхийн улсын бүртгэл болно” гэжээ.
Тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч “М” ХХК-ийн албан бичигт 44 эсвэл 46 авто зогсоолтой байхаар зураг төсөл батлагдаагүй талаар албан бичиг ирүүлсэн байдаг ба Архивын ерөнхий газарт ч мөн адил байдаг.
Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн баримт түүнд хавсаргасан зураг зөвхөн конандсан хуулбар ба эх хувь нь нотлох баримтаар авагдаагүй байна. Иргэн Б авто зогсоол нь зоорийн давхрын хаалганы хажууд байрладаг мөн замын зорчих хэсэгтэй давхцалтай байхад үүнийг дүгнээгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардалагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримт дутуу цуглуулсан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “О” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны гүйцэтгэх захирал С.О олгосон итгэмжлэлээр Б.П нь “Б.Б-д авто зогсоолын орох, гарах гарц буюу зорчих хэсэгтэй давхцуулан холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг зөрчин Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь ... сууц өмчлөгчдийн эрхийг зөрчсөн гэж үзэж, уг гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.
Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал нь зарим сууц өмчлөгчдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж нэг сууц өмчлөгчийн эсрэг нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-д сууц өмчлөгч нь СӨХ-оор дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заасан. Гуравдагч этгээд Б.Б нь тухайн орон сууцны сууцны нэг өмчлөгч байх бөгөөд маргаж буй түүний өмчлөлийн авто зогсоолын талаар бусад сууц өмчлөгч нараас нэхэмжлэл гаргах эрхийг уг хуулийн заалтын дагуу СӨХ-нд олгосон эсэх нь тодорхойгүй байна.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зурагт маргаж буй зогсоолын нэг талд нь уг авто гараашийн орж гарах хаалганы хажууд СӨХ-ны байр гэх павилон, нөгөө талд нь өөр этгээдийн ашиглаж буй авто машины зогсоол байрлаж байх бөгөөд эдгээрийн аль аль нь уг газар доорх гараашийн зураг төсөлд тусгагдаагүй, сүүлд нь баригдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Гэтэл СӨХ нь энэ талаар маргаагүй атлаа зөвхөн Б.Б өмчилж буй авто зогсоолыг автомашины орц гарц, зорчих хэсэгтэй давхцсан гэж үзсэн нь хэний эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа, зөвхөн уг гэрчилгээг хүчингүй болгосноор зөрчигдсөн гэх “сууц өмчлөгч нарын орц, гарц, зорчих хэсгээр чөлөөтэй явах” эрх нь сэргэх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн авто зогсоолын талбай нь холбогдох стандарт, дүрэм журмыг зөрчсөн эсэх нь тогтоогдохооргүй байх тул байрны доорх гарааш руу автомашин чөлөөтэй орж гарахад зайлшгүй шаардлагатай талбай буюу дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулалгүй, үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамааралтай стандартын шаардлагыг хангасан эсэх талаар хяналт шалгалт явуулаагүй мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үнэлж “зорчих хэсэгтэй давхцаагүй, орц гарц хаагаагүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
Шүүх Барилгын тухай хууль болон Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартад нийцсэн эсэх талаар шинжээч томилж тухайн орон сууцны авто гараажид зайлшгүй шаардлагатай, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахуйц талбай мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, эсхүл тухайн авто машины /нэг хаалгатай/ гараашийн хаалгаар автомашинууд орж гарахдаа бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зөрөхөд шаардлагатай зай, талбай байгаа эсэх талаар хэргийн оролцогч болон мэргэжлийн этгээдийн оролцуулан туршилт хийж тэмдэглэл үйлдэх зэрэг хуульд заасан боломжит нотолгооны хэрэгслээр хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хягнан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ гүйцэтгэх шаардлагатай. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дээр дурдсан асуудлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч “О” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ