Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 323

 

Ц.Н-ын нэхэмжлэлтэй,

 Цагдаагийн ерөнхий газрын даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                  Х.Батсүрэн

                                                  М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах, цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0004 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 215 дугаар магадлалтай,

       Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Ц.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 85 дугаар зүйлийн 85.12-д заасныг баримтлан Ц.Н-ын Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Н-ыг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг, дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлс, нэмэгдлүүд болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 215 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Н-ын Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/281, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/412 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, цалин хөлс, нэмэгдлүүд, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

 3. Нэхэмжлэгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 215 дугаартай магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь заалтуудыг илтэд зөрчин, нэг талыг баримтлан анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч давж заалдах шатны шүүхээс нотлох баримт, материалыг буруу үнэлж тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж энэ хуулийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүйгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангасан хуульд нийцээгүй, үндэслэлгүй магадлал шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүний хууль зүйн үндэслэлүүдийг дараах байдлаар хуулийн хүрээнд тайлбарлаж байна.

4. Төрийн жинхэнэ алба хаагч нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар тодорхойлохоос гадна Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг хуультай. Энэ тухай Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан байдаг. Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр хэсэгт хуулийн зорилт нь “төрийн жинхэнэ алба... Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбогдох харилцааг зохицуулна” гэж хуульчилсан. Мөн төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д цагдаагийн офицер нь төрийн тусгай албан тушаал бөгөөд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “төрийн тусгай алба ... 6.2-т “энэ хуулийн 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба” гэж тодорхойлсон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ алба хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд ...сэлгэн шилжүүлж болно”, 44.3-т “энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс ,зэрэг дэвийг бууруулахгүй”, 44.5-д “төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалаар шилжүүлэх сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 35 дугаар тогтоол ,Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах журмын 1.1-д “Энэ журмын зорилго нь Төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Журмын 1.4-т “Энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ алба хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх сэлгэн ажиллуулахыг хориглоно”, 1.6-д “Төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүй”

5. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйл “Цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх”...85.12-т хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” зэргээр хуульчилж өгсөн байдаг. Дээрх хууль, журмын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид 587 дугаартай албан бичгээр “өргөдөл гаргагчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд томилон хариу ирүүлэх”, мөн зөвлөлийн 907 дугаар албан бичгээр чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон хэдий ч урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, зэрэг дэвийг бууруулан томилжээ. Иймд өмнө нь хүргүүлсэн төрийн албаны зөвлөлийн 587 дугаартай албан бичгийн дагуу ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрэн хангах”-ыг хариуцагчид анхааруулж байсан боловч хэрэгжүүлээгүй.

6. Ер нь төрийн жинхэнэ алба хаагчийн ажлын байрыг өөрчлөх гэсэн хуулийн нэр томъёо ойлголт байхгүй. Өөр албан тушаалд сэлгэн, шилжүүлэх гэсэн хууль журамд заасан ойлголт байдаг. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулсан байна.

7. Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг захиргааны санаачлагаар шилжүүлэн сэлгэн ажиллуулаагүй гэжээ. Нэхэмжлэгч миний бие төрийн байгууллагад харьяалагддаг төрийн жинхэнэ алба хаагч билээ. Намайг эрх бүхий дээд шатны удирдлага /хариуцагч/ томилдог хуультай. Захиргааны санаачлага шийдвэрээс өөр хэн тушаал гаргах юм бэ? Огт ойлгосонгүй. Лав л би өөрөө өргөдөл хүсэлт гаргаагүй болно.

8. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ гэжээ.

9. Дээрх хэсэгт дурдагдсан асуудалд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг зөрчиж, хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж, Төрийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хууль зөрчин удаа дараа дордуулж хохироосон тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан болон тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан...сүүлд хүчин төгөлдөр болсон 2017 онд батлагдсан Төрийн албаны /шинэчлэн найруулсан/ тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй, харин хэрэглэх ёсгүй 1999 онд батлагдсан төрийн алба, төрийн жинхэнэ алба хаагчид хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхийлөн зохицуулсан заалтыг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. Түүнчлэн хэрэглэх ёсгүй мөн л Хөдөлмөрийн тухай хуулийг дурдан нэхэмжлэгчийг албан тушаалын зэрэглэл, зэрэг дэвийг бууруулахгүйгээр Нийслэлийн Цагдаагийн газарт чиглэлийн ахлах мэргэжилтэнгээр томилсон байхад... гэжээ.

10. Цагдаагийн төв байгууллагын дарга /хариуцагч/ Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулиудын хүрээнд харъяа байгууллага, алба нэгжийнхээ бүтэц орон тоо, албан тушаалын зэрэглэлийг батлахдаа тухайн албан тушаалын нэршлийг нэг бүрчлэн зааж, ажлын байрны тодорхойлолтоор тус бүрээр баталгаажуулан мөрддөг хууль журамтай. Гэтэл хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс “Албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв болон Цалингийн сүлжээ, зэрэглэл гэсэн 2 өөр ойлголтыг хооронд нь хольж төөрөгдүүлэн ойлгуулахыг анхнаасаа хичээж ирснийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, хууль шүүхийн байгууллагаас хууль зүйн үндэслэлгүй, хууль журмыг буруу хэрэглэж тайлбарласан, хууль бус шийдвэр гэдгийг дүгнэж нотлоод шийдвэр гаргасан. Хэлтэс, тасгийн дарга, чиглэлийн ахлах мэргэжилтэн гэсэн өөр, өөр албан тушаалыг адилтган төсөөтэй байдлаар мөрддөг албан ёсны тушаал, шийдвэр байдаггүй бөгөөд тэгэх ч боломжгүй. Энэ тухай хавтаст хэргийн материалд тодорхой тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, миний урьд эрхэлж байсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Санхүү, аж ахуйн тасгийн дарга, сүүлд томилсон чиглэлийн ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалуудын цалингийн сүлжээ ижилхэн ч албан тушаалын зэрэглэл, зэрэг дэвийн хувьд тус тусдаа батлагдан мөрдөгддөг ба зэрэглэл нэршлээрээ, зэрэг дэвээрээ, ажлын байрны тодорхойлолтоороо өөр өөр байдаг.

11. Албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв нь удирдах байна уу, гүйцэтгэх байна уу. Төрийн жинхэнэ алба хаагчийг дараагийн өөр албан тушаалд томилохдоо урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлийг бууруулахгүй байх хууль, журамтай гэдгийг холбогдох хууль, журмуудад тодорхой зааж хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хууль журмыг буруу тайлбарлаж, төсөөтэй байдлаар зохицуулагдаагүй харилцааг хэрэг хянан шийдвэрлэхэд буруу хэрэглэж шийдвэр гаргаж журам зөрчсөн нь илтэд ойлгомжтой харагдаж байна. Анхан шатны шүүхээс хариуцагчийг эрх мэдлээ хэтрүүлэн холбогдох хууль, журмыг зөрчихгүй байх үүрэгтэйг нь, мөн хууль бус буруу үйл ажиллагаа явуулсан тушаал шийдвэр гарган төрийн жинхэнэ алба хаагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөнийг нь хуульд заасны дагуу тогтоон дүгнэж шийдвэрээ гаргасныг давж заалдах шатны магадлалд хууль зүйн үндэслэлгүй, хэрэгжих боломжгүй гэсэн нь үйл баримт, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

12. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар томилогдсон чөлөөлөгдсөн тухайд хэрэг маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй асуудал болно. Харин нэхэмжлэгч миний маргаан бүхий хэргийг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын ажлаас чөлөөлөгдөн, хуулийн дагуу дараагийн ажил, албан тушаалд томилох тухай асуудлыг хамааруулан ойлгодог. Дараагийн хэсэгт урьд эрхэлж байсан Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дордуулж жижүүрийн ахлах, чиглэлийн ахлахаар томилж, нэхэмжлэлийн шаардлагын нэг заалт болох цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч сүүлд залруулж нөхөн олгосон тушаал гаргаснаа дурджээ. Үүнийгээ ТТ-14 буюу цалингийн сүлжээ нь ижилхэн бололцооны албан тушаалд томилж хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн гэж мөн л Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг зөрчин хуулийг буруу тайлбарлан, төсөөтэй харьцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэн, хариуцагч түүний төлөөлөгчийн төөрөгдүүлэн бодит үнэнд нийцээгүй, хууль бус тайлбаруудыг үндэслэл болгон дүгнэжээ.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын зохицуулалт хэрэглэгдэхгүй гэжээ. Төрийн жинхэнэ алба хаагч миний эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбогдсон зохицуулалт яахаараа Төрийн албаны тухай хууль болон түүнтэй уялдан батлагдсан журмын үйлчлэлд хамаарч хэрэглэгдэхгүй гэснийг мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуухийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь заалтуудыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 3-8 дугаар сард ТТ-14, ТТ-15 зэрэглэлийн сул орон тоо байгаагүй гэжээ. Асуудлыг хууль журмын хүрээнд шийдвэрлэх, албан тушаалын зэрэглэлийг бууруулахгүйгээр томилох ажлын байрны томилгоо 2019 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон хийгдсэнийг хариуцагчийн төлөөлөл давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байдаг. Эрх бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтүүд болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өргөдөл нэхэмжлэл гаргагч иргэн, төрийн жинхэнэ алба хаагчийн гомдол нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрхүүдийг хэрхэн зөрчсөнийг холбогдох хууль журмын хүрээнд шалгаж тогтоон, дүгнэж хуулийн дагуу шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, 123 дугаар зүйлийн 123.2.1 ,123.2.2 дахь заалтуудыг илтэд зөрчин шийдвэр гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хуулийн 127.2.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих  Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 сарын 26-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Намсрайжавд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, томилсон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 207 дугаар шийдвэрээр уг албан тушаалыг урьд эрхэлж байсан П.Доржготовыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг тогтоож, албан тушаалд эгүүлэн тогтоосон, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн  Б/281 дүгээр тушаалаар “... шүүхийн шийдвэрийг үндэслэн” П.Доржготовыг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Ц.Н-ыг уг албан тушаалаас чөлөөлсөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

16. Тухайн тохиолдолд, Ц.Н-ыг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн эрх зүйн харилцаа нь уг албан тушаалыг өмнө хашиж байсан ажилтан шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон хууль зүйн фактаас үүссэн, энэ тохиолдлыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т тус тус зааснаар “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах” тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэх зохицуулалт төсөөтэй хэрэглэгдэх юм.

17. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн  Б/281 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Н-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухайн харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх” зохицуулалт хэрэглэгдэхгүй, анхан шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан, маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлаж хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсан нь зөв,  нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... Төрийн жинхэнэ алба хаагч нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар тодорхойлохоос гадна Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг хуультай ... байхад ... асуудалд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг зөрчиж, хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж, Төрийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хууль зөрчин удаа дараа дордуулж хохироосон тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан болон тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан...сүүлд хүчин төгөлдөр болсон 2017 онд батлагдсан Төрийн албаны /шинэчлэн найруулсан/ тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй, харин хэрэглэх ёсгүй 1999 онд батлагдсан төрийн алба, төрийн жинхэнэ алба хаагчид хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхийлөн зохицуулсан заалтыг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

18. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн  маргаан бүхий Б/281 дүгээр тушаалаар Ц.Н-ыг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн цагдаагийн газарт Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицероор томилсон, Ц.Н-аас “... албан тушаал, цалин хөлсийг бууруулсан” гэх үндэслэлээр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргасан,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар Ц.Н-ыг Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицерын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн газрын Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон, түүний урьд эрхэлж байсан “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн дарга”, одоо томилогдсон байгаа  “Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын ангилал, зэрэглэл нь ижил буюу аль аль нь төрийн албаны ТТ-14-5 зэрэглэлд хамаардаг, түүнчлэн, “Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын цалин, нэмэгдэл нь түүний урьд авч байсан цалин, нэмэгдлийн хэмжээнээс буураагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай мөн маргаагүй байна.

19. Иймд, маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэснийг, түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар хамгаалсан “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэхдээ эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх” гэснийг тус тус зөрчөөгүй, нэхэмжлэгч Ц.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв, нэхэмжлэгчийн “...Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байна, 85 дугаар зүйлийн 85.12-д хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн албан хаагчийг ... өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн, ... Төрийн албаны тухай хуулийн 44.2-т “төрийн жинхэнэ алба хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд ...сэлгэн шилжүүлж болно”, 44.3-т “энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс ,зэрэг дэвийг бууруулахгүй”, ... Төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах журмын ... 1.4-т “энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ алба хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх сэлгэн ажиллуулахыг хориглоно”, 1.6-д “Төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан, ... албан тушаалуудын цалингийн сүлжээ ижилхэн ч албан тушаалын зэрэглэл, зэрэг дэвийн хувьд тус тусдаа батлагдан мөрдөгддөг ба зэрэглэл нэршлээрээ, зэрэг дэвээрээ, ажлын байрны тодорхойлолтоороо өөр өөр байдаг, ... давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хууль журмыг буруу тайлбарлаж, төсөөтэй байдлаар зохицуулагдаагүй харилцааг хэрэг хянан шийдвэрлэхэд буруу хэрэглэж шийдвэр гаргаж журам зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авахгүй.

20. Эдгээр үндэслэлээр, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

                  ШҮҮГЧ                                                  Д.МӨНХТУЯА