| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00068/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Т.Т
Иргэний нэхэмжлэгч Ш.Т
Шинжээч Д.Д
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1822000960049 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторч, комбанич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, .......................... оршин суух, гавъяа шагналгүй, 1973 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн а, 63 дугаар зүйлийн а-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 1976 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн а-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан гэх, .................. регистрийн дугаартай, Х.Т овогт Д.А.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.А 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг “Булаг шандын энгэр” гэх газар засмал зам дээр 3229 УНЗ улсын дугаартай “Ниссан Тино” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Ш.Тгийн жолоодож явсан 8865 ДУА улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж иргэн Д.Тын амь нас хохирч, Т.Б, Д.М нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд явж байгаад Дундговь аймаг, Луус сум хоёрын дунд 35 дахь километрт явж байсан чинь гэнэт адуу урдуур орж ирэхээр нь зайлж гарах гэж байгаад зам тээврийн осол гаргасан. Үүнээс хойш юу болсоныг сайн мэддэггүй юм...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....2018 оны 3 дугаар сарын 23-ны шөнө болсон ослын талаар сайн санадаггүй юм. Би өөрөө шоконд орчихсон байсан болохоор машинаасаа яаж гарч дүүгээ яаж татаж авснаа санахгүй байна. Шөнө эмнэлэг дээр ирж цээжний зураг авхуулсан. Тухайн үед машинаа ямар болсон байсныг мэдээгүй, дараа нь зургыг нь харсан. Машин замын урд талд хажуугаараа харчихсан байсныг санаж байна. Осол болсны дараа миний бие муу байсан. Гэрийнхээ унинаас татаж босдог байсан. Тухайн үед ямар жолооч осол гаргасныг мэдээгүй байж байтал Д.А хүргэн, дүү, хүүхэдтэйгээ хамт манайд ирсэн. Тэгээд Д.А хүнийг ийм болгочихсон юм чинь 10, 20 сая төгрөг ч байсан өгнө гэхээр нь би чамаас тийм их мөнгө нэхэмжлэхгүй, чи надад хохиролдоо 8500000 төгрөг өг гэсэн за гэж хэлээд явсан. Үүнээс хойш надтай огт уулзаагүй. Б гэдэг эмч үзээд таны цээжинд яс хугарсан байж болзошгүй гэж хэлсэн. Миний цээж их хөндүүр байсан. Цагдаагаас дуудахаар нь очсон чинь та ямар ч гэмтэлгүй гэж гарсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал өвдөөд байхаар нь дахиад эмчид үзүүлсэн чинь хугарсан байна гэсэн. Мөн зургаа дахиад хотруу явуулсан чинь зүгээр гэж ирсэн. Тэгсэн ус өргөөд явж байсан чинь дахиад өвдөөд байхаар нь үзүүлсэн чинь бороолж байна гэж хэлсэн. Шинжээч эмч Д.Дгийн хариуцлагагүйгаас болоод буруу дүгнэлт гаргасан учраас их гомдож байна. Залуу хүн байж харьцааны соёлгүй, хүний хувь заяа шийдэж байж маш хариуцлагагүй хүн. Маш их гомдолтой байна. Миний цээжний зургийг ямар ч хүн харсан хугаралттай гэдэг нь харагдаж байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бгийн “...Би талийгаач Д.Тын том хүү байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажил дээрээ байж байхад 23-00 цагийн хооронд манай төрсөн дүү Т.Б надруу утасдаад “Өмнөговь аймагруу явж байгаад замд таарсан адууг тойрох гэж байгаад машинтай мөргөлдчихлөө, гайгүй байнаа” гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь 20 орчим минутын дараа би буцаагаад утасдахад “ээжийн бөгсөн бие нь мэдээгүй юм шиг байна, Д.А ах бас хөдөлж чадахгүй байна, та хурдан ир” гэж хэлсэн. Дахиад 20 минутын дараа утасдахад ээж рентгений зураг авахуулах гэж байна гэсэн. 1 цаг орчимын дараа дахиад утасдахад “рентген зургийг нь авч дуусаагүй байна” гэхээр нь “ямар зураг гэхээрээ ингэж уддаг юм” гэхэд “мэдэхгүй” гэж хэлсэн. 20 орчим минутын дараа надруу манай дүү Т.Б утасдаад ээжийг нас барчихлаа гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
Хохирогч Т.Бын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор хойд аав Д.Агийн “ниссан тино” маркийн машинтай хойд аав Д.А, дүү Х.Г, талийгаач ээж Д.Т, дүү М.С /4 настай/ нарын хамт 18 цагийн үед гарсан. Орой 21 цагийн үед Дундговь аймгийн төвд ирээд хоол идчихээд 22 цагийн үед хөдөлсөн. Би Дундговь аймгаас хөдлөөд 7 километр орчим яваад унтаад өгсөн. Унтаж байтал гэнэт их дуу чимээ гарж, шороо шажигнаад явчихсан. Машины ард сууж явсан М.С, Х.Г, бид 3 буусан. Д.А, ээж 2 бууж чадахгүй байсан. Замаар явж байсан машины жолооч нар туслаад Д.А ахыг машинаас гаргасан. Ээж жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан юм, ослын улмаас ээжийн хөл нь хавчуулагдчихаад гарч чадахгүй байсан. Замаар явсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан байх. Дуудлага өгснөөс хойш 1 цаг 20 орчим минутын дараа цагдаа, онцгой байдлын хүмүүс ирж ээжийг машинаас гаргаж аймгийн эмнэлэгрүү явуулсан... Эмнэлэгт бид бүгд рентгенд харуулаад байж байхад ээжийг рентгенд харуулна гээд дээш авч гараад нэг их удалгүй буугаад ирсэн... 10 минут орчмын дараа ээжийг өнгөрчихлөө гэж хэлсэн. Ослын улмаас миний зүүн мөрний бугалга хугарсан, зүүн хөмсөгний доод талд язарсан, өөр гэмтэлгүй. Улаанбаатар хотоос гарч осол болох хүртэл Д.А өөрөө машинаа жолоодож байсан. Намайг унтаагүй байхад 90-100 километр цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/
Хохирогч Д.Мын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг “Ганц худаг” гэх газраас Дундговь аймгийн төв орохоор өөрийн хадам ах Ш.Тгийн жолоодож явсан приус 11 маркийн машинд 22 цаг өнгөрч байхад сууж хөдлөөд 2-3 километр зайд Дундговь аймаг явах чиглэлээр явж байтал өөдөөс нэг машин ирж байсан. Би тэр машиныг яасан тод гэрэлтэй машин бэ” гэж хэлж байснаа санаж байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна... Машинд Ш.Т ах бид 2 сууж явсан, өөр хүн байгаагүй... Ослын улмаас миний толгой хагарч оёо тавиулсан, 4 хавирга хугарсан, зүүн хөл зөөлөн эдийн гэмтэл авсан...Би эмчилгээний зардал болох 560000 төгрөгөө нэхэмжилж байна, нэхэмжилсэн мөнгөө авчихвал гомдол саналгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 63/
Насанд хүрээгүй гэрч Х.Гын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр талийгаач ээж Д.Т, хойд аав Д.А, ах Т.Б, нагац дүү Б.С нарын хамтаар Д.А ахын эзэмшлийн “ниссан тино” маркийн машинтай Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор гарсан. Замдаа Дундговь аймгийн төв орж хоол идчихээд 22 цаг өнгөрч байхад Дундговь аймгийн төвөөс Өмнөговь аймагруу гарсан... Унтаж байтал гэнэт л хүчтэй дуу чимээ сонсогдохоор нь сэрэхэд машин эргэж байсан... Машин зогсохоор нь би өөрөө машиныхаа хаалгыг нээж буугаад гутлаа өмсөхөд миний зүүн хөл хөндүүр болсон байсан. Би Б.Сгийн гутлыг өмсгөөд машинаас гаргаж авсан. Тэгэхэд Т.Б ах машинаас гарчихсан хажууд зогсож байсан. Замын нөгөө талд нэг машин онхолдсон, машины урд талын хаалгаар нь хүн дээшээ цухуйж гарч ирээд” наашаа яваач” гэхээр нь би арай хийж хөлөө чирээд очтол “машин зогсоо” гэж хэлсэн. Би машин зогсоож тусламж гуйхад хүмүүс бидэнд тусалж цагдаа, түргэн дуудсан. Д.А ах машинаас гарчихсан байсан, ээж машинд хавчуулагдчихаад гарч чадахгүй байхад Онцгой байдлын газрын хүмүүс ирж гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 180200124 дугаартай дүгнэлтэд
“1. Ш.Тгийн биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх-ийн 89/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 180200179 дугаартай дүгнэлтэд
“Тухайн ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар урд гаргасан 180200124 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэжээ. /хх-ийн 94/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 766 дугаартай дүгнэлтэд
“1. Шинжээч эмч Д.Дгийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 180200214, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 180200179 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. 2018 оны 3 дугаар сарын 24, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн болон 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Цээжний хэнхэрцэг, өвчүү ясны хажуу болон эгц байрлалын рентген зургуудыг Дүрс оношилгооны эмч С.Чээр уншуулахад: хавирга, өвчүү ясанд хугарал, цууралт гэмтэл тогтоогдоогүй байна. Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 180200214 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно” гэжээ. /хх-ийн 101-102 дугаар хуудас/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 180200130 дугаартай дүгнэлтэд
“1.Д.Мын биед толгойд шарх, зүүн шуу, 2 өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, цээж, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэжээ. /хх-ийн 104 дүгээр хуудас/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 180200188 дугаартай нэмэлт дүгнэлтэд
“1. Тогтоолын хамт ирүүлсэн материалаар Д.Мын биед зүүн талын 2, 3, 4, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 110/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэд
“1. Т.Бын биед зүүн атгаалын дээд булууны хүзүүний далд хугарал гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 118/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 180100026 дугаартай дүгнэлтэд
“1. Талийгаач Д.Тын биед баруун 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9-р, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11-р хавирганы, баруун дунд чөмөг, аарцаг ясны хугарал. Зүүн эгэм, цээжний зүүн хэсэг, баруун зүүн шуу, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт. Голт, хэвлий, аарцгийн гялтан, цээж баруун гуя, шилбэ, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, зүүн тавхай, зүүн өгзөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Талийгаач Д.Т нь В /III/ бүлгийн цустай байна.
5. Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач Д.Т нь авто ослын хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ” гэжээ. /хх-ийн 135-137/
-Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэд
“1. Ниссан тино маркийн 3229 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт, 8 дугаар бүлгийн 8.2 “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Тоёото приус маркийн 8865 ДУА улсын дугаартай автомашины жолооч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол Ниссан тино маркийн 3229 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Д.Агийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан гэх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 73/
-Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн техникийн дүгнэлтэд
“Ниссан тино маркийн 3229 УНЗ улсын дугаартай авто машин нь 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас урд буфер хагарч эвдэрч ойчсон, урд их гэрлүүд хагарч бутарсан, нүүр хэмхэрсэн, копут цөмөрч салсан, зүүн гар талын урд крыло урагдаж салж ойчсон, зүүн гар талын урд хаалга урагдаж хунирч салсан, шил хагарсан, толь хугарсан, багана хойш хугарсан, салхины шил хагарсан, кабины зүүн урд хэсэг лонжромоороо хойш чихэгдсэн, аммартизатор хугарсан, дугуй хагарсан, зүүн гар талын дээд, доод гар, өндгөн тулгуур шарнер бүгд хугарч салж ойчсон, таван булнууд салж ойчсон, цахилгаан төв монтаж тасарсан, салхины сэнснүүд хагарч ойчсон, радиаторууд хойш чихэгдэж эвдэрсэн, моторын лап тасарч мотор хойш гүйсэн, тос масло гойжсон, аккумлятор хагарсан, голын багана хойш гүйж кабин цөмөрсөн, хийн дэрнүүд ажилласан, рулийн механизм гэмтсэн, урд хөндлөн травис муруйж, рам гулзайж кабин мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь осол болсны дараа үүссэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг сэргээн засварлах боломжгүй. Хөдөлгүүр болон бусад эд ангийн дотоод эвдрэл гэмтлийг тогтоох боломжгүй тул компьютер оношилгоонд оруулж гэмтлийг тогтоох шаардлагатай. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн бөгөөд осол болоход нөлөөлөөгүй. Ослын улмаас гэрэлтүүлэх хэрэгслүүд бүгд салж ойчсон, тормозны трупа тасарсан, тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцох боломжгүй тул тормоз бусад эд анги бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. /хх-ийн 79/
-Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн техникийн дүгнэлтэд
“Тоёото приус маркийн 8865 ДУА улсын дугаартай авто машин нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас урд буфер хагарч эвдэрч ойчсон, зүүн гар талын их гэрэл хагарч бутарсан, салхины шил хагарсан, нүүр хэмхэрсэн, толь хагарсан, копут цөмөрч салсан, зүүн урд талын крыло урагдаж салж ойчсон, зүүн гар талын урд хаалга хойш чихэгдэж нээгдэх боломжгүй болсон, шал дээш пөмбийж цөмөрсөн, шил хагарсан, багана хойш хугарсан, кабины зүүн урд хэсэг лонжромоороо хойш чихэгдэж, аммартизатор голоороо хугарсан, дугуй хагарсан, зүүн урд дугуйны обуд хагарсан, зүүн гар талын доод гар, өндгөн тулгуур шарнер бүгд хагарч бутарч хойш чихэгдсэн, таван бул салж ойчсон, цахилгааны төв монтаж тасарсан, төв гал хамгаалагч сууриараа бутарч ойчсон, цахилгаан мотор цөмөрч эвдэрсэн, радиаторууд хойш чихэгдэж эвдэрсэн, моторын лап тасарч мотор хойш гүйсэн, тос масло гойжсон, аккумлятор хагарсан, голын багана хойш гүйж кабин цөмөрсөн, хийн дэрнүүд ажилласан, урд хөндлөн травис муруйж, рам гулзайж кабин мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх гэмтлүүд нь осол болсны дараа үүссэн бөгөөд авто машиныг сэргээн засварлах боломжгүй. Хөдөлгүүр болон бусад эд ангийн дотоод эвдрэл гэмтлийг тогтоох боломжгүй тул компьютер оношилгоонд оруулж гэмтлийг тогтоох шаардлагатай. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн бөгөөд осол болоход нөлөөлөөгүй болно. Тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдрэл гэмтэл учирсан бөгөөд өмнө нь тормоз болон бусад эд анги бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. /хх-ийн 83/
-“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд “Тоёото приус 11, үнэлгээгээр тогтоосон дүн 3250000 төгрөг” гэжээ. /хх-ийн 127-128/
- Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд “Ниссан тино, үнэлгээгээр тогтоосон дүн 2948000 төгрөг” гэжээ. /хх-ийн 130/
-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн актад “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн Наадмын талбай гудамж 18583551899064, 3500 м.кв талбайтай /Г-1316001768 дугаартай/ газар -2520000 төгрөг” гэжээ. /хх-ийн 156/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/
- Д.Тын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 196/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171/
- Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 174-175, 177-181/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-23, 40-41, 44-49, 79, 83, 89, 93-94, 101-103, 110, 118, 125, 127-128, 130, 156, 170-171, 185, 189-194/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.А автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Аг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг “Булаг шандын энгэр” гэх газар засмал зам дээр 3229 УНЗ улсын дугаартай “Ниссан Тино” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Ш.Тгийн жолоодож явсан 8865 ДУА улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж иргэн Д.Тын амь нас хохирч, Т.Б, Д.М нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтандаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна.
Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд болох хохирогч Д.Маас гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан, хавтаст хэргийн 19-27 дугаар хуудаст авагдсан, эмчилгээний зардлын баримтуудыг үнэлж шүүгдэгч Д.Агээс 566500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М олгохоор, мөн иргэний нэхэмжлэгч Ш.Тгаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 29-42 дугаар хуудаст авагдсан баримтуудыг үнэлж 3900206 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.Тд тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8500000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 3900206 төгрөгийг гаргуулж, үлдэх хэлэлцээгүй орхисон 4099794 /дөрвөн сая ерэн есөн мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгтэй холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг иргэний нэхэмжлэгч Ш.Тд тайлбарлах нь зүйтэй юм.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хэд хэдэн үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж байна.
Хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.Агийн 1193743 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3500 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Д.Агийн өмчлөлөөр бүртгэлтэй гэрчилгээний дугаар 1316001768 дугаартай газрыг хохирогч нарт гэмт хэргийг улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулах хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Т овогт Д.Аг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Б, Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэн Д.Тын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Ад тэнссэн 3 /гурван/ жилийн хугацаанд гэм хорын хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 / зургаан/ сарын хугацаанд нөхөн төлөхийг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Агээс нийт 4466706 /дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мд 566500 /таван зуун жаран зургаан мянга таван зуун/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Тд 3900206 /гурван сая есөн зуун мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцээгүй орхисон 4099794 /дөрвөн сая ерэн есөн мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгтэй холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.Агийн 1193743 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Уд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8- д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Агийн өмчлөлөөр бүртгэлтэй гэрчилгээний дугаар 1316001768 дугаартай газрыг хохирогч нарт төлбөрийг барагдуулах хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О