Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.С даргалж, шүүгч З.Т, Л.О нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т,

Иргэдийн төлөөлөгч С.Ц

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1822000410047 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачилтын машинист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ....................тоотод оршин суух, 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3, 98 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй гэх  регистрийн дугаар ............, Боржигон овогт Т.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын төвд иргэн Ц.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

        Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Би 40 гаруй хоног хөдөө ажлаар явсан байсан. Урд өдөр нь суман дээр ирж хоноход манай гэрийн тогийг тасалчихсан байсан. Цахилгаанчинд очиж хэлэхэд танай тогны төлбөр гарсан байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь 8 цаг өнгөрөөгөөд хөдөө ажлаад орой 18 цаг өнгөрөөгөөд ирсэн. Ц.О манай арын хашаанд байдаг юм. Гэртээ галалчихаад бие засах гээд гарсан чинь Ц.Оийн гадаа машин, мотоцикль байхаар нь Ц.Оийг гэртээ байгаа юм байна гээд очоод уулзсан. Ц.О өмнө нь надаас 60000 төгрөг зээлж авсан байсан. Урьд нь 2, 3 удаа мөнгөө авъя гэж хэлэхэд боломжгүй байна гээд өгөөгүй юм. Манай тогны мөнгө гарчихсан, тог, тамхины мөнгө хэрэгтэй байна, хэдэн төгрөг ч болов ахдаа өгчих гэж хэлсэн чинь байхгүй юмыг яах юм бэ гээд байсан. Ц.О согтуу байсан. Өгнө гэж авчихаад одоо болтол өгөөгүй олон удаа хэлсэн биз дээ гээд бид маргалдсан. Хоёулаа гарах уу гэсэн чинь тэгье гээд Ц.О түрүүлээд гарсан. Намайг гарах гэтэл үүднийхээ гишгүүр дээр гишгэснээ эргэж хараад цохиод авсан. Тэгэхээр нь би баруун гараараа нэг алагдаад авсан чинь цаашаа гуйвсанаа машин түшээд босож ирсэн. Тэгээд алнаа чамайг гэхээр нь хутга гаргаж ирээд хутгалчихсан. Би яваад хашааруугаа ороод гэрийнхээ цоожыг аваад зогсож байтал араас түжигнэх чимээ гарсан. Манай хашааг машинтай хүн мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд цагдаа ирсэн” гэв.

 

        Хохирогч Ц.О мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн... 16 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас Т.Б орж ирээд “60000 төгрөгөө авмаар байна” гэхээр нь “надад боломж алга, дараа боломжтой болохоороо өгье” гэж хэлтэл Т.Б уурлаад байгаа харагдсан. Манай эхнэр “гэрт хэрүүл хийгээд хүүхэд унтуулахгүй юм гар” гэхээр нь би эхлээд гэрээс гарсан. Миний араас Т.Б гарч ирээд гэрийн гадна миний цээжрүү 2 удаа хутгалсан... Би гэрт байхдаа Т.Быг нэг удаа хацарлуу нь алгадсан... Хутгалуулчихаад машинд суугаад Т.Бы хашааруу явсан. Хурдтай явсан болохоор жолоогоо дараад хашааг нь мөргөөд машин зогссон. Манай эхнэр ирээд намайг аваад гэррүү явсан, тэгээд түргэн тусламж дуудсан...Би өнгөрсөн зун Т.Баас 40000 төгрөг авсан, өөрөө болохоор 60000 төгрөг авсан гээд байгаа юм. Би мөнгөөр нь архи аваад хэдэн хүнтэй уучихсан, тэр хүмүүстэй хамт л төлөх ёстой юм... Миний зүүн талын хөхний доод талд болон гэдэс хавьд 2 удаа хутгалсан. Т.Б тэр үед биедээ хутгатай явсан... Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэжээ /хх-ийн 17-19/

 

Гэрч Б.Ц мэдүүлэхдээ “...Ц.Оийн зүүн хөхний доохно талд нь өнгөцхөн зүссэн, зүүн хавирганых нь хавьд хутгалсан байсан. Манай гэрийн гадна муудалцахдаа л хутгалсан байх. Т.Б Ц.Оийг хутгалсны дараа би тэр хоёрыг салгаад Т.Быг гэрт нь хүргэж өгөх гээд хашааных нь хажууд ирэхэд Ц.О машин унаж араас ирээд Т.Бы хашааны урд хэсгийг нь мөргөөд зогссон. Тэр үед Т.Б хашаагаа даваад гэртээ орсон байсан. Би Ц.О дээр очоод хаалгыг нь нээтэл гэдэс гээд эвхрээд унасан. Би гэррүүгээ аваад явсан, тухайн үед тэр хоёр муудалцсан зодолдсон асуудал болоогүй. Машин нь Д.Б ахын машин байсан. Манай хашаанд байсан юм, яах гэж Т.Бы араас нь очсоныг мэдэхгүй байна...” гэжээ /хх-ийн 113/

 

Гэрч М.Д мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т.Б Ц.Оийг хутгалсныг мэдэхгүй, би тухайн үед Чойрт эмчилгээ хийлгээд байж байсан, дараа нь мэдсэн. Т.Б миний хүү байгаа юм. Ц.О манай хашааг мөргөж нураасан байсан. Саарал өнгийн блокоор хийсэн хашаа байсан. 70 орчим блок нурсан байсан, түүнээс 10 орчим блок бүтэн үлдсэн байсан. Нэг блокоо 1000 төгрөгөөр үнэлнэ. 60 блок эвдэрсэн учраас 60000 төгрөгөөр үнэлнэ” гэжээ /хх-ийн 112/

Гэрч Д.Б мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 7 цагийн үед сумын иргэн Ц.Д, Ц.О нартай Говьсүмбэр аймагруу өөрийнхөө машинтай тэндээс өвс ачих ажлаар явсан. Аймаг дээр өвс байхгүй дууссан гээд өвс ачиж чадаагүй. Бид 3 замдаа гурван шил архи хувааж уусан. Өдөр 17 цагийн үед Баянжаргалан суманд ирсэн....Миний машиныг Ц.О суман дээр жолоодож яваад Т.Бы блокон хашааг мөргөж нураасан байсан. Ц.Оэд би машинаа өгөөгүй байхад өөрөө унаад явсан байсан. Харин би Говьсүмбэрээс гарахдаа Ц.Оэд машинаа бариулсан. Ц.О сум ортол машин барьсан... 6194 ДУА улсын дугаартай пронтер маркийн машин байгаа юм...Би Ц.Оийг Т.Бд хутгалуулсан гэдгийг өглөө л хүнээс сонссон...” гэжээ/хх-ийн 28-29/

 

Гэрч Б.Ж мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр би хөдөө гэрээсээ хүү У.Нын хамт сумын төв дээр 16 цагийн үед ирээд Ц.О ахынд цай уухаар очсон...Тэгтэл машин дуугараад Ц.О ах гэртээ орж ирсэн... Гаднаас Т.Б орж ирээд Ц.Оээс мөнгө нэхээд байсан. Ц.О “боломж муу байна, мөнгийг чинь өгнө” гэхэд Т.Б “авсан шигээ өгчихөөч” гээд муудалцах шинжтэй болсон.  Б.Ц эгч тэр хоёрыг “гэрээс гарцгаа, гадаа гарч муудалц” гэж хэлсэн. Би хүүгээ дагуулаад гадаа гараад машиндаа суутал Т.Б, Ц.О нар гараад ирсэн... Ц.О ах гэрээс гарч ирээд машинд сууж байсан. Гэтэл Т.Б, Ц.О 2 муудалцаад ноцолдоод эхэлсэн. Тэр үед Б.Ц эгч гэрээс гарч ирсэн, бид 2 бас явж очоод салгацгаасан. Гэтэл Ц.О “намайг хутгалчихлаа” гээд фудволкоо тайлаад шидэхэд нь хэвлий хавиас нь их цус гарч байсан. Би “гэртээ ор” гэтэл уурлаад машиндаа ороод суучихсан. Б.Ц эгч Т.Быг аваад зүүн урагшаа явсан бас Т.Бы хутгыг авах гээд чадахгүй байх шиг байсан. Ц.О машин унаад яваад өгөхөөр нь  би цагдаад ирж хэлсэн юм. Ц.Оийг гэрийн гадна хутгалсан байх. Цээж болон хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалсан байсан...” гэжээ./хх-ийн 33-34/

 

Насанд хүрээгүй гэрч У.Н мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш би ээжийн хамт сумын төв дээр ирээд Ц.О ахынд цай уугаад байж байтал Ц.О ах халамцуу бололтой гэртээ орж ирсэн. Араас нь Т.Б гэх хүн орж ирээд мөнгөний асуудал яриад хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгтэл Б.Ц эгч тэр хоёрыг “гарч муудалц” гэж байсан. Ээж бид 2 явах гээд гадаа гараад машиндаа суугаад байж байтал гэрээс нь Ц.О Т.Б нар гарч ирсэн. Бид хоёрыг явах гэтэл тэр хоёр зодолдоод эхэлсэн. Ээж бид 2 яваад очтол цаанаас Б.Ц эгч хүрээд ирсэн. Бид нар салгаад Б.Ц эгч Т.Быг аваад хашаанаас гараад явсан. Ээж бид хоёр Ц.О ахыг хориод байж байтал машинд ороод суучихсан. Тэгээд хөдлөөд яваад өгөхөөр нь бид 2 цагдаад мэдэгдэх гээд явсан. Тэр хоёрыг салгах үед Ц.О ахын гэдэс хавиас нь цус  гарсан байсан. Ц.О ах намайг хутгалчихлаа гэж байсан...” гэжээ /хх-ийн 35/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 170200067 дугаартай дүгнэлтэд “Ирүүлсэн материалаар Ц.Оийн биед цээж хэвлийн хөндийн хавсарсан хатгагдсан шарх, өрцний цоо хатгагдсан шарх, ходоодны их махианы нэвт хатгагдсан шарх, цээж хэвлийн цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна “ гэжээ /хх-ийн 48-49/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд “хүрэн өнгийн модон иштэй, шөвгөр үзүүртэй, цус мэт хүрэн өнгийн зүйлээр ажлын хэсэг нь бохирлогдсон хутга 1 ширхэг хураан авсан болно” гэжээ /хх-ийн 13

- Хохирогч Ц.Оийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 57-84/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-100, 124-125/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 96, 103, 129, 148-152/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 131-146/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Дээр дурдсан баримтаар шүүгдэгч Т.Б 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын төвд иргэн Ц.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.О шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болох хохирогч Ц.Оийн тус аймгийн Цагдаагийн газарт болон тус шүүхэд гаргасан хүсэлтэд “Миний биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-111/, мөн 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэжээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, мөн хуульд зааснаар хохирлоо шаардах эрхтэй тул хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч анх гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон үйл хэргийн талаар мэдүүлж, хохирогч Ц.Оийг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байжээ. /хх-ийн 20-22, 120-121/

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Т.Б нь 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3, 98 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

            Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үйлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Т.Быг өршөөлд хамруулж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар энэ талаар ямар нэг шийдвэр шүүхээс гаргаагүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй шөвгөр үзүүртэй хутга нэг ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Быг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Боржигон овогт Т.Бд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.  

            4. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Ц.О хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.О нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Баас нэхэмжлэх эрхтэйг заасугай.   

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

            7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                    С.С 

                                               

                                           ШҮҮГЧИД                                    З.Т

                                                                                        

                                                                                               Л.О