Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

                                                                     

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

     Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тд холбогдох эрүүгийн 1822001390070 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, .................оршин суух, гавъя шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, регистрийн дугаар ................, Бага адаацаг овогт М.Т

 

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

           Шүүгдэгч М.Т нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Хайлаастын ам гэх газраас иргэн Б.Эын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

           Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Эын 2 тооны адууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нийт 5000000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 1300000 төгрөгийг нь өгчихсөн. Үлдэгдэл 3700000 төгрөгийг өгөх гэхээр бэлэн мөнгө байхгүй. Мал, махаа зарах гэхээр мал таргалаагүй байгаа болохоор үлдэгдэл хохирлоо төлөх хугацаа авмаар байна. 8, 9 сар гэхэд мал таргалчих байх тэгэхээр нь мал зараад хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Тиймээс тэнсэн харгалзах ял өгнө үү гэж гуйж байна....” гэв.         

       

             Хохирогч Б.Эын “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр адуугаа Хайлаастын амны худагт услаад тэнд нь орхисон. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ногттой саарал морь маань Хайлаастын амны урд дээр ганцаараа зогсож байхаар нь адуундаа нийлүүлээд адуугаа бүртгэтэл зөв гуяндаа саран зуузай тамгатай, хээр зүсмийн морь, 4 хөл цагаан онгитой, чагтан тамгатай хээр алаг зүсмийн 2 морьд алга байсан. Энэ хоёр морьд миний уядаг байсан морьд байгаа юм. Хохирлыг минь барагдуулвал гомдол, саналгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/

 

               Гэрч Х.Бийн “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай сумын  хүргэн гэх Гэрэл гэдэг залуу мал хотолсон хойно манай гэрт орой машинтайгаа ирээд хүнээс адуу худалдаж авсан юм, танай гадаа 2 адуу хийчих гэсэн юм гэхээр нь би зөвшөөрсөн. Мөн миний мотоциклийг зээлж унаад би араас нь яваад ирье гэж хэлсэн. Удалгүй 2 залуутай 2 морь аваад ирсэн. Манайд гаднаас хүн ирсэн байсан болохоор хорхог, боодог хийж өгөх гээд би завгүй байсан. 21 цагийн үед байх адуугаа хийж эхлээд 23 цаг өнгөрч байх  шиг санаж байна намайг очиход адуугаа хийгээд дуусаж байсан. Удалгүй Стана маркийн машин ирж махаа ачаад явсан. Т гэх залуу 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр адууны эрэлд явж байна гээд манайд ирж хоносон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

   Гэрч А.Хгийн “...Т гэх залуу 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манайд ирж хоносон юм. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манайх бууцнаасаа нүүх болоход хоносон айлаа нүүлгэж өгнө гээд манайхыг бууцнаас нүүлгэсэн. Тэгээд нүүлгэж байхдаа хэд хоногоос танайд адуу хийвэл болох уу гэж асуухад нь тэгвэл тэгэхгүй юу гэж хэлж байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манайд ирээд адуугаа авчраад хийчих үү гэхээр нь тэг тэг гэж зөвшөөрөхөд адуугаа авчраад манай гадаа ирсэн. Орой 20-21 цагийн үед хийж эхлээд 23 цаг өнгөрч байхад дуусаад машинд ачаад явцгаасан..“ гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

   Гэрч Г.Тийн “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 4 дүгээр баг, Цантын 7-1 тоотод байх гэртээ байж байхад Дундговь аймгийн Адаацаг сумын малчин М.Т манайд ирсэн. М.Тыг манайд ирэхээр нь хоол хийж өгөөд 1 шил архи ууссан. Надад М.Т 400000 төгрөгийн өртэй байсан болохоор би зээлсэн мөнгөө өгөх үү гэж асуухад М.Т Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг, Хайлаастын ам гэх газарт манай адуу байгаа, 2 тооны адууг 800000 төгрөгөөр заръя, тэгээд өрөө өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Би Дэрэн суманд мал, мах, малын гаралтай түүхий худалдан авч борлуулдаг юм. М.Т бид хоёр “Хайлаастын ам” гэх газарт очоод М.Тын адуу гээд хамар хонгор азрагатай 14-15 тооны адуунаас 2 тооны адууг М.Т хороонд хашиж байгаад барьсан. Уг 2 адуугаа Х.Б гэх Дэрэн  сумын төвөөс зүүн хойш 2 километрт байх айлын гадаа нядалсан. Би аймгаас найз Ц.Сыг 2 тооны адуу ачаад хотруу яваад өгөөч гээд дуудчихсан байсан. Тэгээд би Дэрэн сумын төв орж Ц.Сыг тосоод буцаад уг адууг нядалсан газраа ирээд 2 тооны адууны мах ачаад хотод очоод “Хүчит шонхор” зах дээр аваачиж 1200000 төгрөгөөр зарсан. Би Н.Тжаргалаас өөрийн авах ёстой байсан 400000 төгрөгөө аваад 400000 төгрөгийг нь М.Тд өгсөн. Мах ачсан Ц.Сад тээврийн хөлс гээд 200000 төгрөг өгсөн. Хот руу мах авчирч зарсан гээд надад 200000 төгрөгийн ашиг гарсан. Хээр, хээр алаг зүсмийн адуу нядалсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. М.Тыг адуутай болохоор өөрийнхөө адуунаас авч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

  Гэрч Ц.Сын “....Би хот хооронд Истана маркийн автомашинаар ачаа зөөдөг. Г.Т хааяа надруу яриад мах зөөлгөдөг байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим манай найз Г.Т миний утасруу залгаад Улаанбаатар хотруу 2 тооны адууны мах орой ачина гэж хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрөөд Г.Т надруу залгаад адуугаа хийчихлээ одоо гараад ир гэж хэлэхээр нь би Дэрэн сумын төвд байх Г.Тийн гэрт 23 цагийн орчимд очсон. Г.Т адуу ачна гээд зам заагаад Дэрэн сумаас зүүн хойш 2 км яваад айлын гадаа аваачсан. Тэр айлын зүүн урд 100 метр орчим газарт 2 тооны адуу нядалсан байсан. Тэнд Н.Тжаргал гэх зүс таних залуу байсан. Би махыг нь ачаад Улаанбаатар хотруу явсан. Бид хотод очоод “Хүчит шонхор” зах дээр үүрийн 4 цаг өнгөрөөгөөд очсон. “Хүчит шонхор” зах дээр Г.Т ченжтэй яриад шууд 2 тооны адууны махыг зарсан. Хэнд зарсныг нь мэдэхгүй. Г.Т мах хэнд зарсныг нь мэднэ. Надад тээврийн зардал гээд 200000 төгрөг өгсөн. Г.Т хааяа мах ачдаг болохоор би хулгайн мах гэж мэдээгүй. Өөрийнх нь юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Биологийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-41 дугаар хуудас/

Яллагдагч М.Тын мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 54-74 дүгээр хуудас/-аар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч М.Т нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

     Иймд шүүгдэгч М.Тын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Хайлаастын ам гэх газраас иргэн Б.Эын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 5000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

      Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

            Хохирогч Б.Эод 5000000 төгрөгийн хохирол учирсан болох нь Биологийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-41 дугаар хуудас/-гаар тогтоогдож байх бөгөөд хэрэгт 1300000 төлсөн /хх-ийн 75 / баримт авагдсан мөн хохирлын үлдэгдэл болох 3700000 төгрөгийг төлөх талаар шүүгдэгч мэдүүлж байх тул шүүгдэгчээс 3700000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

     Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

     Шүүгдэгч М.Т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                                                                                               

     Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

     Шүүгдэгч нь Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг баривчлах ялыг эдэлж байгаад 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

     Дээрх нөхцөл байдлыг судлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

    Шүүгдэгч М.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бага адаацаг овогт М.Тыг мал хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Тд шүүхээс тэнссэн 3 /гурван/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Тд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч М.Т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3 /гурван/ сарын хугацаанд нөхөн төлөхийг тогтоосугай.

 

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Таас 3700000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эод олгосугай.

 

 7. Шүүгдэгч М.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                         

                                                           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.О