Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00626

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00626

 

 

 

Б Улаанбаатар төмөр замын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00295 дугаар шийдвэртэй

Б Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2 724 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяа Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангитай С ХХК, түүнийг төлөөлөн захирал Х.Баяраа нь АҮГ/16/050 дугаар бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компани нь 8.4 м.кв гэрэлтдэг чулуун тайзыг 3 276 000 төгрөгөөр, 25.62 м.кв гэрэлтдэг чулуун тайзыг 8 967 000 төгрөг буюу нийт 12 243 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болно. Дээрх ажлын урьдчилгаа төлбөр болгож 6 000 000 төгрөгийг С ХХК-ийн дансанд 2016 оны 07 сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл тус аж ахуйн нэгж гэрээний дагуу бүх ажлыг хийж гүйцэтгээгүй зөвхөн тайзны заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлыг гүйцэтгэлээр тооцвол 3 276 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж захиалагч тал дүгнэсэн. Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Цогзолмаа /ЦВ78100468/, Б.Сэлэнгэ /ЦВ56061161/ нар байна. УБТЗ нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар анги нь хувь иргэнтэй гэрээ байгуулахгүй гэхэд иргэн Баяраа нь зориуд танил компани болох С ХХК-тай хуйвалдан тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрөө захирал мэтээр гарын үсэг зурж санаатайгаар хууран мэхэлсэн байна. Гэрээ байгуулах явцад гүйцэтгэгч тал удирдлагын талаарх мэдээллийг зориудаар нуун, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж хэлцэл хийсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан шаардах эрхийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу гэрээний төлбөрийн урьдчилан шилжүүлсэн 6 000 000 төгрөгөөс гүйцэтгэлээр тооцсон 3 276 000 төгрөгийг хасч үлдэгдэл 2 724 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байгаа бол Б.Галбадрах миний бие "С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагчаар татагдан оролцох шаардлагагүй болсон гэж үзээд хариуцагчаар Хорлоо овогтой Баярааг оролцуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэдэг нь УБТЗ-ын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавараар нотлогдож байна. Учир нь МОХНН УБТЗ-тай ажил гүйцэтгэх гэрээг төлбөр төлсөн огноо болох 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 5 хоногийн өмнө байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд Гүйцэтгэгчийн эрх, үүрэг Засварын ажлын гэрээ батлагдсанаас хойш 2 хоногийн дараа эхэлж, ажлын 10 өдөрт багтаан бүх ажлыг чанарын болон норм, стандартын шаардлага хангаж хийж дуусган хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно гэж заажээ. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан тул МОХНН УБТЗ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 2 724 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Улаанбаатар төмөр замд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58 334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 58 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б Улаанбаатар төмөр зам нь хувь иргэнтэй гэрээ байгуулдаггүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд гэрээ байгуулах журам, мөн амаар удаа дараа мэдүүлсээр байтал шүүх хэлцэл хийсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн Х.Баяраагын гарын үсэг хуурамч гэдгийг нотолсон баримт болох Х.Баяраа нь бусадтай байгуулж байсан гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөөр байтал шүүх харгалзаж үзээгүй. Б Улаанбаатар төмөр зам нь шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ 2 724 000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байтал хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.Тухайн ажлыг хэдэн төгрөгөөр материал авсан хэдэн төгрөг үлдсэн эсэх баримт байхгүй ажил хүлээлцсэн акт байхгүй зэрэг үйл явдлаар нотлогддог. Жинхэнэ гэрээнд хавсрагдсан тайзны ажил хүлээлгэж өгсөн акт ,дараагийн ажлын материалын үнийн нэхэмжлэх, материалын үнийн жагсаалт, материал авсан баримт падаануудыг бүгдийг нь нуун дарагдуулсан. Хариуцлага маш муу,жинхэнэ гэрээнд заасан үүргийг зөрчсөн, материалын мөнгө өгөлгүй олон өдөр саатуулсан /14 хоног/. Сүүлд нь 2016 оны 8 сарын 20оос таг алга болсон байдаг. Б Улаанбаатар төмөр зам нь шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо нь 2019 оны 10 дугаар сар 29-ний өдөр байдаг гэтэл ажил гүйцэтгэх гэрээ нь 2016 оны 07 сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавар хийсэн өдөр гэрээг байгуулсан гэж үзвэл иргэний хуулийн 349.1, иргэний хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 724 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой юм.

 

Зохигчид 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ С ХХК нь төлбөр 1 000 000 төгрөгийг Улаанбаатар төмөр зам ХХН-д төлөхөөр хүлээн зөвшөөрөв. Төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 1 000 000 төгрөгийг С ХХК нь Улаанбаатар төмөр зам ХХН-д 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 58 334 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО