Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 1817001890091 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 13-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр Замын .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээ авч байсан гэх Т овогт Б-н Б /РД: ЕЙ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Сет баарны гадаа иргэн Т.М-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх мэтээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сет баарны гадаа хохирогч Т.М-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж,  мөн өшиглөх мэтээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз Б, Г, Д нарын хамт Халуун тогоонд орж хоол идээд караокед 2 цаг дуулсан. Дуулж байхдаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг ууцгаасан. Тэгээд Халуун тогооноос 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэндээс гараад Сет бааранд ороод мөн Соёрхол нэртэй архи авсан. Тэр архинаас би уугаагүй бүжиглэж байгаад  01 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гадаа гарахад манай ах Х-н ангийн зүс мэдэх /нэрийг нь мэдэхгүй/ 2 эгчтэй нэг залуу маргалдаж байхаар наанаас яваад очсон. Тэгээд би одоо энэ М гээд байгаа залууд боль гэсэн чинь над руу дайраад байхаар нь нэг удаа гараараа нүүр лүү нь цохиод, нэг удаа өшиглөсөн. Хаашаа нь өшиглөсөн талаараа мэдэхгүй байна. М-тэй дараа нь уулзахад миний нүүр лүү өшиглөсөн гэж байсан. Тэгээд бид хэд салаад явцгаасан. Д Халуун тогооноос гараад шууд гэр лүүгээ явсан. Г, Б хоёр надаас түрүүлээд явсан байсан. Зодоон болоход байгаагүй. Би тэр хоёрын араас гүйгээд очсон. Тэгээд тэр хоёртой хамт явж байтал цагдаагийн машин араас ирээд намайг Г бид хоёрыг суулгаад цагдаа дээр авчирсан. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим ганцаараа Set баар луу ороод ганцаараа 2 шил пиво уучихаад 02 цагийн орчим гараад явах гэсэн чинь хажуунаас танихгүй хоёр согтуу эмэгтэй хүн намайг гэнэт хажуунаас гуйлгачин гэх мэтээр хэлээд миний малгайны юүдэнгээс татсан. Тэр үед би уурлаад нэг эмэгтэй хүнтэй нь маргалдаад зогсож байсан чинь хажуунаас нэг танихгүй залуу орж ирээд намайг боль гээд нөгөө эмэгтэй хүмүүсийг таниад тэр хоёр хүнийг өмөөрөөд надтай маргалдаад бид хоёр хоёр биенийгээ ална тална дээрээ тулаад хэрэлдэж байсан чинь Б гэх залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход нь би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь мөн нэг удаа миний нүүр лүү өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Би тэндээсээ яваад цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Би тэнд байсан надтай муудалцсан эмэгтэй хүний танихгүй. Урд өмнө нь харж байгаагүй.

Би Б гэх залууг урд өмнө нь хараагүй. Сая энд ирээд нэрийг нь мэдэж авсан. Би Б-г цохиогүй. Намайг Б-с өөр цохиж зодсон хүн байхгүй. Б-тай муудалцахаас өмнө миний биед учирсан шарх гэмтэл байгаагүй. Б-т зодуулсаны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан гэмтлийн зэрэгтэй танилцлаа. Надаас эмчилгээ болон бусад зардалд гаргасан мөнгө байхгүй. Би Б-тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй. Хойшид Б-т хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өчигдөр орой буюу 2018 оны 08 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед манай 10 жилийн ангийн хүүхэд Б, найз Б, Д бид дөрөв Сүмбэр сумын 2-р багт байрлах SET бааранд орж дөрвүүлээ нэг нэг Сэнгүр лаазтай пиво авч ууж бүжиглэсэн. Тухайн үед  SET бааранд хүн ихтэй байсан. SET баарнаас 1 цаг 30 минутын үед Б, найз Б, Д бид дөрөв гарахад гадаа хүмүүс их байсан. Миний мэдэхээр танай цагдаа Ш, О зэрэг ах мөн танихгүй хэдэн хүмүүс байсан. Б, Б, Д бид дөрөв баарны гадаа 10 минут орчим байж байгаад салаад Б бид хоёр гэр лүүгээ харих гээд Умбадай цайны газрын тэнд явж байтал цагдаагийн машин ирээд Б бид хоёрыг машиндаа суулгаад эрүүлжүүлэхэд авчирч хийсэн… /хх-ийн 11 дүгээр хуудас/ 

 

1.5. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 08 дугаар сарын 29-30-ныг шилжих шөнө найз Ш-н хамт Сэт бааранд суусан юм аа. Тэгээд 02 цагийн үед баар хаагаад бид хоёр баарнаас гарсан. Бааранд бүжиглэж байхад нэг жижиг залуу хамт бүжиглээд байсан. Ш рүү тэр залуу ойртоод ирэхээр нь өөдөөс түлхээд холдуулсан юм. Энэ асуудлаас болоод жижиг биетэй залуутай хамт явсан биерхүү залуу баарнаас гарч ирээд над руу дайраад байсан. Жижиг биетэй залуу нь том биетэй залуугаа холдуулчихаад надтай маргалдаж байтал Б хажуунаас ирээд жижиг биетэй залууг нүүр лүү нь нэг удаа цохисон. Би Б-г салгаад цааш аваад явсан. Тэр залуу тэндээ үлдсэн. Өөр асуудал болоогүй... /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Ц.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр найз О-н хамт Сэт бааранд сууж байгаад 02 цагийн үед гарсан. Гадаа нилээн олон хүмүүс байсан. Тэгтэл О надад хэлэхдээ нэг залуу бид хоёрыг өмөөрөөд нэг залууг цохичихлоо гэж байсан. Тэр цохиулсан гэх залуутай О бид хоёр юунаас болж муудсан талаар санахгүй байна. Тэр хүмүүс тэндээ муудалцаад үлдсэн. Отгонзаяа бид хоёр гэр лүүгээ явсан. Өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаартай дүгнэлтэд:

-Т.М-н биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно

 

Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б-н хувьд ааш зан тогтвортой, олон янзын ааш байхгүй. Үнэнч зантай. Аливаа зүйлд тууштай шударга ханддаг. Өөрийн үзэл бодлын төлөө үнэнч байдаг. Хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Ажил хөдөлмөр хийхдээ сайн. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Нийгмийн идэвх оролцоо сайтай. Хүнтэй нөхөрлөж найзалж чаддаг залуу байгаа юм. Өөр хэлэх юм байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ 

 

2.2. Гэрч А.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б-н хувьд хүнтэй их нийтэч эвсэг харилцаатай. Элдэв янзын муухай ааш зан байхгүй. Их сэргэлэн цовоо зантай. Б-н хувьд тусдаа гараагүй, аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Би нар ийм тийм зүйл хийлцээд өгөөч гэхээр үгүй гэхгүй тусч зантай. Өөрийн хариуцсан ажил хөдөлмөрийг сайн хийдэг. Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ 

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

2.4. Хохирогч Т.М-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 36-40 дүгээр хуудас/

 

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ