Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00045

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00045

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн

даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01388 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй,

Хариуцагч Бэх цаст ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 12 642 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэх цаст ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй буюу 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 8 428 000 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой хуримтлагдсан өр төлбөр 8 428 000 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны алданги 4 214 000 төгрөг, нийт 12 642 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 8 428 000 төгрөгийн шимтгэлийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 1 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй нь үнэн. Харин алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус компани нь барилга угсралтын ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл буюу одоог хүртэл нэг ч ажил хийж чадаагүй бүрэн сул зогсолтын байдалтай байгаа бөгөөд орлогын ямар ч эх үүсвэргүй байна. Энэ хүсэлтийг харгалзан үзэж алдангийг хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус баримтлан Бэх цаст ХХК-иас 12 642 000 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Бэх цаст ХХК-иас 217 222 төгрөгийг гаргуулан улсын төвсийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжилсэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцогдож байгаа 0.3 хувийн алданги болох 4 214 000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэтэрхий нэг талыг баримталж шийдвэр гаргаж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани 2014 оны 12 дугаар сараас одоог хүртэл ажил, орлогогүй сул зогсож байгаа бөгөөд орлогын ямар ч эх үүсвэр алга байгаа тул уг хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Бэх цаст ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 8 428 000 төгрөг, алданги 4 214 000 төгрөг, нийт 12 642 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 8 428 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 4 214 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 8 428 000 төгрөгийн өр үүсгэсэн тул нэхэмжлэгч 4 214 000 төгрөгийн алданги ногдуулсан тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 8 428 000 төгрөгийг шаардах эрхтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцагч нь 4 214 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж буй алданги нь гэрээний тохиролцоо бус хуулиар ногдуулсан хариуцлага тул алдангиас чөлөөлөх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрөөс 0,3 хувиар алданги тооцож, нийгмийн даатгалын шимтгэл 8 428 000 төгрөг, алданги 4 214 000 төгрөгийн хамт нийт 12 642 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцсэн тул шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагч Бэх цаст ХХК нь 2014 оны 12 дугаар сараас одоог хүртэл ажил, орлогогүй сул зогсож байгаа бөгөөд орлогын ямар ч эх үүсвэргүй байгаа тул алданги 4 214 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 222 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ