Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 773

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Л.Соёмбо,

           Шүүгдэгч: Ш.У өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Уд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805025020835 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.У, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ш.Унь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” нэртэй караокены үүдэн хэсэгт З.Цтай үл ялих зүйлээс маргалдан, улмаар чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Угийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар караокед байхад З.Ц ах ирээд ажлын ахтай маргалдсан, би чимээгүй байж байсан. Тэгсэн намайг алгадсан, би та яагаад намайг алгадаж байгаа юм бэ гэхэд дахин алгадсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир уур хүрээд гадаа гараад З.Ц ахтай зодолдсон. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч надаас миний төлөх боломжгүй их хэмжээний мөнгө нэхсэн учраас тохиролцож чадаагүй байгаа” гэв.

Хохирогч З.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-нд хоёр байгууллагын танилцах уулзалт болсон ба Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Хан караокед манай ажилчид орсон. Ш.У, Батсүрэн, Д бид дөрөв найзууд юм. Би Дтэй жоохон зүйлээс маргалдаад Д надад гомдсон байсан. Би тэгээд Ш.У руу очоод Д надад гомдоод салаавч гаргаад байна, Д яасан юм бол гэхэд Ш.У надад уурлаад миний ярьж байсан зүйлийг сонсохгүй байсан. Ш.У над руу харж ярихгүй цааш хараад байхаар нь хацар луу нь  2 удаа алгадаад над руу харчих гэхэд уурласан. Ш.У надад юм хэлэхээр нь би урдаас нь чамтай харьцахгүй8 цааш бай гэхэд Д та хоёрын асуудал надад ямар хамаатай юм бэ гээд намайг цохьсон. Би хойшоо унахад Ш.У бас унасан. Ажлын хүмүүс бид хоёрыг салгах гэсэн. Би газар унахдаа нэг чихээ нэг юманд зурсан байна гэж бодсон. Ш.У миний баруун хацрын дээд хэсэгт нэг цохьсон, би газар унасан. Ш.У дээрээс дарсан, намайг цохих гэхэд Ш.У өөр рүүгээ татсан, цохиулахгүй гээд татсан юм. Тэр үед зүүн чихнээс хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/

Гэрч Д.З мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Хан караокед манай ажлын хүмүүс байсан. Хоёр салбар нийлээд бүгд танилцах үдэшлэг хийсэн. Намайг тооцоо хийх гээд явсан байхад манай ажлын шалган хийдэг Б гэдэг эмэгтэй ирээд Ш.У, З.Ц нар гадаа маргаад байна гэхээр нь яваад очиход тэр хоёр салсан байсан. Та хоёр боль, юу болсон бэ гээд З.Цын толгойноос бариад хажуу тийш болгоход миний гар цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Шинжээчийн 6605 тоот дүгнэлтэд: “...З.Цын биед зүүн чихний дэлбээний эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Яллагдагчаар Ш.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...З.Ц над руу уурлаад намайг 2 алгадаад авсан. Тэгээд караокены гадаа байхад би З.Цын чихийг хазсан. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 18-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ш.Унь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” нэртэй караокены үүдэнд  хохирогч З.Цтай маргалдан, улмаар зодолдох явцдаа чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Цын: “...Ш.У над руу харж ярихгүй цааш хараад байхаар нь хацар луу нь 2 удаа алгадаад над руу харчих гэхэд уурласан. Ш.У надад юм хэлэхээр нь би урдаас нь чамтай харьцахгүй цааш бай гэхэд Д та хоёрын асуудал надад ямар хамаатай юм бэ гээд намайг цохьсон. Би хойшоо унахад Ш.У бас унасан. Ш.У миний баруун хацрын дээд хэсэгт нэг цохьсон, би газар унасан. Ш.У дээрээс дарсан. Намайг цохих гэхэд Ш.У өөр рүүгээ татсан, цохиулахгүй гээд татсан юм. Тэр үед зүүн чихнээс хазсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, шинжээчийн 6605 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Унь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж зодолдох явцдаа чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Цын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ш.Угийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ш.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, түүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Унь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Уг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч З.Ц нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Уд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР