Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01049

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01049

 

 

М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00747 дугаар шийдвэртэй,

 

М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй,

 

Засгийн газрын нөөц сангаас 41 742 604 төгрөг гаргуулах, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичгээр шагнасан байсныг буцаасан тул эргэж олгуулах, ажлаас халагдсаны улмаас авч чадаагүй цалин болох 13 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн Ж.Оюунболд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын өмгөөлөгч Д.Отгонбат,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон,

Прокурор Ш.Баярбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тушаалаар М.Одонхүүг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр ажлаас халсан. Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэгчээр, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллаж байсан М.Одонхүүг Бусдад авилга зуучилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсон. М.Одонхүү нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамт ажилладаг Б.Батзолбоогоос мөнгө зээлсэн. М.Одонхүүгийн ахуйн хэрэгцээнд тодорхой хэмжээний мөнгө хэрэг болоод Б.Батзолбоо 500 000 төгрөгийг нь зээлдүүлсэн байдаг. Энэ байдлыг М.Одонхүүгийн ажлын газрын хүмүүс гэрчилдэг ба М.Одонхүү өөрийнхөө утаснаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу Б.Батзолбоогоос мөнгө зээлэхээс өмнөхөн бусад руу мессеж бичиж мөнгө асууж байсан нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдсан болно. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэргийн сэжигтэн Ч.Алимусуг хариуцан түр ажиллаж байсан Цагдаагийн Ерөнхий газрын ДХШАХ-ийн ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа н.Цогтсайхан гэгч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ашиг сонирхол нэгдмэл байсан гэж үзэж болохоор БНХАУ-ын иргэн Ч.Алимусутай үгсэн, түүний үгээр албаны шалгалт хийж байгаа нэрийн дор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж ажиллахдаа М.Одонхүүг хахуул авсан, зуучилсан, хэргийн хохирогч хохирлын мөнгө авахгүй гэж бидэнд хэлсэн гэж баримтгүй гүтгэлэг материал бүрдүүлэн М.Одонхүүг ажлаас нь халуулах тушаал гаргуулсан байдаг. М.Одонхүү нь хахуулийн гэмт хэрэгт огт хамааралгүй. Ч.Алимусутай нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, мөнгө нэхэж байгаагүй, тэднийг мөнгө өгч авалцахад байгаагүй, мөнгө өгч авалцсаныг мэдээгүй. М.Одонхүү нь энэ хэргийн талаар ямар ч ойлголтгүй өөрийн үүрэгт ажлаа хийгээд явж байхад гэнэт ажлаас халж, эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татан шалгаж, Авилгатай тэмцэх газрын үүд сахихаас өөр ямар ч ажилгүй, орлогогүйн улмаас өрөнд орж сэтгэл санаа нь гүн хямарч, ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүл, хамаатан садан нарын дунд нэр хүндгүй болж хохирсон байна. Ажил эрхэлж байхдаа 2014 онд Хаан банкнаас цалингийн зээл болох 10 000 000 төгрөг авч байсан ба ажлаас халагдахаас өмнө тус зээлийг хааж орон сууцанд хамрагдах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хадам ээж Ж.Эрдэнэцэцэгийн нэрээр батлан даагчаар эхнэр Э.Чимэгмааг оруулан Хас банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авч цалингийн зээл 7 421 929 төгрөгийг хааж, мөн байрны урьдчилгаанд 7 875 200 төгрөг төлсөн болно. Гэвч ажлаас халагдсанаар дээрх орон сууцны захиалгын гэрээ цуцлагдан Хас банкинд cap тутам хүү төлж байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 242 604 төгрөгийн хүү төлж хохироод байна. Сэтгэл санааны буюу эдийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хууль болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолд хэргийн ангилал, хоригдсон хугацаа, сонсгосон ялын хэмжээ, ял эдэлж байхдаа олсон өвчин, гэмтэл, нэр хүнд гутаасан байдлыг харгалзан хохирлыг тооцохоор заасан. М.Одонхүүгийн хувьд Цагдаагийн Ерөнхий газрын ажилтнууд, хуульчдын үндэслэлгүй гүтгэлгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж 5 cap буюу 150 хоног шаналж түүний нэр хүндийг найз нөхөд, ах дүү, үр хүүхэд, цаашлаад хамт олон, нийгмийн дунд миний нэр хүндийг гутаан доромжилсон. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, хэрэгт холбогдож ажлаас халагдсанаас шалтгаалж гэр бүлээрээ өрөнд орсон ба ар гэрийнхэн маань амьдрахад хүнд болж, амьжиргааны доод төвшинд хүрсэн тул Хас банкинд төлсөн хүү 2 242 604 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, нийт 41 742 604 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ажлаас халагдах үед М.Одонхүүг Цагдаагийн Ерөнхий газрын хүндэт жуух бичгээр шагнагдсан байсныг буцаасан тул эргэж олгуулах, ажлаас халагсданы улмаас авч чадаагүй цалин хөлс 13 700 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Г.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг иргэний шүүхэд хэрэглэх боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна. Гэм хор болон хохирол 2 өөр шаардлага юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг нөөц сангаас гаргадаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч талаас Засгийн газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, албан бичиг, хүсэлт хүргүүлж байсан удаа байдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасны дагуу хүсэлт гаргасан үйл баримтгүй. Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдаагүй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг хамаарахгүй. М.Одонхүү нь хохирогч биш гэмт хэрэгт шалгагдаж байсан. Засгийн газрын нөөц сангаас хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 391 дүгээр заалтыг үндэслэн нэхэмжлэх боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Монгол улсын Үндсэн хуульд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч хөлслөх эрх нь хүн бүрд олгогдсон байдаг. М.Одонхүү нь өөрөө хуульч, эрх зүйч мэргэжилтэй тул өөрийгөө өмгөөлөх бүрэн боломжтой. Иймд энэхүү шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Хас банкинд төлсөн хүү болох 2 242 604 төгрөгийг нэхэмжилдэг. Гэтэл үндсэн зээлдэгч нь Ж.Эрдэнэцэцэг гэдэг хүн байдаг бөгөөд Э.Чимэгмаа гэдэг хүн хамтран зээлдэгчээр орсон байдаг. М.Одонхүү нь зээлийн гэрээний үүрэг хүлээсэн, мөн энэ гэрээнээс үүдэн хүү төлөх нөхцөл байдал болоод энэ гэрээтэй ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэгт холбогдож, ажлаас халагдсанаас шалтгаалж гэр бүлээрээ түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд 2015 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөрт төлсөн 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ шаардлагатай холбоотой баримт хавтаст хэргийн 38-49 дүгээр талд авагдсан байдаг. Түрээсийн гэрээний дагуу түрээсийн мөнгө төлсөн баримтууд дээр гарын үсэг зурагдаагүй байдаг. М.Одонхүү төлсөн гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд дагалдах баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бодитой гарсан хохирол гэж үзэх боломжгүй. Мөн оршин суугаа газрынх нь хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг нь гэрээний бус үүргийг нэхэмжилдэг. Харин Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэх боломжтой боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөгч Б.Онон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/472 дугаар тушаалаар М.Одонхүү нь Цагдаагийн Ерөнхий газрын Хүндэт жуух бичиг-ээр шагнагдсан боловч шагналыг гардуулах үед М.Одонхүү нь Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан тул гардуулж өгөөгүй байсан гэжээ.

 

Прокурор Ш.Баярбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэгт М.Одонхүүг холбогдуулан шалгасан /20150100135/ дугаартай хэргийн материалтай танилцаж холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд хүргүүлсэн. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц, шийдвэр харилцааны хэлтсийн цагдаагийн дэд хурандаа н.Бат-Эрдэнэ болон мөрдөн байцаах газрын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн албан хаагчидтай хамтраад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоо, цагдаагийн ахмад М.Одонхүү нар нь бусдаас хээл хахууль авсан гэх мэдээллийн дагуу холбогдуулан шалгаад, Авилгатай тэмцэх газар луу хүргүүлсэн байдаг. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч н.Батчимэг нь мэдээллийг хүлээн авч шалгаад, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоо нь иргэн Ганцацралаас гаргасан бусдад зодуулж, гэмтсэн гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн, гүйцэтгэх ёсгүй албан үүргээ биелүүлэхээр амлаж, хохирогч, сэжигтэн нарыг харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан БНХАУ-ын иргэн Ч.Алимусугаас 1 000 000 төгрөгийн хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. БНХАУ-ын иргэн Ч.Алимусу нь Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын хэлтэст сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ М.Одонхүү нь чи хэдийг өгч чадах юм бэ гэж асуусан бөгөөд Б.Батзолбоо нь хээл хахууль авах үед нь М.Одонхүү нь хамт явж байсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ мэдүүлгийг үндэслэж М.Одонхүүг хээл хахууль өгөхөд зуучилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байдаг. М.Одонхүүг илтэд баримтгүйгээр ялагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагааг явуулаагүй. Мөн прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр биш энэ хэрэгт хийвэл зохих ажиллагааг хийсэн боловч хангалттай нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.Одонхүүгийн ажлаас гарсан үндэслэлийн хувьд мөрдөн байцаах ажиллагааны явцад энэ хүний албан үүргийг нь түдгэлзүүлэх талаар болон албан үүргээс нь чөлөөлөх тухай Цагдаагийн Ерөнхий газарт хандаж байсан удаа байхгүй. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М.Одонхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Эрүүгийн хэрэг шалгагдаад хэрэгсэхгүй болгосон. М.Одонхүү нь ажлаас халагдсан үндэслэлээ хууль бус гэж үзэж байгаа бол хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж ажилдаа эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой байсан. Олон нийтийн өмнө гутаан доромжлогдсон гэж хэлж байгаа боловч нэр хүнд нь унасан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд өмгөөлөгч хөлслөн авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 6 000 000 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч М.Одонхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 742 604 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. ...М.Одонхүүд холбогдох эрүүгийн хэргийг Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл өмгөөлөгч М.Дэлгэрнасан нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш хагас сарын дараа гэрээ байгуулж, улмаар өмгөөллийн үйлчилгээний төлбөр төлсөн гэх баримтууд нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлага үгүйсэгдэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэгт өмгөөллийн хөлсөнд 6 000 000 төгрөгийг өмгөөлөгч М.Дэлгэрнасанд өгсөн баримт нотлох баримтаар авагдсан, М.Одонхүүгийн хүсэлтээр М.Дэлгэрнасан Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан зэргийг үндэслэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авсны хөлсийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ /2016.12.13/ Эрүүгийн хэрэгт 2 өмгөөлөгчтэй гэрээ байгуулж 3 000 000 төгрөг төлсөн, мөн иргэний нэхэмжлэлтэй хэрэгт 2 өмгөөлөгчийг 3 000 000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулан ажлуулсаны нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д заасны дагуу эрүүгийн хэрэгт өмгөөллийн 3 000 000 төгрөгийн зардал, харин хүсэлтээр шийдвэрлэж байгаа иргэний хэргийн өмгөөллийн зардлын нийт 6 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтуудыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, орон зай, цаг хугацааны зөрүүтэй баримт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д хамаарахгүй нөхцөл байдлыг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Одонхүү нь Засгийн газрын нөөц сангаас 41 742 604 төгрөг гаргуулах, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичгээр шагнасан байсныг буцаасан тул эргэж олгуулах, ажлаас халагдсаны улмаас авч чадаагүй цалин болох 13 700 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичгээр шагнасан байсныг буцаасан тул эргэж олгуулах, ажлаас халагдсаны улмаас авч чадаагүй цалин болох 13 700 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч М.Одонхүүг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор бусдад авилга өгөхөд зуучилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д заасан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна. /хх-83,87 дугаар тал/

 

М.Одонхүүг авилга өгөхөд зуучилсан гэх үндэслэлээр шалгасан боловч уг хэрэг нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 51 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-5-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.Одонхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Цагдаагийн ерөнхий газрын ажилтнууд, хуульчдын үндэслэлгүй гүтгэлгээр эрүүгийн хэрэгт шалгагдсан нь найз, нөхөд, ах дүү, хамт олон нийгмийн дунд нэр хүндийг гутаан доромжилсон явдал болсон тул сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх-ээр заажээ.

 

М.Одонхүүг эрх бүхий байгууллага болох Авилгатай тэнцэх газрын Мөрдөн шалгах хэлтэсээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасныг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл буюу бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдох хариуцлага эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор зохицуулжээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзвэл бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдээр нөхөн төлүүлэх агуулгатай байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан тайлбар нь Авилгатай тэнцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн Прокуруорын газрын зүгээс түүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан агуулгыг заагаагүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэснийг хориглосон бөгөөд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн хүлээх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг бусдын гомдлоор эрүүгийн хэрэгт шалгагдсанаас эдийн бус гэм хор учирсан гэх маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт Монгол улсын иргэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрхтэй байхаар, мөн хуулийн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах-аар заажээ.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсантай холбоотойгоор бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт заасан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэл болгосон заалтад байхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүхэд хуулиар эрх олгогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагч байгууллагад эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хэргийн 7-16 дугаар талд М.Одонхүүгийн өмгөөлөгч М.Дэлгэрнасантай байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай 2016 оны дугаар сарын 11-ний өдрийн гэрээнүүд авагджээ. Уг гэрээний дагуу М.Одонхүү нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчид 6 000 000 төгрөг төлсөн гэх боловч эдгээр гэрээг нөхөн байгуулсан, өмгөөллийн хөлсөнд 6 000 000 төгрөг төлсөн баримтгүй, 390 390.1.5- байх тул 6 000 000 төгрө хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Одонхүүгийн орон сууц хөлслөн амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, Хас банкинд төлсөн хүү 2 242 604 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хохирол гэж үзэж нөхөн төлүүлэх үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг арилгах үүрэг үүсэхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах-аар заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй сэжигтнээр татаж, яллагдагчаар байцаасан нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан үйл ажиллагааг хууль бус буюу хууль зөрчиж бусдын хуулиар хамгаалагдсан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрх ашигт хохирол учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Засгийн газрын нөөц сангаас 41 742 604 төгрөг гаргуулах, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичгээр шагнасан байсныг буцаасан тул эргэж олгуулах, ажлаас халагдсаны улмаас авч чадаагүй цалин болох 13 700 000 төгрөг гаргуулах тухай М.Одонхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ