Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0563

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0563

Улаанбаатар хот

 

 

Т.У, Ш.Ч, Ш.У,

С.Г нар болон “У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.У, Ш.Ч, Ш.У, С.Г нар болон “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0523 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У, Г.А, С.Г, “У” ХХК нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох хэргийг Ш.Ч, Т.У, Г.А, С.Г, “У” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэд, хуулийн этгээд тус бүрийн гэрчилгээний хугацаа сунгах захиргааны акт гаргахыг” хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Ш.У-ны дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр гарахдаа зөвхөн хуульд үндэслэх, хуулийг дээдлэх Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцсэн байхыг ойлгодог.

Шүүх нэхэмжлэлийг авч хянаад шийдвэрлэхдээ нэхэмжлэгч этгээдүүдийг үнэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд ямар ч дүгнэлт өгсөнгүй. Учир нь, хэргийн материалын 25 дугаар хуудсанд нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэл хэрэгт авагдсан байдаг. Уг итгэмжлэл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан ба эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргаж шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүгч захирамж гаргаж эрх залгамжлагчаар тогтоожээ. Шүүгчийн захирамж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1-ийг үндэслэсэн боловч буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хуулийн 26.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед оролцогчийн нэг нь нас барсан гэсэн байхад шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нас барсан хүнийг яаж хэрхэн эрх залгамжлагчаар томилсон тодорхойгүй. Иймээс шүүх Г.А-тай холбоотой хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой. Нөгөө талаар уг итгэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4.4-д заасан шаардлагыг хангаагүй учир 27.5-ийн дагуу хүчин төгөлдөр бус итгэмжлэл.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаж буй газрын талаар дурдахдаа “Хэдийгээр 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр П.Ш нь Сүхбаатар дүүргийн газрын албанд 15000 мкв газрыг Б.Д-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан. П.Ш-гийн нэр дээр 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15002 мкв кадастрын зураг хийгдсэн хэдий ч П.Ш, болон гуравдагч этгээд Б.Н нарт тухайн газрыг эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй байгаа” гээд мөн “тухайн газрыг эзэмших хүсэлтийг П.Ш, гуравдагч этгээд Б.Н, түүний ах гэх Б.Д нарын хэн аль нь гаргаж байгаагүй...” хэмээн дүгнэж шийдвэрийг гаргажээ.

Нөгөө талаар хэргийн материалын 32 дахь хэсэгт авагдсан Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Д.С-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/1356 тоот албан бичгээр “У” ХХК-д өгсөн хариу бичигт “иргэн П.Ш нь 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд Баябулаг аман дахь хувийн сууцаа иргэн Б.Н-д шилжүүлсэн тул 15000 мкв хэмжээтэй төмөр хашаа бүхий газрыг тус иргэнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн өргөдлөө өөрийн гараар бичиж өгсөн байсан байна. Тухайн үед иргэн Б.Н-ийн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй ба хариуцсан мэргэжилтэн нь солигдсон хэмээн өргөдөл нь олдохгүй болсон” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Газрын албанаас шүүхэд нэг өөрөөр иргэдэд нэг өөрөөр өгсөн буюу нэг үйл баримтыг 2 өөрөөр тодорхойлсон нотлох баримтыг аль нь үнэнд илүү нийцэх талаар шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж шийдвэрээ гаргасан. Учир нь хэргийн материалд дээрх Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Д.С-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/1356 тоот албан бичгээр “У” ХХК-д өгсөн хариу бичигт дурдагдсан иргэн П.Ш-ны гараар бичсэн өргөдөл хэргийн материалд авагдаж дээрх хоёр бичигний үнэн зөв тодорхойлогдсоор атал шүүх анхаарч үзээгүй. Мөн гуравдагч этгээдээс 2014 онд хүсэлт өгсөн тухай баримтыг ч хавсаргаж өгч байсан болно.

Үүнээс гадна шүүх эхэлж өргөдөл өгсөн П.Ш, Б.Н нарын өргөдөл хүсэлтийг Захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхисон хууль бус эс үйлдэхгүйг мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг хэрэглээгүй буюу нэхэмжлэгч нар хүсэлт гаргахад уг маргаан бүхий газар бүтнээрээ иргэн Б.Н-ийн эзэмшил ашиглалтад хадгалагдаж байгаа нь тодорхой байсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтууд болон шүүх хуралдааны үед ч хариуцагчийн төлөөлөгчид тухайн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байсан тухай мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Н-ийн бодитоор эзэмшиж буй газрыг тойроод “торлог”-той буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай талбай болно.

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлд хээрийн судалгаа хийх тухай заасан ба журмын 6.1-д газар эзэмших хүсэлт гаргасан иргэний газар дээр очиж хээрийн судалгаа хийх шаардлагатайг, мөн 6.2.2-т уг хээрийн судалгаагаар бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулна гэжээ.

Бодит байдал дээр уг хээрийн судалгааг анх 2012 онд нэхэмжлэгч иргэдэд газар олгохдоо хийгдээгүй нь маргаан гарах үндэслэл болсныг захиргаа ойлгож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 61.1-д буруу шийдвэр гаргасан албан тушаалтан эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хүчингүй болгоно гэжээ. Иймээс 2012 оны 215 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон шийдвэр хууль бус тул түүнийг засаж буй үйлдэл нь Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр болсон юм.

Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад илэрсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан, нотлох баримтыг эргэлзээгүй зөв үнэлээгүй, Захиргааны байгууллагын үйлдлийг хязгаарласан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн шаардлагыг хэнд хобогдуулан гаргасан эсэхийг тодруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Шүүх нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэн болон “У” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газрын албанд холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэд хуулийн этгээд тус бүрийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэл гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, ... / бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно...”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэл гаргагч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулж болохоор заажээ.

Гэтэл энэ хэрэгт нэхэмжлэл гаргагч болох Г.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нас барсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч түүний нэрээр хэрэг үүсгэж, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эрхийг залгамжлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэх боловч эрх залгамжлах асуудал нь хэргийн оролцогч болсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан буюу сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд түүний эрхийг залгамжлан оролцуулахаас бус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нас барсан иргэнийг төлөөлж, улмаар эрхийг залгамжлуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

2. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд хариуцуулан гаргаад 2 хариуцагчийн алинд аль шаардлагыг хариуцуулсныг тодорхой болголгүйгээр гэрчилгээний хугацаа сунгахыг 2 хариуцагчийн алинд даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээс гадна ... “... хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож...” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхээс шийдвэрийн төрөлд байхгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар зааж, мөн зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ;” 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт;” 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “... дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтаар газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг эрх бүхий этгээд хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа гэрчилгээний хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байхад шууд гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ирүүлсэн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй талаарх тайлбартаа “...маргаан бүхий газар нь тухайн үед газрын албаны газар зохион байгуулагч хээрийн болон суурин судалгаа хийгээгүйгээс иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохооргүй торлогтой газарт газар эзэмшүүлсэн, мөн маргаан бүхий газарт Б.Н гэдэг хүний үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа...” гэснээс үзэхэд маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд цаашид эзэмшүүлж болох эсэх, эзэмшүүлсэн гэрчилгээний хугацаа сунгагдах боломжтой эсэхэд Газрын тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд холбогдох нотлох баримт цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, маргаан бүхий газар нь зуслангийн зориулалтаар цаашид эзэмшүүлж болохооргүй нөхцөл байдал бий эсэхэд холбогдох нотлох баримт цуглуулсны үндсэн дээр хариуцагчаас гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Дээрхээс гадна, нэхэмжлэгч нэр бүхий иргэд, хуулийн этгээдээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн өөрсдийн тус тусын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар нэхэмжлэл гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч Ш.Ч-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлнө...” гэж заасантай нийцсэн эсэхийг анхаарах хэрэгтэй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ