Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 354

 

“Ф э г и”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                     М.Батсуурь

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа    

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 115/ШШ2020/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 115/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-24.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” МУ-ын хуулиас өмнөх үеийн)-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф э г и”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” МУ-ын хуулиас өмнөх үеийн) заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “Ф э г и”  ГХОХХК-ийн (рд:5635802) итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х би, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Улсын дээд шүүхэд хяналтын гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

4. Нэг. “Ф э г и”  ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч, гадаадын хөрөнгө оруулалттай “Ф э г и”  ГХОХХК нь 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй гэх үндэсгүй шалтгаанаар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-той холбогдуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр “газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ний эрхээ сэргээлгэсэн болно.

5. Гэтэл хариуцагч талын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай магадлалаар “Ф э г и”  ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгч С.Ш-ын давж заалдах гомдолд “... “Ф э г и”  ГХОХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 3000000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Аймгийн Засаг даргаас 2016 оны А/406 дугаар захирамжаар “Ф э г и”  ГХОХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу “Ф э г и”  ГХОХХК нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.

8. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож ...” гэж заасан ба Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн дагуу “Ф э г и”  ГХОХХК-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 3000000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, хариуцагч болох аймгийн Засаг даргаас хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, нөгөө талаас “Ф э г и”  ГХОХХК-д хуулиар тогтоогдсон газрын төлбөрөө төлөөд цаашид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй” гэж заасны дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж, аймгийн Засаг даргын 2016 оны А/406 дугаар захирамжийг дахин хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

10. Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс болон “Ф э г и”  ГХОХХК-иас шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар албан бичиг ирүүлсэн байсан.

11. Аймгийн Засаг даргаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт чиглэл өгсний дагуу болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар шийдвэр гарсан тул “Ф э г и”  ГХОХХК-д удаа дараа албан бичиг хүргүүлж, гарын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар мэдэгдсэн боловч “Ф э г и”  ГХОХХК-ийн эрхийг зөрчөөд байна гэсэн утгатай үл ойлгогдох албан бичгийг явуулсаар байсан.

12. Аймгийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ямар нэгэн үйлдэхүй, эс үйлдэхүй гаргаагүй ба Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Ф э г и”  ГХОХХК-ийн газар эзэмших эрхийн хувийн хэрэг материалыг “Ф э г и”  ГХОХХК-ийн ажлын байранд авч очин гэрээг дүгнэх, гэрээг байгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байсан мэтээр дүгнэлт хийжээ.

13. “Ф э г и”  ГХОХХК нь үл ойлгогдох албан бичиг явуулж байснаас өөрөөр хууль тогтоомж биелүүлж, эхний ээлжинд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр тогтоосон газрын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар ямар нэгэн үйлдэл гаргаагүй ба аймгийн Засаг даргын зүгээс “Ф э г и”  ГХОХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эдийн засгийн хохирол учруулсан ямар нэгэн асуудал гараагүй, хуулийн хүрээнд үүргээ биелүүлж ажиллах, бусад аж ахуй нэгж байгууллагын адил төрийн хуулиар хүлээсэн газрын татвар төлөх үүргээ биелүүлэхийг, гэрээгээ дүгнүүлэхийг, гэрээгээ шинэчлэн байгуулахыг удаа дараа шаардсан байтал шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

14. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийг эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан ба аж ахуй нэгж, байгууллагын газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших, ашиглах гэрээ байгуулснаар үүсэх биш газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх байтал энэ талаар шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

15. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар Архангай аймгийн Засаг дарга болон түүний ажлын алба болох Засаг даргын Тамгын газраас сонсох ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн байдаг.

16. Харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт сонсох ажиллагаа явуулах эрхийг хуулиар олгоогүй, тус газраас сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдал тогтоох талаар албан бичиг явуулсан, энэ талаар шүүх хуралдаанд хариуцагч талаас ойлгомжтой байдлаар тайлбарласан, нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байтал анхаарч үзэлгүйгээр сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн.

17. Энэхүү шүүхийн шийдвэрт цаашид хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдвөл бусад аж ахуй нэгж, байгууллагуудад энэ жишгээр газрын төлбөрийн татвараас зайлсхийгээд явах боломжтой юм байна гэсэн буруу жишиг байдал, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал даамжрах хандлагатай байна.

18. Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг үндэслэн хянахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, захиргааны хэрэгт авагдсан баримтууд, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, хариуцагч талын гомдолд нэхэмжлэгийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад судлагдсан үйл баримтуудыг бүрэн хянаагүй, бодитой дүгнэлт хийлгүй, хариуцагч талын гаргасан гомдлыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

19. Хоёр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай магадлалын “Хянавал” хэсэгт зааснаар “Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож ...” шийдвэрлэхдээ “Газрын тухай хууль”-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

20. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

21. Анх нэхэмжлэгч “Ф э г и”  ГХОХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 10 сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” А/571 дүгээр захирамжаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 300 га хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалттай ашиглахаар эзэмших эрхтэй болжээ. Улмаар 2012 оны 11 сарын 05-ны өдөр 0341605 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авч, мөн өдөр № А/201203 дугаартай “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ” байгуулсан байна.

22. Уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааны талаар заасан байх бөгөөд ... Нэгжийн үнэ 5.4 төгрөг, бүгд үнэ 16200000 /арван зургаан сая хоёр зуун мянган төгрөг/ гэж заагаад, улмаар улирал тутамд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянган төгрөг/ төлөхөөр заажээ. Энэхүү гэрээнд өнөөдрийн байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй, хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэгэн шийдвэр, захирамж, тушаал гараагүй байна.

23. Энэхүү газрын тухайд өмнө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байжээ.

24. Тухайн үед энэхүү маргааныг шийдвэрлэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэр гарчээ. Хэдийгээр тухайн Засаг даргын захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч “Ф э г и”  ГХОХХК газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, зөрчил гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

25. Тодруулбал 2015 оны 4 дүгээр улирал болон 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрийг төлөөгүй байна. Гагцхүү Захиргааны ерөнхий хууль тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн байсан тул уг хуулийг зөрчиж гарсан үндэслэлээр нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэж байжээ.

26. Дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар талууд ямар нэгэн маргаан гаргаагүй байна.

27. Хариуцагчийн зүгээс өмнөх захирамж гарч газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд дахь хугацааны газрын төлбөрийг нэхэмжлээгүй байна. Гагцхүү өмнөх 2015 оны 4 улирал болон 2016 оны 1-3 улирлын төлбөр, 2019 оны 04 дүгээр сараас хойших хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй ажээ.

28. Иймд хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч, гадаадын хөрөнгө оруулалттай “Ф э г и”  ГХОХХК нь 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

29. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан, түүний 2019 оны А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

30. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс үүсэх үр дагавар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

31. Мөн  Газрын төлбөрийн тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” МУ-ын хуулиас өмнөх үеийн/-ийн  9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилж төлж болно” гэж зохицуулсан байна.

32. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 1-3 улирлын газрын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

33. Харин анхан шатны шүүх “2019 оны газрын төлбөрийн хувьд захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгчээс газрын төлбөр шаардаж байгаа нь холбогдох хуульд нийцэхгүй байгаа зэрэг байдлуудаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын А/811 дүгээр захирамж хууль бус болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

34. Өмнө нь байгуулсан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн № А/201203 дугаартай “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ” хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан ямар нэгэн шийдвэр, тогтоол, захирамж гараагүй байна.

35. Харин ч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах гэрээг шинэчилж байгуулах тухай” 733 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ф э г и”  ГХОХХК-д “2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, (гэрээг шинэчлэх, шинэчилж байгуулаагүй тохиолдолд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан А/201203 дугаар газар ашиглуулах гэрээний 4.3-д заасны дагуу гэрээг цуцалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаар мэдэгдсэн байжээ.

36. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дүгээр албан бичгээр “2015-2016 оны төлөгдөөгүй байгаа газрын төлбөр, түүнд ногдуулсан алданги, 2019 оны 2, 3 дугаар улирлын газрын төлбөрийг төлж барагдуулан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, шинэчлэн байгуулах, ... байгуулаагүй тохиолдолд 2012 оны А/201303 дугаартай газар ашиглуулах гэрээг цуцалж, газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаар мөн нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

37. Нэгэнт нэхэмжлэгчээс өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчил гаргасан болох талаар дурдсан байхад төлбөрөө төлөөгүй, захиргааны байгууллагаас удаа дараа газрын төлбөрийг төлөх, газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах талаар мэдэгдэж байсан боловч ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээг шинэчлэн байгуулах талаар санаачлага гаргаагүй байна. Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг болон хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

38. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, газар ашиглах гэрээг сунгаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагчаас Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон байна.

39. Нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд газрын төлбөр төлөөгүй, газрын албатай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй байх тул хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан 2019 оны А/811 дүгээр захирамжаар түүний 300 га газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

40. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

41. Нэхэмжлэгчээс “өмнөх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй” гэсэн тайлбар гаргадаг боловч 2019 оны 12 дугаар шийдвэрээр хариуцагчид ямар нэгэн үйлдэл хийхийг, захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлээгүй байна. Харин ч эсрэгээрээ захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч цаашид газраа ашиглаад явах, хууль болон гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөх үүрэг үүсгэсэн гэж үзэхээр байна.

42. Мөн нэхэмжлэгчээс “хариуцагч илүү төлбөр шаардаад байгаа” гэж хэлдэг боловч илүү төлбөр төлөхийг шаардсан гэх хариуцагчийн “захиргааны шийдвэр”-тэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй байна.

43. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10/12 тогтоолтой нэгэн адил маргаагүй байна, Ийнхүү газрын төлбөрийн хэмжээг тогтоосон болон шаардсан захиргааны шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гараагүй байхад анхан шатны шүүхээс дан ганц газрын төлбөрийн хэмжээний тухайд бодолт хийж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж буй мэт дүгнэсэн нь өрөөсгөл болжээ гэж үзэв.

44. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх тухайд болон мэдэгдэх, сонсгох ажиллагааны тухайд дүгнэлт хийжээ. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд орших ...” бөгөөд хэрвээ Газрын тухай хуульд илүү нарийвчлан зохицуулсан бол тухайн хуулиа баримтлах боломжтой юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх” гэсэн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасан бөгөөд Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өөрийн санаачлагаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлснийг буруутгах үндэслэлгүй. Энэ тухайгаа нэхэмжлэгчид хангалттай олон удаа мэдэгдсэн байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

45. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” МУ-ын хуулиас өмнөх үеийн) заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэсэн юм.

46. Гурав. “Ф э г и”  ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хосбаяр би дараах үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндсийг зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

47. Нэхэмжлэгч “Ф э г и”  ГХОХХК-д Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 3000000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Аймгийн Засаг даргын 2016 оны А/406 дугаар захирамжаар “Ф э г и”  ГХОХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 09 сарын 16-ны өдөр хүчингүй болгосон тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж “уг захирамж”-ийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Дорноговь аймгийн Засаг дарга, түүний харьяа агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэс хийхгүй байсан тул шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж хүргүүлсэн.

48. Учир нь Захиргааны хэргийн шүүхээс Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэр гарсан, түүнийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваагүй, Аймгийн Засаг даргын харьяа агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтсээс газрын төлбөр төлөх тодорхой бус шаардлага гаргаж, түүний дараа “Газар ашиглах гэрээ”-нд өөрчлөлт оруулах, шинэчлэх мэдэгдлийг ирүүлсэн.

49. “Ф э г и”  ГХОХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх, газар ашиглах гэрчилгээ болон гэрээнд өөрчлөлт оруулах, газрын ашиглалтын төлбөрийг хэрхэн тооцох талаар санал хүсэлтээ удаа дараа гаргаж Аймгийн Засаг даргад болон түүний харьяа агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэст хүргүүлж байсан боловч үр дүнгүй болсон билээ.

50. Дорноговь аймгийн Засаг дарга Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дахь хэсэгт зааснаар “Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэснийг биелүүлээгүй болно.

51. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр “Ф э г и”  ГХОХХК-ийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосон” боловч Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжаар “Ф э г и”  ГХОХХК-д олгогдсон газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, газрын гэрчилгээний хүчинтэй байх хугацааг хэрхэн тооцох, шинээр олгох шаардлага гарсан болон газрын гэрчилгээ Засаг даргын захирамжаар хүчингүй байсан хугацааны газрын төлбөрийн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад “газрын төлбөрийг төлөх, төлүүлэх” асуудлыг шийдвэрлэх боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн юм.

52. “Улмаар 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 0341605 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авч, мөн өдөр № А/201203 дугаартай “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ” байгуулсан байна. Уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааны талаар заасан байх бөгөөд ... Нэгжийн үнэ 5.4 төгрөг, бүгд үнэ 16200000 /арван зургаан сая хоёр зуун мянган төгрөг/ гэж заагаад, улмаар улирал тутамд 4,050,000 төгрөг /дөрвөн тавин мянган төгрөг/ төлөхөөр заажээ. Энэхүү гэрээнд өнөөдрийн байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй, хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэгэн шийдвэр, захирамж, тушаал гараагүй байна” гэж давж заалдах шатны шүүх үзэхдээ газар ашиглах гэрээг байгуулах үндэслэл болох “Гэрчилгээ”-ний хүчинтэй байсан хугацаа, газар ашиглах нийт 15 жилийн хугацааг яаж тооцох, тэдгээрийг үндэслэн гэрээнд өөрчлөлт, нэмэлт, орох эсэх, эсвэл шинээр гэрээ байгуулах талаар нэхэмжлэгтэй хамтран шийдвэрлэх эсэх талаар шийдэлд хүрээгүй эргэлзээтэй асуудлыг нягтлалгүй, хэт нэг талын дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй” гэж заасантай нийцээгүй байна.

53. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэрт газрын төлбөрийг нэг мөр тооцож бодолт гарган төлбөрийн хэмжээг 24 000 000 /хорин дөрвөн сая/- төгрөг гэж тооцсон /хх-ийн 62-63-р хуудас/-аар тогтоогдож байхад 2019 оны 09 дүгээр сарын 05-ны 790 тоот албан бичигт алдаатай бодолт хийн 2015 онд 2, 3, 4-р улирлын нийт 21 906 240 төгрөг, 2016 оны 1, 2, 3-р улирлын 18 188 103 төгрөгийн төлбөрийг нийт 2015, 2016 оны нийт 40 094 343 /дөчин сая, ерэн дөрвөн мянга, гурван зуун дөчин гурван төгрөг/, мөн 2019 оны 2, 3 дугаар улирлын төлбөрийг 50 109 890 төгрөг төлөхийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулан, газар ашиглах гэрээг дүгнүүлж, шинэлэн байгуулах, дээрх заасан хугацаанд газрын төлбөрийг төлж барагдуулаагүй, газар ашиглах гэрээг дүгнүүлж, шинэчлэн байгуулаагүй тохиолдолд тус газраас танай байгууллагатай байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № А/201203 дугаартай газар ашиглуулах гэрээний 4.3-т заасны дагуу газар ашиглах гэрээг цуцалж, газар ашиглах гэрээг хүчингүй болгох тухай саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэж шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн эргэлзээтэй газрын төлбөрийг Аймгийн Засаг даргын харьяа агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтсээс албан бичиг ирүүлж байсан бөгөөд “нэхэмжлэл” гаргаж байгаагүй болно.

54. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ мэт эргэлзээтэй газрын төлбөр, бусад зөрчлүүдийг нягталж шалгалгүй зөвхөн хариуцагч талын хяналтын шатанд гаргасан гомдолд тулгуурлан шүүх хурлын процесс ажиллагааг явуулсан.

55. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн (6 дугаар хуудсан)-д газрын төлбөрийн талаар болон гэрчилгээний талаар тайлбарлаж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-ыг баримталж байгаа нь өрөөсгөл ойлголт бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 34 дугаар зүйлийн 34.6-т “газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: 34.6.1-т “газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/, 34.6.6-д “газрын төлбөрийг төлөхтэй холбоотой үүрэг” зэрэг хуулийн заалтыг үндэслэхгүйгээр “Ф э г и”  ГХОХХК-ийг “тогтоосон хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, газрын албатай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй байх тул хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан 2019 оны А/811 дүгээр захирамжаар түүний 300 га газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв” гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ф э г и”  ГХОХХК-иас Дорноговь аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэстэй харилцаж байсан болохыг нотлох албан бичгүүд, мөн төлбөрийн тооцооны зөрүүтэй, алдаатай баримтыг нэг бүрчлэн танилцаагүй хийсэн дүгнэлт болжээ.

56. 2018 оны 182 дугаар Засгийн газрын тогтоолын 4 дүгээр хавсралтад Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтын 2 дугаар бүсэд хамрагдаж байгааг дурдсан атлаа нэгж газрын төлбөрийг буруу бодож өндөр дүн нэхэмжилж байсныг харьцуулж хэрхэн бодолт хийгдсэн талаар харалгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

57. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаагаар нэхэмжлэгчээс “Өмнөх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй” гэсэн тайлбар гаргадаг боловч 2019 оны 12 дүгээр шийдвэрээр хариуцагчид ямар нэгэн үйлдэл хийхийг, захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлээгүй байна гэсэн нь үндэслэлгүй болно.

58. Харин ч эсрэгээрээ захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч цаашид газраа ашиглаад явах, хууль болон гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөх үүрэг үүсгэсэн гэж үзэхээр байна гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүх дүгнэнэ” гэж заасан» мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” холбогдох албан тушаалтны зохих шийдвэрийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” зааснаар Засаг дарга дараагийн шийдвэрийг гаргаж гэрчилгээг эзэмших эрхийг “Ф э г и”  ГХОХХК-д сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар ногдуулсан байхад “үндэслэлгүй, алдаатай тооцоо”-н дээр тулгуурласан “төлбөр” төлөхийг шаардаж байсан гэх баримтыг үндэслэлтэй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг үндэслэл болгосон байгааг анхаарч өгнө үү.

59. Дээрх шалтгаануудаас гадна “Ф э г и”  ГХОХХК анх Дорноговь аймгийн Засаг даргын а/446 тоот захирамжаар 2012 онд зарлагдсан “Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт”-ад шалгарч Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 1950847802792 дугаар бүхий 3 000 000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Замын-үүд сумын 1 дүгээр багт “Үйлдвэрлэл” зориулалтаар газар ашиглах эрхийн 0341605 дугаартай гэрчилгээ авч, А/201203 дугаартай гэрээг байгуулсан.

60. Мөн дуудлага худалдааны төлбөр болох 648.000.000 /зургаан зуун дөчин найман сая/ төгрөгийг төлж, мөн бусад эдийн засгийн болоод газрын үнэлгээг хийлгэхэд маш их мөнгө зарцуулж ирсэн.

61. “Ф э г и”  ХХК-нийг Монгол Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан “Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах тухай төсөл” Засгийн газрын 2012 оны 2016 дугаар тогтоолоор баталсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл”, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Азийн хөгжлийн банктай байгуулсан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд ажиллах болоход уг ложистик төвийн төмөр зам дээгүүр баригдах гарцын бүтээн байгуулалтын ажил “Газар ашиглах гэрээ”-г байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хойшлогдож (өнөөдрийн байдлаар баригдсан гэж нээлт хийсэн боловч албан ёсоор тээвэрлэлт хийгдэж чадаагүй байгаа) “Ф э г и”  ГХОХХК “Төсөл”-үүдээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй 8 жил “хоосон газар”-т татвар төлж байгаа байдалтай явж ирсэн билээ.

62. “Ф э г и”  ГХОХХК нь газраа ашиглаагүй байж улсад газрын төлбөр тухай бүрд нь төлж ирсэн боловч “Төсөл”-үүд хэрэгжих үгүй нь мэдэгдэхээ байж, тус ложистик төв өнгөрсөн 2019 оны 12 дугаар сард зөвхөн барилга болоод бусад ажлуудыг улсад хүлээлгэж өгсөн байдаг. Одоо гол манай газар руу орох төмөр замыг давсан гүүрэн гарцыг хэзээ хүлээлгэж өгөх, хэзээ ашиглалтад орох нь ложистикийн үндсэн ажиллагаа хэзээ эхлэх нь ойлгомжгүй, мөн Монгол Улсын одоогийн цаг үе хүндэрч, короно вирусээс болж үйл ажиллагаа хэзээ жигдрэх нь эргэлзээтэй хэвээр байгаа энэ хүнд байдалд байхад Төр захиргааны байгууллага нь хамтран ажиллахаасаа цааргалж, анхнаасаа хясан боогдуулж “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г 2016 онд, 2019 онд тус тус хууль зөрчин байж тус тус хүчингүй болгож байснаар маш олон жилийг үр, ашиггүй зарцууллаа.

63. Иймд “Ф э г и”  ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ний маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай магадлалыг хүчингүй болгож Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж “Ф э г и”  ГХОХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

64. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

65. Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/811 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч “Ф э г и”  ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, 43, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

66. Тодруулбал, нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр 115/ШШ2019/0012 дугаар шийдвэрт дурдагдсан төлөгдөөгүй газрын төлбөр болон 2019 оны 5-10 дугаар сарын газрын төлбөрөө хариуцагчтай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ”-ний дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 343 дугаар, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дүгээр албан бичгүүдээр нотлогдож байна.

67. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд уг зүйлд  заасан нөхцөл болзлыг хангаж ажиллах нь газар эзэмшигч, ашиглагчийн үүрэг болно. Нэгэнт тогтоосон хугацаанд газрын төлбөр төлөх хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйг зөвтгөх хуулийн үндэслэлгүй, тухайн тохиолдолд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан 2019 оны А/811 дүгээр захирамжаар түүний 300 га газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

68. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид газар ашиглуулагчтай байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрөө төлөөгүйг мэдэгдэж, хугацаанд нь төлөхийг дээрх албан бичгүүдээр шаардаж байгааг дарамт учруулсан захиргааны хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлгүй,  харин нэгж талбарын  төлбөрийг буруу тогтоосон гэж нэхэмжлэгч үзсэн бол тухайн цаг хугацаанд нь гэрээнд оролцогч талууд залруулах боломжтой байсан тул “...2018 оны 182 дугаар Засгийн газрын тогтоолын 4 дүгээр хавсралтад Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтын 2 дугаар бүсэд хамрагдаж байгааг дурдсан атлаа нэгж газрын төлбөрийг буруу бодож өндөр дүн нэхэмжилж байсныг харьцуулж хэрхэн бодолт хийгдсэн талаар харалгүй дүгнэлт гаргасан... давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаагаар нэхэмжлэгчээс “Өмнөх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй” гэсэн тайлбар гаргадаг боловч 2019 оны 12 дугаар шийдвэрээр хариуцагчид ямар нэгэн үйлдэл хийхийг, захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлээгүй байна гэсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

69. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 389 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                Х.БАТСҮРЭН