Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/97

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт П-н Г-т холбогдох эрүүгийн 1817001900090  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 27-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 4, эхнэр, хүү, охины хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 8 дугаар байрны ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт П-н Г /РД: .........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.Г нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8-4-48 тоот гэртээ эхнэр Ж.П-тай маргалдан түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч П.Г нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байр 4 дүгээр орц 48 тоот гэртээ эхнэр буюу хохирогч Ж.П-ай маргалдан түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ эхнэр П, зээ хүү 3 настай Г нарын хамт байж байтал эхнэртэй хамт ажиллаж байсан Н, С, М, Э нар манай эхнэр П-г 19 цагийн үед дуудсан. Манай эхнэр урьд нь Политехникийн коллежид багш хийж байсан юм. Тухайн үед хэн нь дуудсан талаар мэдээгүй. Тэгээд би эхнэрт “чи явчихаад ир, би хүүгээ хараад байж байя” гээд гэртээ үлдсэн. Тэгээд гэртээ байж байтал 21 цагийн үед эхнэр П над руу залгаад манай ажлынхан хамт байна, чи 11-р байранд Н ахынд хүүгээ аваад хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгээд тэр айлд ороход Н ах эхнэртэйгээ, Э, М, манай эхнэр П нар нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ууцгаагаад сууж байсан. Тэгээд би тэр хэдтэй хамт архинаас нь ууж юм ярьж сууж байгаад тэндээс 23 цагийн үед эхнэр болон зээ хүүгийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэр ороо засаад зээ хүүг өвөртлөөд хэвтсэн. Тэгэхээр нь би хувцсаа тайлаад хэвтэх гэж байхдаа чи Э-т гуяа илүүлээд гээд хэлсэн чинь эхнэр уурлаад чамд ямар хамаатай юм бэ, чи манай гэрээс зайл гэхээр нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Н ахынд сууж байхад хамт ажиллаж байсан Э манай эхнэрийн гуяыг тоглоод базаад байсан юм. Энийг нь би эхнэрт хэлснээс болоод маргалдсан юм. Би эхнэрээ хэвтэж байхад нь нуруу руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн эхнэр босоод ирэхээр нь зүүн булчин буглаг хэсэг рүү нь таягаараа нэг удаа цохисон. Мөн баруун бөгс хэсэг рүү таягаараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний таяг хугарсан. Сүүлд харахад зүүн хацар нь улайгаад зулгарсан байгаа харагдсан. Таяг хугарах үед цохигдсон байх гэж бодож байна. Түүнээс би нүүр лүү нь цохиогүй. Тэгээд гал тогооныхоо өрөөнд ороод сууж байтал цагдаагийн хүмүүс ирээд намайг эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Ж.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой би нөхөр Г-н хамт айлд очиж тэндээ бид нар зургуулаа 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж ууж юм ярьж сууж байгаад би нөхөрийнхөө хамт 23 цагийн орчим гэртээ харьсан.

Гэртээ ирээд бид нар унтах гээд орондоо орсон байсан чинь манай нөхөр Г надад уурлаад хэл амаар доромжилсон. /пизда наахуу/ гэх мэт.

Г сүүлд надад хэлэхдээ Э гэх багштай хардсан гэж хэлсэн. Э багш бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Би Э багшийн эхнэртэй нь найзууд байгаа юм.

Г намайг хардаад уурандаа 00 цагийн орчим өөрийнхөө таягаар миний зүүн гарын бугалга, өгзөг, зүүн хацар луу тус тус нэг нэг удаа цохисон. Үүний улмаас миний зүүн хацар халзарч хөхөрсөн, зүүн бугалга болон өгзөг хөхөрч хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх надад учраагүй.

Г урьд өмнө нь намайг 3 жилийн өмнө зодож байсан. Энэ асуудлыг нь би хүнд хэлэлгүй нуугаад өнгөрөөж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сард өдрийг нь бол сайн санахгүй байна. Манай коллежийн багш нар амраад ажилдаа орцгоож байсан юм. Тэгээд нийлдэг хэдэн багш нар Н-д цуглаад ойр зуурын зүйл ярингаа хөзөр тоглосон юм. Мөн тэтгэвэрт гарсан хоёр багш болох С, П нар ирцгээсэн. Ажил тараад 19 цаг өнгөрч байхад цугласан. П багшийн нөхрийг сүүлд дуудаад авчирсан. Т бид 2 шил архи 5-уулаа хувааж уугаад 23 цагийн үед тараад гэр гэр лүү орцгоосон. П багш нөхөр, зээгийнхээ хамт гэр лүүгээ явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ 

 

1.5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтэд:

- Ж.П-н биед зүүн хацарт зулгаралт, баруун өгзөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирчээ.

-  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

- Зүүн хацарын зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун өгзөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч П.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Ж.П мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхөр П.Г-тэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болсон. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ 

 

2.2.  Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г-н хувьд төлөв даруу зантай. Ач хүүгээ гэр цэцэрлэг хоёрын хооронд зөөгөөд явж байдаг. Хаяа нэг архи уусан байдаг. Гэхдээ бусдад гэм хор байхгүй. Мөрөөрөө л явж байдаг. Хүнтэй эвсэг харилцаатай. 2 хөлөө тайруулсан гээд группэд байдаг. Төмрөөр яндан зэрэг зүйл хийдэг. Суугаад хийх ажлыг бол хийгээд байдаг. Амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай. Өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.3.  Гэрч Н.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бид хоёр 1987-1989 онуудад Зүүнбаян суманд цэргийн алба хаасан. Г-н хувьд төлөв даруу зантай. Цэргээс халагдаж ирээд Төмөр замын Су-3 гэх барилгын байгууллагад мужаанаар ажиллаж байсан. Сүүлд вагонд даруулаад хоёр хөлөө тайруулсан. Хаяа нэг балгасан явж байгаа байдаг. Хүнд гэм хор байхгүй мөрөөрөө л явж байдаг. Элдэв янзын ааш зан гаргаж байхыг мэдэхгүй байна. Урд хэрэг зөрчил гаргаж байсныг би мэдэхгүй байна. Тийм зүйл байхгүй байх. Г-н эхнэр бид хэдтэй хамт барилга дээр ажилладаг байсан. Эхнэртэйгээ эвсэг харьцаатай байдаг байсан. Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

2.4. Хохирогч Ж.П-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч П.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар төмөр хэсэг нь 39 см, модон хэсэг нь 51 см урттай хоёр хэсэг болсон таяг, 1 ширхэг улаан шонхор тамхины иш хураагдаж ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-н Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хэсэг нь 39 см, модон хэсэг нь 51 см урттай хоёр хэсэг болсон таяг, 1 ширхэг улаан шонхор тамхины ишийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ