Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02587

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/02587

 

Эс Жи Эс монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02890 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТМОБ ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 979 599 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Дэлгэрдалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ТМОБ ХХК-ийн хүсэлтээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаатай лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үндсэн гэрээний дагуу хариуцагч 87 344 571 төгрөгийн үйлчилгээ авсан бөгөөд үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан. Тус төлбөр төлөх гэрээний 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хэрэв төлбөр төлөгч нь уг гэрээний 3.2.1-т заасны дагуу төлбөрийг бүрэн төлж чадаагүй бөгөөд үндсэн гэрээний төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу түүнээс өмнө төлбөл үндсэн гэрээний төлбөрийн 15 хувь буюу 13 101 685 төгрөгийг торгууль байдлаар төлнө гэж заасан бөгөөд хариуцагч үндсэн гэрээний дагуух төлбөрийг дээр дурдсан хугацаанд төлж чадаагүй учир торгууль төлөх үндэслэлтэй. Мөн гэрээний 3.5-д хэрвээ төлбөр төлөгч нь гэрээний 3.4-т заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулж чадаагүй бол 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувиар тооцон алдангийг нэмж төлөх үүргийг хүлээнэ хэмээн заасны дагуу тус гэрээний 3.4-т заасан төлбөр төлөх эцсийн хугацаа болох 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 15 хоногийн 0,5 хувийн алданги 7 533 460.42 төгрөгийг мөн төлөх үндэслэлтэй. Иймд ТМОБ ХХК-иас үндсэн гэрээний төлбөр болох 87 344 571 төгрөг, төлбөр төлөх гэрээний 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн гэрээний төлбөрийн 15 хувь буюу 13 101 685 төгрөгийн торгууль, төлбөр төлөх гэрээний 3.5-д заасны дагуу алданги 7 533 460.42 төгрөг, нийт 107 979 599 төгрөг болон шүүхийн зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс үлдэгдлийг шалгаж хянаагүй хоорондоо найрсаг харилцаатай учраас хоёр тал бие биенээ хүлээн зөвшөөрч явъя гэсэн байр суурьтай байсан. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргуулахаар бусдад итгэмжлэл олгох эрхгүй, зөвхөн компанийн өдөр тутмынхаа үйл ажиллагааг хариуцдаг. Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь өөрөө хүнийг гүтгэсэн асуудал юм. Бидний хувьд 87 344 571 төгрөгийн гэрээг байгуулаагүй. Тухайн үед Эс Жи Эс монголиа ХХК-ийн захирал н.Нарантай гэж байсан. Энэ компани нь ТМОБ ХХК-д манайхаар үйлчлүүлээч, хамтран ажиллая гэсэн хүсэлт тавьж, яриа хэлэлцээрүүд болсон. Одоо шүүхэд хандаж байгаа Эс Жи Эс монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд хандахдаа бусад компанийнхаа хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авахгүйгээр хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь болсон процессоос өөр зүйл ярьж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 онд манай компанийн гүйцэтгэх захирлаар Г.Болд гэж хүн ажиллаагүй. Энэ гэрээнд хэн гэж хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна. Би гарын үсэг зураагүй учир энэ гэрээ ямар учиртай болохыг сайн ойлгохгүй байна. Нотлох баримтуудыг нягталж үзэлгүйгээр Эс Жи Эс монголиа ХХК-тай олон жил хамтран ажиллаж, найрсаг харьцаатай байсан учраас ...гадаад хөрөнгө оруулагч нарт хэрэгтэй байна, та тийм ийм бичиг хийгээд өгөөч гэж хүсэлт ирүүлдэг байсны дагуу энэ бичгүүдийг явуулж байсан. Эдгээр хүсэлтүүдийг над руу явуулж байсан мессеж болон и-мэйл зэрэг нь байгаа. Энэ дүн бодитойгоор 2 талаас хянагдаж, миний зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй. Нийт хийгдсэн ажлын дүн өөр байгаа. Мөн хийж гүйцэтгэсэн ажлын чанарын асуудал яригдах ёстой. Ажлын гүйцэтгэл, чанарын хувьд асуудалтай. Мөн төлбөр мөнгө яаж бодогдсон талаар яригдах ёстой. Ямар журмаар, хэн гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байгаа болон мөн болсон процессуудыг буруугаар ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ төсөлд 10 000 гаруй дээж шинжлүүлснээс Эс Жи Эс монголиа ХХК-иар ойролцоогоор 5 000 гаруй дээжийг шинжлүүлсэн. Үлдсэн дээжийг Эс Жи Эс монголиа ХХК-иар шинжлүүлээгүй нь тодорхой чанарын шаардлага хангаагүйн улмаас шинжлүүлэхээ больсон. 1 дээж нь 60-70 ам.доллар болдог. 5 000 гаруй дээж нилээдгүй их буюу 700 000 000-800 000 000 төгрөг болдог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТМОБ ХХК-иас 107 979 599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697 848 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар гэрээнд тусгайлан заасны дагуу гэрээний хугацаа дууссан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1заасны дагуу 2011 оны талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа буюу нэхэмжлэгчийн субьектив эрхийг хязгаарлаж байгаа үг биш, харин энэ харилцаанаас үүсэх ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхээ алдсан тухай ойлголт юм.

Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн хугацаа болох 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш буюу 2015 оны 12 сард "ТМОБ" ХХК нь "Эс Жи Эс монголиа" ХХК-иас 94 258 070.58 төгрөгийн үйлчилгээ авсан бөгөөд үүнээс "Сийгми" ХХК-ийн "Эс Жи Эс монголиа" ХХК-иас авах авлага 6 913 500 төгрөгийг хасч тооцоод "Эс Жи Эс монголиа" ХХК нэхэмжилж буй ажил гүйцэтгэх гэрээний үлдсэн төлбөр болох нийт 87 344 570.58 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дээрх үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгээр төлбөр төлөх хугацаа тогтоосон гэрээг хариуцагч компани болох "ТМОБ" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Л.Дэлгэрдалай өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж гэрээг байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02\482 дугаартай "Нэхэмжлэгчид өөрийн авлагыг шилжүүлэх тухай" хүсэлт гаргаж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болохоо гэрээний үнийн дүн болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, бусдаас авах авлагаараа харилцан тооцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байна. Эдгээрийг дүгнэвэл анхан шатны шүүхийн тогтоосноор 2011 оны ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол ийнхүү өнгөрсөн болохыг үүрэг гүйцэтгэгч буюу "ТМОБ" ХХК нь мэдээгүй байсан бөгөөд мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасны дагуу "ТМОБ" ХХК нь үүргийн гүйцэтгэлээс буюу үлдсэн төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй юм. Түүнчлэн, "ТМОБ" ХХК нь 2012 онд ажил гүйцэтгэх гэрээ дууссанаас хойш бидэнд төлбөрөө боломжоороо төлөх тухай амаар баталгаа гаргах хэлбэрээр харилцдаг байсан. Бид "ТМОБ" ХХК-тай олон жил хамтран ажиллаж, найрсаг харилцаатай байсан учир үүнийг нь хүлээн зөвшөөрч хангалттай хугацаа олгосон. "Эс Жи Эс монголиа" ХХК-ийн "ТМОБ" ХХК-д хангалттай хугацаа олгосон, "ТМОБ" ХХК-ийн амаар төлбөрөө төлөх тухай баталгаа гарган шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дээр дурдсан "Сийгми" ХХК-ийн "Эс Жи Эс" ХХК-иас авах авлагыг "ТМОБ" ХХК барагдуулсныг нотолж байна. Уг нотлох баримтыг шүүх үнэлэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн гэж үзэж байгааг шүүх нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь догол мөрт "... уг гэрээг "Эс Жи Эс монголиа" ХХК-ийг төлөөлөх эрх олгогдсон этгээд бус, харин "бизнес хөгжлийн менежер ажилтай Н.Ууганбаяр гэгч байгуулсан байх бөгөөд гэрээг тус компанийн захирал баталгаажуулаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байх тул энэ гэрээг үндэслэн талуудын хооронд 2011 онд байгуулагдсан гэрээний төлбөрийг шаардах эрхгүй" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. "ТМОБ" ХХК болон Эс Жи Эс монголиа ХХК-ийн хооронд 2016 онд байгуулагдсан төлбөр төлөх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. "ТМОБ" ХХК болон "Эс Жи Эс монголиа" ХХК-ийн хооронд 2011 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан буюу үйлчилгээ авсныг, үүнээс үүссэн өр төлбөр байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. "ТМОБ" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байсан учир бид 2015 оны 12 дугаар сарын 05-н өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан. Манай компанийн хувьд үйлчилгээний төлбөртэй холбоотой төлбөр барагдуулах ажлыг ажил үүргийн хуваарийн хүрээнд гэрээнд гарын үсэг зурсан менежер Н.Ууганбаяр хариуцан ажилладаг бөгөөд уг чиг үүргийнхээ хүрээнд гэрээг байгуулсан байна. Талуудын хооронд дээрх төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч буюу "ТМОБ" ХХК-иас ирүүлж байсан албан бичгүүд болон шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэснээс анхан шатны шүүх хуралдаан хүртэлх бүхий л үе шатанд хариуцагчийн зүгээс маргаж буй дүнгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд манай компанийг төлөөлөн гарын үсэг зурсан Н.Ууганбаяр нь уг хэлцлийг төлөөлөн хийж буйгаа дурдан гарын үсэг зурж, компанийн албан ёсны тамгыг дарж баталгаажуулсан байх тул уг хэлцэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийг шаардлагыг хангасан хэлцэл юм. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны бүхий л үе шатанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компани буюу манай компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Ликсин Ян нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй талаар болон төлбөр барагдуулах гэрээнд зурсан өөрийн гарын үсгийг биш гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгчийн зүгээс манай компанийн төлөөлж төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан Н.Ууганбаяр хэлцэл хийх эрхтэй эсэх талаар тодруулаагүй хирнээ Н.Ууганбаяр хэлцэл хийх эрхгүй этгээд мэтээр дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК хариуцагч ТМОБ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 979 599 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр талууд эрдэс баялгийн лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ үзүүлсний төлбөр, тооцоог Эс Жи Эс монголиа ХХК-ийн тогтоосон тарифын дагуу төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хэлцэл хийсэн гэж үзэх ба уг гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Нэхэмжлэгч байгууллагаар 5 000 гаруй дээж шинжлүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ болон бусад бичгийн баримтыг хооронд нь харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн дүгнэлт буруу, шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Талуудын байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд үйлчилгээ үзүүлсний төлбөр болох ажлын хөлсийг тодорхой тусгаагүй, тогтоосон тариф гэж тохиролцсон нь нэхэмжлэгчээс хариуцагчид үзүүлсэн ажил үйлчилгээг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Зохигчид ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулж 87 344 571 төгрөг төлөхөөр тохиролцсон байтал шүүх хэдий хэмжээний ажил гүйцэтгэснээс хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн, төлбөр төлөх гэрээнд Эс Жи Эс монголиа ХХК-ийг төлөөлж бизнес хөгжлийн менежер Н.Ууганбаяр гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, талуудын байгуулсан 2 гэрээнд хуулиар хамааруулсан хэлбэрийн шаардлага тавигдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ алдааг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн бол үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байна.

 

Зохигчид үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан атал шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх дүгнэлт хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хожим хүлээн зөвшөөрч талууд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох ба уг хуулийн зохицуулалт нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл нь болно.

 

Төлбөр төлөх талаар гэрээний 3.2.1, 3.2 дахь заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул торгууль гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин зохигчдын байгуулсан төлбөр төлөх гэрээний үүрэгт 87 344 571 төгрөг, гэрээний 3.5-д заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангид 6 550 845 төгрөг нийт 93 895 416 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 084 183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч нь өөр гэрээний үүргийг дүгнэж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөх гэрээг байгуулсан, энэхүү гэрээний загварыг миний и-мэйл хаягаар гарын үсэг зурчих гээд явуулсан тул байгуулаагүй, Сийгми ХХК-д явуулсан албан бичгийг миний өмнөөс өөр хүн гарын үсэг зурж явуулсан, нэхэмжлэгч гадны хөрөнгө оруулагч нарт үзүүлэх албан бичиг хэрэгтэй байна гэхээр нь хэрэгт байгаа албан бичгүүдийг явуулж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02890 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТМОБ ХХК-иас 93 895 416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 084 183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ТМОБ ХХК-иас 627 427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эс Жи Эс монголиа ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 848 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ