| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00576/И |
| Дугаар | 302/ШШ2026/00023 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 302/ШШ2026/00023
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 302/ШШ2026/00023 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймаг, Б сум, 4 дүгээр багт оршин суух, С хулатай овогт К ы Оы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х банкны Б салбар /салбарын захирал Л.Ө/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К.О,
Хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.О нь хариуцагч Хбанкны Б салбараас Андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие өөрийнхөө Хбанкны 000 тоот данснаас бусдад мөнгө шилжүүлэхдээ андуурч 000 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн үед дансны дугаарыг цуглуулахдаа тоог нь буруу цуглуулснаас болж өөр хүний данс руу буруу шилжүүлсэн байна.
1.2.Уг асуудлын талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч миний буруу шилжүүлсэн данс У.Ж гэгчийн данс байсан байна. Харин Хбанкны Б салбар нь данснаас түүний зээлд суутгаж авсан байна. Тус аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Хбанкны Б салбарын холбогдох албан тушаалтанд тухайн мөнгийг буцаан олгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч олгохоос татгалзаж байна.
1.3.Иймд Хбанкны Б салбараас Андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х банкны Б салбар хариу тайлбартаа:
2.1.Хариуцагч буюу манай банкны харилцагч К.О нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө 0000 тоот харилцах данснаас 0000 тоот данс руу 1,000,000 төгрөгийн шилжүүлгийг интернэт банкаар хийсэн байна.
2.2.Тус мөнгө хүлээн авсан данс нь У.Ж ийн цалингийн зээлийн данс байсан тул тухайн гүйлгээ зээлд автоматаар төлөгдсөн байна. У.Ж одоо хаана байгаа нь тодорхойгүй зээл нь олон хоногоор хугацаа хэтэрсэн, банкны зүгээс холбоо барьж чадахгүй байгаа зээлдэгч болно.
2.3.Дээрх шилжүүлгийг банкны зүгээс суутгаж төлөөгүй ба мөнгө хүлээн авах данс зээлийн данс байсан учир суутгагдсан байна. Зээлдэгч өөрөө байхгүй тул банкны зүгээс харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтийг буцаах боломжгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, тус аймгийн У сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газрын У Ж Монгол улсын хил нэвтрэлтийн талаарх тодорхойлолтыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч К.О аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие өөрийнхөө Х банкны 0000 тоот данснаас бусдад мөнгө шилжүүлэхдээ андуурч 0000 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн үед дансны дугаарыг цуглуулахдаа тоог нь буруу цуглуулснаас болж өөр хүний данс руу буруу шилжүүлсэн байна. Уг асуудлын талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч миний буруу шилжүүлсэн данс У.Ж гэгчийн данс байсан байна. Харин Хбанкны Б салбар нь данснаас түүний зээлд суутгаж авсан байна. Тус аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Хбанкны Б салбарын холбогдох албан тушаалтанд тухайн мөнгийг буцаан олгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч тус салбар нь буцаан олгохоос татгалзсан тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
6.Хариуцагч Хбанкны Б салбарын захирал Л.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хариуцагч буюу манай банкны харилцагч К.О нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө 0000 тоот харилцах данснаас 0000 тоот данс руу 1,000,000 төгрөгийн шилжүүлгийг интернэт банкаар хийсэн байна. Тус мөнгө хүлээн авсан данс нь У.Жийн цалингийн зээлийн данс байсан тул тухайн гүйлгээ зээлд автоматаар төлөгдсөн байна. У.Ж одоо хаана байгаа нь тодорхойгүй зээл нь олон хоногоор хугацаа хэтэрсэн, банкны зүгээс холбоо барьж чадахгүй байгаа зээлдэгч болно. Дээрх шилжүүлгийг банкны зүгээс суутгаж төлөөгүй ба мөнгө хүлээн авах данс зээлийн данс байсан учир суутгагдсан байна. Зээлдэгч өөрөө байхгүй тул банкны зүгээс харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтийг буцаах боломжгүй гэж маргажээ.
7.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч К.О нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хбанкны цахим буюу интернэт банкаар өөрийнхөө Хбанкны 0000 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 0000 тоот данс руу андуурч шилжүүлсэн байх ба уг данс У.Ж гэх хүний Хбанкны зээлийн данс байсан байх бөгөөд улмаар тухайн мөнгийг түүний зээлийн төлөлтөд автоматаар суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, түүнд талууд маргаагүй байна.
7.2 Х банкны 0000 тоот дансны эзэмшигч У.Ж нь тус аймгийн У сумын 8-р багийн оршин суугч боловч тус багт оршин сууж амьдардаггүй, байхгүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
7.3 Нэхэмжлэгч К.О аас тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаад Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолоор ... 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч К.О нь Х банкны өөрийнхөө эзэмшлийн 0000 тоот данснаас 0000 тоот данс руу андуурч 1,000,000 төгрөг шилжүүлж, уг шилжүүлсэн мөнгө нь У.Жийн зээлийн дансанд орж улмаар автоматаар түүний зээлийн төлөлт хийгдсэн байна. Иргэн У.Ж болон Х банкны ажилтны зүгээс К.О ы андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр иргэн К.Оаас гаргасан бүртгэлийн ГМ-301 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байжээ.
8.Дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч К.О нь Хбанкны интернэт банкаар өөрийнхөө Хбанкны 0000 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 0000 тоот данс руу андуурч шилжүүлсэн, уг данс нь У.Ж гэх хүний Х банкны зээлийн данс байсан байх бөгөөд тухайн мөнгийг түүний зээлийн төлөлтөд автоматаар суутгасан зэрэг үйл баримт тогтоогдсон.
9.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч К.О нь Хбанкны интернэт банкаар өөрийнхөө Хбанкны 0000 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 0000 тоот данс руу андуурч шилжүүлсэн бөгөөд уг мөнгө У.Ж гэх хүний зээлийн төлөлтөд автоматаар суутгагдсан байх ба нэхэмжлэгч болон зээлийн данс эзэмшигч У.Ж, хариуцагч Хбанкны хооронд ямар нэг үүрэг үүсээгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шилжүүлсэн хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болох Хбанкны Б салбараас буцаан шаардах эрхтэй байна.
10.Иймд Х банкны Б салбараас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.О д олгох нь зүйтэй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хбанкны Б салбараас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116 , 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хбанкны Б салбараас 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Од олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 (хорин найман мянган таван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хбанкны Б салбараас 28,550 (хорин найман мянган таван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК