Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2026/00027

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2026/00027

Б аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 15 дугаар хороо, 20-12 тоотод оршин суух, Т овогт З.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ш овогт Ж.Т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 8,952,000 /найман сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Н /цахим сүлжээгээр/,

Хариуцагч Ж.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жнар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч З.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие хариуцагч Ж.Т тай 2 жил гаруй бараа нийлүүлсэн. Анх хариуцагч Ж.Т тэр даруй тооцоогоо хийгээд явдаг байсан. Бид хоёр сайн харилцаатай хүмүүс байсан. Нэг өдөр хариуцагч Ж.Тлд өгсөн барааны үнийг төлөхгүй, утсаа авахгүй алга болсон. Тухайн үед Ж.Т намайг залилсан гэх утгаар Б аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Тэр үед Ж.Т нь надад бараанууд байгаа. Гэхдээ бараанууд нь зарагдахгүй байна гэсэн.Тийм учраас цагдаагийн газраас залилан биш гэж хүчингүй болгосон. 50 мишокийн зөрүүтэй байгаа. Тэр талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа гэв.

3.Хариуцагч Ж.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Миний хувьд хүний өмнөөс мишок авч, мишокийг захиалсан хүнд өгсөн. Мишокний мөнгийг ачаа хүлээж авсан өдөр шилжүүлж өгсөн. Тэр талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс намайг залилсан гэж байна. Би нэхэмжлэгчийг залилаагүй. Миний утас холбогдохгүй байж болно. ОХУ-д явах үед миний утас холбогдох боломжгүй байдаг. З.Н нь намайг залилсан гэж цагдаад гомдол гаргасан байдаг. Тухайн үед өгсөн мэдүүлэгт бүх тодорхой байгаа. З.Н нь надад 11 цамцыг зараад өгчих гэж хэлсэн. Тухайн цамцнууд ОХУ-ын Х гэх газарт одоо хүртэл байгаа. Хос агач гэх газарт нэг хүнд үлдээчихсэн байсан. Тэр хүнтэй цамц хаана байгаа вэ гэж харилцсан аудио бичлэг нь миний утсанд байгаа. Шаардлагатай бол тэрийг сонсгож болно. Хоёрдугаарт нь 49 мишокний мөнгийг өгсөн байгаа. Тэрийг би одоо хариуцахгүй. З.Н ийн хувьд хөдөө орон нутаг руу байнга ачаа тавьж явуулдаг. Тэрийг би хариуцахгүй. Миний хувьд 50 жилитикийн мөнгийг хариуцъя. Дараа буга майкны 24 ширхгийг Улаанбаатар хотод З.Нийн хүүхдэд хүлээлгэж өгсөн. Үлдсэн барааг хүлээн зөвшөөрч чадахгүй. 50 ширхэг илгэн жилиткийн үнэ 3,110,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 24 ширхэг буга майкыг хүлээн зөвшөөрч байна. 11 цамц О-д Е гэдэг хүнд хүргэж өгсөн. Одоо хүртэл цамцнууд нь байгаа. Тэр үед цамцны үнийг надад хэлээгүй. Та надад борлуулж өгөөч гэж хэлсэн. Тэрнээс биш би тус цамцыг худалдаж авъя гэж хэлээгүй. Нэлээн үнэтэй цамц байсан. 1 цамц 100,000 төгрөгийн үнэтэй байсан учраас би авахгүй гэж хэлж байсан. Тэр үед надад борлуулж өгөөч гэж хэлсэн. Дээрээс нь З.Н ийн К улсад байсан байсан барааг борлуулж тус болсон байдаг. Тухайн үед нэг хүний склад дээр нь бараг л эсгий болох гэж хуучирсан барааг нь зарж өгсөн. Тэр үед намайг нэлээд их мөнгөөр хохироосон. Хилээс гаргасан барааны зардлыг нэхэмжлэгч З.Нээс нэхэмжлээгүй гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хариуцагч Ж.Т ... би З.Н ээс бараа материал худалдан авч, цаашаа худалдан борлуулдаг байсан нь үнэн түүнээс авсан бараатай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан болно.

4.2.Б аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1/1038 дугаартай Тус аймгийн прокурорын газраас Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1976 дугаартай захирамжийн дагуу хэрэг бүртгэлийн 231300360 дугаартай хэргээс гэрч Ж.Ты мэдүүлэг болон хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн байх ба 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрч Ж.Т ы мэдүүлэгт ... яг өнөөдрийн байдлаар нийт 3,965,000 төгрөгийн бараа байгаа. Энэ нь болохоор бугын дүрстэй хантааз, элгэн гадаргатай зэрэг нь байгаа юм. Эдгээрийг би З.Н т захиалга өгч аваагүй юм. Харин тэр өөрөө зараад өгөөч гэж хэлээд У хотоос явуулж байсан. 2023 оны 04 дүгээр сарын үед байх З.Н рүү утсаар залгаад одоо чиний энэ ноосон юмнуудыг Оросууд авахгүй байна. Чамд ноолууран юм байгаа юу гэхэд тэр тухайн үед над руу ноолууран малгай гэж нийт 86 ширхэг малгай явуулж байсан ба би тэрийг нь задалж үзэхгүйгээр О руу явуулаад тэнд нь очоод задлуулж үзэхэд ноолууран биш ноосон юм байгаад тэнд байгаа Оросууд авахгүй зовж, зовж байгаад Монголд авчраад буцаад өөрт нь өгч явуулсан. Ер нь би түүнийг ирээд энэ буцаагдсан бараагаа ав гэхэд тэр ирдэггүй юм. Монгол улсаас ОХУ руу ноос ноолууран бараа гаргах үнэн хэцүү, төвөгтэй тэрийг тэр ойлгохгүй худлаа өөрийнхөө зарагдахгүй барааг зарж дуусаад мөнгийг нь өгчих гэж хэлснээ одоо худлаа үнэн юм яриад мөнгө нэхээд байгаа юм гэж мэдүүлжээ.

4.3.Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор ... Ж.Т, З.Н нарын хооронд бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулахтай холбоотой үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн шинжтэй маргаан байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан байх ба дээрх нотлох баримтууд болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч З.Нээс хариуцагч Ж.Т нь бараа материал худалдан авдаг байсан үйл баримт тогтоогдож байна.

4.4. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас жилиткийн үнэ 3,110,000 төгрөгийг болон бугатай майкны үнэ 990,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа . Цамцнуудын хувьд 10 тооны цамц О улсад байгаа, 1 цамц 100,000 төгрөгөөр үнэлэгдэх цамцнууд байсан гэж тайлбарлажээ.

5.Нэхэмжлэгч З.Н нь хариуцагчаас барааны үнэ 8,952,000 төгрөг гаргуулахыг хүссэн байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

7. Нэхэмжлэгч З.Н нь 49 ширхэг мишокний үнэ 3,382,000 төгрөг, цамцны үнэ 1,470,000 төгрөг, илгэн жилитик 3,110,000 төгрөг, бугатай майкны үнэ 990,000 төгрөг, нийт 8,952,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Ж.Т нь жилиткийн үнэ 3,110,000 төгрөгийг болон бугатай майкны үнэ 990,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна. 10 тооны цамцыг хүлээж авч, Оросын холбооны улсад хүргэж зарагдаагүй байгаа талаар тайлбарласан боловч нэгэнт тухайн цамцнуудыг хүлээн авсан тул түүний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. Шүүх хуралдаан дээр 100,000 төгрөгөөр үнэлэгдэх цамцнууд гэж тайлбарласан тул тухайн үнэлгээгээр тооцох нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгчээс хувийн тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудаснууд, мөн бараа хүргүүлэх үед ачаа ачсан тээврийн хэрэгсэл болон жолоочийн мэдээллийг явуулсан гэх цахим захидлууд болон түүнд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ нотлохгүй байгаа тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,852,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9. Иймд нэхэмжлэгч З.Н ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ж.Т аас барааны үнэ 5,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Н т олгож, илүү нэхэмжилсэн 3,852,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч З.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т аас 96,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т аас барааны үнэ 5,100,000 (таван сая нэг зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нт олгож, илүү нэхэмжилсэн 3,852,000 (гурван сая найман зуун тавин хоёр мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч З.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,182 (нэг зуун тавин найман мянган нэг зуун наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т аас 96,550 (ерэн зургаан мянган таван зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Нт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК