Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Батнасан,

           Шүүгдэгч: М.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805041250807 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. М.М, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулж, 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 00-000- тоотод найз бүсгүй болох Р.Дийг хардасны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, дух, нуруу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн тухайн үед тухайн газарт Р.Дийн өмчлөлийн 392.000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone 6 маркийн гар утсыг хана руу шидэж хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч Р.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би гэртээ амарч байсан чинь 00 цагийн орчим хаалга нүдэхээр нь тайлахад хамт ажилладаг М.М байсан....Хамт ажилладаг П гэх залуутай ямар нэгэн шалтгаангүй намайг хардан миний баруун бөөр, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Би уурлаад орноосоо босон гэрлээ асаагаад гэрээсээ хөөсөн. Тэгтэл М.М босч ирээд намайг тэвэрч аван газар зассан байсан ор луу шидэж газар унагасан. Энэ үед би дээшээ харан газар унасан. Тэгтэл миний дээрээс мордон сууж байгаад зүүн гарын бугуй хэсгээр нугалан мушгиж дарсан. Миний бие хэсэг рүү цохиод байсан. Гар өвдөж байна гэж хашгирсаар байгаад арайхийн тавиулаад гэрээсээ гар утсаа аван гарсан. Би 1 давхарт очиж 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Цагдаа ирэхгүй болохоор нь 6 давхарт гарсан чинь коридорт М.М хаачаад ирсэн юм бэ гэж хэлэн намайг чирч гэрт оруулан ширээн дээр нуруу хэсгээр шидэж унагасан. Намайг тэвэрч аван газар зассан ор луу дахин шидсэн. Миний гарт байсан iphone 6 маркийн гар утсыг хана руу дахин, дахин хашиграад шидсэн. Миний гар утас эвдэрч газар унахад, өөрийнхөө гар утсыг авч хана руу шидсэн. Би айсандаа миний буруу уучлаарай гэж тайвшруулахын тулд шалтгаангүй уучлалт гуйсан....Би 10 жил Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаад 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монголд ирсэн. Энэ үед М.М намайг тосч аван түүнээс хойш хамтран ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сараас эхлэн үерхээгүй зөвхөн дотно харьцаанд ордог байсан. Би 2017 оны 12 дугаар сард Монгол мөнгөөр 1.200.000 төгрөгөөр гар утсаа худалдан авсан. Миний гар утас ашиглах ямар нэгэн боломжгүй болсон. ...Би М.Мтай үерхэж байсан. Дотно харьцаатай байсан. Би гар утсаа эвдүүлсэн боловч М.М оронд нь iphone 6 маркийн гар утас өгсөн. Мөн эмчилгээний зардалд 200.000 төгрөг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу М.Мд ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25, 65-67/,

            Гэрч Р.Рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сар өдрийг нь санахгүй байна, манай охин Р.Д өглөө 09-10 цагийн орчим над руу “та хаана явж байна, би цагдаагийн газар ирчихээд байна, М.М манай гэрт өчигдөр согтуу ирээд намайг зодсон, мөн миний гар утсыг авч хана руу шидээд эвдээд, би гарч зугтаж цагдаа дуудлаа, та ойрхон байвал хүрээд ирээч” гэсэн. Тухайн үед би хөдөө явж байсан учраас ирж амжаагүй. Үүнээс хойш 3 хоногийн дараа би хөдөөнөөс охин Р.Д дээрээ ирэхэд миний толгой өвдөж байгаа, эмчид үзүүлсэн талаараа хэлсэн. Харин гэрийн зочны өрөөний ханын цаас гэмтсэн байсан. Юу болсон талаар асуухад М.М миний гар утсыг хана руу савж байгаад ханын цаас урсан талаар хэлсэн. Би М.Мн гар утас руу залгаж хүүхэд зодсон талаар хэлэн загнасан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/,

            Шинжээчийн 9570 тоот дүгнэлтэд: “...Р.Дийн биед тархи доргилт, дух, нуруу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

            Яллагдагчаар М.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Р.Дтэй ярилцмаар байсан боловч гар утсаа оролдоод байхаар нь би гар утсыг нь булааж аван өөрийн гар утасныхаа хамт хана руу шидсэн. Мөн Р.Дийг газар сууж байхад дээш өргөн ор руу нь өшиглөсөн. Р.Дийг дээшээ хараад хэвтэж байхаар нь дээрээс нь мордон сууж байгаад 2 гарын шуу хэсгээс нь барьж гарыг нь дээш дарсан. ...2018 оны 01 дүгээр сараас хойш үерхэн дотно харьцаатай болсон. Сүүлийн нэг сар буюу 2018 оны 7 дугаар сарын эхнээс хойш Р.Дийн гэрт нь хамт амьдарч байсан. Хэрэг гарах өдөр ч бид хоёр үерхэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 58-62/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 37-38/, Хохирогчийн хүсэлт /хх-н 39/, Хохирлын баримтууд /хх-н 40-44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-52, 73-75/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч М.Мнь 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 00-000- тоотод найз бүсгүй болох Р.Дийг хардасны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, дух, нуруу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн тухайн үед тухайн газарт Р.Дийн өмчлөлийн 392.000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone 6 маркийн гар утсыг хана руу шидэж хууль бусаар гэмтээсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.Дийн: “...Хамт ажилладаг П гэх залуутай ямар нэгэн шалтгаангүй намайг хардан миний баруун бөөр, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Би уурлаад орноосоо босон гэрлээ асаагаад гэрээсээ хөөсөн. Тэгтэл М.М босч ирээд намайг тэвэрч аван газар зассан байсан ор луу шидэж газар унагасан. Энэ үед би дээшээ харан газар унасан. Тэгтэл миний дээрээс мордон сууж байгаад зүүн гарын бугуй хэсгээр нугалан мушгиж дарсан. ...Цагдаа ирэхгүй болохоор нь 6 давхарт гарсан чинь коридорт М.М хаачаад ирсэн юм бэ гэж хэлэн намайг чирч гэрт оруулан ширээн дээр нуруу хэсгээр шидэж унагасан. Намайг тэвэрч аван газар зассан ор луу дахин шидсэн. Миний гарт байсан iphone 6 маркийн гар утсыг хана руу дахин, дахин хашиграад шидсэн....Миний гар утас ашиглах ямар нэгэн боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25, 65-67/, гэрч Р.Рийн: “...М.М манай гэрт өчигдөр согтуу ирээд намайг зодсон, мөн миний гар утсыг авч хана руу шидээд эвдээд, би гарч зугтаж цагдаа дуудлаа, та ойрхон байвал хүрээд ирээч” гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/, шинжээчийн 9570 тоот дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 37-38/  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч хохирогч Р.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Р.Дийн эзэмшлийн гар утсыг хана руу шидэж гэмтээсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мнь хохирогч Р.Дтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогчийг iphone 6 маркийн гар утсыг хана руу шидэж гэмтээсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Дийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, iphone 6 маркийн гар утас хүлээн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Мг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нийтэд тустай ажил хийлгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч М.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Мг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,

              - “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар” тус тус  шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд шүүхээс оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР