Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2017/00015

 

 

 

 

 

Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2016/00669/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид С.Энхжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнх-Отгон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

Ш.Батсүх анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг Цэнхэрийн 16 дугаар байрны 26 тоотод 2013 оноос хойш охин ач нарын хамт амьдарч байна. Уг байрны гэрчилгээ нь миний охин Х.Бадамгэрэл, зээ хүү Ж.Мөнхбадрал болон миний нэр дээр байгаа юм. Гэтэл охин Х.Бадамгэрэл тус байрыг банкны барьцаанд тавьсан ба зээлийнхээ зарим хэсгийг төлж чадаагүйн улмаас шүүхээс шийдвэр гарч байрыг маань битүүмжлэн хураах ажиллагаа явагдсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус байрыг зөвхөн миний охин Х.Бадамгэрэлийн өмч биш ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилснээрээ миний болон ач хүүгийн хуулинд заасан өмчлөгчийн эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх нь зөвхөн Х.Бадамгэрэлийн өмч биш гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хамаарах тул эд хөрөнгийг хурааж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргасан битүүмжлэх, хураах тогтоолыг надад танилцуулаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн битүүмжлэх тогтоол нь төлбөрийг ямар хугацаанд төлөх ёстойг заагаагүй, шууд худалдан борлуулахаар заасан зэргээр хууль зөрчсөн ажиллагаануудыг хийж байгаад миний бие гомдолтой байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураах ажиллагаа явуулж байгаа үйлдлийг зогсоох шийдвэрийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 тоот шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Бадамгэрэлээс 48.931.356.82 төгрөгийг гаргуулж Голомт банк-ны Сэлэнгэ салбар тооцооны төвд олгохоор, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Х.Бадамгэрэл, Ш.Батсүх, Ж.Мөнхбадрал нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дэх хэсэгт байрлах 16 дугаар байрны 26 тоот 28.95м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргасан байсан. Уг шүүхийн шийдвэрт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 881 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Голомт банк-ны хүсэлтийн дагуу тус алба 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Х.Бадамгэрэлийн шүүхийн шийдвэрт заагдсан Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 16 дугаар байрны 26 тоотод очиж үл хөдлөх эд хөрөнгийг 71/01 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж үл хөдлөх эд хөрөнгийн эзэн Х.Бадамгэрэлд хадгалуулж, энэ тухай хууль сануулсан тэмдэглэл хөтөлж уг тэмдэглэлд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх хөрөнгийг хураан авч дуудлага худалдаанд оруулах талаар тайлбарлаж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 71/03 тоот эд хөрөнгө хураасан тухай тогтоолоор Ү-1317000205 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хураан авч төлбөр төлөгч Х.Бадамгэрэлд хадгалалт хамгаалалтыг хариуцуулан үлдээж, тус үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх тухай өөрийн саналаа бичгээр өгөх тухай мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах тухай хуулинд эд хөрөнгийг битүүмжлэхэд тус эд хөрөнгийн өмчлөгч бүрт мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Манай байгууллага Шүүхийн 357 дугаартай шийдвэрийн дагуу хууль тогтоомжид заасан журмыг баримтлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан нь хууль ёсны дагуу ажиллагаа явуулсан гэж үзэж байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07ы өдөр хянан хэлэлцээд 139 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар Ш.Батсүхийн гомдолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2374 дугаартай захирамжийг хүчингүй болгож,

-Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... миний бие нь 2013 онд Голомт банк-ны Сэлэнгэ салбараас охин Х.Бадамгэрэл нь зээл авахад нь зөвшөөрөл олгосон нь үнэн юм. Гэхдээ зөвшөөрөл олгосон гэдэг үндэслэлээр шууд миний өмчлөлд халдаж байгаа үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа шүүх намайг байлцуулахгүйгээр өмнө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрт миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир гуравдагч этгээдээр татагдах ёстой байсан. гэтэл намайг татаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрт гагцхүү өмчлөл шийдвэрийн утга агуулгад дурдагдсан байгаа болохоос биш миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэлтэйгээр дурдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэсэн гомдлыг миний бие гаргасан юм. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн битүүмжлэх тогтоолд уг нь төлбөр төлөх хугацааг заагаад хэрэвээ уг хугацаанд төлөөгүй бол дараагийн ажиллагаа буюу хураах ажиллагааг нь уг байрны өмчлөгч бүрт мэдэгдэж явах ёстой гэж үзэж байна. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Отгон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Тухайн байр нь Ш.Батсүх, Б.Бадамгэрэл мөн Б.Бадамгэрэлийн хүүгийн гэсэн 3 хүний өмчлөлийн байр байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллагаас ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч Ш.Батсүх нь давж заалдах гомдол гаргаснаас хойш манай байгууллагын зүгээс ямар нэгэн ажиллагааг явуулаагүй түр зогсоосон. Учир нь давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа тохиолдолд манай байгууллагаас урьдчилан ажиллагаа явуулж болдоггүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ш.Батсүх нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан хууль зөрчсөн ажиллагааг зогсоолгох тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч төлбөр төлөгч Х.Бадамгэрэлд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх Ш.Батсүхийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг гомдол гаргагч Ш.Батсүх өөрийн охин Х.Бадамгэрэлд орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл олгосон нь үнэн боловч энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний өмчлөх эрхэд халдсан мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүх шийдвэр гаргахдаа миний өмчлөх эрх зөрчигдөж байхад намайг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн гэж тайлбарладаг.

 

Гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Голомт банк нь хариуцагч Х.Бадамгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 48.931.956.82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

 

Тус шийдвэрийг албадан биелүүлүүлэх тухай шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1938 дугаартай захирамжийн дагуу 881 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба гүйцэтгэх хуудасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2016 оны 10 сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа үүсгэх тухай 563 дугаартай тогтоолоор гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч Х.Бадамгэрэлийн үүргийн гүйцэтгэлийг түүний барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 11 сарын 09-ний өдөр төлбөр төлөгчийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай 16 дугаар байрны 26 тоот орон сууцыг хураасан тухай тогтоол үйлдэж, ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлджээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хамгаалах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд заасны дагуу явагдсан байх ба энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заасны дагуу явагдсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүх шийдвэр гаргахдаа миний өмчлөх эрх зөрчигдөж байхад намайг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн гэсэн Ш.Батсүхийн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай тухайн шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн тухай гомдолтой хэргийн хувьд хамааралтай ойлголт тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин Голомт банкны нэхэмжлэлтэй Х.Бадамгэрэлд холбогдох 375 дугаартай шүүхийн шийдвэрийг Ш.Батсүхийн гомдлоор хянан шийдвэрлэхгүй.

 

Учир нь: Голомт банкны нэхэмжлэгчтэй хариуцагч Х.Бадамгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэг түүнийг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, түүнчлэн Ш.Батсүх нь тус хэргийн оролцогч биш тул тухайн хэргийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд юм.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Ш.Батсүхийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-т зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Ш.Батсүхийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Батсүх нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН