Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Н.Онон,

Хохирогч: Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Д.П, түүний өмгөөлөгч С.Чинзориг, С.Батболд нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Пд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020146 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.П,  урьд ял шийтгэлгүй

Шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 5-130 тоотод иргэн Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

Хохирогч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа тараад Д.П, Б хоёртой караокед нэг шил архи хувааж уусан. Караокенээс гараад Бын найзынд нэг шил архи аваад очсон. Тухайн архиа ууж байгаад Б ахтай маргалдсан. Тэгсэн Д.П хажуу талаас орж ирэхээр нь Д.Птай маргалдсан. Б ах Д.П бид хоёрыг салгах гээд намайг барьсан байсан. Би та хоёрыг цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгсэн Д.П гүйж ирээд үснээс татаад дээрээс 4-5 удаа цохьсон” гэв.

Хохирогч Н.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 25-ны үеэр ажлаа тараад ажлынхаа Д.П, Б нартай хамт хорооллын Гандангийн буудалын тэнд байдаг караокед орж архи уусан. Тэндээсээ орой 21 цагийн үед байх гурвуулаа гараад Гандангийн буудал дээрээс Б намайг цуг явж ганц юм ууя гэсэн. Тэгээд хорооллын эцсийн гэмтлийн арын автобусны буудалд очиж буудлаасаа хойшоо гэр хороололд Бын найзынд очсон...Тэднийд 0.75 литрийн архийг Д.П, Б, Бын найз бид дөрөв хувааж уусан. Тэгээд архи хувааж ууж дуусаад Б зүүн талын орон дээр сууж байсан, би баруун талын орон дээр сууж байсан намайг наашаа суучих гэсэн. Тэгээд надтай Б юм ярьж байгаад гэнэт миний толгой руу гараараа 2 удаа цохьсон. Тэгээд бид хоёр муудалцаад байж байхад Д.П дундуур орж ирээд Д.Птай би бас муудалцсан. Б тэр үед намайг хориод барьж байсан ба би та хоёрыг цагдаад өгнө гэсэн чинь чи муу мөнгө авах гэж байгаа биз дээ гэж хэлсэн. Д.П миний үснээс татаж байгаад толгой руу гараараа 4-5 удаа цохьсон. Намайг цохиод тавихгүй болохоор би Д.Пыг тавиулах гээд доороос нь нэг цохьсон. Тэгээд би тэднийхээс гараад Ганданд найз Аы гэрт очоод унтсан. Тэгээд орой гэнэт тэднийд байж байхад толгой өвдөөд түргэн дуудсан. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд Мөнгөнгүүр эмнэлэгт тархины зураг авахуул гэж хэлсэн. Мөнгөнгүүр эмнэлэгт тархины зураг авахуулахад тархины цус харвалттай яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-16/,

Гэрч П.Нын  мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Н.Б хүнд зодуулсан юм байна лээ. Тэрийг нь өөрөөс нь сонсож 2015 оны 8 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд Н.Б над руу яриад би хүнд зодуулчихлаа түргэн дуудсан, үзээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн, би гэмтэл явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтэл дээр яваад очиход Н.Б гэмтэл дээр ирсэн нүүр царай нь битүү хавдартай, хүзүү хоолой нь хөхөрчихсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь Д.П, Б нар Мөнгөнгүүр эмнэлэг дээр 150.000 төгрөг авч ирж өгсөн. Тэр мөнгөөр тархины зураг авахуулж эмч үзээд яаралтай тархины хагалгаанд орохгүй бол цус хуралттай амь насанд эрсдэлтэй, яаралтай эмчлүүл гэж эмч хэлсний дагуу Б, Д.П хоёртой зөвлөлдөөд та нар энэ хүнийг ийм болгосон, тийм учраас өөр эмнэлэгт хэвтүүлэх үү, энэ эмнэлэгт хэвтүүлэх үү гэж ярилцаад тэр хоёр энэ эмнэлэгт хэвтүүлье гээд Н.Бг Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтүүлж тархины хагалгаанд орсон. 4.000.000 гаруй төгрөгийн  эмчилгээ хийгдсэн. Үүнээс Б, Д.П нар нь 3.500.000 төгрөг эмчилгээнд  өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-19/,

Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 8 дугаар сард би хоногийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр шөнийн 12 цагийн үед Б, Д.П, Н.Б гурав 0.75 литрийн архи авч орж ирсэн. Архи ууж сууж байгаад Н.Б нь эхлээд Д.Пынхаа хамар луу нь цохьсон. Д.П нь чи миний хамраас цус гаргалаа гээд Д.П нь босч ирээд Н.Бгийн толгой руу гараараа цохиод байсан. Б, Н.Бг дараад унтуулах гээд хэвтэж байхад Д.П, Н.Бгийн мөр, хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд унтацгаасан. Н.Бгийн нэг нүд нь хавдчихсан, хацрынхаа хажууханд хөхрөөд хавдчихсан хамраас цус гарсан байдалтай, хувцас нь цус болчихсон байсан... Н.Б хамгийн эхлээд Д.Птай муудалцсан. Д.Пынхаа хамраас нь цус гоожуулаад тэгээд Б нь угаасаа боль гээд дундуур нь ороод болиулсан... Б Н.Бг цохиогүй алгадсан. Д.П нь Н.Бг чи надаас мөнгө аваарай гээд шанаа руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Д.П нь нүүр лүү нь гараараа цохьсон. Н.Бг газар хэвтэж байхад нь чи надаас мөнгө аваарай гээд өшиглөөд байсан. Б, Н.Бг дараад газар хэвтчихсэн байхад нь Д.П толгой руу нь 2 удаа надаас мөнгө аваарай гээд өшиглөөд байсан. Хамгийн эхлээд зодолдохдоо Д.П, Н.Бгийн толгой руу гараараа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20-22/,

Гэрч Б.Агийн  мөрдөн байцаалтад өгсөн: “....2015 оны 8 дугаар сард хоногийг нь санахгүй байна, Н.Б өглөө 8 цаг өнгөрч байхад Гандангийн тэнд хөлсний байранд миний амьдарч байгаа гэрт ирсэн. Нүүр царай нь хавдчихсан байсан....17 цаг өнгөрч байхад Баясгалан руу утасдаад Н.Б манайд зодуулчихсан байгаа, чи ороод хоол, цай хийгээд өгчих гэж ярьсан. Баясгалан удалгүй над руу буцаж залгаад Н.Б толгойгоо даахгүй үхлээ гээд байна, чи хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ ирэхэд Н.Б үхлээ шдээ толгой даагдахгүй байна гээд уйлаад хэвтээд байсан. Тэгээд түргэн дуудаад эмч үзээд гэмтэл рүү яв гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23/,

Шинжээчийн 769 тоот дүгнэлтэд: “...Н.Бгийн биед баруун чамархай, зулайн хэсэгт хатуу хальсан доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн тархины эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алимны цус харвалт, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл, баруун чамархай, зулайн хатуу хальсан доорх цус хуралтыг авах мэс заслын байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 30/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1261 тоот дүгнэлтэд: “...Урьд гарсан шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №769 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Бгийн биед баруун чамархай, зулай, дух хэсгийн хатуу хальсан доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархай зулайн тархины эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний алимны салстад цус харвалт, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун чамархай, зулай, дух хэсгийн хатуу хальсан доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархай зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ бөгөөд хэрэг болсон гэх 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цохих болон өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой. Тархины эдийн няцрал гэмтэл КТГ-н зурагт харагдах эсэх нь хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Н.Б нь тухайн гэмтлийг авснаар тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх явах боломжтой ба ямар хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 208-209/,

Яллагдагчаар Д.Пын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 19 цагийн үед ажлаа тараад ажлынхантайгаа цуг нэг караокед орж 1 цаг суусан. Тэгээд тараад Б ахтай цуг гэрлүүгээ хамт харих гээд явж байхад араас Н.Б ирж хаашаа явж байгаа юм бэ гэхээр нь гэртээ харих гэж байна гэхэд Н.Б ганц юм ууя гурвуулаа гэж хэлсэн. Бид хоёр мөнгө байхгүй гэсэн чинь гурвуулаа аргалж байгаад ууя гээд Б ахын таньдаг манай нутгийн нэг ахынд хорооллын эцсээс хойшоо гэр хороололд орой 22 цаг өнгөрч байхад гурвуулаа очсон. Тэгээд тэднийд 1 шил архи бид гурав хувааж уусан. Тэр нутгийн ах нэг их уугаагүй. Архи ууж байхад Н.Б надтай цэргийн тухай ярьж байгаад маргалдсан. Өөрөө эхэлж миний хамар луу цохиж цус гаргаж, цамц урсан. Тэр айлд Н.Б хутга барьж бүгдийг чинь ална гэж айлгаж зуухыг нь зүүн тал руу өшиглөсөн. Н.Бгаас гэрийн эзэн хутгыг нь булааж авсан. Тэгээд Н.Б бид хоёрын хооронд харилцан зодоон болсон. Тэгээд маргааш нь Н.Б над руу ярьж ямар овоо юм бэ, өнөөдөр алалцъя гандан дээр хүрээд ир гэчихээд толгой өвдөөд байна, эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр Б ах, Нэмэхбаяр, Н.Б нартай хамт очсон. Улсын эмнэлэг дээр оч гэхэд онош нь худлаа хэлдэг гээд улсын эмнэлэг дээр очоогүй. Мөнгөнгүүр эмнэлэгт Н.Б өөрөө тархины бичлэг хийлгэсэн. Тархи нь цус хуралттай гэсэн. Тэгээд Н.Бд тэр үед эмчилгээнд нь Б ахтай нийлж 3.000.000 төгрөг өгсөн. Ийм л зүйл болсон. Н.Бтай санаатайгаар зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 86-88/,

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 2-3/, хохирогчийн өвчний түүх, түүнтэй холбоотой баримтууд /хх 1-н 30-59/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 103, 113, 190/, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 126-129/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 5-130 тоотод иргэн Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Бгийн: “...Тэгээд надтай Б юм ярьж байгаад гэнэт миний толгой руу гараараа 2 удаа цохьсон. Тэгээд бид хоёр муудалцаад байж байхад Д.П дундуур орж ирээд Д.Птай би бас муудалцсан. Б тэр үед намайг хориод барьж байсан ба би та хоёрыг цагдаад өгнө гэсэн чинь чи муу мөнгө авах гэж байгаа биздээ гэж хэлсэн. Д.П миний үснээс татаж байгаад толгой руу гараараа 4-5 удаа цохьсон. Намайг цохиод тавихгүй болохоор би Д.Пыг тавиулах гээд доороос нь нэг цохьсон. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд Мөнгөнгүүр эмнэлэгт тархины зураг авахуул гэж хэлсэн. Мөнгөнгүүр эмнэлэгт тархины зураг авахуулахад тархины цус харвалттай яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн”...гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-16/, гэрч Б.Ганхуягийн: “...2015 оны 8 дугаар сард би хоногийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр шөнийн 12 цагийн үед Б, Д.П, Н.Б гурав 0.75 литрийн архи авч орж ирсэн. Архи ууж сууж байгаад Н.Б нь эхлээд Д.Пынхаа хамар луу нь цохьсон, Д.П нь чи миний хамраас цус  гаргалаа гээд Д.П нь босч ирээд Н.Бгийн толгой руу гараараа цохиод байсан. Б, Н.Бг дараад унтуулах гээд хэвтэж байхад Д.П, Н.Бгийн мөр, хөл рүү нь өшиглөөд байсан, тэгээд унтацгаасан. Н.Бгийн нэг нүд нь хавдчихсан хацрынхаа хажууханд хөхрөөд хавдчихсан хамраас цус гарсан байдалтай хувцас нь цус болчихсон байсан....Б Н.Бг цохиогүй алгадсан. Д.П нь Н.Бг чи надаас мөнгө аваарай гээд шанаа руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Д.П нь нүүр лүү нь гараараа цохьсон. Н.Бг газар хэвтэж байхад нь чи надаас мөнгө аваарай гээд өшиглөөд байсан. Б, Н.Бг дараад газар хэвтчихсэн байхад нь Д.П толгой руу нь 2 удаа надаас мөнгө аваарай гээд өшиглөөд байсан. Хамгийн эхлээд зодолдохдоо Д.П, Н.Бгийн толгой руу гараараа цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20-22/, шинжээчийн 769 тоот, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1261 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ хохирогч Н.Бтай маргалдаж, түнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бгийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.Бд учирсан гэмтэлтэй холбогдуулан баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нь төлсөн ба шүүгдэгч нь цаашид тархины яс нөхүүлэх хагалгаанд ороход шаардлагатай 2.500.000 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлоос 1 сая төгрөгийг төлсөн байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх гэм буруутай болохыг тогтоосны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөх талаар хүсэлт гаргаж ажлын 4 хоногийн завсарлага авсан болно.

Шүүгдэгч нь хохирол төлөх талаар авсан 4 хоногийн завсарлагын хугацаанд хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн ба хохирогч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Пыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тодорхой ажил эрхэлдэг, сард 1.200.000 төгрөгийн цалинтай тул уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Пын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Пд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.П нь 134 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 01 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Пыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пын урьд цагдан хоригдсон 134 хоногийн 01 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 2.010.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд оруулан тооцож, 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж, эдлэх ялыг  7.990.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Пд шүүхээс оногдуулсан 7.990.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 134 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР