Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Б.М,

Шинжээч: Ш.Цэцэгмаа,

           Шүүгдэгч: Б.У, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003810770 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн хашаанд машины зам хааж удаан зогслоо гэх шалтгаанаар иргэн Б.Мг зодож биед нь баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй юм. Тиймээс хүүхдийнхээ эмчилгээг хийлгэхээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр гэрээсээ түрүүлж гаран машинаа халаахаар гартал, манай машиныг машин хааж тавьсан байсан. Би 5 минутын дараа гарахад өчнөөн залгахад утсаа аваагүй байж байгаад 5 минут хүлээгээд өгөөч манай хүүхэд шагнал авч байна гэсэн мессэж ирсэн. Бид гарах боломжгүй байсан тул хүлээгээд байж байтал гарч ирээд манай нөхрийг таксидаад явахгүй яасан юм гэж загнасан. Тэгэхэд нь би бууж очоод танай хүүхэд шагнал авч байгаа бол манай хүүхэд эмнэлэг явах гэж байна. Таксины мөнгө өг гээд хүүхдээ тэврээд очиход энэ эмэгтэй намайг машины дотроосоо өшиглөсөн учраас би эмэгтэйтэй маргалдаж, үсдэлцсэн. Харилцан зодолдсон. Эдний хүүхэд цаад суудал дээрээ сууж байсан. Би хүүхдийг нь цохиж зодсон зүйл байхгүй. Энэ эмэгтэй 12 цаг 50 минутын үед гарч ирсэн. Бид нар 13 цагт тэндээс хөдөлсөн.  Явсны дараа намайг хүүхдээ аваад эмчилгээнд орсон байхад манай нөхөр рүү нэг хүн яриад та нар бүлэглэн хүн зодсон байна. Хуулийн дагуу арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Уучлалт гуй гэхээр нь манай нөхөр уучлалт гуйя гэтэл эхнэрээр чинь уучлалт гуйлгана гэсэн. Хүүхдийнхээ эмчилгээнээс гараад явж байтал 16 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагаас А гэдэг хүн залгаж, ирж мэдүүлэг өг гэхээр очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед надаас хохирч, гэмтсэн зүйл байгаа юу гэхэд нь би өөрийн зав зай, хүүхдээ бодоод байхгүй гэж хэлсэн” гэв.

            Хохирогч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч огт худал мэдүүлэг өгч байна. Охиноо авах гээд сургуулийнхаа гадаа машинаа орхиод 5 минут болоод гарч ирсэн. Тэр хооронд дөнгөж намайг сургууль руу ороход хүн залгахаар нь за одоохон гарлаа гэсэн. Тэгээд хүүхдийнхээ анги руу ортол шагнал авч байхаар “5 минут хүлээгээд өгөөрэй, хүүхэд шагнал авч байна” гэж мессеж биччихээд хүүхдийнхээ шагналыг аваад гарах хооронд яг л 5 минут болсон. Тэр хооронд намайг баахан доромжилсон мессеж ирсэн байсан. Доромжилсон байхаар нь яараад байвал такси бариад явчих гэсэн. Гараад иртэл зогсож байсан. Би машиндаа суугаад хаалгаа хаах гэтэл энэ хүн намайг үсдээд авсан. Таксины мөнгөө өг гээд орилоод байсан. Би энэ хүнийг өшиглөөгүй. Арай гэж хаалгаа хаатал арын хаалгаар орж ирээд үсдээд зодсон. Би авраарай гээд машинаас гараад зугтаасан. Энэ хооронд нөхөр нь зүгээр тамхи татаад зогсож байсан. Намайг аймар чанга мөсөн дээр түлхэж унагаасан. Би арай гэж машиндаа суугаад цагдаа дуудах гэтэл машины хаалга, цонхыг маш хүчтэй цохиод байсан. Би энэ хүний биед огт хүрээгүй. Айж зугтаасаар байгаад таарсан. Манай охины өргөмжлөлийг ураад хаясан. Би тухайн үед маш их гэмтэл авсан. Харилцан зодоон болоогүй. Миний хөлний өшиглүүлсэн хэсэгт мах нь тасарчихсан. Одоо хүртэл хонхойдог” гэв.

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 47 дугаар сургуулийн хашааны зүүн урд талын өнцөгт нэг машин хааж машинаа тавиад өөрийн хүүхэд 7 настай Сыг авахаар ороход манай хүүхэд тэмцээнд 2 дугаар байр эзэлсэн гээд шагнал гардуулна 5 минут хүлээгээрэй гэсэн. Тэгээд хүлээж байтал миний утас дуугараад машин гаръя гэхээр нь би за гэж хэлээд утсаа таслаад “5 минут хүлээгээрэй, хүүхэд минь шагнал авч байна” гэж хэлсэн ч тэр дугаараас чиний хүүхэд шагнал авах нь ямар хамаа байна, миний хүүхэд эмнэлэг явах гэж байна, хурдан гарч ир новш минь, дугаарыг чинь аваад такси бариад явлаа таксины мөнгө төлөөд машиныхаа дугаар аваарай гэсэн хариу ирсэн. Тэгээд би хүүхдээ хувцаслаад гарахад 5-10 минут болсон. Би гараад машин дээрээ очиход цагаан өнгийн 00-00УНЯ гэсэн автомашинаас хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэй хүн гарч ирсэн. Би машиндаа суугаад машины хаалгаа хаах гэж байтал хаалга онгойлгоод намайг шууд өшиглөөд байхаар нь би хаалга хаах гээд оролдоод байтал намайг өшиглөхөө болиод машины хойд хаалга онгойлгоод ард сууж миний үснээс татаад толгой руу цохиод байсан. Тэгтэл нөхөр нь бололтой нэг эрэгтэй ирээд тэвэрч байсан хүүхдийг нь аваад цаашаа яваад өгсөн. Тэгээд би нөгөө эмэгтэйгээс миний үснээс барьсан байсан болохоор арай гэж салаад машинаас гараад машинаа тойроод зугтаахад араас хөөж ирээд намайг үсдэж унагаагаад дээрээс дэвсэхэд тэнд байсан хажуу талын машины хүн болиочээ гэж орилоод больсон. Тэгээд би машиндаа суугаад цагдаа дуудсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахин бууж ирээд зам тавьж өгөхгүй бол ална шүү гэж орилоод машины цонх цохиод байхаар нь зам тавьж өгч тэр эмэгтэйг явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 640 тоот дүгнэлтэд: “...Б.Мгийн биед баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-22/,

Яллагдагчаар Б.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 сарын 25-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 53 дугаар байрны гадна 47 дугаар сургуулийн ойролцоо өөрийн 00-00УНЯ улсын дугаартай Харьер маркийн автомашинаа унаад явах гэтэл Приус-30 маркийн машин таглаад тавьсан байсан. Тэгээд манай нөхөр Ж тэр машины урд шилэн дээр байсан дугаар луу залгаж машин гарах гэж байгаагаа хэлэхэд одоохон гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй хүн гарч ирэхгүй байхаар нь дахиад залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд нөгөө дугаараас манай хүүхэд шагнал авч байна 5 минут хүлээчих гэж хариу ирэхэд Ж тэр эмэгтэйн дугаар луу хүүхдээ аваад эмнэлэг явах гэж байна гэж мессеж бичсэн. Тэгтэл нөгөө эмэгтэйгээс 5 минут хүлээж чадахгүй бол таксийгаа бариад яв гэсэн мессежний хариу ирсэн. Тэгтэл манай нөхөр уурлаад даварсан новш вэ гэж хариу өгсөн. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь Ж уурлаад машины чинь номерыг тайлаад аваад явлаа таксины мөнгөө өгөөд номероо аваарай гэж мессеж бичсэний дараа нэг эмэгтэй гарч ирэхэд нь Ж чи яасан сонин юм бэ, яасан уддаг юм бэ гэхэд та нар яасан сүртэй юм бэ гэхээр нь Ж манай хүүхэд эмнэлэг явж байна, танай хүүхэд шагнал авч байна гэхэд танай хүүхэд эмнэлэг явах ямар хамаатай юм бэ гэхээр нь би чи таксины мөнгө өгнө гэсэн яасан, таксиныхаа мөнгө өгчих гэж хэлээд би хүүхдээ тэврээд нөгөө эмэгтэйн машин дээр очоод чи таксиныхаа мөнгөө өгч чадахгүй юм бол наад машин тэргээ зайлуулаач гэхэд нөгөө эмэгтэй машиныхаа урд сууж байгаад намайг хөлөөрөө өшиглөсөн. Би уурлаад тэр эмэгтэйгийн үснээс нь зулгаахад тэр миний үснээс зулгаагаад бид хоёр хоорондоо барьцалдаад нэгнийгээ газар унагаад би босоод чи наад машинаа зайлуулаач гэхэд цаашаа ажуухан хөдлөхөд манай нөхөр зөрөөд гараад явсан...Би өмнө нь тэр эмэгтэйг харж байгаагүй. Маргалдаж байхад манай нөхөр машин дотор хүүхэдтэйгээ байсан. Надтай маргалдсан эмэгтэйгийн хүүхэд, өөр хүн байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Бид хоёрт нэгнийгээ цохисон зүйл байхгүй. Нэгнийхээ үснээс зулгааж маажилчсан, өөр зүйл болоогүй. Тухайн үед миний гар шалбарч, гадна куртик урагдсан байсан. Цагдаагийн ажилтан намайг шинжээч эмчид үзүүлэх үү гэхэд би зав чөлөө байхгүй, миний биед ач холбогдолтой гэмтэл учраагүй гэж хэлээд үзүүлээгүй юм. Тэр эмэгтэй удаж гарч ирсэн мөртлөө уучлалт гуйгаагүй, тэгээд дээр нь хөгжлийн бэрхшээлтэй 6 настай хүүхэд маань эмнэлэг явж байсан. Гадаа хүлээгээд хүүхэд даарч байхад удаж ирээд уучлалт гуйгаад явсан бол ийм асуудал болохгүй байсан. Уучлалт гуйгаагүйд уурлаад маргалдсан юм. 2017 оны 12 сарын 28-аас хойш манай хүүхэд халуураад ядсан. Энэ нь тухайн өдөр манай хүүхэд гадаа удаан байж даарснаас болж тэгсэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-25, 35 /,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримт /хх-н 14, 30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 9,15, 17-18, 21, 23-24, 65-71 /  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж бичсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн хэрэг гарсан цаг хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болох нь тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.У нь бид харилцан зодолдсон, миний биед мөн гэмтэл учирсан гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлтийг Б.Уд танилцуулаагүй эрхийг нь зөрчсөн гэх боловч Б.У нь шинжээчийн дүгнэлттэй танилцаж уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хүсэлт гаргасан  байна. /хх-37/

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын дагуу дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, мөн шинжээчийн 640 тоот дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш байх тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан ба шүүх шинжээчийн 640 дүгнэлтийг тодорхой, бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн тул дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч уг 640 тоот шинжээчийн дүгнэлтийнхээ үндэслэл, өмгөөлөгчдийн нэмэлт шинжилгээ хийлгүүлэх талаарх асуултад тодорхой хариулж мэдүүлсэн тул дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн хашаанд машины зам хааж удаан зогслоо гэх шалтгаанаар иргэн Б.Мг зодож биед нь баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мгийн: “...машиндаа суугаад машины хаалгаа хаах гэж байтал хаалга онгойлгоод намайг шууд өшиглөөд байхаар нь би хаалга хаах гээд оролдоод байтал намайг өшиглөхөө болиод машины хойд хаалга онгойлгоод ард сууж миний үснээс татаад толгой руу цохиод байсан. Тэгтэл нөхөр нь бололтой нэг эрэгтэй ирээд тэвэрч байсан хүүхдийг нь аваад цаашаа яваад өгсөн. Тэгээд би нөгөө эмэгтэйгээс миний үснээс барьсан байсан болохоор арай гэж салаад машинаас гараад машинаа тойроод зугтаахад араас хөөж ирээд намайг үсдэж унагаагаад дээрээс дэвсэхэд тэнд байсан хажуу талын машины хүн болиоч гэж орилоход больсон. Тэгээд би машиндаа суугаад цагдаа дуудсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахин бууж ирээд зам тавьж өгөхгүй бол ална шүү гэж орилоод машины цонх цохиод байхаар нь зам тавьж өгч тэр эмэгтэйг явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-11-12/, шинжээчийн 640 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У нь хохирогчийн машин хааж машинаа тавьлаа гэсэн шалтгааны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэдийгээр хохирогч нь шүүгдэгчийн автомашиныг хааж автомашинаа байрлуулсан, түүнийг дуудахад нь хүүхэд шагнал авч байна гэдэг шалтгаанаар удсан зэрэг буруутай зүйл байх хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй гэж үзлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь “Заан хуж” УАУ-ны эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх эмнэлгийн магадлагаа, 977.000 төгрөгийн зарлагын баримт гаргаж өгсөн ба уг хохирлыг нэхэмжилж байна.

Түүний хохирол нэхэмжилж буй зарлагын баримт нь уг төлбөрийг хохирогч төлсөн гэдгийг нотлох баримт болохгүй байна. Хохирогч нь тухайн эмнэлгээс уг төлбөрийг төлсөн баримтыг нөхөн авах боломжтой гэж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Уг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь торгуулын ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Уг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч Б. Мөнхзаяа нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР