Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2017/00034

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2017/00085/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид С.Оюунцэцэг

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Түүний өмгөөлөгч Д.Даваахүү

Хариуцагч *******, *******

Тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нарын давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Гэм хорын хохиролд 5.855.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2016 оны 10 сарын 15-ны шөнийн 00 цагийн үед Улаанбаатар-Хөтөл чиглэлийн замын 47,48 дахь километрт өөрийн өмчлөлийн Маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байх үед зам дээр урдуур адуу орж ирж зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед 60-70 км/ц-ын хурдтай явж байгаад адуу гэнэт гарч ирэхэд тормос гишгэж машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч зогсолгүй адууг мөргөж замаас гарч зогссон. Би замын машинд суугаад энд ирж цагдаа аваад буцаж очиж хэмжилт хийлгээд буцаж яваад ирээд байж байхад үүрийн 5 цаг болж байсан. Тэр үед хэн ч ирээгүй. Хариулгагүй мал байсан. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд 5.855.000 төгрөгний хохирол учирсан. Тухайн үед даатгалд хандахад даатгалын компанийнхан зам тээврийн ослын акт дүгнэлт, материалаа авч ир гэсэн. Дараа нь ослынхоо материалууд болон хохирлын үнэлгээгээ аваад очиход малчин буруутай тул нөхөн олговор олгохгүй гээд материал хүлээж аваагүй. Тухайн үед би хуулийн мэдлэг хомс учир адууны эзэнд даатгалаас мөнгө аваад адууны хохирлыг төлнө гэж тохироод даатгал дээр очиход энэ асуудал даатгалын тохиолдол биш байна малчны буруу байна гээд мөнгө олгохгүй гэж хэлсэн. Одоо би адууны эздээс өөрийн машины хохирол болох 5.855.000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 10 сарын 15-ны шөнийн 00 цагийн орчимд Дархан Эрдэнэтийн замд зам тээврийн осолд орсон. Энэ зам тээврийн осол дээр замын цагдаагийн шинжээчийн жолооч болон малын эзний буруу байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Түвдэндоржийн машинд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 5.855.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Тухайн үед Түвдэндорж ******* ХХК-д жолоочийн хариуцлагын даатгалд 2016.04.15-ны өдрөөс 2017.04.15-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаатайгаар даатгуулсан байсан. Ослын дараа даатгалынхаа компанид хандахад бүрдүүлж ир гэсний дагуу ослын шинжээчийн дүгнэлт, үнэлгээ тогтоосон акт зэрэг бусад холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд очсон. Даатгалын компани нь замын цагдаагийн дүгнэлтийг үндэслэн шөнийн цагаар малчид малаа хотлуулсан байх ёстой. Малаа хариулгагүй үлдээсэн малчид болон жолоочийн буруу байна гэж үзэн нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд машинд нь хохирол учирсан. Малын эзэнд учирсан хохирлыг Түвдэндорж төлнө гээд шүүхээр орж шүүгчийн захирамж гаргуулсан байгаа. Түвдэндорж өөрөө хуулийн мэдлэг дутуу тул надаас хууль зүйн туслалцаа авахаар болж би мөн хамт даатгал дээр очиж уулзаж байсан. Тэгэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар шөнийн цагаар малаас болж гарсан осол учраас даатгалын нөхцөл болохгүй гэж заасан байдаг тул манайхаас нөхөн олговор олгохгүй гэж хэлсэн. Тиймээс бид шүүхэд хандаж байна... гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг осол гарах үед би 10 сарын 16-ны өглөө өөрийн биеэр осол болсон газарт очиж үзэхэд Маяти маркийн авто машин замаас гарсан байдалтай 6 тооны адуу дайрсан байсан. Түвдэндорж ах цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохиръё би бүгдийг нь төлөөд өгнө гэж хэлээд бид тохиролцоод адууг каранаар ачаад аваад явсан. Бид төлж өгнө, Монгол хүмүүс байна ам хэлээрээ ярилцъя гэхээр нь тохирсон учраас л цагдаа гэлгүй зөвшөөрсөн. Тэгээд дараа нь тухайн үед ярьж байснаасаа огт өөр зүйл яриад биднээс мөнгө нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Анхнаасаа бид цагдаа, шүүх гээд явсан бол энэ асуудал өөрөөр шийдэгдэх байсан гэж бодож байна. Би Түвдэндорж ахыг гуйхад нь зөвшөөрсөн нь буруу болсон. Тухайн үед Түвдэндорж гэдэг хүн даатгалын компаниа дуудаж ослын байдлаа шалгуулж бүртгүүлээгүй, замын цагдаатай хоёулхнаа л хэмжилт хийж байсан. Энэ нь хууль бус дүгнэлт болсон. Энэ хүн өөрөө машинаа барьж явсан уу гэдэг бас эргэлзээтэй байгаа. Тийм хэмжээний осол гарчихаад байхад энэ хүн өөрөө нэг ч шалбараагүй байсан. Маргааш нь энэ хүний насанд хүрээгүй хүүхэд нь хөмсөг нь язарчихсан явж байсан. Үүнийг шалгаад өгөөч гэхэд цагдаа шалгаж өгөөгүй. Биднийг мэхэлж байгаа юм шиг тухайн үедээ хохирлыг чинь төлнө гэчихээд одоо болохоор зөрүүлээд биднээс мөнгө нэхээд сууж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Биднээс 5.855.000 төгрөг нэхэмжилж байгаа. Яг үнэндээ бол тэр Маяти автомашины кабиныг нь солиод тавихад зах зээлийн ханшаар 3-3.5 сая төгрөг л болно. Ингэж машин тэргээ зарж борлуулчихаад яагаад биднээс одоо мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би санал нэгтэй байна. Хотолдог мал байна. Хотолдоггүй мал гэж байна. Та бүхэн мэднэ биз ээ. Адуу малаа өдөржингөө маллаад шөнөдөө бид унтаж амрах ёстой биз дээ. Бид өдөр шөнөгүй малаа хараад араас нь дагана гэж байхгүй шүү дээ... гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ хэрэгт шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа орсон. Малын хохирлын тухайд хариуцагч хохирлыг барагдуулна гээд шүүгчийн захирамж гарсан байгаа. Тухайн үед дайруулсан адуун дотор хурдан удмын адуу байсан. Түвдэндоржийг тохиролцъё гэхээр нь нэг адуугаа 800.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний хувьд маш багаар үнэлсэн. Оюун ухаант хүн машин барьж явж байгаа шүү дээ мал бол ухамсаргүй амьтан. Нэгийг эсвэл хоёрыг нь дайраад зогсож болох л байсан. Тэгээд ч Дархан Эрдэнэтийн замд малын гарцаар гарах зориулалтын анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаггүй юм байна лээ. Адуугаа алдсан хүнд бол тухайн үед хэцүү л байсан. Адууных нь гэдэс гүзээ цувсан, нэг адуу нь үхэлгүй явж байгаад уул даваад үхчихсэн байсан. Мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийсэн ******* ХХК-г татаж оролцуулсан. Түвдэндорж нь ******* ХХК-тай 2016.04.15-2017.04.15-ныг хүртэл хүчинтэй даатгалын гэрээ хийсэн байдаг. Би Түвдэндоржоос даатгалаас яагаад мөнгөө авдаггүй юм бэ? гэхэд шөнийн цагаар гарсан осолд даатгал төлдөггүй гэсэн шалтгаанаар нөхөн олговор олгохгүй гэж хэлдэг. Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д суурин газрын гаднах замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гээд байгаа юм. Тухайн үедээ энэ хүмүүс хуулийн зөвөлгөө ч аваагүй, хоорондоо эвлэрээд тохирсон учраас энэ асуудалд анхаарал тавиагүй. Замын цагдаагийн гаргасан ослын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг шуудангаар явуулаад энэ актанд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрчихсөн. Тиймээс прокурор бол энэ асуудлыг одоо хүлээж авахгүй. Замын цагдаагийн гаргасан дүгнэлтээр Түвдэндорж анхаарал болгоомжгүй явсан гэж ЗХД-ийн 9.2-ыг зөрчсөн гэж үзсэн. Тэрийгээ ойлгоод хохирол төлбөр төлсөн байх гэж ойлгож байгаа. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно гэсэн заалтаар буруутгаж байгаа. ******* ХХК, Түвдэндорж хоёрын хувьд хоорондоо хийсэн даатгалын гэрээгээр л асуудал зохицуулагдах ёстой гэж ойлгож байгаа. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах гурван үндэслэл байгаа ба ******* ХХК-аас хэлээд байгаа энэ зүйл нь даатгалын гэрээнд байгаа нөхөн олговор олгохгүй байх тохиолдолд огт байхгүй байгаа. Шөнийн цагаар осол гаргасан бол төлөхгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй байгаа юм. Мөн үнэлгээ хийсэн Бан хас үнэлгээний компани нь үнэлгээ хийх эрх бүхий байгууллага мөн үү? гэдэг нь эргэлзээтэй байгаа. Бид энэ машины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Бид шүүх хуралдаанд *******-ыг оролцуулж байгаа нь даатгалын компани хүмүүсийг ийм асуудалд орж осол аваарт орсон үед мөнгө өгөх гэж хүмүүсээс мөнгө авдаг учраас даатгуулагчтай хийсэн гэрээгээр энэ асуудал зохицуулагдах ёстой гэж үзэж байна... гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Бан хас ХХК болон манай Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үнэлгээний компаниуд үнэлгээний эрх авч үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байдаг. Энэ шүүх хурлаар Түвдэндорж малын эздээс машиныхаа мөнгийг нэхэмжилж байгаа. Түвдэндорж манайд тээврийн хэрэгслийн даатгал хийлгээгүй. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Биднийг оролцох шаардлагагүй асуудал дээр гуравдагч этгээдээр татаад байгаа юм байна. Өмгөөлөгч нь сая даатгалаар хүмүүсээс зөндөө мөнгө авчихаад яагаад эргээд нөхөн төлбөр олгодоггүй юм бэ? гэж ярьж байна. Олгохгүй хэдэн заалт байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан, Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хууль журмыг зөрчсөн, хоёр тал хоёулаа буруутай байсан тохиолдолд даатгалын мөнгө олгодоггүй байгаа. ЗХД-ийн 23.7-д суурин газрын гаднах засмал замаар малыг зам хөндлөн буюу гүүрээр гаргахдаа аль болох түргэн бөөнөөр нь гаргалгүйгээр гарч ойртон ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан заалтыг зөрчсөн байна. Мөн засмал замаас 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн байгаа. Хоёр тал аль аль нь ЗХД-ийг зөрчсөн байгаа. Жолоочийн хариуцлагын даатгал дээр талууд аль алиных нь буруугаас болж осол гарсан бол өөр өөрсдийнхөө хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Энэ хүн бол тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалаараа манайд ослын дуудлага өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр манай даатгуулагчийн буруугаас болоод осол гарсан тохиолдолд манайх нөхөн төлбөрийг олгодог. Аль аль нь хууль дүрэм зөрччихөөд даатгалаас мөнгө авна гэсэн асуудал байхгүй... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27ы өдөр хянан хэлэлцээд 126 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 1.735.500 төгрөг, хариуцагч *******аас 4.119.500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас 32.589 төгрөгийг, хариуцагч *******аас 76.041 төгрөгийг тус тус гаргуулж *******ид олгож, эрх бүхий этгээдэд давж заалдах гомдол гаргах эрхийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27ы өдрийн 126 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл нь: Нэхэмжлэгч *******оос дайруулсан 5 адууны үнэ 4 сая төгрөг нэхэмжилж *******, ******* бид хоёр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл тухайн хэрэгт хариуцагч болох ******* нь бид нартай тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 4 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамж гарсан нь хавтаст хэрэгт байгаа, үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь бидний 5 адууг дайрч зам тээврийн осол гаргаж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бидэнд учирсан хохирол болох 4 сая төгрөгийг төлнө гэж бидний гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас шүүгч захирамж гарган шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь бидэнд төлөх ёстой 4 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй мөртлөө 6 сарын дараа 4 сая төгрөг өгнө гэснээ мартаж, одоо биднээс машины эвдрэл 5.855.000 төгрөгийг нэхэмжилж уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэг нүд нь эрмэж, нөгөө нүд нь уйлна гэгчээр яахаараа би буруутай хохирлыг чинь төлнө гэсэн мөртлөө өөрийн гэм буруугаас болж гаргасан хохирлоо биднээс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нөгөө талаар энэ хэрэгт эхлээд шүүгчийн захирамж гарсан дараа нь шүүхийн шийдвэр гарсан. Энд нэг бол захирамж үнэн, нөгөө бол шийдвэр үнэн тэрнээс хоёулаа үнэн байх логик байхгүй. Иймд уг хэргийг хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв эцэслэн шийдвэрлэж, сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох болно... гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгч нар шүүхээс урьд гарсан шийдвэрийн дагуу нэхэмжлэгч 4.000.000 төгрөг төлөх төлбөртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг тухайн төлбөрт нь дүйцүүлэн тооцож нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж байх үед энэхүү саналыг би гаргаж байсан юм. Надад хариуцагч нартай эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Батсайхан, ******* нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5.855.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: 2016 оны 10 сарын 15-ны шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна.

 

Тус осол гарсан тухай 2016 оны 10-р сарын 22-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг, хариуцагч *******, ******* нар нь мөн дүрмийн 23.7-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх ба тухайн ослын улмаас нэхэмжлэгч *******ийн унаж явсан автомашинд 5.855.00 төгрөгийн хохирол, хариуцагч *******д 800.000 төгрөгийн, хариуцагч *******т 3.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хариуцагч *******, ******* нар нь өөрт учирсан хохиролоо *******оос гаргуулахаар нэхэмжилснийг ******* төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүх 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 242 тоот, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 246 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Харин ******* нь автомашинд учирсан хохирлоо хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох автомашинд учирсан хохирол 5.855.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн марган улмаар анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн зохигчид нь ослын улмаас учирсан малын хохирол /шүүхийн шийдвэртэй/ 4.000.000 төгрөг, автомашинд учирсан 5.855.000 төгрөгийг харилцан бие биенээсээ авахгүйгээр тооцоог дуусгахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс *******ийн нэхэмжлэлтэй хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27ы өдрийн 126 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн зохигчид нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад эвлэрэн хэлэлцсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хурамжийг тус тус буцаан олгохгүй болно.

 

Харин хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон хэмжээнээс илүү төлснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27ы өдрийн 126 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан ослын улмаас учирсан малын хохирол /шүүхийн шийдвэртэй/ 4.000.000 төгрөг, автомашинд учирсан хохирол 5.855.000 төгрөгийг харилцан бие биенээсээ авахгүйгээр тооцоог дуусгах-аар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 108.630 төгрөг, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хурамжид төлсөн 123.718 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1.1-т зааснаар хариуцагч *******д тогтоосон хэмжээнээс илүү хураасан 10.129 төгрөгийг, хариуцагч *******т тогтоосон хэмжээнээс илүү хураасан 4821 төгрөгийг тус тус орон нутгийн төсвөөс гаргуулан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ

 

Г.ДАВААРЕНЧИН