Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 159

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Х.Энхтуул,

Шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Г-ын С-д холбогдох 1835003080177 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 11-18 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт  хэрэгт ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож байсан, ОЭ83110793 дугаарын регистртэй, Ш овогт Г-ын С.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.С нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.П-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.П-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Ц.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг С гэдэг залуу зодож гэмтэл учруулсан. Хамт явсан Даш гэж залуу нь цохиж зодоогүй юм. Тухайн үед би тэр хоёр залууд уурласандаа тэгж хэлсэн юм. С миний хохирол барагдуулж 250.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол байхгүй бид хоёр хоорондоо эвлэрсэн. Тухайн өдөр намайг хонины хажууд байхад С гэж залуу зодож миний биед гэмтэл учруулсан юм. С Э бид хоёрын тууж явсан мал дээр хамт явсан Д гэж залуугийн хамт миний унаж явсан мотоцикльтэй ирэхэд манай дүү та яасан их уддаг юм бэ гэхээр нь энэ хоёр залуу намайг явуулахгүй удаачихлаа гэсэн чинь манай дүү та нар яагаад ажилтай хүнийг явуулдаггүй юм бэ гэхэд С пизда минь нэг шил архи авч өг эсвэл нэг хонь өг гэхээр нь би чамд архи, хонь ч өгч чадахгүй чамайг гэрт чинь ч хүргэж өгөхгүй гэхэд С миний баруун гарын хуруунаас атгаад хойшоо гэдрэг дарахад нь би доошоо суухад миний гарыг тавиад С хүзүүгээр бооход би ухаан алдсан. Тэгээд ухаан орж сэрээд мотоцикль рүүгээ гүйгээд зугтах санаатай мотоциклио асаагаад хөдлөх гэтэл араас мотоцикль татаж унагаагаад С хоёуланг нь ална гээд орилход манай дүү Э зугтаад явчихсан юм. Манай дүү зугтаж явсаны дараа С намайг цохиж зодож байгаад халаасанд чинь юу байна гаргаад ир гэхээр нь би гаргаад ирье та намайг тавьчих гэхэд С намайг тавихаар нь би зугтаад холдсон. ...Гэрийн гадаа уяатай морь байхаар нь морин дээр мордоод зугтах гэтэл морь намайг туйлаад унагаачихаар нь босоод цаашаа зугтаж байгаад Даш гэж залууд баригдахад С араас ирээд дахин намайг цохиж зодсон юм. Зодуулсны улмаас хамар хугарсан муруйлттай, хацар, нүүр, духны зүүн хэсэгт шалбарсан зулгарсан, шархтай, баруун гуяны гадна дунд хэсэгт хар хөхөрсөн хаван зэрэг гэмтэл авсан. Э намайг Сгаар боолгож байхад хажууд байсан боолгоод ухаан орж сэрээд мотоцикль руугаа гүйгээд мотоциклоо асаагаад зугтах гэтэл араас татаад унагаахад С хоёуланг нь ална гээд орилход манай дүү Э зугтаад явчихсан юм. Намайг С зодож байхад Э хамт байгаагүй намайг яаж зодуулж ямар гэмтэл авсаныг ч хараагүй. Би дүүгээ дуудхад ирээгүй юм” /хх-ийн 06-08 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүргэн ах С Тээлийн боомд хадлан дээр хоёр өдөр ажлаад өг гэхээр нь Тээлийн боом руу жижиг трактор бариад С ах бид хоёр очсон юм. Бид хоёр Тээлийн боомд 2-3 цагийн үед очсон ба бид 2 очоод удаагүй би гадаа явж байгаад гэрт ороход танихгүй хүн ирчихсэн цай уугаад сууж байсан. Намайг ороход тэр хүн надаас адуу харсан уу гэхээр нь би сая Улаангомоос гарч ирлээ адуу хараагүй гэж хэлсэн юм. Намайг гэрт ороход Гомбо ах С ах нар гаднаас орж ирсэн хүн гурав нэг шил архи ууж байсан. Тэгээд би гэрээс гараад гадаа ажилтай явж байгаад ороод ирэхэд дахиад нэг шил архи задлаад уучихсан гурав дахь шил архиа задлаад ганц хоёр хундага уусан байсан. Тэгээд С ах Гомбо ахынд ирсэн залуутай маргалдаад сууж байгаад гэрээс гараад мотоциклийн хажууд очоод С суучих мал тууж яваа дүүд архи байгаа гэж байсан би тэгэхээр нь та согтуу мотоцикль барьж болж байгаа юм уу би барья гэхэд чи миний мотоциклийн зан мэдэхгүй би өөрөө барина гэхээр нь С ах бид хоёр ард нь суугаад мал тууж явсан залуу дээр очсон. Дүү дээрээ очоод энэ хоёр намайг зодлоо гэж хэлэхэд дүү нь ирээд та хоёр манай ахыг зодсон юм уу гэхээр нь ямар нэгэн зодоон болоогүй гэж хэлээд байж байтал тэр залуу голын хойно гарч суучихаад С ахыг дуудаад ална шүү пизда, муу сайн хотонгууд юу чаддаг гээд С ах очиход С ахыг боогоод унагаахад мал тууж явсан залуу миний хажууд ирээд хоёулаа энэ зодоонд оролцохгүй шүү гэж хэлсэн юм. С ахыг боогоод байхаар нь мал тууж явсан залуу бид хоёр тэр хоёрыг залгаад авахад С ах мал тууж явсан залуу руу наашаа хүрээд ир ална шүү гэхэд тэр залуу зугтаад явчихсан. Тэгээд С ах зодолдож байсан залууг нэг удаа цохиод авахад тэр залуу ч гэсэн цохиод авсан. Мал доошоо явж байхаар эргүүлээд зодолдож байсан хоёр дээр би ирэхэд хамараас нь цус гарч байсан. Тэр залуу малынхаа хажууд ирээд мотоциклиос буугаад муу сайн хотодууд та нар чаддаг юм гэж хэлээд маргаан болоод эхэлсэн. Гомбо ахын гэрт хоёр шил архи уугаад нилээн халсан байсан болоод архины халуунд нутаг усаар муу хэлснээс бол маргаан болоод зодолдсон юм. Би зодоонд оролцоогүй. Зодолдсон хоёрыг салгасан. Тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм” /хх-ийн 09-10 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би тухайн өдөр нагац ах П-той хамт хадам аавынд нь хонь ямааг нь хүргэж өгөх гээд хамт явсан. Бид хоёр малаа туугаад тээлийн урд суурин зөрөөд явж байтал П ах би айлд очоод цай уугаад ирье гэж хэлээд мотоцикльтой түрүүлээд яваад өгсөн. Би араас нь малаа туугаад явж байтал П ах ардаа хоёр хүн сундалж ирж зогсоход хойно нь сууж явсан бага залуу малаас чинь мал авна гээд манай ах мал өгөхгүй гэхэд П ахын гарыг хойш нь дараад хоолойг нь боохоор нь П ахын хоолойг боож байсан хүнийг гарыг салгаад авсан. П ахыг боосон ах нилээн согтуу байсан. Хажууд нь дагаж явсан залуугаас архи үнэртэж байсан юм” /хх-ийн 13-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрт байж байтал манай гэрийн зүг нэг хүн гүйгээд ирж байхаар нь ямар хүн ирж байгаа юм бол гээд гэрээс гараад зогсож байтал нүүрэн хэсэг нь цус болсон цагаан цамцтай залуу гүйж ирээд гэрийн гадаа байсан морь унаад хөдлөх гэтэл морь туйлаад цагаан цамцтай залууг унгаагаад босоод зугтахад араас нь хоёр залуу хөөгөөд манайхаас 200-300 метр газар очоод цагаан цамцтай залуу барьж аваад хоорондоо ноцолдоод байх шиг байсан юм. Би айгаад гэрт орж ирээд байтал доор байсан 3 залуу манай гэрийн гадаа намхан шар залуу надаас хутгаа өг гэхээр нь би чамд өгөхгүй гэсэн чинь намхан шар царайтай залуу цагаан цамцтай манай гэрийн гадна байсан, морь унасан залууг ална гээд байсан юм. Тэгээд тэр гурван залуу манайхаас дээшээ эргээд явчихсан ба би гэрт ороод хутгаа нуугаад сууж байтал өндөр бор царайтай залуу манайд орж ирээд ус байна уу гэхээр нь ундааны хоёр саванд ус хийж өгөөд явуулсан юм. Цагаан цамцтай залуу манайд ирээд би танай энэ орчим түрийвчээ шидсэн юм харсан уу гэж асуухаар нь огт юм харсангүй, чи хаясан газраа хайгаад үз гэхэд удалгүй би түрийвээ олчихлоо гэж манайд ирээд миний юм бүгд бүрэн байна гэж хэлээд явсан юм. Маргааш нь цагаан цамцтай залуу гэрт ирээд та миний цамц оёж өгөөч гэхээр урагдсан цамцыг нь оёж өгөөд явуулсан юм. Би намхан шар залууг танина. Г-ын С гэдэг. Хамт явсан залууг танихгүй” гэх мэдүүлэг /хх-14-15-р тал/,

шүүгдэгч Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би тухайн өдөр Улаангом сумаас хадам дүү болох Д-ийн хамт Тээлийн боом гэх газар очиж хадлан хадах гэж яваад замдаа дэлгүүр орж аавдаа нэг шил архи аваад Тээлийн боомд очиход аав хадлан дээр байсан. Б гэж ахтай хамт нэг шил архи уугаад сууж байсан. Д бид хоёрт архинаасаа хийж өгөөд дуусахад би авч ирсэн архиа задлаад уугаад эхэлж байтал гаднаас танихгүй нэг залуу орж ирэхээр нь цай хийгээд өгсөн. Тэгээд архи уугаад дуусахаар нь тэр залууг би одоо ахын дүү яв гэхэд та намайг яагаад гэрээсээ хөөгөөд байгаа юм гэхээр нь юм хэлээгүй. Тэгсэн чинь манай аав нэг шил гаргаж ирээд уугаад талд нь орж байтал П гэж залуу гэрээс гарахаар нь араас нь би гараад тэр залууд би одоо хадлан руугаа явлаа гэхэд би таныг хүргээд өгье ард суучих гэсэн. Миний араас Д гараад ирсэн та хоёр хоёулаа суучих манай дүү доор мал тууж яваа дүүд нэг шил архи байгаа очиж ууя гэж хэлээд бид хоёр суусан. Малын захад очоод П гэж залуу манай дүү сумын заан муу сайн хотонгуудыг алаад булсан ч яадаг юм гэж хэлээд голын ард талд гарч зогсоод намайг дуудахаар нь П дээр очиход миний өмсөж явсан цамцаар хоолой боогоод унагаахаар нь би тэр залууг цохиж зодсон юм. П гэж залуу муу сайн хотонгуудыг ална гээд хоолой боохоор нь архины халуундаа уур хүрээд зодож цохисон. Миний хажууд явсан Д тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирогч Ц.П-д эмчилгээний зардал гэж 250.000 төгрөг өгсөн. Би тэр залууг цохиж гэмтэл учруулсан миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг,

 

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн Ц.П-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хамар хугарсан муруйлттай, хацар, нүүр, духны зүүн хэсэгт шалбарсан зулгарсан шархтай, баруун гуяны гадна дунд хэсэгт хар хөхөрсөн хавантай, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 587 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтаар 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.П шүүгдэгч Г.С-гийн аав Г-ын гэрт нь очсон, тэнд шүүгдэгч хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хэн алинх нь биеэ хянах чадвар буурч нэг нэгнээ яс үндсээр нь доромжилсноос үүдэн хоорондоо хэрэлдэж маргалдан зодолдсон байна.

Шүүгдэгч Г.С-гийн хохирогч Ц.П-ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 587 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Г.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч Ц.П-оос уучлалт гуйсан. Эмчилгээнд 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надаас нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй гэсэн” гэж мэдүүлсэн, хавтас хэргийн 6-р талд хохирогч Ц.П нь “...С нь миний хохирол барагдуулж эмчилгээний 250.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.С-гаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Т.Д, Г.М нарын мэдүүлэг, иргэний үнэмлэх, ял шалгах хуудас, шийтгэх тогтоол, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 1151 дугаар албан бичиг, Автотээврийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 225 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/856 дугаар албан бичиг /11-12, 31, 33, 34-37, 38, 40, 41/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтаар шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-18 тоотод оршин суудаг ба урьд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзан тэнсэж байсан, хувьдаа 44-65 УВА улсын дугаартай Suzuki Swift, 55-61 УВХ улсын дугаартай Hyundai Mighty загварын тээврийн хэрэгсэлтэй, өмчлөлдөө Г-1520001657 дугаарт бүртгэлтэй Гашааны гол хороололд 1272,4 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай болох нь тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Г.С-д хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.  

 

            Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохиролд 250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Г-ын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Г-ын С-д 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Ц.Пид 250.000 төгрөг хохиролд тооцон төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА