| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0155/э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 161
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,
Улсын яллагч: Я.Дина,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч ургийн овогт Ц-ийн Б-д холбогдох 1835003000183 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Ц.Ц-гийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11-р хороо, Ургах наран 3 байр 34 тоотод оршин суудаг, урьд нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ОЮ74102071 дугаарын регистртэй, Ч ургийн овогт Ц-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 17-оос 18-нд шилжих хооронд, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 2 дугаар 64 айлын орон сууцны 3-37 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр /хамтран амьдрагч/ Ц.Ц-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 17-18-ны өдөр, мөн 8 дугаар сарын 20-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэр, 2 дугаар 64 айлын 3-37 тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Ц.Цг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч Ц.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2-р 64 айлын орон сууцны 3-37 тоотод хамтран амьдрагч Ц.Б-тэй хамт гэртээ байж байтал манай гэрт Улаанбаатар хотоос Ц.Б-гийн найз нар ирсэн. Манайд тэд нар 4 шил 0,75 грамыи ерөөл гэдэг архи уусан. Би бас хамт архи уусан ба миний хамтран амьдрагч Ц.Б бид хоёр гэртээ согтуу хоёулахнаа үлдээд хэвтэж байтал Ц.Б намайг шууд миний толгой руу 2 удаа цохиж намайг түлхээд миний нуруугаар орон дээр унгасан. Миний хөл рүү 2-3 удаа цохьсон юм. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан үнэн, гэхдээ ухаан санаагаа алдаагүй байсан. Тухайн үед Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан бараг ухаангүй шахам согтуу байсан. Миний хамтран амьдрагч Ц.Б нь урьд өмнө нь намайг хэд хэдэн удаа зодож байсан. Саяхан Улаанбаатар хот явж ирснээс хойш Ц.Б-гийн ааш зан нь эвдэрсэн. Согтуу үедээ намайг зодчихдог юм, эрүүл үедээ бол цохиж зоддоггүй. Намайг 2018 оны 8 дугаар сарын 20-нд нэг удаа зодсон. Түүнээс хоёроос гурван хоногийн өмнө намайг гэртээ байж байхад миний хамтран амьдрагч Ц.Б бас согтуу ирээд намайг орон дээрээс өргөж шидээд нуруу, гэдэс, толгой дал, хөл орчимын биеийн ихэнх хэсэг рүү гар хөлөөрөө олон удаа зодсон юм. Одоо хамтран амьдрагч Ц.Б-тэй хамт амьдарч байгаа, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа” /хх-ийн 18-19, 79 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Мөнхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манайх энэ байранд ирээд сүүлийн гурван жил амьдарч байна. Ц.Б нь орц, шатанд надтай хаяа нэг согтуу архи уусан байдалтай надтай тааралддаг” /хх-ийн 20-р тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манайх Улаангом сумын 3-р багийн 2-64 айлын орон сууцны 2 давхар 40 тоотод оршин сууж амьдардаг юм. Би 2018 оны хавар 4 сард манайх гэрийн хаалга орц орчимд цус болсон байхаар нь би нэг удаа цагдаад дуудлага өгсөн. Ц.Б нь манайх нэг орцны нэг давхарт байдаг айлууд. Ц.Б-гийн гэрт Улаангомын бүх архичид байнга цугладаг газар юм. Манай өсвөр насны хүүхдүүд хичээлдээ явахад байнга айдас түгшүүртэй байдаг юм. Ц.Б-гийн гэр бүлийг мэдэхгүй. Гэртээ агсам согтуу тавьж байгааг үзэж харж байгаагүй” /хх-ийн 21-р тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би Улаангом сумын 3-р багийн Засаг дарга ажилтай. Манай багийн нутаг 2-64 айлын орон сууцны 3-р орцонд 37 тоотод Ц.Б гэгч Улаанбаатар хотоос аав, ээжийнхээ байранд түр хугацаагаар оршин суудаг. Ц.Ц-тай хамтран амьдардаг. 2-64 айлын орон сууцны иргэд тэднийд хүмүүс цуглаж архи байнга уудаг гэж мэдээлэл ирж байсан. Би Ц.Б-тэй өөртэй нь уулзаж анхааруулж хэлж байсан” /хх-ийн 23-р тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.Г-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Увс аймгийн Цагдаагийн газарт Улаангом сумын 3, 12-р баг хариуцсан цагдаагаар ажилдаг Ц.Б нь өөрийнхөө гэр болох Улаангом сумын 3-р баг 2-64 айлын орон сууцны 3-37 тоотод оршин суудаг бөгөөд уг байрны оршин суугчид цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгч очиход Ц.Б нь гэртээ олон хүмүүс цуглуулсан байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байдаг юм. Ц.Б нь дуудлагаар очсон үед цагдаагийн албан хаагчийн албан ёсны шаардлага эсэргүүцдэггүй даруухан төлөв зантай цагдаа нарын тавьсан шаардлага биелүүлдэг хүн юм. Ц.Б нь хамтран амьдрагч Ц.Ц-гийн хамт амьдардаг юм.” /хх-ийн 24-р тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Ц.Ц бид хоёр яг арван жил нэг гэрт хамтран амьдарч байгаа хүмүүс, албан ёсоор гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байгаа. Гэхдээ нэг гэрт амьдардаг хүмүүс юм. Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэртээ Улаанбаатар хотоос манай найз Энхболд найз нартайгаа манайд ирсэн тэгээд би гэртээ тэдгээр найз нартайгаа 4 шил 0,75 грамын ерөөл гэдэг архи уусан. Тухайн үед миний хамтран амьдрагч Ц.Ц бас уг архинаас хуваалцаж уусан. Тэгээд би түүнээс хойш архи ууж согтсон болохоор ямар үйлдэл хийсэнээ санахгүй байна. Нэг мэдэхэд Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ирсэн байхад ухаан орсон юм. Би урьд өмнө нь хааяа нэг удаа хамтран амьдрагч Ц.Ц-г зодож цохиж байсан удаа байгаа. Шалтгаан нь миний хамтран амьдагч Ц.Ц нь намайг найз нөхөдтэйгээ архи уусан үед байнга надтай хамт архи уучихдаг. Тэгээд би гэрийн эмэгтэй хүн байж байнга архи уучих юм гэж уурлаад би согтсон үедээ хамтран амьдрагч Ц.Ц-г ганц нэг удаа цохьчихдог юм. Эрүүл үедээ зодож цохиж байсан удаа байхгүй. Тэр өдөр ч гэсэн энэ шалтгаанаас болж зодсон байх. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хийсэн үйлдэлээ огт санахгүй байна. Одоо Ц.Ц бид хоёр хамтдаа амьдарч байгаа юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.Ц-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Нуруу, 2 дал, мөр, зүүн гарын бугалга, 2 хөлийн гуяа, шилбэний хэсэгт дээрхи хэмжээний хар хөхрөлт зөөлөн эдийн цус харвалт, дээд уруулын дотор талын салстад улайлт, няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 560 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ц.Б нь өөрийн найзуудтайгаа гэртээ 4 шил архи уусан, улмаар өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж хохирогч Ц.Ц-г зодсон, мөн үүнээс 2-3 хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 17-18-ны үед согтуугаар зодсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-гийн хохирогч Ц.Ц-г зодсон дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нуруу, 2 дал, мөр, зүүн гарын бугалга, 2 хөлийн гуяа, шилбэний хэсэгт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар дүгнэлт /хх-ийн 26 тал/-ээр нотлогдсон тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан ...үйлдлийг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нар гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг бүлд хамт амьдардаг, эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан хамтран амьдрагч нар байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч буюу хамтран амьдрагч Ц.Ц-гийн бие махбодид халдаж, нэг бус удаа зодож байсан болох нь шүүгдэгчийн “...Би урьд өмнө нь хааяа нэг удаа хамтран амьдрагч Ц.Ц-г зодож цохиж байсан удаа байгаа. Шалтгаан нь миний хамтран амьдагч Ц.Ц нь намайг найз нөхөдтэйгээ архи уусан үед байнга надтай хамт архи уучихдаг. Тэгээд би гэрийн эмэгтэй хүн байж байнга архи уучих юм гэж уурлаад би согтсон үедээ хамтран амьдрагч Ц.Ц-г ганц нэг удаа цохьчихдог юм.” гэх, хохирогчийн “...Миний хамтран амьдрагч Ц.Б бид хоёр гэртээ согтуу хоёулахнаа үлдээд хэвтэж байтал Ц.Б намайг шууд миний толгой руу 2 удаа цохиж намайг түлхээд миний нуруугаар орон дээр унгасан. Миний хөл рүү 2-3 удаа цохьсон юм. Тэгээд би цагдаа дуудсан. Хамтран амьдрагч Ц.Б нь урьд өмнө нь намайг хэд хэдэн удаа зодож байсан. Согтуу үедээ намайг зодчихдог юм, эрүүл үедээ бол цохиж зоддоггүй. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хоёроос гурван хоногийн өмнө намайг гэртээ байж байхад миний хамтран амьдрагч Ц.Б бас согтуу ирээд орон дээрээс өргөж шидээд нуруу, гэдэс, толгой дал, хөл орчимын биеийн ихэнх хэсэг рүү гар хөлөөрөө олон удаа зодсон юм” гэх хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ц.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн 70 дах талд хохирогч Ц.Ц нь “Ц овогтой Б нь намайг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулсан. Ц.Б нь одоо хамтран амьдарч байгаа. Эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй хамт амьдарч байгаа” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Б-гээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь аав, ээж өвлөж үлдсэн Увс аймгийн 3 баг, 2-р 64 айлын 3-37 тоот байранд хамтран амьдрагч буюу хохирогч Ц.Ц-гийн хамт ам бүл хоёулаа амьдардаг, өөр эд хөрөнгө байхгүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч ургийн овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч ургийн овогт Ц-ийн Б-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
-