| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2409026481221 |
| Дугаар | 2026/ДШМ/493 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/493
Б.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат,
хохирогч С.Г-ын өмгөөлөгч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч С.Пүрэвдаш,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-т холбогдох эрүүгийн 2409026481221 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э- овгийн Б-ийн М-, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .........тоотод оршин суух,
- Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1733 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, /РД:УБ-/;
Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 01-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа С.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд болон медиал хана, дух ясны өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, хоёр нүдний зовхи, хацар, шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, уруулын салстад шарх, цус хуралттай, эрүүнд баруун чихний дэлбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-өөс 6.212.937 төгрөг /2.252.937 эрүүл мэндэд учирсан хохирол 3.960.000 сэтгэл санааны хохирол/ гаргуулж хохирогч С.Г-од, 2.442.362 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд тус тус олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх хуульд зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь “... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэж зааснаар ял хүндрүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүдэгч Б.М-т Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1733 дугаар шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр тус тус торгох ял оногдуулсан бөгөөд шүүдэгч Б.М- нь дээрх ял шийтгэлийг эдэлсэн байхад ялыг хүндрүүлж оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "... Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. ...” гэж заасантай зөрчилдөж байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан нь ял хүндрүүлэх нөхцөлийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үед хэрэглэх үндэслэлтэй бөгөөд өмнө энэ бүлгийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүхээс Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 цагаас 02 цагийн хооронд гэж тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай ба Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. ... ”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт "... Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. ...” гэж тус тус заасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор бус яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан байна. Яллагдагчаар татах гэдгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж дугаар авсныг ойлгохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт "... Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана... ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: ... ”, 6.2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад "... шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох; ...” тус тус зааснаар ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудах, хохирогчоор тогтоох, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох, шинжээч томилох зэргээр хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бүр тухайн томилсон, тогтоосон шийдвэртэй танилцсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг болно. Мөн Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор "... Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ. ...” гэж тайлбарласан бөгөөд дээрх тайлбарын хувьд шинээр өөрчлөлт орсон хуулийн зохицуулалт нь юу гэдэг талаас бус харин цаг хугацааны хувьд хэрхэн хэрэглэх талаар тайлбарласан болно. Цаашлаад Монгол улсын Их хурлаас 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах эрхтэй. ... ”, 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ. ... ”, 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. ... ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт "... Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй. ...” гэж тус тус заасан өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтэн гэх оролцогч байгаа бөгөөд сэжигтэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах зэргээр саад учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаа буюу мөрдөн байцаалтыг явуулахад саад болохгүй хэвийн үргэлжлүүлэх буюу мэдэх эрхийг хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй явуулахын тулд НҮБ-ын 1966 онд баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй;... ”, (а) заалтад "... оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх;...”, Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... ” мөн хэсэгт “...Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...” гэж тус тус заасан бөгөөд аливаа хүний эрхийг хязгаарлах эсхүл эрх зүйн байдлыг дордуулах шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тухайн этгээдэд мэдэгдэх боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн эсхүл өмгөөлөгчид мэдэгдсэнээр тухай шийдвэр хүчин төгөлдөр болохыг хуульчилсан бөгөөд яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсох буюу яллагдагчаар татсанаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдал яллагдагч болж өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Үүнтэй холбогдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "... Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс ...” гэж хуульчилсан нь хэргийн оролцогч сэжигтнээр оролцож байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэвээр үргэлжлэх болохыг харуулж байгаа бөгөөд Б.М-ийн хувьд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд үйлдсэн гэх гэмт хэргийн хувьд 2025 оны 08 дугаар сарын 12-ын өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр сэжигтэн, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татах тогтоолтой танилцсанаар яллагдагч болсон байна. Иймд анхан шатын шүүхээс яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогссон гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр Б.М- нь сэжигтэн болсон ба яллагдагчаар татсан буюу яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж мэдэгдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;... ” гэх үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч С.Г-ын өмгөөлөгч Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлаж, ял оногдуулсан нь энэ хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "... Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. ...” гэх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна...” гэх агуулгыг тусгасан байна. Гэвч шүүгдэгч Б.М-ийн хувийн байдлын тухайд тэрээр урьд 2 удаа ял шийтгэл эдэлж байсан. Тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2 удаа холбогдож, шийтгүүлсэн байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкцийн хэмжээ, хязгаараас хэтрүүлэхгүй тус зүйл заалтад зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Б.М-т хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дараагийн агуулга нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна...” гэх агуулгыг дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан. 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно…” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалт нь үндсэндээ хэрэг бүртгэлийн ажиллагааны хугацаа. Тодруулбал, гэмт хэрэг гарсан өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хугацаа нь хэрэг бүртгэлийн хугацаа. Харин яллагдагчаар татсанаас хойших хугацаа нь мөрдөн шалгах ажиллагааны хугацаа. Эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлнэ гэж ойлгоно. Тодруулбал, яллагдагчаар татах тогтоол гарсан өдрөөр тухайн этгээд яллагдагч болно. Үүгээр хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж ойлгоно. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ташаа ойлгож тайлбарлаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зогсоох нөхцөл байдал үүсээгүй. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтын талаар гомдолдоо дурдсан байгааг ач холбогдолгүй гэж үзэж байна. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацааг мөрдөн шалгах, мөрдөн байцаах ажиллагааны хугацаатай хольж ойлгон гомдол гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Практик дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүйгээр мөрдөгч тэмдэглэл үйлдэж мөрдөн шалгах, мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлдэг. Эрүүгийн хуульд заавал сэжигтнээр шалгагдаж байсан этгээдийг яллагдагчаар татна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэрчээр мэдүүлэг тайлбар өгсөн этгээдийг яллагдагчаар татах тохиолдол ч байдаг. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг, тайлбар авсан боловч хэрэг шалгах явцад түүнийг гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэх тохиолдол байдаг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бодит байдлыг үнэн, зөвөөр тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ...” гэв.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж тайлбарласан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны шатанд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш нь давж заалдах гомдолдоо “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” гэх агуулгыг тусгасан байна. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө яллагдагчаар татах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан байх тул түүний гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 01-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа С.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Г-ын “...2024 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 00 цагийн үед ... А-той юм яриад буцаад зүүн тал руу эргээд хартал гэнэт нэг гар орж ирээд миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд манараад хойш унахад манай найз А- намайг цохисон хүнийг тэвэрч аваач цааш унаад өгсөн. Тэр үед 2-3 үл таних хүн миний нүүр лүү өшиглөх үед гараараа хамгаалсан байхад цээжин дээр дэвсээд байхаар нь нэгнийх нь цамцнаас татаад боссон.Тэгээд намайг босоход үл таних 5-7 эрэгтэй 2 талд нь машин зогсож байсан. Тэгээд үл таних эрчүүд над дээр ирээд шууд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохиод би үл таних эрэгтэйг цамцнаас зуураад цээж хэсэг рүү нь цохиход намайг түлхээд, тэгэх үед нь би хойд талд байсан тоосгон хананд тээгэлдээд унасан. Унасны дараа босох гэж оролдоход 7-10 хүн миний биеийн бүх хэсэг рүү дэвсэж өшиглүүлж байхад 190 орчим өндөртэй, цагаан өнгийн футболктой 16-19 орчим настай байсан. Тухайн үед нүүрээ 2 гараараа хамгаалж байхад манай найз Б- ирээд миний дээрээс 4-5 хүнийг холдуулаад, тэгэх үед нь би босоод миний дээрээс дэвсэж байсан хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэйн нүүр хэсэг рүү цохиход яваад өгөхөөр нь хажууд байсан хоёр үл таних эрэгтэйтэй ноцолдоод дахин зүлэг рүү шидэгдээд унасан” /хх 18-19/, “...Тухайн үед мэдээгүй байхад хажуугаас шанаа руу маань цохисон тэр цохилт, мөн унасан байхад дээрээс маань өшиглөж нүүрэн дээр дэвсэлсний улмаас зүүн шанаандаа имплант, мөн хамрын таславч, яс хугарч үйрсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарч имплант хийлгэхэд хүрсэн...” /хх 21/,
насанд хүрээгүй гэрч Ц.Г-ийн “...би гайхаад арагшаа ухраад хартал бүгд нэг хүнийг цохиж зодоод байсан. ... Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр очиход манай найз ухаангүй байна гэж туннелийн Б- гэх хүүхэд “бусдыгаа олж өг” гэхэд “би сайн танихгүй ээ” гээд зарим хүмүүсийг мэдэж мэдээллийг нь өгсөн...” /хх 24-25/,
гэрч У.А-ын “...үл таних 30 гаруй эрэгтэй ирээд “та нар байсан уу” гэхэд Г- суугаа чигээрээ “юу байсан уу” гэж гэтэл үл таних эрэгтэй Г-ын зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би цохисон үл таних эрэгтэйг өргөөд автал би өөрөө доор нь ороод унаад өгсөн. ...Тэгээд дахин үл таних хүмүүс нэмэгдэж ирээд Г-, Б- хоёр луу дайраад харин би Г-ын дээр байсан салгасан хүмүүстэй зууралдаад биеэ хамгаалаад цохиж унагаад Б- болон Г- ертөнцийн зүгээр урагшаа алхах гэтэл Г- “нүдний шил байхгүй байна” гээд шилээ хайж байтал шороон замаас үл таних нэг хүн “хөөе” гээд орилохоор нь гайхаад эргээд хартал үл таних 170 орчим өндөртэй, шаргал өнгийн үстэй, махлаг биетэй эрэгтэй ирээд “зүгээр ярилцах” гэсэн юм гэхэд нь Б- “та нар юугаа ярих гээд байгаа юм, гурван хүн дээр олуулаа ирчхээд” гээд Б- бид хоёр үл таних эрэгтэйтэй юм яриад байж байхад ард талд Г- нүдний шилээ хайгаад байсан. Г-ын байгаа зүгт хүн цохиж байгаа чимээ болон машин цохиж байгаа юм шиг чимээ гараад байхаар очоод үзтэл Г- газар ухаангүй дээрээс нь богинохон үстэй, бор арьстай, 180 орчим өндөртэй /дараа сонсоход М- гэх хочтой гэж надад хэлсэн/ үл таних эрэгтэй дээрээс дэвсэж байхаар нь шууд очиход үл таних эрэгтэй зугтаад яваад өгсөн. Тэгээд би Г-ыг харахад амьсгалж чадахгүй, нүүрнээс цус гараад хавдсан, хоёр нүд хавдсан, ямар нэгэн ухаангүй, таталт өгсөн хэвтэж байхаар нь шууд сэрээх гэж үзэхэд сэрэхгүй байж байтал үл таних эгч гарч ирээд машинтай 11 дүгээр хорооллын Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би тухайн Г-ыг цохиж зодсон гэх үл таних эрэгтэйг харвал танина. Г- тухайн үл таних 10 гаруй орчим эрэгтэйчүүдэд зодуулсныхаа дараа босож ирэхэд нүүрэнд нь ямар нэгэн шалбархай болон гэмтэл бэртэл байгаагүй. Харин зодуулсны дараа богинохон үстэй, бор арьстай, 180 орчим өндөртэй, цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн холилдсон шорттой үл таних эрэгтэйд зодуулсныхаа дараа нүүр нь бэртэл гэмтэл болсон..” /хх 29-30/,
гэрч Б.Б-ийн “...Тэгэхэд Г-, А- хоёр ирчихсэн байсан. Тэгээд бид хэд ПС тоглох багаа хуваах гээд яриад сууж байтал нөгөө зодолдож байгаад явсан хүүхдүүд ах нарыгаа дагуулаад буцаад өшөө олуулаа болоод ирсэн. Би бага зэрэг зайтай зогсож байсан юм. Тэгсэн тэр хэд дундаас нэг нь “чи байсан уу” гэж хэлэхэд нь Г- “юу байсан уу” гэж хэлээд хажууд нь байсан А- руу харчхаад эргээд харахад нэг залуу цохисон. Тэгээд Г- унасан. ...Тэгэхэд Г-ын царай зүгээр байсан. Тэгсэн нөгөө хэдэн хүүхдүүдийн ах нь гээд нэг залуу “зүгээр ярилцах гэсэн юм” гээд А- бид хоёр дээр ирсэн. Г- тэр үед нэг машины цаагуур орчихсон шилээ хайж харагдсан. А- бид жоохон зайтай зогсож байсан юм л даа, тэгээд нөгөө ах гээд залуутай нь юм яриад зогсож байтал машины цаана чимээ гарсан. Тэгэхээр нь гүйгээд очтол Г-ыг нэг залуу дэвсэж, өшиглөж байсан, бид хоёр очих гэсээр байтал тэр залуу зугтаад явчихсан. Зугтахаасаа өмнө нь нүүр лүү нь өшиглөчхөөд зугтчихсан. Тэгээд шууд найз Г- руу тонгойгоод харахад ухаан алдсан, цустайгаа холилдсон хэвтэж байсан. Тэгээд нөгөө утсаар ярьж байсан хүүхэд над дээр ирээд “манай ах утсаар яръя” гэнээ гэсэн. Би ахтай нь ярихад “манай дүү нар бол байгаагүй юм аа, эхэлж зодолдоод явчихсан гэсэн, наад 2-гоо явуулчхаж болох уу, танай найзыг чинь М- гээд хүүхэд зодсон” гэж хэлсэн” /хх 37/,
гэрч М.А-ын “...Тэгэхэд тухайн газарт Г- нэг найзтайгаа үлдсэн. Тэгээд зугтаагаад байрны ард орж нуугдаж байгаад хэсэг хугацааны дараа тухайн газарт буцаад очиход бөөн хүүхдүүдийн ихэнх нь явчихсан байсан. Тэгээд тухайн үед бол Г- зүгээр байсан. Тэгтэл цаанаас нь нэг том биетэй бандгар залуу гүйж ирээд тэнд байсан 3- 4 хүүхэдтэй “үзье барья” гээд томорч эхэлсэн. Тэгсэн цаанаас дээгүүрээ нүцгэн доогуураа хар өнгийн өмд, дээгүүрээ бол цээж нүцгэн хамрыг нь дагаад цус болчихсон нэг залуу ирээд Г-ыг юу ч ярьж хэлэлгүйгээр цохиж, унагаад зодож эхэлсэн. Г-ыг шууд цохиж унагаад дээрээс нь толгой хэсэг рүү нь өшиглөж цохиж байсан” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаагаар явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дуу дүрсний бичлэг /хх 41-44/,
эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 75/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10849 дүгээр шинжээчийн "... С.Г-ын биед зүүн хоншоор ясны урд болон медиал хана, дух ясны өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, хоёр нүдний зовхи, хацар, шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, уруулын салстад шарх, цус хуралттай, эрүүнд баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 47-48/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 447 дугаартай шинжээчийн “магадлуулагч С.Г-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 53-55/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.М-ийн бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гаргасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч С.Пүрэвдашаас “...шүүхээс Б.М-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар ял хүндрүүлсэн, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс Б.М-ийн 2020, 2025 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн урьд ял шийтгүүлсэн байдал нь түүний хувийн байдалд хамаардаг бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулбал дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ялын төрөл, хугацаатай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ийн урьд ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй гэсэн хэдий ч түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон байх тул өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан.
Шүүгдэгч Б.М-ийн хувьд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, түүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн, яллагдагчийн хувьд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-ыг хэзээ гардаж авсан эсэхээс үл хамаарч, уг тогтоол гарснаар эрх зүйн үр дагавар үүснэ гэж үзэх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан давж заалдах гомдлоос 1 дэх үндэслэлийг хүлээн авч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгуулах гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан давж заалдах гомдлоос 1 дэх үндэслэлийг хүлээн авч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгуулах гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ