Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/147

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002680191 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1994 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,   24  настай,  эрэгтэй,  яс үндэс  казах,  тусгай дунд боловсролтой,  сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Шы Д, регистрийн дугаар БЮ*************

 

Шүүгдэгч Ш.Дийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Д нь иргэн Х.Быг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүгдэгч Ш.Дийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Ш.Д нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байдаг “Залуучуудын ордон" нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан багын танил Х.Быг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Шүүгдэгч Ш.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед байх найз болох Н, Т нарын хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Залуучуудын ордон" нэртэй бааранд сууж пиво уухаар очсон юм. Тэнд бид гурав баарны 2 дугаар давхарт суугаад 8-9 ширхэг пиво уусан. Бид бааранд орохоос өмнө гадаа 2.5 литрийн 4 ширхэг шар айргийг хувааж уугаад очсон байсан. Баарнаас дахин шар айраг уусан учир нэлээн согтсон юм. Би тухайн өдөр бие засах гээд бие засах газар руу ороод гарч ирээд баарны 2 дугаар давхрын текний орчим бага ангид хамт сурч байсан Х.Бтай тааралдаад ямар шалтгаанаас болж зодсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд Х.Быг нэг удаа хамар тус газар цохиж, нэг удаа өшиглөсөн. Чухам өшиглөх үед биенийх нь аль хэсэгт өшиглөсөн эсэхийг санахгүй байна. Үл таних нэг залуу салгасан байсан. Тэгээд би шууд баарнаас гарсан чинь миний хажууд байсан Н, Т нар баарны үүд хэсэгт зогсож байсан ба тэд нартай нийлээд яваад өгсөн. Би долоо хоногийн дараа байх гэрт сууж байхад Тилеген гэх цагдаад ажилладаг хүн хүрч ирээд “Чи хүн зодсон байна” гэхээр нь Х.Быг зодсон минь санаанд орсон. Тэр өдөр би Х.Бтой Өлгий сумын ЗДТГ-ын байрны хажууд тааралдаад уучлалт гуйсан ба орой гэрт ирээд уулзаарай гэж хэлсэн. Би урд өдөр нь БНКазахстан Улс руу явахаар болж нэг машинд зардлын мөнгийг өгчихсөн байсан ба 25-ны өдөр явах гэж байсан. Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Тилеген надад хэргийг шалгаж дуустал ийш тийшээ явж болохгүй гэсэн тул БНКазахстан улс руу явах гэж байсан жолоочтой очиж уулзсан чинь миний зардлыг буцаагаад өгөхгүй гэсэн тул 8 дугаар сарын 25-ны өдөр цагдаад хэлэлгүйгээр БНКазахстан улс руу яваад өгсөн. Нэгэнт би найз болох Х.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдэж байсан учир буцаж ирээд Х.Баас уучлалт гуйж эмчилгээний мөнгөнд нь гарсан 200.000 төгрөгийг барагдуулж өгсөн. Миний бие Х.Быг зодож эрүүл мэидэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би архи уусан байсан учир ийм хэрэг хийлээ. Тэрнээс биш Х.Б бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй, тухайн өдөр бид хоёр ямар нэгэн байдлаар маргаагүй, хэрэлдээгүй байсан юм. Би Х.Бд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед гэрээс гараад ганцаараа Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Залуучуудын ордон" нэртэй бааранд очсон. Тус баарны 2 дугаар давхарт гараад ширээнд нэг ширхэг ундаа аваад ганцаараа сууж байсан. Тэр үед Бугат суманд байдаг найз болох Н гэх залуу ирээд надтай мэндлээд яваад өгсөн. Удалгүй хаанаас гарч ирсэнийг нь мэдэхгүй 5 дугаар анги хүртэл хамт сурч байсан найз болох Ш.Д гэх залуу хүрч ирээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед би газар унаад босох гэж байхад дахин хамар тус газар өвдөгөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед би газар унаад дахиж босож ирэх үед гэдсэн тус газар нэг удаа цохих үед үл таних хоёр залуу салгасан. Тэр үед Д гараад яваад өгсөн. Тэгээд би хамраас цус гараад би ч гэсэн гараад явсан. Гэрт очих бол аав, ээж загнах байх гэж бодоод шууд манай хашаанд байдаг байшинд очоод хоёр хоносон. Д ирээд уучлалт гуйх байх гэж бодож байж байтал аав хүрч ирээд надад цагдаад гомдол гарга гэж цагдаа руу авч ирсэн юм. Тухайн үед миний баруун талын нүд, хамар хавдаж, хамар хугарсан байсан. Тэгээд Д 8 дугаар сарын 24-ний өдөр байх надтай Өлгий сумын ЗДТГ-ын урд тааралдаад уучлалт гуйсан. Би орой ирээд уулзаарай гэж яваад өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Надад учирсан хохирол буюу миний нэхэмжилсэн 200.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн тул бид хоёр сайн дураараа эвлэрсэн юм. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бауыржаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн “ ...Иргэн Х.Бын баруун талын нүдний дээд зовхи, хамрын хянга болон баруун талын шанаан хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтал нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Дын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Дын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Ш.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч Ш.Д төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Дыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч Ш.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.       

            Шүүгдэгч Ш.Д нь урьд шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Дын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Дын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Ш.Дад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Б овгийн Шы Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ш.Дын 01191482 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, БЮ94050417 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, E2297938 дугаартай гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ