Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2018/00057

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00460/И

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 02ы өдрийн №526 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй ******* аймгмийн Шуудан ******* ******* холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол бүхий иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ******* Үйлчилгээний Газрын дарга ажилтай ******* нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно.

Миний бие нь 2016 оны 11 сарын 04-ны өдрийн дугаар 6/192 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар ******* ******* Шуудан ******* газрын Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно. Монгол Шуудан ХК-нд Тээвэр зууч, Логистикийн газар болон 3 улсын хил болох Хятад, ОХУ-ын хил залгаа аймаг болох Замын-Үүд боомт, ******* аймгийн Алтанбулаг боомт дээр Логистик /Ачаа тээврийн/ хэсэг ажиллаж байна.

******* ******* Шуудан ******* газрын жил бүрийн төсөв, төлөвлөгөөг тухайн жилийн 2-3 сард багтаан аймаг болон дүүргүүдийн шуудангийн салбарын дарга нартай уулзаж баталдаг. Гэвч 2018 оны төсөв төлөвлөгөө батлах удирдах ажилтаны зөвлөлөгөөнд ******* нь бүтэн 20 гаруй хоног архи ууж ажилдаа болон цугларалтанд очоогүй. *******ыг удирдах ажилтаны цугларалтанд явахад бэлтгэн илтгэх ажлын тайланг миний бие бичиж бэлэн болгож нягтлан бодогч С.Нороврэнцэнд хүлээлгэн өгсөн юм. Тэр үед 2018 оны бүтэц орон тооны төлөвлөгөөнд миний албан тушаал хасагдаагүй хэвээр санал хүргэгдсэн.

Гэтэл ******* нь 2018 оны 05 дугаар сард хотод ажиллаж байх хугацаандаа орон тооны төлөвлөгөөг дахин өөрчлөн батлуулсан болохыг ажпаас халах тушаал гарсан өдөр мэдсэн. Миний албан тушаал дээр 2-оос 3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно. 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаа бичдэггүй шүү дээ гэхэд би мэдэж байна заавал хугацаа бич гэж хэлдэг байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь миний ажлын байр хэвээр байгаа нь нотлогдож байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Тэр даруй би Монгол шуудан Компанийн Стратеги Төлөвлөлтийн Газрын захирал *******ас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаан гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн.

Ингээд би *******ын ажлын өрөөнд 2 уулаа улзан асуусан яагаад намайг цомхотгож байгаа юм энэ мэдэгдэл чинь буруу байна шдээ гэхэд ******* нь чи тайван бай би чамайг халахгүй чиний Логистикийн Менежрийн /ачаа тээврийн/ ажил чинь хэвээрээ байгаа санаа зоволтгүи би зохицуулна гэсэн. /утсаар ярьсан бичлэг байгаа/ 2018 оны 06 сарын 21 нээс ээлжийн амралтаа эдлэн 07 сарын 24 нд ажилдаа эргэн ороход ******* нь тус өдөр надтай утсаар ярин юу ч болоогүй юм шиг би хотод ажилтай явна чи нийт ажилчидийнхаа үнэлгээг хийгээд төвруу явуул гэж ярьж байсан атлаа маргааш өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан нярав *******тай утсаар ярин өрөөнөөс миний халагдсан тушаалыг авчруулж өгсөн. Эндээс харахад өөрөө байхгүй байж халах тушаал гаргаад эрт бэлдсэн байсан гэж ойлгогдоно. 2017 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн №311 тоот ******* аймаг дахь сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний бие нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон болно. Гэтэл дахин ажлаасаа үндэслэлгүй халагдлаа.

-Ингээд ******* нь ямар ч үндэслэлгүй намайг удаа дараа ажлаас халж байгаа нь цэвэр намын харьяалалаар гэх шалтгаанаар албан тушаалаа хэтрүүлэн хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

-Цомхтгол нэрээр ажлын байранд өөрчлөлт оруулаад дараа нь намайг ажлаас халж дахин нэр томьёог оруулж өөр хүн ажилд авна. Хэдийгээр хувьцаат компани боловч ингэж дураараа аашилан дуртай үедээ албан тушаалын нэрийг өөрчлөн, өөрт таалагдахгүй шударга үнэн шаардлага тавьсан хүнд дургүйцлээ илэрхийлэн ажил, амьдарлыг минь хохироож байгаад гомдолтой байна.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна  гэжээ.

 

Хариуцагч: ******* ******* Шуудан ******* газрын дарга ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-Монгол Шуудан хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу *******г ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ингээд *******г хуулийн дагуу 2018 оны 07 сарын 25ны өдрийн 22 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж 2 сарын тэтгэмж олгосон.

иний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэжээ.

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 02ы өдрийн 526 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тоодог овогт Долгормаагийн Хандсүрэнг ******* ******* ******* ******* ******* Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.031.004 /хоёр сая гучин нэгэн мянга дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж,баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

-Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 47.446 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах, шийдвэрт зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 30 хувийн төрийн оролцоотой хувьцаат компаний ******* аймаг дахь салбар. Монгол Шуудан хувьцаат компаний гүйцэтгэх захирал жил бүр орон тоо, төсөв баталж ирүүлдэг. 2018 онд манай байгууллагын орон тоог 27 байсныг 26 болгон төсөвийг 4.600.000 төгрөгөөр багасган баталсан. Энэ батлагдсан орон тооны дагуу *******гийн ажлын орон тоо цомхтголд орсон тул ажлаас нь чөлөөлсөн. ******* өөр ажилд ажиллах боломжтой ч саналаа хэлээгүй. Миний гаргасан тушаал хуулийн  үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэв.

 

Нэхэмжлэгч: ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оноос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ******* Шуудан ******* ******* даргаар ажиллаж байсан. Тэгээд та шуудан ******* даргын ажлаас чөлөөлөгдлөө таны ажлыг ******* гэдэг хүн хийхээр болсон гэж хэлсэн. Тухайн үед би жоохон хүүхэдтэй байсан. Тэгэхээр за ойлголоо гэж хэлсэн. Тэгээд ******* ******* шуудан ******* ******* логистик төвийн ажилд томилсон. Томилогдсон өдрөөс хойш уг албан тушаалд нэг өдөр нэг цаг ч ажлаа хийгээгүй. Учир нь энэ албан тушаал нь ******* ******* Алтанбулаг сум дахь ачаа тээврийн менежер ажил юм. Нөгөөтэйгүүр уг ажлаа би хийе гэж дараа хүсэлтээ гаргаж өгч байсан. Тэгэхэд чи хүлээж бай бичиг үсэг чадвартай хуучин даргалж байсан хүн ажиллаж бай гээд менежерээр авсан. Үүнээс хойш уг албан тушаалд 8-аас 9 удаа албан тушаалын нэрийг өөрчилж 3-аас 4 хүн энэ албан тушаал дээр ажиллаж байгаа. Ийм учраас энэ албан тушаал нь хүчин төгөлдөр орон тоо нь байгаа гэж үзэж байна.

.2018 онд орон тоо төсөвөө батлуулсан гэж яриад байгаа. Энэ ажлыг нь би өмнө төлөвлөгөө батлуулж байсан учраас мэддэг. Мөн анхан шатны шүүх хурал дээр ажлын газрын нягтланг гэрчээр дуудан мэдүүлэг өгүүлсэн. Миний албан тушаалыг Улаанбаатар хот руу яваад ирэхдээ хасуулчихаад ирсэн гэж ойлгож байгаа. Иймд ******* даргын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Монгол шуудан ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлтэй юм. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаанаар орон тоо төсөв нэмэх, хасах, нэршил өөрчлөх зэргийг шийддэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдээд Логистик менежерийн албан тушаалыг шинээр бий болгоод *******г томилсон байдаг. Гэтэл Логистик менежерийн албан тушаал нь хэрэггүй, ******* ******* Шуудан ******* ******* илүүдэж байгаа гэж төлөөлөн удирдах зөвлөлөөр хуралдаад шийдвэрлэсэн нотлох баримт хэргийн материалд байхгүй. Хариуцагч талаас үнэхээр орон тоо хасагдсан гэж үзэж байгаа бол энэ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг шүүхэд авчирч өгөх ёстой байсан.

-******* дарга нь албан тушаалын нэрийг өөрчилсөн энэ нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Логистик менежер албан тушаалыг Тээврийн менежер болгож өөрчилсөн байдаг. Мөн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №05 тоот тушаалаар албан тушаалын нэр дахин өөрчилж Тээврийн менежерийг гаалийн бүрдүүлэлт болгон өөрчлөн томилсон байдаг. Тэгэхээр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Логистик менежер буюу Гаалийн бүрдүүлэгч албан тушаалд эгүүлэн томилж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг юм . Орон тооны цомхотгол хийсэн гээд ажлаас нь чөлөөлсөн *******гийн оронд Хишигсайхан гэдэг хүнийг ажилд авч ажилуулсан байдаг. Энэ нь шинээр хүн авах юм бол уг албан тушаал хэвээр байгаа гэж үзэж байна. Тэгэхээр орон тооны цомхотгол нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл ажлаас нь халчихаад оронд нь Хишигсайхан гэдэг хүнийг аваад ажилуулсан гэдгийг нотлохийн тулд байгууллагын цалингийн цэсийг хэрэгт өгсөн. Иймд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Хэргийг судлан үзвэл: Монгол Шуудан хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай №Б/192 тоот тушаалаар гомдол гаргагч *******г ******* ******* Шуудан ******* газрын шуудангийн логистикийн менежерийн ажилд томилохыг ******* ******* шуудан ******* газрын дарга *******д даалгаснаар 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №24 дугаартай Ажилд томилох тухай ******* ******* шуудан ******* газрын даргын тушаалаар логистик менежерийн ажилд томилуулан ажиллуулж байгаад 2018 оны 07 сарын 25-ны өдрийн №22 дугаартай ******* ******* Шуудан ******* газрын даргын тушаалаар *******г ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч ******* ******* шуудан ******* газар нь ажилтан *******г ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ Монгол Шуудан ХК-ний гүйцэтгэх захирал тус газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулан логистикийн менежерийн албан тушаалыг хасссан гэжээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төсөв, ажлын төлөвлөгөө болон бүтэц орон тоог түүний төв байгууллага болох Монгол Шуудан хувьцаат компани нь баталдаг, хэргийн хариуцагчийн төлөөлөгч ******* ******* Шуудан ******* газрын дарга ******* шүүх хуралдаанд гаргасан манай байгууллага Монгол шуудан хувьцаат компаний орон нутгийн салбар гэсэн тайлбар зэргээс үзвэл хэдийгээр нэхэмжлэгч ******* ******* Шуудан ******* газрыг хариуцагч гэж нэрлэн заасан боловч ажил олгогчийнхоо хувьд буюу тус хэргийн хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хуульд хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, эрх зүйн байдал нь тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлогдохоор заасан.

Гэтэл шүүх хариуцагч ******* ******* Шуудан ******* газар нь Монгол шуудан хувьцаат компаний ******* аймаг дахь салбар уу эсвэл бие даасан хуулийн этгээд үү гэдэг нь тодорхойгүй, хэрэгт хариуцагчийг хуулийн этгээдийн эрх бүхий байгууллага мөн эсэхийг тодорхойлох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй, өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* Шуудан ******* газрын эрх зүйн байдал нь тодорхой бус байхад хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

*******гийн ажлаас халагдсан тухай гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд ажил олгогчийн буюу хэргийн хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Монгол Шуудан хувьцаат компани салбараараа дамжуулан орон нутагт үйл ажиллагааг явуулахдаа тухайн байгууллагын бүтэц, орон тоо төсөвийг хэрхэн баталдаг, орон нутгийн салбарын захирлын эрх хэмжээ, хүний нөөц хэрхэн бүрдүүлдэг зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Шуудан Хувьцаат Компаний дүрэм хэрэгт авагдаагүйгээс харьяа байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төсөв, ажлын төлөвлөгөө болон бүтэц орон тоог хэн баталдаг нь тодорхой бус байна

Дээр дурьдсанаар хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хэргийн бүрдэл хангаагүй байхад зөвхөн хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хэргийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр хүлээн авч нотлох баримтаар үнэлсэн үндэслэлгүй.

Хэргийн оролцогчын хувьд өөрийн байгууллагын архиваас шүүхэд нотлох баримт гаргаж өгч байгаа тохиолдолд зөвхөн байгууллагын архивын хуулбар тэмдэг дарснаар нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэхгүй тул шүүх хариуцагч байгууллагаас ирүүлсэн нотлох баримтад зохих дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Иймд анхан шатны шүүхээс гаргасан дээрхи зөрчлийг давж заалдах шүүхээс залруулах боломжгүй байх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02ы өдрийн №526 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН