| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2509000001386 |
| Дугаар | 2026/ДШМ/517 |
| Огноо | 2026-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/517
А.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Амармөрөн,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Солонго,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ц-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-т холбогдох эрүүгийн 2509000001386 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Е- овгийн А-ийн Б-, 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДА-/.
Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, А-ын 4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" зодсон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эхнэр Г.Ц-ийг “гэрээс гарч явлаа" гэх шалтгааны улмаас болж маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархайн урд хэсэг, хацар, эрүүний буланг хамарсан, духны гол дээд хэсэг дээд уруулын дотор салст, цээжний зүүн тал, баруун мөр, бугалгын дотор, шууны гадна, бугуй, сарвууны ар хэсэг, долоовор, эрхий хуруу, зүүн мөр, бугалгын гадна, дотор доод хэсэг, шууны гадна дунд, доод хэсэг, сарвууны ар, баруун гуяны урд дунд хэсэг, өвдөг, шилбэний урд дунд, доод хэсэг, тавхайн урд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Б-оос 124.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нөхөр бид 2 тухайн өдөр маргалдсан нь үнэн боловч миний биед учруулсан гэмтлийг нөхөр учруулаагүй юм. Би энэ тухайгаа байцаагчид мэдүүлсэн. Гэтэл дээрээс унасан шүүгээ, сувинерээс болж гэмтэл учирсныг нөхөр учруулсан мэтээр дүгнэж, хуулийн хариуцлага хүлээж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч А.Б-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэрэгт нотолбол зохих зүйлийг нотолж чадаагүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Манай үйлчлүүлэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа болно.
Шийтгэх тогтоолын 4 дэх талд “шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийг зодоогүй, ханын тавиур дээр байсан эд зүйл унаж хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж маргаж оролцсон, гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх байдал нь тогтоогдохгүй байна гэж үзэв гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр анх удаа өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг болон 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн бичгээр гаргасан мэдүүлэг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл “ Зүүн чамархайн урд хэсэг, хацар, эрүүний буланг хамарсан цус хуралт нь дээрээс юм унах үед үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ЕГО725/10700 дүгнэлттэй илт зөрүүтэй зэргийг үнэлээгүй, хэрхэн яагаад үнэлсэн хэсэг нь ойлгомжгүй.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/10700 дугаартай дүгнэлт нь шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон боловч уг шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Хавтаст хэргийн 006 дахь талд авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А.Б- нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад “хүлээн зөвшөөрөхгүй, би гэмтэл учруулаагүй” гэж тэмдэглэл үйлдсэн байх боловч тэр өдрөө байцаалт өгөхөд “Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг өгсөн байгааг өмгөөлөгчийн хувьд эргэлзэж, шалтгааныг асуухад байцаагч “чи эхнэрээ зодсон гэж хүлээхгүй бол эхнэр чинь хэрэгт орно гэж хэлсэн, би өмгөөлөгчгүй байсан тул байцаагчийн үгэнд орж эхнэрээ хэрэгт оруулахгүйн тулд арга буюу ийм мэдүүлэг өгч үнэн байдлыг яриагүй гэж байгаа нь хавтаст хэргийн 004 дугаарлалттай талд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэлээс харахад үнэн байх боломжтой гэж харагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ... мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар хуурч мэхлэх зэргээр хууль бус арга хэрэглэхийг хориглоно.”, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ...” гэх заалтыг тус тус зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан хүний эрхийг баталгаажуулсан, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн зүгээс хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн заалт хэрэгжээгүй болохыг баталж байна.
Г.Ц-т Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг тусгайлан тайлбарлаагүй, хохирогчоор тогтоосон тогтоол хэрэгт авагдаагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан хохирогч”-оос мэдүүлэг авахгүй гэх заалт зөрчигдсөн. Гэтэл Г.Ц- нь хуулийн мэдлэггүй, урьд өмнө цагдаагийн байгууллагад очиж үзээгүй тул гомдол өгсөн л бол гомдолдоо нийцүүлж мэдүүлэг өгөх ёстой гэж ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Хууль сахиулах байгууллага, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан хохирогчоос мэдүүлэг авахдаа хэргийн бодит байдлыг хуульд нийцүүлэн цуглуулах, бэхжүүлэх болохоос биш мөрдөн шалгах ажиллагааг хурдан түргэн явуулахын тулд “гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгсөн эхнэр, нөхөр 2-ын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож ашиглахыг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий Ассамблейн 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан Хүний эрхийн конвенц, 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, нэмэлт протоколтой зөрчилдсөн гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогчийн мэдүүлгийн зөрүүг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэргийн үйл баримтыг гүйцэд тогтоолгүйгээр хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүхийн шийдвэрт ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/454 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Манай эхнэрийн хувьд уурлаад юм авч шидэн цонх хагалсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж авахад намайг эсэргүүцсэн. Газарт унаснаар шарх сорви үүсгэсэн. Тэгээд хамгийн хайртай хүний маань өгсөн зүйлийг хагалах гээд авахаар нүүр лүүгээ цохисон. Түүнээс өөрөөр надад тэгж цохисон зүйл байхгүй. Юунаас болж ийм байдал үүссэн гэхээр манай хүүхэд аутизмтай. Одоо хүү маань 18 настай бөгөөд ярьдаггүй, авиа гаргадаг. Манай эхнэр бүтэн жилийн хугацаанд хүүгээ яриулахаар сүүдрийн багш гэж дагаж явсан. Энэ нь нэлээн төвөгтэй, стресстүүлдэг учраас ийм зүйл болсон. Бидний хувьд хүүгийнхээ л эрүүл мэндийг дээрдүүлэх гэж явдаг. Эмнэлгээр удаан хугацаанд эмчлүүлж, сүүлдээ шашнаар явж эхэлсэн. Манай эхнэр тэр орой бөө нартай уулзаж хүүгийнхээ эрүүл мэндийг сайжруулах гэж асуух гэж уулзсан. Тухайн өдөр өдөржингөө гэртээ байгаагүй, орой болсон. Хүү маань арай өөрөөр онцгой мэдэрдэг хүүхэд тул тэр орой сонин дуугараад байсан. Тэгэхэд би эхнэртээ санаа зовсон бөгөөд эхнэр гэртээ ирсэн. Орой нь эхнэрээ ирснийг мэдээд тайвшраад унтчихсан. Маргааш өглөө би эхнэртээ санаа зовсноо хэлэн яагаад оройтсоныг асуухад тэрээр архи уусан хүмүүсийг хүргэж өгснөө хэлсэн. Би уурлаж, тэр ууртаа сонин сонин үгс хэлсэн. Түүнээс болж манай эхнэр уурлаж, эд зүйлс хагалсан. Би гэмтэл учруулаагүй. Санаандгүй гэмтэл учирсан. Намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ц-ээс хоёр удаагийн мэдүүлэг авахад “миний биед учирсан гэмтлийг нөхөр болох А.Б- учруулсан” гэдгийг ярьдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа дуусан хэргийн шүүхэд шилжүүлэхэд шүүхийн шатанд “А.Б-той маргалдсан, гэхдээ миний эрүүл мэндэд учирсан хор уршгийг А.Б- учруулаагүй, миний дээрээс шкаф унасан гэх тайлбар хэлсэн. Уг өгүүлэмжийн дагуу хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэлх хоногоор хойшлуулж, нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Нэмэлт ажиллагаагаар 10700 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан, шинжээч эмч Энхтуяаг асуусан, мэдүүлгийг эх сурвалжийг тогтоохоор мэдүүлгийг газар дээр шалгах, яллагдагч А.Б-оос дахин мэдүүлэг авах ажиллагаануудыг хийсэн. Шинжээч эмчээс тодруулахад “хатуу мохоо зүйл унаснаас тус гэмтэл үүсэх боломжтой, гэхдээ нэг удаагийн үйлчлэлээр бус хохирогчид үүссэн гэмтэл нь олон тооны үйлчлэлээр үүссэн байна” гэж мэдүүлсэн. Мөн хохирогчийн дээрээс унасан гэх зүйл нь нэг удаа унасан, олон удаа унаагүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, А-ын 4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” зодсон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эхнэр Г.Ц-ийг “гэрээс гарч явлаа" гэх шалтгааны улмаас болж маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн урд хэсэг, хацар, эрүүний буланг хамарсан, духны гол дээд хэсэг дээд уруулын дотор салст, цээжний зүүн тал, баруун мөр, бугалгын дотор, шууны гадна, бугуй, сарвууны ар хэсэг, долоовор, эрхий хуруу, зүүн мөр, бугалгын гадна, дотор доод хэсэг, шууны гадна дунд, доод хэсэг, сарвууны ар, баруун гуяны урд дунд хэсэг, өвдөг, шилбэний урд дунд, доод хэсэг, тавхайн урд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Ц-ийн “... 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би найзуудтайгаа уулзчихаад шөнийн 01 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө 11 цагийн үед манай нөхөр А.Б- нь “шөнө 12 цагаас өмнө ирсэнгүй, найзуудтайгаа хэтэрхий удлаа, ахиж гаргахгүй” гээд илт доромжилсон үгнүүд хэлсэн. Тэгээд би уурлаад “чи одоо юу гээд байгаа юм бэ, чамаар гарч орох цагаа заалгахгүй, би ямар нохой юм уу” гэж хэлсэн. Тэгээд би ойртож очиход намайг хөлөөрөө жийсэн. Тэгэхээр нь би толгой руу нь тавчик шидсэн. Тэгээд манай нөхөр босож ирээд намайг зодсон. Миний толгой руу гараа зангидаад олон удаагийн давтамжтай цохиод байсан. Би эсэргүүцэл үзүүлсэн. Намайг эсэргүүцэл үзүүлсний дараа миний гарыг чанга атгаад намайг цохиод байсан. Намайг зодуулж байх үед манай охин хаалгаар ороод ирсэн тэгэхэд нь би "миний охин цагдаа дуудаарай" гэж хэлсэн. Миний дээр гарчихсан байсан. Манай охин хаягаа сайн хэлж чадаагүй байсан мөн би утсаа авч чадахгүй байсан. Утсаар ярих гэхээр хөдөлгөөн хорчихсон байсан. Тухайн үед цагдаа ирж чадаагүй. Ер нь намайг найзуудтайгаа уулзах болон нийгмийн харилцаанд оролцох үед байнга ингэж үг хэлээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. ...” /хх 14-15/,
А.Б-ийн яллагдагчаар өгсөн “...өөрийн гаргасан болчимгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 6/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ЕГ0725/10700 дугаартай дүгнэлтээр “...Г.Ц-ийн зүүн чамархайн урд хэсэг, хацар, эрүүний буланг хамарсан, духны гол дээд хэсэг, дээд уруулын дотор салст, цээжний зүүн тал, баруун мөр, бугалгын дотор, шууны гадна, бугуй, сарвууны ар хэсэг, долоовор, эрхий хуруу, зүүн мөр, бугалгын гадна, дотор доод хэсэг, шууны гадна дунд, доод хэсэг, сарвууны ар, баруун гуяны урд дунд хэсэг, өвдөг, шилбэний урд дунд, доод хэсэг, тавхайн урд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус тусдаа зүүн чамархайн урд хэсэг, хацар, эрүүний буланг хамарсан цус хуралт нь хохирлын хөнгөн зэрэгт, бусад нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 18-19/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Мед Траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.Б-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Г.Ц-ээс “... миний биед учирсан гэмтлийг нөхөр учруулаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Б.Солонгоос “... хэргийн үйл баримтыг бодитоор тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, шүүхийн шийдвэрт ач холбогдолтой байж болох болох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Хохирогч нь шүүгдэгч А.Б-т огт зодуулаагүй, гэрийн тавилга, эд зүйлс дээрээс нь унасны улмаас гэмтэл учирсан гэж маргаж байх боловч хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлгээрээ /хх 15, 17/ тухайн гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, шүүгдэгчид хэрхэн, яаж зодуулсан талаар тогтвортойгоор мэдүүлсэн, уг мэдүүлгүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЕГО725/10700 дугаартай дүгнэлтээр /хх 18-13/ нотлогдон тогтоогджээ.
Хэдийгээр шинжээч эмчийн мэдүүлгээр /хх 127/ хохирогчийг цохих эсхүл дээрээс юм унаснаар хөнгөн хохирол учрах боломжтой гэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд гэрийн тавилга болон эд зүйлс хохирогчийн дээрээс нь унасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биеийн дээд, доод хэсгүүдэд олон тооны цус хуралт гэмтэл учирсан, энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болох нь нотлогдсон тул хохирогчид учирсан гэмтлүүдийг шүүгдэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхаас гадна хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Иймд хохирогч Г.Ц-, шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ц-, шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Б.Солонгоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ