Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 355

 

О.О-гийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                     М.Батсуурь

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа     

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0309 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Гуравдагч этгээд “П в” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.З, “А в” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0309 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/, 12 дугаар зүйлийн 1/, 5/, 6,  27 дугаар зүйлийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-гийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчилэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Нэхэмжлэгч О.О нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.2-т заасны дагуу давж заалдах журмаар, дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна. Үүнд:

4. Магадлалд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаар О.О-гийн 2,041 га газрыг сэргээсэн нь нэгэнт баригдсан барилгыг цаашид эзэмших, ашиглах эрхийг хангахад чиглэсэн, нэмж барихад чиглээгүй” гэж дүгнэсэн байна. 

5. Давж заалдах шатны шүүх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаар нэгэнт баригдсан барилгыг цаашид эзэмших, ашиглах эрхийг хангахад чиглэсэн гэдгийг буруутгаагүй байна.

6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаараа “архитектур төлөвлөлтийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг ашиглах эрхийг сэргээсэн байхад Давж заалдах шатны шүүх дээрх захиргааны актын талаар ийнхүү дутуу дүгнэлт хийсэн, үйл баримтыг буруу ойлгож, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

7. Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэжээ.

8. О.О нь архитектур төлөвлөлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд баригдаж байгаа суурьт тодорхой цутгалт орсноороо барилгын суурь болж, энэ нь үл хөдлөх хөрөнгөнд хамаарч байгаагаас гадна, суурийн цутгалт хийх нүх ухсан газрыг сэргээснээс үзвэл уг газар ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалд хамаарч байгаа гэдэг нь тодорхой байна. 

9. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаараа О.О-гийн 2,041 га газрыг сэргээхдээ уг газар дээр:

а/98 хувийн гүйцэтгэлтэй баригдчихсан, одоо улсын комисс хүлээн аваагүй байгаа барилга бүхий газрыг орчны газрын хамт;

б/барилгын суурийн ажлыг эхлүүлж, суурийн цутгалтыг хийчихсэн хөрөнгө оруулалт бүхий газрыг орчны газрын хамт,

в/барилгын суурийг ухаад цутгалт хийхэд бэлэн болчихсон буюу барилгын ажлыг эхлүүлчихсэн газрыг орчны газрын хамт сэргээсэн бөгөөд эдгээр нь нэгэнт баригдаж эхэлсэн барилгуудын ажлыг үргэлжлүүлэх зорилготой байсан гэдгийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа эдгээр барилгын ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаал гарсны дараа эхэлсэн гэж үйл баримтыг буруу ойлгож дүгнэсэн алдаа гаргажээ.

10. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгч О.О-г шинээр барилга барьсан гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийг буруутгасан нь илтэд үндэслэлгүй болно.

11. Нэхэмжлэгч О.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалыг үндэслэн шинээр барилга байгууламж нэмж огт бариагүй, ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

12. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “... Сангийн сайдын тушаалын үндэслэл болсон...” гэжээ. Энд Сангийн сайдын тушаалтай маргасан үйл баримт байхгүй байхад хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.

13. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “... “П в” хотхоны 206/А байрны урд талд тулган суурийн ханыг ил гартал 48x25 м орчим, “А в” хотхоны 12 давхар байрны 23.5х32.6 м орчим хэмжээтэй тус тус газар ухсаны улмаас хөрсний нуралт үүсч, барьсан хашаа нь нурсан, борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан үүнээс хойш ч энэхүү нөхцөл байдал улмаас хүндэрсэн буюу ухсан 2 нүхний дунд байрлах авто зам хөрсний нуралтаас цөмөрсөн, иргэдийн аюулгүй амьдрах бодит байдал алдагдсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон” гэжээ.

14. Шүүхийн үзлэгээр хөрсний нуралт үүссэн, барьсан хашаа нь борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан байдлууд тогтоогдоогүй. Энэ нь мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт, албан шаардлагуудад туссан байсан бөгөөд харин уг зөрчлийг арилгасан талаар О.О-гээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн бичгээр нотлогддог билээ. Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, зургийг харна уу.

15. Дээрх зөрчил нэгэнт арилсан байсан ба нөгөө талаас О.О-гийн эзэмших газрыг цуцлах үндэслэл болоогүй, маргаан бүхий актад ийм үндэслэл тусгаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс гадуур үйл баримтад дүгнэлт хийж, ингэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

16. Ухсан 2 нүхний дунд байрлах авто зам хөрсний нуралтаас цөмөрсөн гэх байдал анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй.

17. Энэ үйл баримт нь хариуцагчаас уг барилгын газрыг хүчингүй болгосноос үүдэн 2020 оны хавар 4 дүгээр сараас барилгын ажил нь үргэлжлэх ёстой /2019 оны намар суурийг ухаж, 1 суурьт нь суурийн цутгалт эхэлсэн байсан/ барилга барих ажиллагаа зогсч, энэ зун их хэмжээний бороо орсны дараа барилгын суурийг ухсан газарт хөрсний гулгалт үүссэн ба энэ нь маргаан бүхий захиргааны акт гарснаас үүдсэн шууд сөрөг үр дагавар байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг буруутгасан нь илт хууль бус байна. 

18. Дахин хэлэхэд барилгын ажил хэвийн явагдаж, О.О-гийн газар дээр 2020 оны 4 дүгээр сараас барилгын суурийн цутгалтын ажлыг хийж, төлөвлөсөн хугацаандаа дуусгасан бол барилгын суурь хэсгийн газар битүүрч уг газарт хөрсний нуралт үүсэхгүй байснаас гадна суурь тавьсан болон ухсан газруудын хооронд явж байгаа авто зам нь оршин суугчдын орц, гарцны цорын ганц зам биш байсан, оршин суугчид өөр газраас орох, гаргах гарцтай байхад давж заалдах шатны шүүх уг байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр “оршин суугчдын цорын ганц орц, гарц нурах аюултай” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

19. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “...“П в”, “А в” хотхоны оршин суугчдын төлөөлөл, СӨХ-өөс Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргад үүссэн нөхцөл байдлыг арилгуулах талаар удаа дараа хандсан” гэжээ. 

20. “П в”, “А в” хотхоны оршин суугчид нь Нийслэлийн Засаг даргад хандахдаа О.О-гийн газрыг хурааж, уг газар дээр “хүүхдийн тоглоомын талбай, автомашин зогсоол барих асуудлыг өөрсдөө гаргаж хэлэлцүүлж байгаа” хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа.

21. Иймд эдгээр оршин суугчид нь өөрсдийн аюулгүй байдлыг хангуулахаар биш хүүхдийн тоглоомын талбай, автомашин зогсоол барих ашиг сонирхлоор захиргааны байгууллагуудад хандсан байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас өмнөх шүүх хуралдаанууд дээр гуравдагч этгээдийн байр суурийг няцааж эхэлмэгц “өөрсдийн аюулгүй байдал зөрчигдсөн” гэх байдлаар тайлбар гаргаж эхэлсэн болно. /Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг харна уу/

22. Давж заалдах шатны шүүх ийм үйл баримтад бодитой дүгнэлт хийсэнгүй, нийтийн аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалагч болж үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

23. Давж заалдах шатны шүүх нь шийдвэртээ “...бодит байдалд тухайн газарт аялал, жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй, эргэн тойронд нь хотхон, хорооллын хэлбэрээр нийтийн орон сууц баригдсан, О.О газраа аялал жуулчлалын зориулалтаар нь огт ашиглаагүй” гэж дүгнээд, уг дүгнэлтээ үндэслэн Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Улаанбаатар хотын ерөнхий архитектурын болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан төлөвлөгөө, эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь хууль бус байна.

24. О.О нь уг газар дээр аялал жуулчлалын зориулалт бүхий орон сууцны барилга барихаар Ерөнхий төлөвлөгөөг батлуулсан, давж заалдах шатны шүүх ч уг газарт барилга баригдсан, баригдаж байгааг шийдвэрээрээ тогтоосон байна.

25. Ерөнхий төлөвлөгөө нь захиргааны бие даасан акт мөн бөгөөд уг батлагдсан төлөвлөгөөг хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс буруутгах, эсхүл зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, мөрдөхгүй байх эрх байхгүй болно.

26. Ийм атлаа шаардлага хангасан, нэхэмжлэгчийн шаардаж буй эрх нь хууль ёсны болохыг нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нотолгооны ач холбогдолгүй гэж өөрийн үзэмжээр дүгнэх эрх байхгүй. 

27. Хуульд зааснаар нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд хэрэгт хамааралтай бол нотлох баримт мөн бөгөөд шүүх ийм нотлох баримтыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэх эрхгүй.

28. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь шүүгчийн дотоод итгэлийн асуудалд хамаарахгүй, шүүхийн дураар авирлалт бөгөөд нотлох баримтыг өөрийн үзэмжээр үнэлэх эрх аливаа шүүгчид байхгүй.

29. Давж заалдах шатны шүүх нь Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор Зайсангийн амны газрыг суурьшлын бүс болгож тогтоосныг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэнгүй, О.О аялал жуулчлалын зориулалтын бишээр орон сууцны барилга барьсан гэж буруутгасан нь байна.

30. Улсын Их Хурлын тогтоол нь хуулийн нэгэн адил хүчинтэй эрх зүйн баримт бичиг мөн бөгөөд аливаа этгээдээс уг баримт бичгийг дагаж мөрдөх ёстой байхад давж заалдах шатны шүүх дээрх эрх зүйн баримт бичгийг баримталсангүй.

31. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “...12 давхар барилга баригдсантай холбогдуулан уг барилгын доорх газрыг хамруулан ашиглах эрхийг О.О-д олгох шаардлагагүй, маргаан бүхий тушаалаар 0.55 га газрын эрхийг цуцалснаар уг 12 давхар барилгыг цаашид ашиглах, эзэмших этгээдийн эрх зөрчигдөхгүй” гэсэн нь хууль бус байна.

32. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, ... үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих бүрэн эрх эдлэхээр заасан.

33. О.О-гийн захиалгаар “О к” ХХК-ийн барьж буй 98 хувийн гүйцэтгэлтэй барилгыг өмнө дурдсанаар Барилга байгууламжийг ашиглалт хүлээн авах улсын комисст хүлээлгэж аваагүй бөгөөд одоо газар ашиглах эрхгүй барилгыг улсын комисс хүлээн авахгүй тул уг барилга ашиглалтад орох боломжгүй болж барилгад орон сууц захиалсан иргэд, ажил гүйцэтгэгч нарт их хэмжээний хохирол үүсэх нөхцөлд бүрдээд байна.

34. Мөн давж заалдах шатны шүүхийн “ухсан 2 нүх” гэж дүгнээд байгаа, харин Барилгын норм, дүрэм, Улсын стандартаар бол “барилгын суурийг цутгах талбай”-н нэгт нь суурийн цутгалтын ажил эхэлсэн байсан нь шүүхийн үзлэгээр авсан фото зурагт тодорхой туссан байгаа. Энэ суурийн цутгалтад их хэмжээний хөрөнгө орсон тул уг хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэгч хохирч байхад давж заалдах шатны шүүх эрх зөрчигдөхгүй гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон.

35. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “...О.О-гийн хууль бус ажиллагааг дэмжсэн шийдвэр хариуцагч гаргасан” гэжээ.

36. О.О нь Богд хаан уулсын дархан цаазат газрын энгийн хамгаалалтын бүс болон Зайсангийн суурьшлын бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй 14000 гаруй бусад иргэн, аж ахуйн нэгжтэй адил, эрх тэгшээр газар эзэмших эрхтэй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж, захиргааны байгууллага нь бусадтай адил газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын үйлчлэлд хамаарах байхад Давж заалдах шатны шүүх О.О-г буруутгаж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна.

37. Нэхэмжлэгч О.О-гийн хууль бус ажиллагаа гэж юу байсан талаар, О.О Зайсанд барилга барьсан нь бусад иргэн, хуулийн этгээдээс, үүний дотор оффисын барилгаа барьсан Үндсэн хуулийн цэцээс, Нийслэлийн Засаг дарга О.А-ы амьдарч байгаа Зайсан дахь хаусаас, Улсын Их Хурлын гишүүнээр сая сонгогдсон Ө гэгчийн Зайсанд бариад худалдаж борлуулж байгаа хаусуудаас /давж заалдах шатны шүүх ийм барилга барьсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн байгаа/, Зайсангийн амаар дүүрэн олон зуун орон сууцны хороолол барьсан үйл ажиллагаанаас юугаараа ялгаатай хууль бус ажиллагаа болохыг дүгнэж өгсөнгүй.

38. Маргаан  бүхий захиргааны акт гарсны дараа буюу шүүх О.О-гийн нэхэмжлэлтэй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/618 дугаар захирамжаараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг үндэслэн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасныг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02-07-094/1763 дугаар дүгнэлтийг баримтлан О.О-гийн зөрчилтэй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэж, улмаар уг актад маргах боломж олгохгүйгээр суурийн цутгал хийсэн хэсэг, суурийн цутгалт хийхээр бэлтгэсэн газрыг шороогоор дарж булсан болно.

39. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга дээрх хууль бус үйл ажиллагаагаараа маргаан бүхий газрыг дарж битүүлснээр, давж заалдах шатны шүүхээс дүгнээд байгаа “нүх ухснаас үүдэн хөрсний гулгалт үүсэх болзошгүй аюул арилсан, борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан” гэх зөрчил нь байхгүй болсон байсан тул уг газрыг эзэмших эрхийг цуцлах үндэслэл арилсан байсан болно.

40. Нэгэнт Нийслэлийн Засаг даргын явуулсан үйл ажиллагаагаар давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн “аюул” гэгч нь арилсан логик бүхий нөхцөл байдал тогтсон байхад нэхэмжлэгчийг буруутган, газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэгч зөрчилгүй газрыг аялал, жуулчлалын зориулалтаар хойшид ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл шүүхэд тогтоогдоогүй гэдгийг анхаарч үзнэ үү.

41. Дээр байдлуудыг дүгнэвэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

42. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

43. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.О-д “аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох” зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зөвшөөрөл олгосон 2.041 га газраас Улсын тусгай хамгаалалтын газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан...солбицол бүхий 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалсныг нэхэмжлэгч хүчингүй болгуулахаар маргасан байна.  

44. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.6, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэжээ.

45. Анхан шатны шүүх “...маргаан бүхий захиргааны акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байна... гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч нарын дүгнэлтэд дурдсан зөрчлүүд арилсан эсэхийг нягтлан шалгаж хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт үнэлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй буруутай байна. 

46. Хавтас хэрэгт маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээс хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01-018/228, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07-094/1763 дугаар дүгнэлтүүд гарч нотлох баримтаар авагдсан байна. Тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан гэх 0.55 га газарт баригдсан 12 давхар барилга, цутгасан гэх барилгын суурь нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

47. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг залруулаагүй,  “...бодит байдалд тухайн газарт аялал, жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй, эргэн тойронд нь хотхон, хорооллын хэлбэрээр нийтийн орон сууц баригдсан..” гэж дүгнэсэн атлаа “...12 давхар барилгыг цаашид ашиглах, эзэмших этгээдийн эрх зөрчигдөхгүй...” гэж агуулгын зөрүүтэй дүгнэлт  хийсэн нь ойлгомжгүй байна.

48. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор Зайсангийн амны газрыг суурьшлын бүс болгож тогтоосон гэх үйл баримт тухайн газарт хамаарч байгаа эсэхэд шүүхүүд нэг мөр хууль зүйн дүгнэлт шаардлагатай юм.

49. Хяналтын шатны шүүхээс шүүхүүдийн дээр дурдсан алдааг засах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0309 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                               Х.БАТСҮРЭН