Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 86

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Г-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдох

“Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албанд Э.Г-ийг мэргэжилтнээр томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г миний бие 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэн улмаар 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон. Үүнээс хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын Концесс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтнээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс томилогдон ажилласан. Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвчийг шинэчлэн баталсан. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 4-т “татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Ч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Б, бусад сайд нарт даалгасугай” гэсэн байна. Иймд Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 34 албан хаагч, Аж үйлдвэрийн яамнаас шилжиж ирсэн 21 албан хаагч нийт 52 хүнийг Үндэсний хөгжлийн газар нь шилжүүлэн авах үүргийг Засгийн газрын тогтоолоор хүлээсэн. 2016 оны Төсвийн тухай хуулиар Хөрөнгө оруулалтын газар нь 31 хүний орон тоотойгоор цалингийн сангаа батлуулж уг цалингийн сан, орон тооныхоо хамтаар шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газарт шилжиж очсон.

Гэвч Үндэсний хөгжлийн газраас тухайн асуудлыг хариуцах албан хаагчдын тоог цөөрүүлсэн тохиолдолд нийт батлагдсан 55 хүний орон тооны хязгаартаа багтаан бусад хэлтэс албанд шилжүүлэн ажиллуулах боломжийг ашиглаагүй байна. 

Гэтэл Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-аас Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсэг /комисс/-т хандан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Албан хаагчдыг мэдэлд авах тухай” 01/28 тоот албан бичиг хүргүүлсэн байна. Тус албан бичигт Хөрөнгө оруулалтын газраас шилжин ирсэн 31 албан хаагчаас 17 албан хаагчийг ажилд томилж, 5 албан хаагчийн ажлын байрыг хадгалан, үлдсэн 9 албан хаагчийг шилжүүлэн авах боломжгүй байгаа тул холбогдох арга хэмжээ авахыг комиссоос хүссэн байна. Тус шилжүүлэн авах боломжгүй 9 албан хаагчийн нэрс дотор нэхэмжлэгч миний нэр орсон болно. Уг албан бичгийн хариуг комиссын ахлагч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-аас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1/5784 тоот албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дугаар заалтад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасан байдаг. 

Танай байгууллагын хувьд Хөрөнгө оруулалтын газрын чиг үүрэг, орон тооны хамт шилжиж очсон тул бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөнөөс олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал тусгагдаагүй байна. Иймд төрийн албаны тухай хууль, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, өмнөх ажиллаж байсан болон шилжиж ирсэн орон тоог чиг үүргийн дагуу байршуулан ажиллуулах нь зүйтэй” гэжээ.

Дээрх албан бичгээс хойш сарын дараа Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-аас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин комисст хандан “Албан хаагчдын тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг явуулсан байна. Тус албан бичигт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасны дагуу Э.Г ..., нарт тэтгэмж олгох арга хэмжээ авах талаар дурдсан байна. 

Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын 163/292 тоот хамтарсан тушаалаар байгуулсан ба ажлын хэсэг нь удирдамжид зааснаар “Чиг үүрэг шилжиж байгаа нэгжийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг блансаас блансад шилжүүлэх, чиг үүрэг нь шилжиж байгаа нэгжийн ажиллагсадтай хийх аливаа тооцоог барагдуулах, шинээр байгуулах Засгийн газрын агентлаг руу шилжүүлэх хөрөнгө, хөрөнгийн хөдөлгөөний талаарх санал, эхлэлтийн тайлан бэлтгэн танилцуулж, шийдвэрлүүлэх, архивын бичиг баримтыг холбогдох журмын дагуу шилжүүлэх, шинээр байгуулагдах Засгийн газрын агентлагийн байрны талаарх санал бэлтгэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан тул хүн ажлаас чөлөөлөх эрх, үүрэггүй болох нь уг тушаал болон удирдамжаас харагдаж байна. 

Ийнхүү Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсгийн ахлагчийн шийдвэрийг үл биелүүлэн өнөөг хүртэл нэхэмжлэгч надад хаягласан, намайг ажилд шилжүүлэн ажиллуулах эсэх талаар тушаал, шийдвэр гаргахгүй байгаа, мөн дээрх хоёр албан бичгийг Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсэгт явуулахдаа нэхэмжлэгч надад мэдэгдээгүй, миний санал, хүсэлтийг сонсоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр ирлээ. 

Төрийн албаны тухай хууль тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана” 27.2.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх”, 27.2 3 дахь хэсэгт “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” 27.2.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан. 

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байхаар баталсан. Харин Монгол Улсын ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар захирамжаар Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд тус захирамжийн 1 дэх заалтын в дэх хэсэгт Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс нь концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албатай байхаар заасан байна. Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Албан хаагчдын тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай” 01/157 тоот албан бичигтээ “Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс нь алба болсонтой холбогдуулан албан хаагчдын ажиллаж байсан ажлын байрны тоо цөөрсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой тооны албан хаагчдыг ажлын байраар хангаад байна” гэсэн байдаг.  

Гэвч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын орон тоог цөөрсөн гэж үзвэл, уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулсны үндсэн дээр томилох учиртай. Гэтэл Б.Б нь дээрх заалтыг зөрчин ямар нэг шалгаруулалт явуулалгүй өөрийн үзэмжээр тус албанд ажиллаж байсан албан хаагчдаас сонгон авч, томилсон байна. Түүнчлэн тус албаны даргад төрийн албаны шалгалт өгөөгүй О.М, мэргэжилтнээр Н.Б нарыг хууль зөрчин түр тушаалаар томилон ажиллуулж байна. 

Миний бие төрийн жинхэнэ албанд 2013 оноос хойш өөрийн төгссөн мэргэжил болох эрх зүйч мэргэжлээр Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын хууль, эрх зүй, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээс ахлах мэргэжилтнээр төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин ажиллаж ирсэн. Хөрөнгө оруулалтын газрын даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 98,75% үнэлгээтэй, 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 90%-тай тус тус дүгнүүлж ажилласан. 

Иймд Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Хөрөнгө оруулалтын газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсээс шилжиж ирсэн албан хаагчдаас уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдаж байсан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах, Төрийн албан тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үндсэн зарчмыг захиргааны байгууллага, албан тушаалтнууд заавал мөрдөх эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар мөн хуулийн 22 дугаар зүйлд “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2 дахь хэсэгт “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. 

Харин хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны явуулах журам, арга хэлбэрийг заасан бол хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх журмыг тодорхойлсон. Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсэгт хандан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан “Албан хаагчдыг мэдэлд авах тухай” 01/28 тоот албан бичигтээ Хөрөнгө оруулалтын газраас шилжин ирсэн 31 албан хаагчаас нийт 22 албан хаагчийг ажилд томилох тушаал гаргасан талаар дурдсан бол мөн Комисст явуулсан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 тоот албан бичигтээ эдгээр албан хаагчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан шалгаруулалтыг хийсэн талаар дурджээ.

Гэвч бодит байдалд Б.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргахдаа буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр 31 албан хаагчаас нийт 22 албан хаагчийг ажилд томилох тушаал гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч надад мэдэгдэж, тайлбар, хүсэлт хэлэх боломжоор хангаагүй, мөн өнөөг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар надад хаяглан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу намайг ажилд томилох боломжгүй талаарх үндэслэл, бодитой шалтгааныг дурдсан тушаал, шийдвэрийг мэдэгдээгүй буюу ирүүлээгүй болно. 

Мөн Хүүхэд харах чөлөөтэй байгаа мэргэжилтэн Д.М-ийн оронд Н.Б-ийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн тушаалаар түр томилсон бөгөөд уг тушаалын үндэслэл хэсэгт дурдсан Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шашгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхул төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан тур орлон гүйцэтгүүлнэ” гэсэн журмыг зөрчин тушаал гарах үед төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй хүнээр түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан байна. Харин мэргэжилтэн М.М-ын хувьд 2015 онд Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн архив бичиг хэргийн ажилтнаар түр томилогдон гэрээгээр ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж 2016 оны 05 дугаар сараас Хөрөнгө оруулалтын газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтнээр Төрийн албаны зөвлөлийн дүнэлтийг үндэслэн тушаал гарч томилогдоод 3 сар гаран ажиллаж байсан болно. Миний бие тус хэлтэст анх мэргэжилтнээр 2015 оны 06 дугаар сард  томилогдохдоо Төрийн албаны зөвлөлд Хөрөнгө оруулалтын газраас Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтний ажлын байранд төрийн албаны нөөцөөс сонгон шалгаруулж авах хүсэлт, захиалгад тавигдсан шалгуурыг нь бүрэн хангаж томилогдсон.

Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан шалгаруулалт хийх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь ажлын хэсэг томилон дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтээ мэргэжилтэн тус бүрт бичгээр мэдэгдэх, шалгаруулалттай холбоотой асуудлаар тайлбар гаргах боломжоор хангах ёстой атал огт мэдэгдээгүй, дүгнэлт гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгэор зүйпинп 4.2.6, 25.1.2, 26.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б тус албанд томилогдсон даруй Хөрөнгө оруулалтын газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсээс шилжиж ирсэн албан хаагчидтай танилцах, ажлын чиг үүргийн талаар мэдээлэл авах зорилгоор нэг удаа уулзсанаас өөрөөр ямар нэг байдлаар надтай огт уулзаагүй болно.

Миний бие Б.Б даргад хандан тухайн ажилд яагаад томилохгүй байгаа шалтгааныг тодруулахаар албан бичгээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хандаж гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариугаа авч чадалгүй 86 хоног хүлээж байна. Төрийн албаны зөвлөлөөс мөн Б.Б даргад тус асуудлаар мөн тайлбар авахаар хандсан боловч хариу ирүүлэлгүй 60 гаруй хонож байна. 

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 9-р сарын 12-ны өдрийн дугаар А/01 дугаар тушаал гарч “Ажлын хэсэг Үндэсний хөгжлийн газрын үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг блансаас блансад шинжүүлэх, архивын баримтыг холбогдох журмын дагуу шилжүүлэн авах ажлыг хийж гүйцэтгэх” тушаалтай холбогдуулан тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсээс хөрөнгө оруулалтын газарт хэрэглэж байсан тоног төхөөрөмж, баримт бичиг, архивын материалыг тус газрын бүртгэлд хүлээн авч бүртгэх ажлыг зохион байгуулж байна гэсэн шаардлагын дагуу миний хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг бүртгэн хүлээж авсан. 

Мөн намайг ажилд томилохгүй байгаа асуудалтай холбоотой миний өмнө хариуцаж байсан ажил эзгүйдэж, гэрээ байгуулан ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн ажил зогсоод байсан тул өөрийн хариуцан ажиллаж буй төслүүдийн материалыг төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хүндэтгэн хүлээлгэж өгсөн. Хувийн хэргийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримт бичгүүд байсан тул хүний нөөцийн ажилтнаас түр хүлээн авсан ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус байгууллагын нягтланд хадгалагдаж байна. Мөн намайг ажлаас чөлөөлөх талаар Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын дотоод журмын дагуу ажил хүлээлцэх ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Ажил хүлээлцэх комисс томилогдоогүй, тойрох хуудас зуруулж гарын үсэг зурж баталгаажуулан албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, өмгөөлөгч Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж, үүрэг нь Үндэсний хөгжлийн газарт шилжсэн. 

Ерөнхий сайдын 2015 оны 3 дугаар захирамжаар баталсан Хөрөнгө оруулалтын газрын бүтэц нь Хөрөнгө оруулалтын бодлого үнэлгээний хэлтэс, Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс, Захиргаа хүний нөөцийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол Ерөнхий сайдын 2016 оны 38 дугаар захирамжаар баталсан Үндэсний хөгжлийн газрын бүтэц нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтэс, Судалгаа шинжилгээний албатай, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албатай, Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албатай байхаар батлагдсан. 

Иймд Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг Хөрөнгө оруулалтын газарт хэлтсийн хэмжээгээр шийдвэрлэж байсан бол Үндэсний хөгжлийн газарт албаны хэмжээтэй болж бүтцийн нэгжийн хувьд жижгэрсэн. Ингэснээр тухайн асуудлыг хариуцах албан хаагчдын тоо цөөрсөн. 

Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 01/410 тоот албан албан хаагчийн нэрсийг тус газарт ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтад Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн нэр бүхий 8 албан хаагчийн нэрсийг ирүүлсэн. Дээрх 8 албан хаагчидтай Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нэгдсэн байдлаар уулзаж санал хүсэлтийг сонсоход бүгд тус албанд ажиллах хүсэлтийг гаргасан. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Үндэсний хөгжлийн газрын орон тооны дээд хязгаарыг 55 байхаар баталсан ба үүнтэй уялдуулан Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны Б/01 тоот “Бүтэц орон тоо батлах тухай" тушаалаар Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн алба нь 5 орон тоотой /дарга, 4 мэргэжилтэн/ байхаар батлагдсан.

Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны даргыг төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлуулахаар төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. 4 албан хаагчийг чиг үүргийн дагуу Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилсон. Дээрх 4 албан хаагчдыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу томилсон. 

Г.С, М.М, З.М, Д.М нарыг томилсон ба тэдний  хувьд бүгд төрийн жинхэнэ албан хаагч юм. Дээрх албан хаагчдыг үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшинг “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үнэлсэн үнэлгээг үндэс болгосон ба 90 хувиас дээш үнэлэгдэж байсан, мэргэшлийн хувьд тодорхой хугацаанд ажилласан туршлагатай, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг шалгаруулан томилсон.

Мөн түүнээс гадна Г.С нь тус чиг үүргийн дагуу нийт 7 жил мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажилласан. Д.М нь мөн төрийн албанд 14 жил, тухайн албанд 4 жил ажилласан ба 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд харах чөлөөтэй байгаа. Түүнийг ажилдаа орох хүртэл хугацаанд түрээр Н.Б-ийг ажилд томилсон. З.М нь төрийн албанд 12 жил, тухайн албанд 6 жил тус тус ажилласан төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагч нар юм. Харин мэргэжилтэн М.М болон нэхэмжлэгч Э.Г нар нь тухайн тушаалд ажилласан хугацааны хувьд ижил 1 жил ба тэдний Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан үр дүнгийн гэрээгээр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг ижил түвшинд үнэлсэн, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг жишиг болгон үнэлэхэд М.М нь Олон улсын эрх зүйн бакалавр, хууль зүйн магистр зэрэгтэй, хэлний дунд түвшний мэдлэгтэй, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн сургалтад хамрагдсан байхад нэхэмжлэгч Э.Г нь эрх зүйн бакалавр зэрэгтэй, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн сургалтад хамрагдсан, олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн сургалтад олон улсын  байгууллагуудын шугамаар богино, дунд хугацааны сургалтад хамрагдсан байсан зэргийг харгалзан илүү тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа гэж М.М-ыг үзэж шалгаруулан албан тушаалд томилсон. 

Иймд нэхэмжлэгчийн дурдсанчилан Төрийн албаны тухай хуулийн 27.2.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчилсөн зүйл байхгүй, харин тэднийг тус хуулийн 27.2.3-т зааснаар шалгаруулж авсан тул нэхэмжлэгчийн өөрийн “үзэмжээр” томилсон гэх тайлбар нь үндэсгүй, зөвхөн нэхэмжпэгчийн баримтгүй түүний бодол болох нь тогтоогдож байна. 

Үндэсний хөгжлийн газрын дарга томилогдсон дариу Хөрөнгө оруулалтын газраас нэрс ирүүлсэн албан хаагчидтай хэлтэс тус бүрээр нь хүлээн авч уулзаж, тэр дундаа концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн 8 албан хаагчидтай зэрэг уулзаж санал, хүсэлтийг сонссон. Тус хуралдаанаар Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд бүгд тус албандаа ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Мөн нэхэмжпэгч Э.Г-ийг ажилд томилоогүй болохыг захиргааны зүгээс удаа дараа мэдэгдэж нэхэмжлэгч Э.Г урьд өөрийн хариуцан ажиллаж байсан ажлыг хүлээлгэн өгч, өөрийн хувийн хэргийг авсан. Иймд түүнд оролцоог хангасан гэж үзэж байна.

Мөн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/030 дугаар “Ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар Э.Г-ийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн байхад Үндэсний хөгжлийн газрын дарга дахин түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. 

Дээрх тушаалын 2 дугаар хавсралт “Ажлын хэсгийн удирдамж”-ийн г/-д “чиг үүрэг шилжиж байгаа нэгжийн ажиллагсадтай хийх аливаа тооцоог барагдуулах” үүргийг хийж гүйцэтгэхээр заасан байгаа тул Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгжийн орон тоо цөөрсөн нөхцөл байдлыг дурдан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар шалгаруулалтыг явуулж албан хаагчдыг томилсон, томилоогүй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр албан бичгийг удаа дараа хүргүүлээд байгаа болно. Татан буулгах комиссоос албан хаагчдын ажилд томилох талаар албан бичиг ирүүлсэн нь төсөв мөнгөтэй холбоотой нөхцөл байдлыг дурдсан гэж үзэж байгаа. Түүнээс заавал ажилд авах үүргийг хүлээлгэсэн дээд шатны шийдвэр биш юм. Иймд бид дахин зохих шатны байгууллагуудад нэр бүхий албан хаагч нарт тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан болно.

Албан тушаалаас чөлөөлсөн талаар нэхэмжлэгч мэдсэн байна. Мэдсэн тухайгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар ямар нэгэн байдлаар шүүхэд гомдол гараагүй байна. Төрийн албанаас гаргасан захиргааны акт хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэлийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин зохих журмын дагуу тооцон гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага нь тус газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилохгүй байгаа эс үйлдэхүй юм. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд агентлагийн даргын бүрэн эрхийн асуудлыг тусгаж өгсөн. Агентлагийн дарга эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу хэрэгжүүлнэ. Томилохтой холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн нэмэлт хуулийн зохицуулалтыг харах шаардлагатай юм. Учир нь төрийн байгууллага татан буугдаж байгаа тохиолдолд ажилчин, албан хаагчдын баталгааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т тусгаж өгсөн байгаа юм.  Эсхүл гэдэг холбоос уг заалтад орсон. Энэ нь сонгох боломжтой хуулийн зохицуулалт юм. Өөр албан тушаалд шилжүүлэх боломжоор яаж хангах ёстой бэ? Энэ боломжоор хангах боломжтой байхад нь хангаагүй бол энэ нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилох юм. Засгийн газрын тогтоолоор нийт бүтцийн орон тоо хязгаарыг тогтоосон. Тухайн батлагдсан албан тушаалд зохих хүмүүс томилогдоод ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар Үндэсний хөгжлийн газар руу шилжүүлсэн. Уг тушаалыг Үндэсний хөгжлийн газрын дарга заавал биелүүлэх үүрэгтэй юу гэдэг асуудал байгаа юм. Уг хоёр газар нь Засгийн газрын дэргэдэх агентлаг, даргын статус нь ижил. Тодорхой хэмжээнд хэн нэгэнд үүрэг даалгавар өгөх, эрх зүйн акт биш юм. Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолд татан буугдаж байгаа агентлагуудын холбогдох албан тушаалтнуудыг гэж байдаг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа нийт албан тушаалтныг гэж тайлбарласан. Шинээр байгуулагдаж байгаа байгууллагын чиг үүрэг, бүтэц орон тоотой холбогдуулан шилжүүлэн ажиллуулах гэсэн зохицуулалттай. Уг Засгийн газрын тогтоолыг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн. Шилжүүлсэн албан хаагчдаас сонгон шалгаруулж нийт 4 албан хаагчдыг томилсон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа албан тушаалд сул орон тоо байхгүй байна. Томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь сонгох зохицуулалттай зохицуулалт тул нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөх ёсгүй. Хамгийн сүүлд Сангийн сайд өөрсдийн боломжийн хүрээнд шийдвэрлэхээр хариу ирүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэр гарах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар бүтэц, орон тоог баталсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын газрын нэгдсэн бодлогыг хэлэлцсэн. 

Мөн М.М, З.М, Д.М нарын асуудал яригдаж байна. Нотлох баримт шинжлэн судлахад н.Мөнхтуяа, н.Мөнхтэгш  нартай маргах асуудал байхгүй байгаа нь тогтоогдлоо. М.Мандахтай холбоотой асуудалд нэхэмжлэгч маргаантай байгаа ба гомдолтой гэж тайлбарлаж байна. Сүүлийн тайлбартаа сонгон шалгаруулалт хийгээгүй нь нэхэмжлэлийн гол үндэслэл гэж хэлж байна. Хэрэв ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол н.М гэдэг хүний эрх, ашиг зөрчигдөж байгаа тул гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой юм. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь хуучин ажиллаж байсан албан тушаалд томилж өгөх ерөнхий шаардлага байсан тул уг асуудлын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Бүтэц орон тооны хувьд сул орон тоо байхгүй, зайлшгүй нэмэлт орон тоо шинээр оруулж байж нэхэмжлэгчийг ажилд авах нөхцөл байдал үүсч байгаа юм. Төрийн байгууллага хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага. н.М, н.М нарын асуудлын тухайд хүүхэд асрах чөлөөтэй болон эрүүл мэндийн чөлөөтэй байгаа хүмүүс. Эдгээр хүмүүсийн оронд түр ажиллах бол тусдаа бас шийдвэрлэх асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдуулан “Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд мэргэжилтнээр томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар захирамжаар  Хөрөнгө оруулалтын газрын бүтцийг:

А.Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтэс

Б. Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс

В. Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс

Г. Захиргаа, хүний нөөцийн хэлтэстэйгээр байгуулсан байжээ. 

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор  Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч батлагдаж, Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар хамаарахаар шийддвэрлэжээ.

Уг тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор  Засгийн газрын агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, татан буугдаж байгаа уг байгууллагын албан хаагчдыг, орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгажээ. 

Уг тогтоолоор Үндэсний хөгжлийн газрын орон тооны хязгаарыг 55 байхаар тогтоосон байна . 

Улмаар Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар захирамжаар Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг:

А.     Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,  

Б. Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтэс /судалгаа шинжилгээний албатай/ 

В. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс /концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албатай/

Г.   Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс

Д. Захиргаа, удирдлагын хэлтэс /хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албатай/ -тэй байхаар шийдвэрлэжээ.

Дээрх зохион байгуулалтын бүтцээс үзвэл Хөрөнгө оруулалтын газрын бүтэц, Үндэсний хөгжлийн газрын бүтэц нь хэвээр байна.

Нэхэмжлэгч Э.Г Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар тушаалаар Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтнээр томилогджээ . 

Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/030 дугаар тушаалаар   Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн тус байгууллагад ажиллаж байсан 31 төрийн албан хаагчдыг ажил, албан тушаалаас чөлөөлж, Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн шийдвэрт нэхэмжлэгч Э.Г хамаарчээ.  

Хариуцагчийн өмгөөлөгчөөс уг тушаалаар Хөрөнгө оруулалтын газарт байсан албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн, нэг агентлагийн даргын шийдвэрийг нөгөө агентлагийн дарга биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж тайбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

Учир нь дээр дурдсанчлан Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны б/030 дугаар тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын дагуу татан буугдсан уг байгууллагын албан хаагчдыг, орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн шийдвэр байна.

Мөн Аж үйлдвэрийн яам татан буугдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тушаалаар  22 төрийн албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлжээ.

Ийнхүү Засгийн газраас баталсан 55  орон тоонд татан буугдсан Хөрөнгө оруулалтын газраас 31, Аж үйлдвэрийн яамнаас 22, нийт 53 төрийн албан хаагчийг шилжүүлсэн байна.

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-01 дүгээр тушаалаар  тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталжээ. 

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02 дугаар тушаалаар  Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 3 төрийн албан хаагчийг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар  19 албан хаагчийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

Үлдсэн нэр бүхий Э.Г нарын 9 төрийн албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэн авах боломжгүй тул холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн 01/28 тоот албан бичгийг  2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст хандан хүргүүлжээ. 

Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 дугаар албан бичгээр  мөн татан буулгах комисст хандан нэр бүхий 7 төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох болон бусад холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүсчээ. 

Эдгээр албан бичгийн хариуд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, татан буулгах комиссын ажлын хэсгийн ахлагч Б.Н дараах хариуг өгсөн байна.

... Танай байгууллагын хувьд Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр нэмж хуучин нэрээр Аж үйлдвэрийн яамны зарим чиг үүрэг, орон тооны хамт бүрэн орон тоотойгоор шилжиж очсон тул бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөнөөс олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал нэмж тусгагдах боломжгүй байна гэжээ.. . 

Хариуцагчаас төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилсон, одоо орон тоо байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яамнаас шилжиж ирсэн нийт 53  албан хаагчдаас 37 албан хаагчийг ажилд томилсон,  18 төрийн албан хаагчийг гаднаас томилсон, дарга, дэд даргатай нийлсэн 10 даргын албан тушаал байна. 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлаг нь 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх, агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй байх чиглэлийг баримталж ажиллахыг үүрэг болгосоор байтал даргын албан тушаалыг бий болгож, уг албан тушаал болон өөр бусад албан тушаалд шилжиж ирээгүй иргэнийг ажиллуулсан нь нэхэмжлэгч төрийн албан хаагч Э.Г-ийн эрхийг хөндөхөд хүргэжээ.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоос үзвэл Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн албан хаагчид нь орон тоо, цалингийн сантайгаа Үндэсний хөгжлийн газарт ирсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо цөөрч, хасагдсан нөхцөл байдал бий болоогүй байна. 

Нэгэнт нэхэмжлэгч Э.Г нь татан буугдсан байгууллагаасаа орон тоотойгоо шилжиж ирсэн байх тул эдгээр албан хаагч нарын дунд сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй бөгөөд мэргэжилтэн М.Мандахаас илүү шаардлага хангасан гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яам татан буугдаж нэр бүхий албан хаагчдыг шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн бөгөөд эдгээр байгууллагын шилжиж ирсэн албан хаагчдыг ажлын байраар хангахыг Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор  үүрэг болгосоор байхад нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын даргын эс үйлдэл нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8. “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.”, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:, 7.1.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. 

Мөн нэхэмжлэгч Э.Г нь орон тоотойгоо шилжиж ирсэн байхад түүнийг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.1. “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;” хуулийн заалтыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:  27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;  27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;”, 27.2.Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:,  27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” гэж заасан төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн, хуулиар олгогдсон баталгааг хэрэгжүүлж ажиллаагүй нь хууль бус байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Үндэсний хөгжлийн газарт ажлын байр байсаар байтал ажиллуулаагүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй ажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн Д.М хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд түүний оронд Н.Б-ийг /2 байгууллагаас шилжиж ирээгүй/ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс ажиллуулсан , З.М нь 2016 оны 12 дугаар сараас 2018 он хүртэл захиргааны чөлөөтэй  зэрэг ажлын байраар хангах нөхцөл байдлууд үүссээр байхад Э.Г-ийг авч ажиллуулаагүй, орон тоондоо зохицуулж, төрийн албан хаагчдыг ажлын байраар хангаагүй, даргын албан тушаалыг ихээр бий болгож,  2 байгууллагад ажиллаж байгаагүй иргэдийг даргын болон бусад албан тушаалд авч ажиллуулсан нь хууль дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд Э.Г-ийг томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр томилохыг даалгаж, Э.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин  болох 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын цалин 580710*5=2903550.0 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний хөгжлийн газраас  гаргуулж, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн  27.1.1, 27.1.2,  27.2 дахь хэсгийн  27.2.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр  Э.Г-ийг томилохыг Үндэсний хөгжлийн газрын дарга /Б.Б/-д даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин 2903550.0 /хоёр сая есөн зуун гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Үндэсний хөгжлийн газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэввээр үлдээж, Үндэсний хөгжлийн газраас 70200 төгрөгийг гаргуулж, Э.Г-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ