Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0566

 

2018 оны 10 сарын 30 өдөр         

Дугаар 221/МА2018/0566

Улаанбаатар хот

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0537 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0537 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 350017676 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: “...Бид Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 350017676 тоот актыг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актыг хуульд нийцсэн талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9А/2933 тоот албан бичгийн дагуу “Д” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад шалгалт хийжээ” гэсэн дүгнэлт байдаг.

Энэ дүгнэлт бодит байдалд нийцээгүй байна. Шүүх хуралдааны туршид мэтгэлцэх явцад нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг “Д” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудад үзлэг, шалгалт хийгээгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудтай танилцаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны А/101 тоот тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын дагуу шалгалтыг явуулаагүй болох талаар үндэслэл, нотолгоо, байр суурийг гаргаж тавьсан бөгөөд хариуцагч тал няцааж чадаагүй байхад шүүгч ийм дүгнэлт хийсэнд бид гайхширч байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой харагдаж байгаа.

Татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А нар акт тавихдаа зөвхөн прокурорын тогтоолыг үндэслэсэн байдаг. Үүнийгээ ч тэд хэлдэг, ярьдаг.

Татварын байцаагчийн актыг прокурорын тогтоолыг үндэслэж гаргах тухай хуулийн зохицуулалт байдаггүй. Шүүх прокурорын тогтоолыг үндэслэж үйлчлүүлэгчид тогтоосон татварын байцаагчийн актыг үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүх үйл баримт болон нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0537 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийх томилолт, удирдамж болон ЦЕГ, ТЕГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нийт 236,741,454.50 төгрөгийн хий бичилттэй падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийсэн зөрчил илрүүлж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 350017676 тоот актаар 23,674,145.5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс актыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар акт тавьсан боловч нэхэмжлэгч компани энэ заалтын аль хэсэгт зааснаар гэм буруутай болохыг нотлоогүй, бүх орлогоо тайландаа тусгасан...” хэмээн маргасан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Д” ХХК нь 2012 онд “С.б.э” ХХК-иас 20,440,909.09 төгрөгийн, 2013 онд “Н.х.т” ХХК-иас 109,040,909.0 төгрөгийн, “Б” ХХК-иас 107,259,636.36 төгрөгийн хий бичилттэй падаанаар нийт 236,741,454.50 төгрөгийн хуурамч худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн хийсэн болох нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  350000165 дугаар дүгнэлтээр тогтоогдож, улмаар хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор хянаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор нэхэмжлэгч  “Д” ХХК-ийн захирал З.Б нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.

Бодит байдал дээр “Д” ХХК нь “С.б.э” ХХК, “Н.х.т” ХХК, “Б” ХХК-иудтай 236,741,454.50 төгрөгийн худалдан авалт хийгдээгүй болох нь татварын байцаагчийн дүгнэлт, нэхэмжлэгч компанийн захирал З.Б-ны прокурорт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон байхад “татварын байцаагч нар хяналт шалгалтыг хууль журмын дагуу явуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь түүнийг Татварын ерөнхий хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй.

Нэхэмжлэгч худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгаснаар “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн хуульд заасан шаардлагыг зөрчсөн тул улсын байцаагчийн акт үндэстэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдээс бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөө баримтаар нотлоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн байна.

Тиймээс нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй, хариуцагч татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, эдгээр болон бусад үндэслэлээр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Д” ХХК нь санхүүгийн анхан шатны баримт бичгүүдээ гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд худалдан авалт хийснээ баримтаар нотлоогүйгээс гадна “...“Д” ХХК бараа, материал худалдаж аваагүй, хэн юу зарснаа мэдэхгүй, ямар бараа хаанаас худалдаж авснаа мэдэхгүй, энэ талаарх анхан шатны ямар ч баримт байхгүй байсан...” гэсэн хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн “... татварын байцаагч нар анхан шатны баримтуудтай танилцаагүй, шүүх прокурорын тогтоолыг үндэслэж татварын байцаагчийн акт үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь буруу...” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар актыг хуульд нийцсэн байна” гэж маргаан бүхий актын огноо дугаарыг буруу бичсэн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг болон шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт “хариуцагч ... нарын нэхэмжлэлтэй” гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ